You can’t hurt me – номын тойм

Унших хугацаа: 11 минут

Нэг өдөр унтахынхаа өмнөхөн утсаа өнгийж суух зуур миний хүндэлж явдаг, огт онлайн харагдаад байдаггүй нэг хүн харагдав. Мань хүний юу гэхийг нь гялс уншиж, сонсоод, зарлалын дагуу тэр дороо нэг ном захьлаа. Номны зохиолч, миний хүндэтгэж явдаг хүн маань David Goggins. Хамгийн анх Tom Bilyeu-н подкаст ороход нь сонсож мэдэж авсан ба “Living with SEAL: 31 Days training with the toughest man on the planet” гэдэг номон дээр гардагаар ч бас мэдэх юм.

Reddit

Дэвид бол өөртөө “the toughest man alive” гэх нэртэй болтолоо бусдад үлгэр жишээ болж амьдарч буй нэгэн. Хэрхэн энэ нэрийг авсан тухай цухас дурьдахад мань эр чөлөөндөө гарсан Navy SEAL ба Америкийн армид SEAL Training, U.S Army Ranger School болон Air Force Tactical Air Controller-г дүүргэсэн цорын ганц цэрэг болохоос гадна Афганистан болон Иракын дайнд хэдэн жил байлдаж Иракийн Ерөнхий сайдын бие хамгаалагч хүртэл хийж явсан дайчин. Үүнээс гадна мань эр 60 гаран ultra-marathons, triathlons, ultra-triathlons – д оролцож эхний 5 байр эсвэл түрүүлж байсан гүйгч, 17 цагт 4030 удаа турник таталт хийх Гиннессийн рекордын эзэмшигч залуу. Өдийд мань эр Fortune 500 компани, их сургуулиуд болон тамирчдад өөрийнхөө талаарх яриа болон өөрийгөө хөгжүүлэх талаах ярих болсон илтгэгч.

Ok, so what? Чухам юу нь тийм онцгой болоод энэ хүнийг хүндэтгэх болов гэж? Дэлхийн хамгийн хатуу эрчүүдийн нэгдэл болсон цэргүүдийн нэг, Bradley fucking Cooper-н тоглосон “American Sniper” киноны гол дүр болон дайны дунд дайсны шугмын хойно ганцаараа үлдээд хэрхэн амь гарахын тулд тэмцэж байгааг харуулсан Оскарт дэвшигч “Lone Survivor” киноны түүхийн эзэнтэй мөр зэрэгцэж явсан хүн болохоор хүндэлдэг үү гэвэл үгүй. Дэвид хүчирхийлэгч нөхрөөсөө өөрийн хүүхдээ аван зугтаж, хэдэн цагийн ажлын хооронд хөлсний байранд хүүгээ өсгөсөн эхийн хүү, өөрөөс нь бусад нь бүгд цагаан арьстан газар, хаашаа ч харсан негр гэж дуудуулах газар томоожиж, өөрийн сайн уншиж ч чадахгүй байгаа муу сурлагатан сурагч хүүхэд наснаас өөрийгөө хурцалж, юу ч үгүй байдлаас өөртөө зорилго тавин тэрэндээ хүрэхийн тулд хэн хүнээс гараад байдаггүй хүч чармайлтыг гаргадаг хүн болохоор хүндэтгэж явдаг юм.

Энэхүү хүний номыг 40 хоног хүлээсний дараа 12сарын 4нд Kindle-д минь ном орж ирлээ. Номоо ч 12 сардаа эвтэйхэн харж сууж энд тэндээс бодож уншиж дуусгалаа. Уг номонд Дэвид амьдралаас сурсан ухаанаа өөрийнхөө амьдралын жишээнээс тодруулан бичиж хэрхэн өөрийнхөө сэтгэхүйг хурцалж, зорьсон зорилгоо биелүүлэх тухай болон хэрхэн би мундаг, би тэргүүлэгч гэж хэлэлгүйгээр бусдад үлгэр болж, өөрийнхөө хүслээр бусдад хандив босгох хэдэн сая доллар бүхий болохуйц хэдэн аян өрнүүлсэн тухайгаа өгүүлжээ. За тэгээд энэ номноос үлдсэн сэтгэгдлээ доор тоймлож бичье.

