Унших хугацаа: 9 минут
Одоо үед хүн болгон шахуу л гадаад хэл сурах шаардлагатай болоод, бүгд дор бүрнээ хичээж байгаа үе дээ. Гэвч яг сайн сурсан нь их цөөхөн. Харин олон жил нухаад нухаад нэг л болж өгдөггүй хүмүүс их олон. Бүгд л адилхан ном сурах бичиг ашиглаж байх ч зарим нь ойлгож байхад юу гэж гайхсаар хоцрох хүмүүс ч их. Чухам яагаад вэ гэдэг асуултад олдох хариулт огторгуйн хар нүхэнд л бий мэт. Энэ асуултад өөрийн сэтгэхүйн талаас хариулт олохыг хичээж хэдэн цуврал нийтлэл бичих гэж бодсоноо энэ нийтлэлээр эхлүүлье гэж бодлоо. Яагаад вэ гэхээр би өөрөө орчин үеийн нийгмийн шаардлагаар англи хэл сурахгүй бол хүний тоонд багтахааргүй болсон үед төрсөн гаруудын нэг л дээ. Уг нь ядаж нэг зууны өмнө төрөөд мориндоо мордоод гамингуудын толгойд ташуур буулгахаас өөр зүйлд санаа зовохгүй байсан бол амар байхгүй юу тосоор гоож гэж. Одоо тэгээд яахав цаг үе нэгэнт ийм хойно, энэ англи хэл гэдэг юмыг ойлгох гэж хуйхаа улайтал маажиж суусан даа тэгээд. Эхэндээ мэдээж бусдын л адил “юун хачин юм бэ” гээд л гайхаж аргаа бардаг байлаа. Харин хэсэг хугацааны дараа English гуай толгой дотор орж суучхаад би ингэдэг тэгдэг гээд өөрөө өөрийгөө надад тайлбарлаад эхэлсэн. Анхан шатны сургалтаас эхлээд ийм болтол 9н сар болсон юм уу даа, юутай ч сургалтын сертификат дээр намайг 9н сар сурсан гэж бичээстэй байсан. Мэдээж сайн багшийн заах арга барил, миний хичээлээ таслах дуртай зан болон залхуу сэтгэлгээний үр дүн гэж боддог.
Гадаад хэл сурахыг юу гэж боддог вэ? Би лав нусаа татаж дийлдэггүй бацаан байхдаа гэрт байдаг орос 70/80-аад оны дуутай пянзнуудаар тоглож байхдаа ард нь байх юу гээд байгаа нь мэдэгдэхгүй орос үгнүүдийг харчхаад “хэрвээ аль үг үсгийг нь монголоор яаж сольж болдог гэдгийг нь мэдчихвэл гадаад хэлийг шууд л сурна” гэж боддог байлаа. Гадаад үгнүүд дээр л их чухал ач холбогдол өгч харсан юм уу даа. Ер нь тэгээд хүн болгон л тэгдэг байх шүү. Ямарваа нэг гадаад хэл ашиглах болонгуут мэдэхгүй баахан үг гараад ирнэ, тэрийгээ ойлгох гэж тольдоод л тээ. Нэг үгээ ойлгож байтал өөр мэдэхгүй үг гараад ирнэ, тэрийгээ цээжлэнэ. Тэгж байтал улам олон мэдэхгүй үг гарч ирнэ, тэр тусам нь шинэ үг мэдэх хэрэгтэй санагдаад өдөр бүр олон олон үг цээжлэх болно. Хэсэг хугацааны дараа нөгөө цээжлээд махаа идээд байсан үгнүүдээ ихэнхийг нь хоолтойгоо холиод идчихнэ. Тэгэх тусам л өдөрт цээжлэх ёстой үгийн тоогоо ихэсгээд, өөрөө өөртөө буруу өгөөд би л муу болохоороо хэл сурч чадахгүй байна гэж улам сэтгэлээр унаад л. Дээрээс нь яаж тоолоод гаргаж ирчих вэ гэмээр 26н цаг гэдэг юм мөрөн дээр суучхаад хор найруулаад байгаа чөтгөр шиг л санагдана. Яг энийг би англи хэл сурч эхлэж байхдаа мэдэрч туулж байлаа. Хэсэг хугацааны дараагаар энэ арга барил ерөөсөө л над мэт юм тогтооно гэж хичээгээд тогтоож чаддаггүй ой муутай хүнд тохирохгүй байгаа нь анзаарагдаж, өөр ямар нэг арга барил ашиглах хэрэгтэй нь тодорхой болсон.
