Me in 2018

За хүндэлж явдаг ганц хоёр хүний үлгэрлэлийг дагаад энэ жилийн тойм биччихдэг юм билүү..

Амжилт, ололт гээд хэлээд өөртөө тохчихоор зүйлс алга. Харамсаж явдаг зүйлс гэвэл Амазон болон Five.AI гээд автомат удирдлагатай машины компанид орох боломжоо алган дээрээ тавьж үзэж тамшаалж сууж байгаад алдсан явдлууд болон Facebook AI-н нэг уралдаант тэтгэлэгт орсон ч ямар ч цаг гаргах боломжгүй байсаар байгаад олигтой дуусгаж чадаагүй явдлууд.

Хичээлийн хажуугаар хоёр MIT курс дүүргэж, нэг мастерын MIT курст нусаа хацартаа наав. Сурлага хичээлийн хувьд шал арчилгүй, толгой цохилгүй явсаар л. Хичээлийн дүнгүүд дараа жил гарах болохоор тэр үед л мэдэх байх.

Шинэ зүйл оролдож үзсэн нь өглөөг 6-аас өмнө босдог болох гэж оролдох байв. Яг өнөөдрийн байдлаар бол 161 өдрийг өглөө эрт босох гэж өнгөрүүлж, 43 өдөрт нь бүтэлгүйтэж. Хамгийн удаан үргэлжилсэн дараалал нь 27 өдөр. Лаг мундаг хүмүүст нь 21 өдөрт дадал тогтдог бол над шиг тэнэг гарт арай олон өдөр хэрэгтэй юм шиг байгаа юм.

Миний жижиг хувийн сайт 11 сар ажиллагаатай байж 21,769 хүн орж нийтлэлүүдийг минь уншиж. 7н шинэ нийтлэл энэ жил нэмэгдсэн бол өдөрт дунджаар 60 хүн орж ирээд шагайгаад байдаг гэнэ ээ. Харин medium-д бол 13088 хүн шагайж, 4150 хүн нийтлэл уншиж дуусгаж, 341 хүн fan (юу ч гэсэн үг юм бүү мэд) болж. Академик Англи хэл болон англи хэлний өгүүлбэр зүйн бүтэц дээр төвлөрсөн хичээлүүдийг маань 17494 хүн 96118 минутыг зарцуулан үзэж.

Өөр юу билээ. IELTS-д бэлдэгчдийн групп-т өөрийн болон бусдад туслая гэсэн үнэн сэтгэлтэй хүмүүсийн бичсэн англи хэлний шалгалтуудад бэлдэх талаарх 101, гадаадад сурах талаарх 103н постуудыг хүссэн хүн олоод харчихад нээлттэй болгож янзалж.

Хичээл, судалгаатай холбоотой 40 орчим хэвлэмэл, 16н ном уншсан бол бусад сэдэвт англи хэл дээр 11н ном, монгол хэлээр 2 ном уншсан байх юм. уншсандаа баяртай байгаа номнууд гэвэл П.Баярсайхан “Сармагчин бол сармагчин”, Gary Klein “Source of Power: How people make decision”, David Goggins “Can’t hurt me“.

Бие бялдрын хувьд 80 кл байсан жинг 64 луу оруулж буулгаад эргүүлж алдаад 75 болгосон жил байлаа хаха. Бүтэн жилд 2хон удаа юу ч хийж чадахааргүй болсон тийм байдалд хүрж. Дараа жилээс энэ чигт нь барих эсвэл бууруулна даа. Жин гэснээс фитнестт явдаг юм билүү гэж бодож эхэлсэн.

Энэ жил арай сайн болгож эхэлж байгаа зүйлс гэвэл цагаа илүү ухаалаг зарцуулах хэрэгтэй, би бол тэнэгээс тэнэг нөхөр гэдэгт өөрөө их сайн итгэдэггүй юм байна гэх хоёр зүйлс. Хичээлээс гадуур өөрийгөө сайжруулах зүйлст 748 цаг зарцуулсан, тэрний үр дүн харагдахгүй байгаагаас харахад цагний зарцуулалт ухаалаг бус байгаа гэсэн үг л дээ. Ямар ч зүйл эхэлсэн за тэгж байгаад гялалзуулчихна гэж төлөвлөж суулгүйгээр би бол тэнэгээс тэнэг мангар дурак тул бага багаар хэмлээд хийх хэрэгтэй гэж олон бай руу пулёмётоор шүршилгүйгээр ганц хоёрхон бай руу снайперт гэж л голд ортол ойлгосон жил байх шив дээ.

Өөр тэгээд харамсах зүйлс гэвэл гэр бүл, найзуудтайгаа сайн ярьж чадахгүй байгаа байдал. Бусад хүмүүс ч яахав чухал биш.

Киноны хувьд бол McMafia, The Americans гэдэг цуврал таалагдсан. Дууны хувьд бол орос хип хоп голдуу сонсов. Тэгээд дээрээс нь янз бүрийн mix-үүд л сонсож өнгөрөөв. Яагаав youtube-д нүцгэн бүсгүйн зурагтай байж байдаг mix-үүд хаха. Яг нэрийг нь тогтоож чадсан, байнга сонсдог гэвэл Tosel & Hale – Miles Away (Original Mix). Энэ жил шинээр таньж мэдсэн уран бүтээлч гэвэл Tash Sultana, NEFFEX, Lil Dicky, Migos.

Дараа жил энэ жилийн харамссан зүйлс дээр болон цагийн зохицуулалт дээрээ ухаарал авна даа л гэж бодож байна даа. Бас өөртөө суулгахыг хичээж байгаа “фак юу” сэтгэхүйгээ алдчихалгүйгээр үрлэжлүүлж хөгжүүлнэ дээ.

Шинэ жилийн мэнд?

2018.12.31

Original facebook post:

https://www.facebook.com/Tumurtogtokh/posts/2281995158489171

Cover photo by Jenna Hamra from Pexels

Loading

Submit a comment


*

Back To Top