Унших хугацаа: 8 минут
Намрын эгэл өдрийн дундуур цүнхээ янзлаад хаа нэгтээ явахаар бэлдэж байлаа. Аялал энэ тэр биш л дээ, зүгээр өөрийнхөө лаптопыг цүнхэлж авч явж нэг ажиллагаанд оролцох гэж л бөөн юм болж байсан нь тэр. Тэр ажиллагаа маань дэлхий даяар нэг өдөр болдог уралдаан ба гарааны бизнесүүдийг дэмжих, бизнесийн шинэ санааг өөгшүүлэх зорилготой тэмцээн. 54 цаг үргэлжлэх урт тэмцээн за ихэнх залуус мэдэж ч байж магад – Start up weekend.
Тэмцээн эхлэх цагтаа эхэлж иймээ тиймээ юм хум болж болж цугласан хүмүүс багуудад хуваагдах боллоо. Нээх их юм бодолгүйгээр өөрийн нүдэнд туссан нэг бүсгүйн орсон багийг сонгоод тэднийд нэгдлээ. Багийн санаа юу ч билээ дээ чухал биш, харин багт байсан хүмүүс их сонин байв. Ялангуяа өөрийнхөө эргэнд тойронд үл мэдэх том зай мэт байгаа мэт биеээ барих залуу нүдэнд тод. Үсээ хурц цэнхэр өнгөөр будсан, жингийн илүүдэлтэй бие, нэг дор тогтохгүй байнга эргэлдэх нүдний харц гээд бусдаас өөр зүйлс мань эрд их. Бүрдсэн багаараа нэг ширээ олж аваад сууж бүгд өөр өөрсдийнхөө лаптопуудыг гаргаж ирээд ажил хэрэгтээ орох бэлтгэлээ хангаж байхад нүдэнд ил харагдах мань эрийн лаптопны булан тохой бүрт наалттай жаазмал зурагнууд их онцгой. Онцгой онцгойдоо мань хүнийг чухам ямар хүнийг шууд илтгэж байв. Ижил хүйстэн.
Манай баг болон зохион байгуулагч
Босож зугтаад гарт таарсан сандлаараа өөрийгөө хамгаалахаар зүйл нэгэнт биш учраас сайхан танилцаж гар гараа барьж мөр зэрэгцэн суугаад ажлаа эхэллээ. Мань эр математикч, нөгөө намайг энэ багт ороход хүргэсэн бүсгүй тархи судлаач, нэг химич, өөр нэг залуу маань биологийн инженер. Хачин сонин хүмүүсээс бүрдэх ч яахав дээ, энэ чигээрээ хоёр хоног өөрсдийнхөө сэтгэхүйн чадлыг сорих хойно. Нөгөө ижил хүйстэн залуугийн байгаа байдал надад миний мэдэх хэд хэдэн хүнийг санагдуулж бүүр ч их сонирхол татна. Үсээ будсан болон нүдний харц нь хүний шууд харцнаас бултах нь хүүхэд насандаа нэг зуныг хамт өнгөрөөж байсан нэг ахийг сануулах, биеийн илүүдэл жинтэй байдал болон биеээ хэрхэн авч явж байгаа нь тэр ахтай танилцсан зуныг бас хамт өнгөрөөж байсан өөр нэг хүүхдийг сануулах бол мань эрийн хоёр гарын шууг шигүү бүрхэн харагдах хутганы сорвинууд хэдэн учралаас хэтрээгүй өнгөрсөн нэг мазохист бүсгүйг сануулна. Тухайн хүн бүр миний амьдралын хэсэг хэсэгт таарч, аль аль нь өөр дурсамж, бодрол, амьдралыг харах өнцөг нээж өгч билээ.
Тэртээ 2000 оны эхэн үед өсвөр насны хүүхдүүдийн дунд H.O.T хамтлагийн залуус шиг хачин үстэй байх моод дэлгэрэхээс гадна тийм үстэй зарим хүүхдүүдээс зарим нь үсээ улбар шараар будуулах нь элбэг байв. Зарим гэж хэлсэн нь тухайн үед болохгүй гэгддэг хүүхдүүд ихэвчлэн тийм өнгөөр үсээ буддаг байсан юм. Нэг зуныг хөдөө хамаатны хөгшчүүлийн зусланд өнгөрөөж амрах зуураа тийм үстэй нэг ахтай танилцав. Мань эр надаас 4,5н насаар ах, зуслангийн нэг хөгшнийд малчин хийдэг байв. Мэдээж түр зуурынх л даа. Хөгшний хий гэсэн болгонг хийж, хамт гэрт нь амьдарч, улиралдаа нэг удаа ч юм уу өвөл дөхөөд ирэхээр цалин авдаг.