За тэгээд хүмүүс гадаад хэлийг яаж ашигладаг вэ? Миний хувьд бол ажлаа үр дүнтэй хийхэд минь амин чухал учраас англи хэл сурч эхлээд шууд л ашиглаж эхэлсэн л дээ. Их сургуулиа хаяж, өөрөө бүгдийг бие дааж сурна гэж байгаа над шиг хүнд англи хэл дээр интернетээс хайлт хийж, youtube дээрх заавар видеог үзэж, гаднын форум дахь техник зөвлөгөөг ойлгох, мэргэжлийн зэрэглэлийн хичээл үзэж, ном унших зэрэгт англи хэл мэдээж хэрэгтэй. Энэ олон эх сурвалжаас англи хэлээр мэдээллээр бөмбөгдүүлж байхад хэдэн зүй зохиомж байгаа нь анзаарагдсан. Ярианд ч, бичгээр ч хэдэн зүй тогтол байнга гарч ирж байдаг. Англи хэлийг хүмүүс хоорондоо бичгэн болон яриан хэлбэрээр харилцах гэж ашиглана. Харин тэр харилцаа юунаас бүрддэг вэ? Мэдээж өгүүлбэрээс бүрдэнэ. Харин өгүүлбэрийг олон үгнүүд ямар нэг байдлаар бие биенээ олж хоорондоо наалдаж бүтээнэ. Үгнүүдийг хооронд нь холбоод байгаа тэр ид шидийн аргачлалуудыг мэдчихвэл тухайн хэлээ ойлгох их амархан болно гэж бодож байсан уу?
Англи хэлд бол ихэнх дүрмүүд гурвын тоонд л баригдана даа. Үндсэн гурван цаг, өгүүлбэрийн гол гишүүд гурав, өгүүлбэрийн нэгжүүдийг гурав ангилж болно, эссэнд болон бүлэгт гол бүтцийг нь бүрдүүлэх нэгж гурав, өгүүлбэрүүд ерөнхий гурван ангилалд хуваагдана, үг бүтээж байгаа залгаврууд гурав гэх мэт. Энэ нийтлэлдээ өгүүлбэрийн бүтцийг бүрдүүлж буй гол гишүүдийн талаар бичье. Үүнийг сургалтын төвүүд академик англи хэл гээд нэр өгөөд сүржин шоу хийх дуртай. Бусдыг нь дараа нэгэн нартай өдрийн завтай цагт. Хүмүүст хамгийн чухал нь болох өгүүлбэрийн бүтцийн талаар эхэлж хөндөж бичье. Ойлгомжтой байлгах үүднээс дүрмийн төдийлөн чухал биш хэрэглээг зөвхөн нэмж дурдах хэлбэрээр бичиж байгаа, түүнчлэн би анхан шатнаасаа гадаад багшаар заалгасан учраас хэлний мэргэжлийн тодорхойлолтуудыг бүгдийг нь англиар бичиж байгаагаа эхэлж өчсөн нь зүйтэй болов уу. Англи хэлэнд өгүүлбэрийг бүрдүүлж буй утга зүйн гурван гол гишүүн бий. Subject, verb, object гээд хялбарчлаад ярьсан нь амар. (Мэргэжлийн судлаачид бол subject, predicate гэж хуваадаг. [3]) Эдгээр гишүүдээр тухайн өгүүлбэрийнхээ санааг бүрэн гаргаж илэрхийлнэ. Мэдээж нэг өгүүлбэрт нэг гол санаа. Тэр гол санааны эзэн нь subject бол тухайн эзний хийж байгаа үйлдэл эсвэл тухайн эзэнд байгаа зүйлийг verb болон object-оор илэрхийлнэ. Verb бол ердөө хоёр санааг өөртөө агуулна. Ямар нэг үйлдэл