Ном маань ерөнхийдөө ямархуу вэ?

Хэмжээний хувьд бол би Kindle дээр уншиж байгаа болохоор цаасан номны хэмжээг сайн мэдэхгүй юм. Юутай ч 360 орчим хуудастай авсаархан ном. Бүтэн 7н жилийн турш бичигдэж 6н удаа засварлагдсан гэх нь илт харагдах нарийн дараалалтай, цэгцтэй бичилтээс мэдрэгдэнэ. Дотроо 11 бүлэг байх ба бүлэг тус бүр нэг сэдвийн хүрээнд Дэвидийн хувийн амьдралын түүх болон тэрнээс өөрийгөө хэрхэн дайчилсан тухай, яагаад хүмүүс тэгж өөрийгөө дайчлах ёстой тухай хүүрнэж өрнөнө. Мөн бүлэг бүрт нэг Challenge болон hashtag уриалга бий. Challenge – д тухайн бүлгийн утга санааг товчилж давтаж бичигдсэн байхаас гадна тухайн бүлгийн агуулгыг өөртөө хэрэгжүүлэхийн тулд юу хийх ёстойг уриалсан. Харин тэр hashtag уриалга бол маркетингийн л нэг оролдлого байх. Мань эр ерөөсөө онлайн харагддаггүй хүн шүү дээ.

Ямар хүмүүс уншвал зүгээр вэ?

Ном маань ямарваа хүнийг өөрт тулгарсан бэрхшээлийг даван туулж, өөрийнхөө тогтоол орчин буюу comfort zone-с гарч, өөрт тавьсан зорилгодоо хэрхэн хүрэх талаар өгүүлсэн тул иймэрхүү сэдвийн талаар уншихыг хүсдэг, яг одоо өөрийнхөө тавьсан зорилгодоо хүрэх аялалдаа ядраад шантарч буй залуус, бодь ухаан нь дөнгөж бүрэлдэж эхэлж буй өсвөр насныхан болон тамирчин хүмүүс уншихад их тохиромжтой санагдсан. Гэхдээ…

Ямар хүмүүс унших хэрэггүй вэ?

Нарны гэрэл бүх зүйлийг хар цагаан гэж ангилдаггүйтэй адил хорвоогийн олон хүний дунд өөрийгөө дээрх хүмүүсийн нэг гэж бодож байгаа ч сэтгэхүйн хөгжлийн хувьд энэ номыг уншихад арай л бэлэн болоогүй хүмүүс таарна. Хэрвээ өөрөө positive thinking-н хүчээр бүхнийг бүтээн цогцлоож, залуус бид хоорондоо нийлж хөтлөлцөж гагнасан гинж тасалдаг тоглоом шиг нийлэлдэж зогсож байгаад сайн сайхныг хийнэ, өөрийн эерэг бодлынхоо хүчээр бүхнийг болгоно гэж гүнээ итгэдэг, зарим заримдаа өглөө өдрийн мэнд дэвшүүлэн, баяр олон нийтийн амралтаан бусдад сайхныг хүсэн ерөөн нийтийн сүлжээнд сүржигнэж суудаг, чухам яагаад ч юм зөвхөн өөрийнхөө бодлоор ертөнцийг харж бусдад сургааль хайрлах дуртай, ямарваа нэг амжилтанд хүрсэн хүний жишээг дурьдан мэдэмхийрч суух зуршилтай, би ийм юм хийх гэж байна гэж хаа газар ярьж суун өөрт туслах хүнийг хүлээж суудаг, өөрт тулгарсан асуудал бэрхшээлийг хэрхэн хийх талаас бус хэнээр хийлгэх тухай бодож суудаг, яаж бодохоороо ийм дүгнэлтэнд хүрсэн нь мэдэгдэмгүй аягүй сонин олуулаа цугларч бөөнөөрөө “үзэл бодлоо” илэрхийлэх маягыг залуус бид юм хийж байна бид мундаг лаг тэнгэрлэг шилдэг манлайлагчид гэж боддог хүн бол ер нь энэ номыг уншихад их хэцүү байх болов уу.