Тэр бид хоёр хонь хариулж явж их таарна. Яахав тэгээд хонь тогтсон үед үе үе орилж боохой үргээхээс өөр хийх юм байх биш, тэр бид хоёр их зүйлийг хуучилж өдрийг барна. Доороо хоёр дүүтэй, нэг нь охин нөгөө нь надтай чацуу эрэгтэй. Тэдэнтэйгээ өнчрөөд хэдэн жил болж байгаа учраас өөрийн хийж чадах ажил хийж мөнгө олох гэж явдаг байв мань эр. Яахав дөнгөж өсвөр насанд байсан учраас тийм ч олигтой ажил олддоггүй гээд л өөдөөс инээнэ. Чухам инээхээр ч юм уу яахаар ч юм гэдгийг мэдэхгүй болохоор чимээгүй ойлгоогүй царай гаргахад мань эр тэгсхийгээд дуугаа хураагаад өөр зүйлийг ярьж эхэлнэ. Энэ мэт эвгүй банталттай зүйлс бид хоёрын хооронд их болно. Хэдэн даага сургаж байв гэхэд би юу хэлэхээ мэдэхгүй бантах бол ямар нэг киноны талаар ярихад ах хүү бантаж харагдана. Энд тэнд ажил хийж яваад ер нь кино үзээд байдаггүй гээд л цайлган гэгч нь инээнэ. Яагаад туулайны баас түүдэг юм гэж асуухад зүгээр хэрэгтэй гээд цайлганаар инээхтэй нь адил би ч чухам юунд хэрэгтэйг нь мэдэхгүйгээ нууж бантаад бас л инээнэ. Ер нь тэгээд хоёр талдаа үе үе бантах зүйл гарч ирэхэд хэн хэн нь бантсан царай, цайлган инээдээр хоёр биенээ шоглоод өнгөрнө. Харин нэг удаа хэд хоног анзаарсан зүйлээ их л сониучирхаж асуулаа.
Чухам юу юм гэхээр мань эрийн хоёр гарны шуунд маш том сорви байсан юм. Яг нэг тийм албаар хутгаар зүссэн юм уу гэмээр том сорви шуунд нь тод. Баруун гарных нь бол олон жижиг оёдлын мөр үлдсэн нь их тод. Намайг яагаад гарандаа ийм сорвитой байгаа юм гэж асуухад мань эр юу ч дуугарсангүй. Хэсэг хүлээлээ. Надаас нуух юм байж л дээ нөгөө нэг цайлган инээд нь хэзээ харагдах бол гэж бас хэсэг бодож ширтлээ. Тэгсэн мань эр юу ч дуугаралгүй хэсэг сууж байснаа босоод хонио эргүүлэх гээд явчихлаа.
Юугаа ч мэдэхгүй гайхаж үлдсэн би дараа нэг өдөр тэрний учрыг зуслангийн нэг танил бүсгүйгээс санамсаргүй сонсож билээ. Уг бүсгүй нөгөө ахад тун дургүй. Харах болгондоо цэхэлзэх тэр бүсгүй надад тэр залуугийн шууг харсан уу амиа хорлох гэж судсаа ханаж байсан гэсэн арчаагүй гэж миний дээр асуусан асуултын хариуг хэлэв. Амиа хорлохын оронд бусад жирийн хүмүүс шиг хоёр дүүгээ бодох хэрэгтэй шүү дээ, тэд нь жаахан асрах газраар явдаг байхад ажил хийж тэднийгээ бодохын оронд тийм юм хийж байх гэж гээд л үглэж байхынхаа зуур тамхи татдаг, үсээ будсан байгаа нь цаанаа л нэг золбин гээд тэр бүсгүй нөгөө ахыг тун чиг үзэхгүй. Үсээ будсан нь бусад шиг л байх гэж байгаагийнх юм биш үү гэж тэр ахаа өмөөрөх ч миний тэр үг чи жаахан юм байж гэдэг үгнээс давж гарахгүй.