эсвэл ямар нэг зүйлийн хэрхэн орчин тогтнохуйг илэрхийлнэ. Жишээлбэл та энэ нийтлэлийг уншиж байна гэвэл уншиж байна гэдгээр ямар үйлдэл болж байгааг илэрхийлээд миний сайтад англи хэлний талаарх нийтлэл их бий гэвэл нийтлэл бий гэж юу байгааг хэлнэ. Харин subject бол тухайн үйлдлийн эзэн эсвэл тухайн зүйлийг эзэмшигч. Өгүүлбэрт бол verb-ээ олчхоод тэр verb-ээсээ “what”, “who” гэх асуултуудыг асуухад хариулагдах үг бол subject [2]. Жишээлбэл:
- Girls love me. Энд үйл үг нь ”love”. Who love? – Girls love.
- This article was written by me. Энд үйл үг нь “was written”. What was written? – This article was written.
Subject-ууд ер нь л noun эсвэл pronoun байна даа. Мэдээж өөр дүрмийн хэллэгүүд ашиглаж болох ч тэрийг энэ нийтлэлд бичихгүй. Өгүүлбэрт бол subject нь заавал verb-нхээ өмнө нь орно. Асуулттай өгүүлбэрт бол байр нь солигдчихно. Зарим өгүүлбэрүүд subject-гүй тааралдана. Тэр өгүүлбэрүүдийг imperative өгүүлбэрүүд гэдэг [1]. Ер нь бол шууд захирсан маягтай, тэг ингэ гэсэн утгатай өгүүлбэрүүд л дээ. Хэл судлалын номуудад заримдаа subject-г ойлгомжтой учраас хаяж бичнэ гэж ч тайлбарлана [2] эсвэл зүгээр шууд нэг өгүүлбэрийн төрөл гээд задалсан ч харагдана. Бид хэдэд бол тэр imperative өгүүлбэрүүд ямар нэг тушаал эсвэл шууд хүсэлт илэрхийлсэн гэдэг нь л хэрэгтэй. Энэ imperative өгүүлбэрээс өөр бас нэг гаж өгүүлбэр үе үе нүдэнд тааралдана. Тэр нь “There” гэх үгтэй өгүүлбэр. There бол subject, verb, object аль нь ч биш. Дүрмийн дагуу бол there-г expletive гэж нэрлэдэг. Өгүүлбэрт орсноороо өгүүлбэрийн гишүүдийн байрлалыг өөрчилнө. Жирийн өгүүлбэрийн subject – > predicate гэх дарааллыг predicate -> subject гэх дараалалтай болгоно гэсэн үг [3]. Тэгээд expletive ашиглагдсан өгүүлбэрийн verb нь ямар нэг нөхцөл байдал эсвэл хөдөлгөөн, өөрчлөлт илэрхийлнэ. Жишээлбэл:
- Once upon a time there lived a pretty girl.
- There is a girl looking at me.
- There comes a time when it is useless to struggle to learn English.
- The door opened, and there entered my queen.
Сүртэй сүржин өөрчлөлт байхгүй л дээ. Гэхдээ IELTS, TOEFL мэтийн шалгалтад өөрийн бичиж байгаа өгүүлбэрээ олон байдлаар бичих тусам л сайн шүү дээ. Академик материал уншиж судалж байхад expletive ашиглагдсан өгүүлбэрүүд их тааралдах бол гудамжинд жирийн ярианд энийг ашиглах юм бол нөгөө сонсож буй хүний эрүү газар унах байх.