Бас тэгш бус нийгмийн ээлтэй талд нь төрж хүн болоод амьралынхаа турш гэртээ харихад идэх хоол бий билүү, гэр дулаалах түлээ бий билүү, өөрийнхөө амьдралыг дээшлүүлж нийгмийн давхаргын шат өөд хэрхэн өсөхөө гайхаж бодолрхийлж үзээгүй хирнээ бусдыг гоочилж, хүмүүсийг “орк” гэх мэтээр дуудаж, өөрөөсөө нийгмийн давхаргаар дор хүмүүсийг тамшаалж дооглох УБ Комеди мэтийн хүмүүсийн сэтгэхүйд энэ номны материал тохирох эсэхэд эргэлзэж байна.

Тэд уншаад үзэж болох ч номонд өгүүлэх зүйлс өөрийнх нь ойлголтын хүрээнд нэг л наалдаж өгөхгүй байх ч юм уу Дэвидийн өөрөөс нь өөр хэн ч байхгүй байгаа байдлаас хэрхэн хөгжиж, өөрийгөө хөгжүүлж байгаа нь үлгэр шиг санагдаж магад. Тэр хамаагүй гээд уншиж үзээд ертөнцийг өөрийнхөө нүдээр өөрөөр хардаггүй дээрх хүмүүсийг яагаад уншихад тохиромжгүй гэж хэлснийг ойлгож авбал сайн л биз.

Түүнээс гадна хорвоод хосгүй хоёр далбагараараа орох авиа болгоныг өөрйиг нь дөвийлгөсөн байх ёстой гэдэгт өгөр байцаандаа шингэтэл ойлгосон, хүний ганц хоёр огцом үг дааж чадалгүйгээр өөрийн дотоод ухаанаа алдаж хагалчих гээд байдаг эмзэгхэн хүмүүст энэ ном бол огт зориулагдаагүй. Яагаад вэ гэж орилоод шалан дээр сууж нус нулимсаа залгиж суунгаа хоолой чичирхийлж гомдлын нүдээр харж байвал энэ номыг дэлгээд уншаад үз. Ойлгогдоно.

Номноос авч чадсан гол агуулга юу байв?

Ok, ном маань юу ч үгүйгээс юм юмтай болох гарын авлага. Тэгээд ерөнхийдөө өөрөөс нь өөр туслах хүнгүй нэг хүүхэд хэрхэн өөрийнхөө алдаа дутагдлыг засаад, өөрийнхөө бэрхшээл, хүнд үеийг өөрийнхөө давуу тал болгож ашиглаж байгаа тухай болон өөрт байхгүй зүйлийг өөртөө хэрхэн олж авч байгаа залуугийн тухай нэг түүх. Эхний бүлэгт Дэвид өөрийнхөө дутагдал болон бэрхшээлтэй хүүхэд насаа дэлгэрэнгүй бичиж challenge-дээ уншиж буй хүмүүсийг өөрийнхөө тухай тэгж бичихийг хүснэ.

“Nobody likes to hear the hard truth. Individually and as a culture, we avoid what we need to hear most.”

Яагаад гэвэл тэдгээрийг өөрийн дутагдалтай талаа засахад, бас өөрийнхөө хүнд үеийг өөрийнхөө энерги болгож дараа дараачийн бүлгүүдэд ашиглана. Энэ аргачлал тийм ч шинэ биш л дээ. Dwayne “Rock” Johnson ч өөрийнхөө юу ч үгүй байсан үеийг шинэ зүйл эхлэх, чухал барилдаан болгоны өмнө дурсан санаж тэдгээр мөчийг өөртөө энерги болгож ашигладаг. За дутагдлаа тоочлоо, бэрхшээлээ бичлээ. Тэгээд Accountability mirror.