Хэрхэхийг хэн мэдэх билээ гэдгийн үлгэрээр хэсэг хугацааны дараа нөгөө ах маань үзэгдэхээ больж, сураг сонсвол өвгөний авдар ухаж тамхи хумсалж байгаад хөөгдсөн гэх. Тэр нь тэгээд нөгөө хүүхний аманд туулайн баас түүгээд явдаг гэсэн сурагтай байсан тамхи татах гээд байж ядаад байж дээ муу хүүр гэх үглэлт нэмэв. Бас нэг мэдэхгүй зүйлийн хариулт. Чухам хүмүүс бид яагаад өөр нэгнийхээ нандигнан нуух зүйлийг юу ч болоогүй юм мэт өөр нэгэнд дураараа ярих нь миний толгойд бас нэг асуулт.
Зарим хүн энд тэнд муугаараа яригдахтай адил, өөр хүмүүс нь магтагдан шайшаагдах ч хүн хаана газар тааралдана. Нэг тийм хүүхэдтэй хэд хоног танил байсан нь тэр ахтай танилцсан яг тэр зун. Хажуу саахалт айлын нэгнийд хэдэн хүүхэд хаа хол говиос ирэн хэд хоног амарч байгаад явсан юм. Тэдний дунд нэг бөмбөг шиг мяраалаг хүүхэд байв. Бусдаас онцгойрч ялгараад байх хөөрхөн төрх энэ тэр байхгүй ээ. Зүгээр л бөмбөг шиг мяраалаг тэр хүү хаа явсан газраа дуулж явна. Янз бүрийн хүүхдийн дууг хооронд нь холбоод л өдөр хонинд явахдаа, голын эрэгт нарлаж суухдаа, бороонд хоргодож наравчинд хоргодож суух зуураа, нар бууж үхэр хураах цагаар гээд хаана ч явсан цангинасан хоолойгоор дуулна. Эргэн тойрны хүмүүс нь хөөрхөн хоолойтой, дуулах дуртай, өхөөрдөм хүүхэд гэх үгэнд булах тэр хүүхэд дуулаагүй үедээ өөдөөс цайлган гэгч нь инээж ярьна. Нүдний харц нь илүү дутуу зүйлгүйгээр зүгээр л гэрэл тогтож, яг одоо байгаагаараа жаргалтай байгаа гэдэг нь илт мэдэгдэм. Заримдаа зүгээр нүд рүү нь харж байхад л тэр харцанд нь ховсдож татагдам тийм гэгээлэг.
Яасан их дуу мэддэг юм бэ, дандаа дуулаад ч барагдахгүй юм гэхэд би дуулах л дуртай, дуунуудаа зүгээр өөрийнхөөрөө аманд орсноороо л дуулчихдаг. Түүнээс зөв бурууг нь мэдэхгүй юм аа, би дуулж л байх дуртай гэх тэр мяраалаг хүүхдийн цайлган инээд нөгөө ахын инээдээс шал өөр. Аль аль нь цайлганаас цайлган инээд боловч ах хүү өөрийнхөө бусдаас өөр байдлыг аргацаан нууж бантаж инээх бол тэр хүүхэд өөрөөрөө байгаагаараа би хамгийн жаргалтай гэж инээж байв. Нэг нь бусдад хэмжигдэж цэнүүлэхээс болгоомжилж байгаа бол нөгөө нь одоо цагийн жаргалаа бусадтай хуваалцаж инээж байв. Энэ хоёр байдал тэнгэр газар, там диваажингаас ч том ялгаатай. Тэнгэр газрыг хүн хараад таних бол энэ хоёр инээдийг хэр барагийн хүн таниж ойлгохгүйгээс гадна там диваажин гэх хоосон үг, үлгэр домогтой харьцуулахад өдөр бүр хүн бүрт хаана ч тохиож байх маш бодит зүйл нь тэр хоёр өөр инээд.