Өгүүлбэрт verb маань ямар нэг үйлдэл илэрхийлж буй бол мэдээж тэр үйлийн эзнээс гадна өөр үг хэрэглэж өгүүлбэрээ бүрэн утгатай болгоно. Жишээлбэл “манай ангийн хөөрхөн охин нэг хөвгүүнд дурлачихжээ” гэвэл “хэнд дурласан гэж?” гээд л ангийн тал хөвгүүд ууртайгаар босно. Ангийн хөөрхөн охин маань subject, дурлачихжээ гэх үг verb болох бол ууртай хөвгүүдийн асуугаад байгаа нь object. Яг л subject-уудтай адилхнаар object-ууд маань noun эсвэл pronoun авч хэрэглэнэ. Англи хэл сураад эхэлсэн хүмүүс бол direct object, indirect object байдаг гэж мэдэх байх. Direct object бол өгүүлбэрийн үйлийг өөр дээрээ авч байгаа эсвэл үйлийн үр дүнг харуулж байгаа ямарваа noun эсвэл pronoun юм. Таних арга бол “what” эсвэл “whom” гэдэг асуулт үгийг өгүүлбэрийн гол verb-н дараа тавьж харах [2]. Эдгээр асуулт үгэнд хариулагдах үгнүүд direct object. Жишээлбэл:
- Emma visited me. Emma visited whom? – me (direct object)
- Her kindness won my heart. Heir kindness won what? – my heart (direct object)
За тэгээд indirect object нь бол өгүүлбэрийн verb-н үйлдэл хэнд, юунд хүртсэнийг хэлнэ. Мэдээж ямар нэг noun эсвэл pronoun байна. Танихдаа өгүүлбэрийн direct object-ээс “to whom”, “to what”, “for whom” гэх асуултууд тавиад харахад олдоно [2]. Жишээлбэл:
- I gave Emma a gentle hug. I gave a gentle hug to whom? – Emma.
- I bought a red rose for a new date. I bought a red rose for whom? – new date.
За ер нь өгүүлбэрийн гол гишүүд бол энэ хэд. Яахав энэ хэд дээр complement гэж нэг нөхөр нэмэгдэнэ. Энэ complement маань гол гишүүдийн утга санааг илүү ойлгомжтой, нарийн болгож илэрхийлэх зорилготой хэдэн үгнүүд л юм (голдуу adjective болон adverb) [1]. Гишүүн гэж хэлж байгаагаараа дан ганц үг илэрхийлээгүй гэдгийг анхаараарай. Жишээлбэл:
- She, a love of my life, completely ignored thousands of awesome guys for me.
Дээрх өгүүлбэрээс subject гэвэл “she, a love of my life,”, verb гэвэл “completely ignored”, direct object “thousands of awesome guys”, indirect object гэвэл “me” болох юм. Ингээд задлаад харахаар хэнд ч ойлгомжтойгоор утга санаагаа өөрөө хэлээд өгч байгаа юм шиг л байгаа биз? Ер нь англи хэл дээрх ямар ч өгүүлбэр ингээд задарч харагдаж болдог. Яагаад гэвэл өгүүлбэр бүтээх дүрэм нь ердөө тавхан байдалтай [1].
- Subject + verb.
She does not date. - Subject + verb + object.
She does not date with other guys. - Subject + verb + indirect object + direct object.
I always send her fresh flowers. - Subject + linking verb + subject complement.
She is a gorgeous girl. - Subject + verb + direct object + object complement
I think of her as a love of my life.