“I knew that the confidence i’d managed to develop didn’t come from a perfect family or God-given talent. It came from personal accountability which brought me self respect, and self respect will always light a way forward.”

Мань эр өөрийнхөө зорилго, өдөр бүр хийх зүйлсээ бичээд тэднийгээ толиндоо нааж өдөр бүр өөрийнхөө зорилгод хүрсэн эсвэл хүрээгүй гэж хоёр ангилалаар л өөрийгөө сорьж эхэлсэн юм. Өдөр бүр энийгээ хийнэ. Тэгээд өөрийнхөө түүхийн хажуугаар Дэвид өөртөө итгэх итгэлээ алдсан, өөрийгөө хэрхэн сайжруулахаа мэдэхгүй яваа, зорьсон зорилгодоо хүрэх зүрхээ алдаж яваа хүнд тааралддаг бэрхшээлүүдийн талаарх дурьдахаас гадна тэдгээрийг хэрхэн давах талаар өөрийнхөө амьдрал дээрх жишээнд тулгуурлаж бичнэ.

“When you have no confidence it becomes easy to value other people’s opinions, and I was valuing everyone’s opinion without considering the minds generated them”

Дэвид сурагч насаа негр гэж дуудуулан арьс өнгөөр ялгаварлагдаж ирэхдээ өөрийг нь тэгж гадуурхаж байгаа хүмүүс нь өөрсдийгөө ч олоогүй байгааг олж хардаг. Яахав манайхаар бол одоо үед энд тэнд шарилж шиг харагдах манлайлагч, удирдагч, шинэ үеийн төлөөлөл, тэргүүлэгч, дарга залуус өөрсдөө манлайлал гэдэг чинь ажил биш, албан тушаал биш, харин хувь хүний зан чанар гэдгийг мэдэхгүй хирнээ гадаадад ийм байхад монгол залуус ийм гээд өөрөөс нь дор хүмүүсийг чичилж суудагтай л адил.

“Self-improvement takes dedication and self-discipline”

Дэвид өөрийгөө бүрэн дүүрэн зориулах хамгийн эхний шалгуур нь BUD/S – Navy program. Мань эр гурван сарын хугацаанд 48 кг жин хасаж, ASVAB гэх оюун ухааны шалгалт давах болно. Хэрхэн яаж өөрийгөө бэлдэж, ямар бэрхшээлтэй тулгарч, тэдгээрийг хэрхэн давж, өөрийгөө хэрхэн зоригжуулж байгааг маш дэлгэрэнгүй бичигдэнэ. Эдгээрийг бүгдийг нь Accountability Mirror-н тусламжтайгаар хийх ба BUD/S-д шалгараад хүнд ширүүнээрээ алдартай Navy SEAL training-д орно. Ямарваа бэрхшээлтэй тэмцэж байхад өвдөлт даах биеийн хүчээс гадна сэтгэлийн тэнхээ ч хир чухал болохыг тэмцээний талаар бичих хэсгүүдэд мэр сэр дурьдагдана. Яагаад?

“Until you experience hardships like abuse and bullying, failures and disappointments, your mind will remain soft and exposed. Life experience, especially negative experiences, help callous the mind.”

Ямар нэг үг мүг гэх мэт шал бал зүйлэнд сэтгэлийн гүнээсээ гомдож момдож тэнэгдэж зүүлэгтээд нэг доороо сууж манайхаан бүхнийг эерэг сэтгэхүйгээр харж, нэгнээ ойлгож, гар хөлөө хөтлөлцөөд нэг зорилгын өөдөөс инээд нэгтэйгээр алхая гэж уриалан сууж байхынхаа оронд сурах зүйлээ сурч аваад тэрнээс хүнд хэцүүд нээлттэй байж өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Хэн нэгэн ямар нэг зүйлд чамайг доромжилж чадсан бол дараа өөр цагт өөр нэг нь яг тэгж доромжилж чадна гэсэн үг тийм биз? Тэр байдалд хүрэхгүйн тулд өөр тулгарсан таагүй явдал болгоныг өөртөө хичээл, туршлага болгож хадгалж аваад тэрнээс илүү хүнд, өөр таагүй туршлагад бэлэн болох хэрэгтэй гэх Дэвидийн өгүүлэх гэсэн гол зүйл.