Хүмүүс тэгээд инээсэн болгон жаргалтай сайхан гэх сохор сэтгэхүйтэйгээс гадна өөрийнхөө дуртай зүйлээр бусдын дуртай зүйлийг хэмжиж, өөрийнхөөс нь өөр зүйл болгон бусдад байгаа гажиг буруу мэт харах бас сонин сэтгэхүйтэй. Зарим хүнд энэ нь бүхний урталд байх бол өөр нэгэнд нь тээртэй. Тэртээ хэдэн жилийн өмнө хүмүүсийн энэ занг ихэд тээршаах нэгэн бүсгүйтэй түр зуурын танил байж билээ. Италийн гүн ухааны талаар надад ярих дуртай тэр бүсгүй мазохист. Ярих зүйлсийг нь заримдаа ойлгохгүй ч шанаагаа тулаад дуугүй сонсож суух намайг дээрээс дооргүй сонжиж суух тэр их ихэмсэг. Бусадтай их нийлээд байдаггүй таашаал авч байгаа хэв маяг нь хүмүүсд гаж санагдаж, муу муухайгаар шүүгдээд байгаа нь өөрийг нь их эгдүүцүүлэхийн хажуугаар доог нь хүрнэ гэж ярих нь ихэмсэг байдал эгдүүцэл дүүрэн. Энэ нь бид хоёрыг танилцуулсан л даа. Жирийн хүмүүсийн пүү паа гэж бөөн юм болох зүйлийг өөр дээр нь хийхийг хүсэн байж ядаж, хүний дургүй хүргэх зүйлсийг өөрөө сонсохыг хүснэ. Хэсэг зуур хүссэнээрээ байж өөрийнхөө амьд байгаагаа мэдэрч байгаа нь тэрний хувьд хэмжээлшгүй их үнэтэй. Бусдаас өөр байдлаасаа болоод хүмүүст элдвээр шүүгдэх нь тээртэй байгаа нь ганц удаа ч болов өөрийнхөөр нь байлгасанд гүнээ баярласнаа хэлж байгаа харцнаас нь илт. Заримдаа тэр мэдрэмжээ авах гэж өөрийнхөө биеийг өөрөө гэмтээдэг ч мэт санагдана, мэдэхгүй юм. Хамтдаа олон зүйл хийж, түмэн зүйлсийн талаар сэтгэсэн сэдвийн тухай бид ярилцах ч хүмүүс яагаад хүн болж төрсөн л бол чамаас бусад нь чам шиг байх ёстой гэж боддог юм бол гэх тэрний асуултанд би хариулж чаддаггүй байлаа.
Тухтай нэг тунгаагаад үзэхэд бие хүний дүр чинь өөрөө чин үнэнгээр биш худал хуурмагаар дүүрэн. Хүний дүр өөрт нь нэг байдлаар харагдах бол аав ээжид нь нэг өөр байдлаар найз нөхдөд нь нэг өөр байдлаар ажлын газрын хүмүүст нь бас нэг өөр байдлаар гэх мэтчилэн хаа газар таарсан хүн бүрт тухайн хүний нүд, сэтгэхүй, тэр хүний ертөнцөөс хамаараад өөр өөр харагдана. Хувь хүн бүр өөрийнхөө сэтгэхүйд онцгой ертөнцийн толийг урлаад тэрэндээ өөртэйгөө таарах хүн бүрийг тольдож харж байх учраас болоод юм уу миний гэх дүр төрх өөр нэгэнд өөрөөр буух нь ойлгогдом үзэгдэл. Хүн биет өөрөө ертөнцийн төв наран ижий шиг бусдыг тойруулж бүхний төвд байх биш дүр төрх нь бусдад яагаад ч үнэн мөнөөр тусахгүй баймаар юм гэдэг дээ. Хэдий тийм ч энийг ойлгож тунгаах хүмүүс ховрын дээр өөрийнхөө толинд сайн сайхан гэж онцгойлон тусгаж энэ бол би гэж бахархалтайгаар хэлэх дүрсийг өөр бусад хүмүүсийн толинд яг тэр чигээр нь тусгах нь бүүр хэцүү асуудал мэт. Хүн бүр өөр өөрийн толинд амьдралын утга учраа харж, аз жаргалын дүр төрхийг эрэлхийлэн амьдрахад зарим хүнийх нь толь гэрэлтэж, заримынх нь огт гэрэлгүй харанхуй.