Англи хэлний бүх өгүүлбэр энэ таван хэлбэрийн аль нэгэнд нь захирагдана. Уншиж байгаа бүх зохиолын өгүүлбэрүүд, сонсож байгаа яриа чинь, үзэж байгаа киноны титр гээд л англи хэл дээрх бүх өгүүлбэрүүд энэ таван хэлбэрийн аль нэгэн лүү нь багтаад шингэчихдэг. Дөрөв дэх хэлбэрт бичсэн байгаа linking verb нь хоёр үгийг хооронд нь холбох үүрэгтэй. Хоёр үг холбох гэхээр шал агаарын сонсогдож байгаа биз? Ямар хоёр үгийг холбож байгаа гэдгээс нь тайлбарлавал ойлгомжтой болно. Linking verb маань өгүүлбэрийн subject-г түүний утга санааг тодотгогч үгтэй холбож байгаа юм [2]. Жишээлбэл:
- Emma is beautiful.
- Emma looks cute.
Эхний өгүүлбэрийн subject болох she-г beautiful гэж тодотгож байгаа бол дараагийн өгүүлбэрт ч бас cute гэж тодотгож байна. Linking verb-г таних гол арга нь гэвэл subject-г тодотгож байж магадгүй үгний байрыг нь солиод subject-н урд тавиад уншиж үзвэл тухайн subject-н утга нь гарч ирэх ёстой. Дээрх жишээн дээрхийг ингэж сольж үзвэл: beautiful Emma, cute Emma болно. За тэгээд бараг анзаарсан биз, linking verb-н тэр холбож байгаа үг бол ихэнхдээ adjective байна. Бас тэгээд noun байх ч тохиолдол бий. Жишээлбэл:
- Emma is a supermodel.
Ерөнхийдөө ямар үед linking verb-г ашиглаж байгаа вэ гэхээр өгүүлбэр дэхь subject-аа тодотгон тайлбарлах эсвэл тухайн subject-аа энэ тэр гэж нэг noun-д ногдуулж хэлэх. Их амархан байгаа биз? Яахав мэргэжлийн үүднээс яривал linking verb-н хойно noun хэлбэрээр орж байгаа үгийг predicate nominative гээд харин нөгөө adjective хэлбэрээр орж байгааг нь predicate adjective гэж нэрлэдэг [4]. Голдуу л дан verb be-үүдийг Linking verb хэлбэрт оруулж хэрэглэх бол тодорхой хэдэн үг бас linking verb байж болно. Би дээр нэг жишээ бичсэн шүү дээ. Ямар нэг зүйлийг таван мэдрэхүйн талаас болон сэтгэл санааны байдлаас тайлбарлах боломжтой үгнүүдээр linking verb бүтээж болно. Хамгийн түгээмэл ашиглагддаг үгнүүд гэвэл:
- Appear, become, feel, grow, look, remain, seem, smell, sound, stay, taste, turn. [2]
Мэдээж дээрх үгнүүд өгүүлбэрт linking verb биш байдлаар ашиглагдаж болно. Тийм verb-үүдийг action verb гэж нэрлэдэг. Linking verb-ээс бусад verb-үүд л гэсэн үг. Би анх verb-г танилцуулж тайлбарлаж байхдаа verb маань ямар нэг үйлдэл эсвэл ямар нэг зүйлийн хэрхэн оршин байгааг хэлнэ гэж байсан даа. Ямар нэг үйл, үйлдэл хийж байгааг хэлэхдээ action verb-ээ ашиглаад ямар нэг зүйлийн хэрхэн байгааг тайлбарлахдаа linking verb-г л ашиглаад явчихна гэсэн үг. Verb be-н бүх хэлбэрийг linking verb-р ашиглаж болно. Юу гэсэн үг вэ гэхээр:
- Be shall be should be
- Being will be would be
- Am has been can be
- Is have been could be
- Are had been should have been
- Was shall have been would have been
- Were will have been could have been