“To develop an armoured mind – a mindset so callused and hard it becomes bulletproof – you need to go to the source of all your fears and insecurities.”

Ямарваа таагүй явдал, дурсамж болгон дээр өөрийнхөө ёс зүй, зан ааш, өөрийнхөө хэн бэ гэдгийг угсарч бий болгохыг Дэвид зөвлөнө. Ихэнх хүмүүс ингэхийн оронд тэр намайг ингэлээ тэглээ гэж гомдоллож суухаас гадна өөрт нь аятайхан хандсан, гоё сайхан үгс хэлсэн болгон луу тэмүүлж, тэднийг дагаж эхэлдэг. Тэгснээр өөрийнхөө сул байдлаар өөрийгөө гинжилчихээд нэг цэгээ хашааны нохой шиг тойрч эргэлдэж амьдарч байгаа юм. Нохой юу хийх үү? Өөрийнхөө сул талыг тойрон эргэлдэнгээ өөрт нь чин үнэнг хэлж, хатуу болох хэрэгтэй гэсэн болгоныг “битгий хүн шүүмжил” гэж хуцна. Хөв хөв.

“Human body can withstand and accomplish a hell of a lot more than most of us think possible, and that it all begins and ends in the mind.”

160 km замыг ямар ч бэлтгэлгүйгээр туулах уралдаан.Ямар ч бэлтгэлгүй. Хүнд цаг агаартай өдөр. Дэвид төрийн бус байгууллагад хөрөнгө цуглуулах зорилготойгоор марафонд гүйх болно. Мэдээж хэцүү л дээ. Мань эр өөрийнхөө амьдралынхаа ялалт, баясал төрүүлсэн дурсамж болгоныг цуглуулж хадгалаад тэрийгээ Cookie jar гэж нэрлэсэн. Тэгээд ямарваа хэцүү үед бууж өгмөөр санагдах болгонд Cookie jar-аасаа нэг дурсамж гаргаж ирж хэмлэнгээ өөрийнхөө тархинд бяцхан ялалтын амтыг мэдрүүлж, биеээ улам цааш түлхэх болно.

Яагаад заавал тэгж өөрийгөө бууж өгч, өөрийнхөө хийж байгаа юмыг больмоор санагдах үед тэгж өөрийгөө тархидах хэрэгтэй юм гэхээр Дэвидийн үгээр бол бидэнд “governer” гэх хаалт бий ба тэр нь бидний бүрэн бүтэн чадавхын 40% хүртэл дайчлуулах л үүрэгтэй эд. Comfort zone, safe zone гээд хүмүүс янз бүрээр дуудах ч хаана ч адил ойлголт нь хүн бүрийн цаад ухамсарт бидний аюулгүй байдлыг хангаж байх үүрэгтэй нэг систем бий ба тэр нь биднийг яг одоогийн нөхцөл байдалд буюу ямар ч аюулгүй байх үүрэгтэй. Бид ямарваа байдлаар өөрийнхөө одоогийн түвшнээс дээш гарч өөрийгөө дайчлах үед энэ систем ажиллаж за чи ядарсан байна, одоо болно, чи чадахгүй, энэ бол боломжгүй, чи угаасаа бүтэхгүй гэх мэт зүйлсийг тархи уруу чихэж биднийг одоогийн энэ нөхцөлд л хадах ажиллагаагаа эхэлнэ. Дэвидийн үгээр бол хүн өөрийнхөө чадавхыг тэлэх тусам энэ систем биднийг зовоох нь багасна. Яагаад гэвэл хүн чадавхаа шавхаж шавхаж шинэ нөхцөлд хүрэхэд нөгөө систем аль хэдийг тэр нөхцлийг одоогийн байдал гээд хүлээн зөвшөөрсөн байна. Гол нь тэр “governer”-г л бид ухаан бодлоосоо чөлөөлж өөрийгөө дайчлах хэрэгтэй.

