Эрэмгийд суралцаагүй хүүхэд нас

Унших хугацаа: 4 минут

———————————————————-

Жирийн нэг орой. Medium-р мэдрэлээ наадангаа цай оочлоод сууж байлаа. Шинэ мэйл ирж байгааг сонсоод мэйлээ харж үзвэл хэд хоногийн өмнө ярилцлаганы хариу бололтой. Олон сарын өмнө өргөдөл явуулсан ч гэнэт өгсөн ярилцлага л даа. Юутай ч онлайн өргөдөл, утсаар авагдсан ярилцлага зэрэгт нь гэрлийн хурдаар тэнцээд яг байгууллага дээр түрүү долоо хоногт ярилцлага өгсөн юм. Тэр байгууллага бол Амазон. Яагаав нөгөө онлайн дэлгүүр хэхэ.

Мэйлд намайг тэр ажилд тэнцээгүйг бичээд цаашдын ажил амьдралд амжилт хүссэн байлаа. Уг нь тэндээ орчихсон бол гэж харамсан суух би нэг хэсэгтээ л харамслаа. Юу яав ийв, яагаад гэх мэтчилэнгээр өөрийгөө зүхэж суусаар тэр оройноос хойш хэд хоног өнгөрлөө. Чухам яагаад юм мэдэхгүй. Ямар зорилготойгоор ч ингээд байгаагаа үл мэдэх. Мэдээж тэгж суулаа гээд би тэдний шийдвэрийг өөрчилж чадахгүй, өөрийнхөө байдлыг ч дээрдүүлсэн юм байхгүй, дэмий цаг хугацаа үрж суугаа нь илт. Тийм байгаагаа хараад яагаад ийм байгаагаа бодоод үзэхэд ер нь амьдралдаа иймэрхүү байдалд чухам ямар зан гаргахыг их сайн мэдэхгүй байгаагаа анзаарлаа. Яагаав нөгөө хүн ямар нэг чухал зүйлд алдахад тэрнээсээ өөрийгөө тэр дор нь сэргээж аваад цаашаа зүтгэдэг нэг тийм эрэмгий зан гэж хүмүүс хэлдэг дээ. Өдий том болчихоод ийм зангүй байгаадаа гайхам. Чухам хэзээ яаж тэр занг өөртөө хүмүүжүүлж авах боломжтой байж вэ гэж бодоход тэртээ олон жилийн өмнөх бага нас руу бодол хөврөнө.

“A little boy standing on a rock in a stream in Cataloochee” by Jordan Whitt on Unsplash

Бацаан байхад аав намайг амьдралд сургана гээд зун болгон хөдөө нагац ахынх руу явуулчихдаг. Тэгээд яахав зунжингаа хөл нүцгэн тачигнуулах зуураа мал маллаж, нар салхинд биеэ чийрэгжүүлэх зуураа монгол ухаанд суралцаж байлаа. Нагац ахынд очоод хамгийн эхэнд сурсан зүйл бол морь унаж сурах. Хурдан удамтай азарга адуу байх ч нагац ахынд маань яг тохирсон унаач хүүхэд байдаггүй байлаа. Сонголтын хувьд бол дөнгөж сургуульд ороод байсан би их тохирохоор байсан учраас нагац маань намайг морь унаж байгааг харж их сонжино. Би хөөрхий угийн бүх юманд эв хавгүй нөхөр хаа явсан газраа морь унаж явах ч байнга бондгос хийгээд л мориноосоо уначихна. Нагац өвгөн одоо хүртэл намайг “үгүй мөн аминдаа хайртай эр шүү, хангайгаар морио унаад зүгээр явах хирнээ голын ширгэнд ирэхээрээ уначихна. Зөөлөн газар унах дуртай золиг” гэж шоолж суудаг.

Тэр хөндийд надтай чацуу унаач хүүхэд байдаг байлаа. Ойр хавьдаа бол од хүүхэд. Уяачид ирж гуйж авч явж морио унуулна. Мань мэт хүйтэн өдөр хөл нүцгэн давхиж явахад тэр хүүхэд уяачны авч өгсөн жижиг хүүхэд орос бакал өмссөн явна. Өдөр болгон шахуу таарч бид хоёр хоорондоо уралдаж байнга найзынхаа тоосонд дарагдана. Намайг шидэж хаячхаад алдуурсан морийг минь хөтөлж ирээд намайг харж инээж зогсдог сон. Тэр мөчид ингээд сайн морь унах сан гээд л их шар хөдөлнө. Найз маань ч бас зарим зүйлд надтай өрсөлдөнө. Үеийн хүүхдүүд дундаа яагаад ч юм хамгийн сайн барилддаг нь би байсан. Адил даваанд хонь хариулж таарвал өдөржин барилдаж өнгөрнө. Барилдах болгондоо найзынхаа далыг шороодуулна. Унаж босч ирчхээд л “Чамайг заавал давна аа” гээд л өрнө. Их тэмцэгч зан чанартай хүүхэд.