Магадгүй аз жаргал гэж нүдэнд харагдаж, гарт баригдах ёстой юм гэж бодож зорьдог болохоор энэ бүгдийг хардаггүй юм болов уу. Тэр залуу лаг газар инстаддаг, тэр бүсгүй дандаа тансаг кафед суудаг, тэр хүүхэд дандаа гадаадаар зугаалдаг, энэ ах дандаа моделуудтай хамт явж байдаг, тэр ах лаг их мөнгө олдог компанитай, тэр эгч мундаг баян гэх мэтээр гоё сайхан зураг хөрөг, нүдэнд гялтагнаж, чихэнд сонсогдож байх бодит зүйлсээр аз жаргалыг дүгнэдэгт учир байж магад. Нэгэнт ямар ч учиртай нь мэдэгдэхгүйгээр хүн болоод төрсөн хойно өөрөө аз жаргалтайгаар сайхан амьдрахыг хүсэх нь хүн болгонд байгалиас заяагаад өгсөн зан. Харин аз жаргалыг хэрхэн дүгнэдэг нь хүн өсөж том болох зуураа өөрийнхөө ертөнцдөө ургуулж зурна. Зарим хүн тэр зургаа өөрийнхөө хүссэнээрээ бүтээчихээд тэрэндээ баясаж байхад зарим нь бусдын зургыг харж хуулахыг оролдон өөрийгөө зовоож яваа. Хүн л учраас өөрт нь таалагдах, өөртөө татахыг хүсэх хүн, биширч явах хүн хэзээ нэг үед таарна. Байгалиас заяасан зангийн дагуу бид тэгээд тэдгээр хүмүүсийг өөртөө татахыг хичээж тэдний дуртай зүйлийг оролдож, тэдний хийдэг зүйлийг хийж, тэдний нүдээр өөрийгөө харахыг хичээж, тэдний үзлээр өөрийгөө дүгнэж тэдэнд таалагдах гэх нь хэвийн үзэгдэл. Магадгүй сонин нь тэр хүмүүс тийм биет зүйлд татагдаад байна уу эсвэл өөрийнхөө аз жаргалын гэрлийг олсон хувь хүний ертөнцийн нэг хэсэгт татагдаад байна уу гэдэг асуулт. Энэ асуултаас ургаад тэдгээр биет зүйлс чиний өөрийн чинь ертөнцөд зохих уу гэдэг асуулт ч гарна. Үүнээс илүү хүнд асуулт нь тэдгээр зүйлсийг өөртөө татаж байхаар өөрийнхөө гэсэн ертөнцийг гэрэлтүүлсэн нь бусдад харагдах гэрэл гарах хэрэг бус уу.
Хэлэхэд амархан хийхэд хэцүү гэдэг энэн дээр л хатуу үнэнгээ харуулна. Хүн өөрийнхөө ертөнцийн гэрлийг олж ядаж байхад өөр хүмүүс нь хажуу хойноос тэднээс өөр байгаагийнх нь төлөө дүгнэж цэгнэж өөрсөдтэйгөө харьцуулж цэгнэх нь тухайн хүний сэтгэхүйд төсөөлж байгаагаас ч илүү нөлөөтэй. Тэр ч нөлөөллийн улмаас хүмүүс өөрийнхөө таашаал авч, амьдралын утга учраа мэдэрдэг мэдрэхүйгээ бусдаас нууж, хүнд шүүгдэж гэм хийсэн мэт мэдрэмжийн горыг амсахгүйн тулд өөрийнхөө бодлыг нүднийхээ цаана далдалж гэмгүй инээж сурч, хаа зарим нэг нь өөрийнхөө нандин амийг гаргуунд гаргахыг ч оролдож байсан биз.
Хэрвээ хүн гэгч хөхтөн амьтан сайн сайхан байдал, аз жаргалыг биет зүйлс болон өөрт байгаа зүйлсээр хэмжиж цэгнэдэггүй байсан бол тэр нэг зуны нэг түүх болсон ах шиг хүмүүс амиа хорлох гэж оролдохгүй, хаврын шуурга шиг хэд сүнгэнээд алга болсон тэр ихэмсэг бүсгүй шиг өөрийнхөө дүрийг бусдаас далд нууж далд тарчилж явах хүмүүс, зүгээр л байгалиасаа заяагдсан байдлаасаа болоод өөрийнхөө биеийг хэмлэн зовоож өөрийнхөө сэтгэхүйтэй тарчилж байх тэр ижил хүйстэн залуу шиг хүмүүс бага байж хаанаас ч харсан онцгойрох зүйлгүй хирнээ өөрийнхөө байгаагаараа л жаргалтай байх тэр дуучин хүү шиг бүгд жаргалтай байх сан болов уу. Хэдий ингээд бичихэд амар ч илэрхийлж сийлэхэд хэцүү энэ ойлголтыг хүн төрөлхтөний ой санамжинд мөнхөрч үлдэх дүр бүтээгээд өөрийн амийг егүүтгэсэн жүжигчин Heath Ledger “Everyone you meet always asks if you have a career, are married, or own a house as if life was some kind of grocery list. But no one ever asks you if you are happy” гээд товч бөгөөд тодорхой хэлсэн нь уг хүний суу билигийн илрэл л байх даа.
Тэгээд ер нь чи хүн болж төрөөд олонд нэг байх гэж амьдарч байна уу эсвэл олны нэг болоод л гэлдэрч явна уу?
Д.Төмөртогтох
2018.12.01
Image credit: Photo by Ian Espinosa on Unsplash