“Most of us are motivated as hell to do anything to pursue our dreams until those around us remind us of the danger, and all the people before that did not make it.”

Бид бүгд л ийм байдалтай тулгардаг. Хэцүү зүйл тулгарлаа, ядарлаа, туйлдлаа, ээж хажуунаас эвий хөөрхий амар наадхаа түр орхи гээд л тийм ээ. Багаар ажиллаж байгаа бол нөгөөдүүл маань за бид ерөөсөө бүтэхгүй юм байна, больцгооё гээд юу ч хийхээ болиод л. Магадгүй эдгээрийн улмаас би юм хийх бол ганцаараа сууж өөрийгөө тамлаж байдаг байх. Энэ байдалтай тэмцэхийн тулд бид тусгай систем өөртөө бий болгох хэрэгтэй. Тэрний бүрэлдэхүүнд орох нь Cookie jar. Ямарваа зүйлд бууж өгмөөр, больмоор санагдахад, өмнөх дурсамжуудаасаа сайхан ялалтын, өөрийгөө даван туулсан, хүссэн зүйлдээ удаан зорьсны хүчинд хүрсэн мэдрэмжийн амтыг мэдэрлээ, үргэлжлүүлж өөрийгөө дайчиллаа.

“Our culture has become hooked on the quick-fix, the life hack, efficiency. Everyone is on the hunt for that simple action algorithm that nets maximum profit with the least amount of effort.”

Одоо үед энэ системийг өөртөө хөгжүүлж, өөрийнхөө governer-г эвдэж өөрийнхөө тогтоол орчноос гарах бол хамгийн хэцүү зүйл болсон. Бодоо үз дээ, хэн нэгэнд нэг шийдэх ёстой асуудал тулгарсан гэж төсөөл. Тэр үед ихэнх хүмүүс за нөгөө тэр ахийн эгчийн цаад холын хамаатны тэр хүүхдийн ангийнх нь хүүхдийн аав нь тэнд явж байгаад таарсан нэг хүний ээж нь тэр асуудлыг яг шийдээд өгөх хүн юм байна. Ерөөсөө тэр хүнээс асуугаад, гуйгаад, даалгаад, шаардаад өөрийнхөө асуудлаа шийдүүлчихье. Өөрөө бол хийж болох хамгийн бага юм хийнэ, асуудлаа шийдэж болох хамгийн сайн байдлаар шийдүүлнэ. Үүнтэй адилаар ажил, сурлага бүх зүйлд хүмүүс өөрсөддөө ямар нэг хүмүүс түүнд туслахад бэлэн зэлэн хүлээгээд сууж буй гээд өөрийгөө дайчлалгүйгээр амьдралаа үргэлжлүүлж нийгэмд живж буй бусад хүмүүстэй л адил зүйлс хийн амьдарна.

“The 40% applies. To me, forty-hour week is a 40 percent effort. It may be satisfactory, but that is another word for mediocrity”

Дэвид бол өөрийгөө бусдаас тусгаарлаж, өөрийнхөө гэсэн түвшинд хүрэхийн тулд цагийн зохион байгуулалтаа сайн хий гэж зөвлөнө. За бодоод үзэхэд 7хоногт 168 цаг бий. 56 цагт нь унтлаа, 40 цагт нь ажиллаа. Үлдсэн 72 цагт юу хийж болох вэ? Ажил, нойроос гаднах дундажлаад тооцоход гарч ирэх нэг өдөрт 10н цагт юу хийж өнгөрөөж байна вэ? Би энэ жилийн эцэст өөрийнхөө хуваарийг нэг гаргаж үзсэн. Юм хийгээд байгаа юм шиг санагдсан жил өнгөрсөн ч цагийн зохицуулалтаа эргээд харахад өөртэйгөө дахиж сайн ажиллах хэрэгтэй гэх дүн гарсан. Дотор гонсоймоор л байсан. Харин чухам яаж өөрийн цагаа зохицуулж, тэрийг бүртгэж, цагаа хуваарилах бол өөр нэг нийтлэл, өөр нэг номны тойм.