Нагац маань хурдан азаргаа уяах дуртай. Нагацаас өөр хүн ойртуулдаггүй хажиглах их дагшин ч жороо явдалтай омголон сайхан азарга. Бороо орсны маргааш хөрс зөөлөн өдөр уяачид сунгаа хийж уяж байгаа морьдоо уралдуулж үзнэ. Би ч тэнд нэг гийнгоолоод үзчих сэн гэж мөрөөсөнгөө унаж байгаа мориныхоо дэлнээс тас зуурч байна. Нагац маань “мориныхоо дэлээс битгий зуур, битгий ай. Эр хүн айдсаа давж л юм хийх ёстой” гэж байнга захидаг ч “морьноосоо унахгүй байх юм сан” гэх бодол миний толгойд дүүрээд тэр талаар бодож үздэггүй байсан юм шиг.

Photo by Pritiranjan Maharana on Unsplash

Азаргыг маань нэг сунгаанд миний найз маань унаж уралдах болов. Найз тэр хонхорын хамгийн дагшин азарга унах нь гээд бөөн баяр. Удалгүй сунгаан эхэлж нагац дурангаа сунгаад суулаа. Морьд барианд эхнээсээ ороод эхлэхэд нагац дурантайгаа л зууралдсаар л… Нэг мэдэхэд барианд азарга маань сул орж ирлээ. Ээ халаг гээд намайг хамт байгааг ч мартаад мориндоо морьдоод ухасхийлээ. Хэсэг хайсны дараа найзын унасан газар очоод бариач уруу авч явж билээ. Харин маргааш нь найз миний хонио чиглүүлж суусан аманд ирээд хөхөрсөн нүдээ заагаад танай азарга ийм болгосон гээд инээчихсэн ирсэн сэн. Яг л өмнөх шигээ хоёулаа барилдах уу гээд шар нь гозойчихсон. Миний хажууд морьноосоо унаад, тэрнээсээ сэхэл аваад сурсан байх нь тэр байж.

Бага ангид байхдаа хэдэн зуныг ингэж найзынхаа далаар газар зүлгэнгээ өөрөө морины нуруунаас газар мялааж унаж, хөдөөний өвгөдийн “хатуу эр бол” гэх сургаалыг сонсож өнгөрөөж билээ. Дунд сургуулиа төгссөний дараахан санамсаргүй тохиолоор бага насны хөндийн талаарх сураг сонсоход унаач найз маань хөлбөмбөгөөр өсвөрийн аваргад тоглосон, хоккейн улсын аваргад ордог болсон гэсэн. Багийн юманд бууж өгөлгүйгээр өөрийн хүчээр тэмцдэг хэвээрээ.

Магадгүй мань хүнд тэр нэг бууж өгдөггүй, шазруун зан их тус хүргэсэн байх. Ямар ч үед яаж ч унасан инээж босч ирээд л дайраад байж байдаг нэг тийм. Харин одоо би өөртөө тэр занг суулгаж авахгүй минь яав даа гэж харуусаж сууна. Яагаав нөгөө өөрийгөө юуг ч мэдэрч байгааг хамааралгүйгээр өөрийнхөө муу занг сайжруулах гээд өөрийгөө хурцалж суух тэр нэг ухаан. Найз бид хоёр бол төөлбөл нуруу чацуу, тоолбол нас адил хоёр. Тэр маань хурдан морь унах гэж над шиг л будилж явсан л байлгүй. Харин тэр болгонд өөрийгөө хурцалж оролдсоор л их сайн болсон байх. Тэгсэн би эхний ганц хоёр алхмаа сурчихаад л нэг тав тухтай байрлалаа олоод тэрнээсээ хөндийрөхгүй. Найз шигээ эрэмгий байсан бол морьныхоо дэлнээс зууралгүйгээр дөрөө жийж, гийнгоо уянгалуулаад хурдалж давхих байсан биз. Даанч би тийм эрмэг байсангүй тэр үед. Одоо ч бас яг тийм биш.

Яахав одоо нэгэнт том болоод өөрийгөө юун дээр алдаад байгааг мэдээд тэрийгээ засах гэж хичээх л байх. Гэвч тэртээх бага насандаа хорин жилийн өмнөх тэр үедээ энэ занг өөртөө суулгасан бол яах байсан бол. Хорин жилийн явцад өөрийгөө хурцалж дайчлаад юу хийж, ямар өндөрлөгт хүрч болох байсан бол. Төсөөлөшгүй.

Тэр л одоогийн морь уралддаг уламжлалыг үзэн ядах болсон нийгэмд бодож үзэх зүйл. Юутай ч амьд яваа хүмүүс алтан аяганаас ус уудаг бол миний бие Амазонд амаа алгадуулж үздэг юм байж. Харин унаач найз минь энэ үед яах байсан бол, мэдээж мань хүн унасан бол унасан гээд л дараагийн оролдлогоо хийх гээд бэлдэж суух байсан. Одоо яахав, бага насанд сурч амжаагүй зүйлээ сурах гэж л дахиж оролдох л байх даа…

Д.Төмөртогтох

2018.06.06

Cover photo by Jéan Béller on Unsplash

Submit a comment


*

Back To Top