“The whole point of the twenty-four-hour mission is to keep up a championship pace, not for a season of a year, but for your entire life!”

Өөрийнхөө жирийн өдрийн цагийн хуваарилалтыг гаргаад, өглөө эрт өөртөө цаг гаргаж бусдаас эрт бүхнийг эхлэх, утсаа унтраалттай байлгах, цаг үрдэг зуршлаа багасгах гэх мэтчилэнгээр янз бүрийн арга хэмжээ авч болно л доо. Дэвид ч эднийг бүгдийг нь өөртөө хэрэгжүүлж, өөрийнхөө нэг өдрийн цагийн хуваарийг нарийн гаргаад, нэг өдөр түүний хувьд нэг тэмцээн, өөрийгөө шалгах нэг шалгуур гэж үзнэ. Гэхдээ мэдээж унтах, амрах, зугаацах, дотны хүмүүстэйгээ өнгөрөөх цаг гээд бүгдийг өөртөө гаргана.

“In my mind, I’m that racehorce always chasing a carrot I’ll never catch forever trying to prove myself to myself. And when you live that way and attain a goal, success feel anticlimactic.”

Дэвидийн хувьд бол тэр нэг системийг өөртөө бий болгож, тэрнийхээ хэмнэлийг алдахгүй байх л чухал. Өөрийнхөө governer-г даван туулж, өөрийг нь хязгаарлаж байгаа бүхнийг системтэйгээр бага багаар даван туулах. Тэр төрөлхийн ухаантай, хүчтэй, хурдан, бүхнийг чадагч, мундаг, манлайлагч байсан уу? Үгүй. Ёстой үгүй. Тэрбээр тэрийгээ бүрэн хүлээн зөвшөөрөөд, өөрийнхөө алдаа дутагдалыг өөртөө хуяг мэт нааж ойртуулж байгаад тэр болгоноо өөрийнхөө цаад ухамсрыг хөгжүүлэхэд ашигласаар алдаа дутагдал, саад бэрхшээл болгон нь өөрт нь хуяг дуулга болж нэмэгдсээр өдийд дэлхийд нэр нь дурсагдах нэгэн болжээ. Мань эрийн хувьд бол энэ ололт амжилт бол юу ч биш. Яагаад гэхээр түүний хувьд тэр нэр алдар, ололт амжилт чухал биш, харин өдөр тутам өөрийнхөө системийг бүрэн дүүрэн ажиллуулж, өөрийгөө даван туулах тэр нэг өдрийн тэмцээн л чухал. Тэр олон нэр алдар, ололт амжилт бол өөрийнх нь хөдөлмөрөөс урссан хөлсний үлдээсэн шалбааг. Тийм ч учраас Дэвид нэг өдөр, нэг тэмцээн, нэг удаа өөрийгөө дайчлах гэж явсаар л байна байх.

“We need to surround ourselves with people who will tell us what we need to hear, not what we want to hear, but at the same time not make us feel we’re up against the impossible.”

Өөрийнхөө системийн талаар болон яагаад хувь хүн өөрийнхөө governer-г эвдэх нь хэсэг хугацааны биш нэг насны ажил болох талаар болон бас бус манлайлагч хүний гол зан чанар болон тэмцэгч хүний хандлагийн талаар номны сүүлийн хэдэн бүлэг өгүүлнэ. Дэвидийн номны гол хэсэг бол тэр систем. Хүн өөрийнхөө governer-г эвдэж, өөрийнхөө 40%-с байнга давж гарч хөдөлмөрлөж байх тэр системийг үүсгээд тэрийгээ тогтмол ажиллуулах юм. Тэгэхэд Accountability mirror, Cookie jar гэх аргуудаас гадна өөрийнөө эргэн тойрны хүмүүсийн зөв сонголт ч бас нөлөөтэй. Ямар хүмүүс байх хэрэгтэй вэ гэхээр тухайн хувь хүнийг дайчилж чадах, тухайн хүний сонсохыг хүссэн үгсийг биш, сонсох хэрэгтэй үгсийг хэлдэг хүмүүс. Ихэнх хүмүүс эерэг үгс, магтаал, сайшаал, бие биенээ дэвэргэсэн хоосон үгсийг дэнгийн гэрэл дагах эрвээхий шиг дагадаг. Тэдгээр үгс тухайн хүнийг сайжруулахгүй, урамшуулахгүй, өөрийнх нь түвшингээс өсөж дэвшихийг уриалахгүй. Ямар ч ид шид хэрэгцээ шаардлага үгүй хов хоосон үгс. Харин тэрний оронд хараагаад ч хамаагүй алдаа оноог нь оноод хэлэх нарийн үгс бол маш нандин. Тийм үгс хэлэх зүрх сэтгэлтэй хүн олдвол алдаж болохгүй цаг ирсэн. Зүгээр селфи авахад тэрэн доор нь нялуун үгс шавж, өөрийнхөө зургыг олон нийтэд ил гаргах хүмүүс ч гэсэн тийм үгс горьдож янз бүрийн афоризм ч болтугай зурагтайгаа хавчуулдаг болсон цөвүүн цаг шүү дээ.

“And all I’d ever wanted from it was to become successful in my own eyes.”

Энэхүү ном маань зөвхөн өөрийнхөө хүсэл чармайлт, хүч чадлаар зорьсон зорилгодоо хэрхэн хүрэх талаар нүдэнд харагдтал бичсэн нь сайхан байлаа. Хэрвээ өөрийгөө дайчилж сурмаар, яаж тэгэх вэ гэдгийг мэдмээр бол энэ номыг уншаад үзээрэй. Доорх линкээр орж kindle гэдгийг сонгоод худалдаж аваарай. (Гадаадад суугаа хэвлэмэл ном унших дуртай хүмүүс шууд худалдаж аваад захиалж болно мэдээж)

Can’t Hurt Me: Master Your Mind and Defy the Odds

За 12 сард уншиж суусан номны маань тойм нэг иймэрхүү. Цаашдаа би сар бүр өөрийнхөө уншсан номны талаарх иймэрхүү тойм бичиж нийтэлнэ. Мэдээж янз бүрийн ном уншиж суудаг ч нийтлэлд бичих номнууд бол ерөнхийдөө уран зохиол, хичээл судалгаатай холбоогүй номнуудаас сонгоно. Хүн бүрийн яриад байдаг ном би огт уншдаггүй учраас эдгээр нийтлэл уншиж суухад сонирхолтой санагдаж магад. Мэдэхгүй юм, юутай ч анх уншиж сурсны дараахан аав бусдын уншдаг ном болгоныг унших шиг хэрэггүй юм байхгүй, зөвхөн өөрт хэрэгтэй номоо л унш. Өөрөөр хэлбэл – You do not read books for sake of it. You have to read to lead.

Юутай ч тэгээд 2019 онд сар бүрийн эхний долоо хоногийн амралтын өдрөөр өмнөх сард уншсан номны талаар тойм бичээд тэрийгээ сар бүрийн хоёр дахь долоо хоногийн эхэнд нийтлэж байна даа. Номны талаарх эсвэл энэ нийтлэлийн талаар хэлэх зүйл байвал сэтгэгдэл үлдээх ч юм уу миний фб-ээр мсж бичиж болно.

Д.Төмөртогтох

Feature image: All hands

Submit a comment


*

Back To Top