Гээд бүх verb be-н хувирлуудыг linking verb болгож ашиглаж болно [2]. За ингээд биччихээр жаахан толгой эргэж байгаа биз? Аргагүй аргагүй. Яагаад вэ гэхээр манай сургалтын төвүүдийн заах систем нь миний энд бичсэн байгаагаас шал өөр байгаа учраас юм. Хүн англи хэл сурч эхэллээ гэхэд өгүүлбэрт бичигдсэн байгаа үгнүүдийг ийм тийм гэж үзэж эхэлнэ. Бас хажуугаар нь олон цагууд. Олон цагууд ч гэж дээ, хүмүүс л 26н цаг гээд байдаг болохоос ердөө гуравхан л цаг бий шүү дээ. Энэ мэт жижиг зүйлсэд их анхаарал хандуулж, үгнүүдийг яг ийм л утгатай гээд махчилж цээжилж сурч эхэлдэг. Тэгээд тэр цээжилсэн үгнүүд нь энд тэнд өөр утга илэрхийлсэн явж байгаатай таарна. Тэр тохиолдолд цээжилсэн утгаараа ойлгохоор тэр өгүүлбэр нь шал өөр утгатай болох гээд өөр утгатай болгоод ойлгоно гэхээр өмнөх сурсан зүйлс нь худлаа болох гээд их хэцүү байдалд орно. Энэ мөчөөс л эхлээд англи хэлийг хэцүү гэх ойлголт өөрөө өөртөө суулгаж эхэлнэ дээ. Харин миний тайлбарлаж байгаа нь бол томоос жижиг рүү буюу урвуу харсан пирамид маягтай тайлбарлалт юм. Хүмүүсийн сурч байгаа аргачлал бол эсрэгээрээ, зөв харсан пирамид хэлбэртэй аргачлал.
Гол нь өгүүлбэрийнхээ аль хэсэгт ямар гишүүн нь яваад байгааг анзаарах л их чухал. Ерөнхийдөө гол гишүүдийн өгүүлж байгаа санаа л тэр өгүүлбэрийн гол утга болно шүү дээ. Ямар хэлбэртэй өгүүлбэр байна, аль нь subject, verb нь ямар үүрэгтэй байна гэх мэтчилэнгээр харж өгүүлбэрээ таних чухал. Түүнээс өгүүлбэрийнхээ үгнүүдийг хараад энэ үгний утга ямар бол гэж гайхаж суух хэрэг байхгүй. Жижиг зүйлс дээр анхаарал хандуулж англи хэл сурч байгаа хүн маань өгүүлбэр уншихдаа үг үгээр нь уншиж тэдгээр үгнүүдээ ойлгож байж өгүүлбэрийнхээ утгыг гаргаж ирж ойлгодог. Энэ нь их том сул тал шүү. Хэрвээ өгүүлбэрийг ойлгохдоо тухайн өгүүлбэрийг бүтээж байгаа гишүүдээр нь салгаж харж уншвал утгаа их хурдан ойлгохоос гадна, тэр өгүүлбэрийнхээ зарим үгийг мэдэхгүй байсан ч гэсэн өгүүлбэрээ ойлгож болдог. Жишээлбэл:
- Occasionally I come across some papers published in peer reviewed journals with ridiculously complicated sentence structure using relic non-technical vocabulary that no one in the past century has heard of!
Энэ өгүүлбэр нийт 30 үгнээс бүрдсэн simple өгүүлбэр байна. Google дээр яагаад эрдэм судалгааны хэвлэлүүд хэцүү үгтэй бичигддэг юм бол гэж хайлт хийхэд гарч ирсэн форумаас авсан өгүүлбэр. Subject нь I, verb нь come across, object нь papers. Тэгэхээр өгүүлбэрийн гол гишүүд нь I come across papers, бусад гишүүдээс шүүж харахад гол санаа нь I come across papers with complicated sentence structure and vocabulary. Бусад үгнүүд papers-г болон papers-г тодотгож байгаа туслах үгнүүдийг тодотгогч үгнүүд. Задлаад бичвэл:
- Papers – some papers
- Papers – papers published in peer reviewed journals
- Papers – papers with ridiculously complicated sentence structure
- Structure – structure using non-technical vocabulary
- Vocabulary – vocabulary that no one in the past century has heard of
Яахав яаж ялгаад биччихэв гэх асуулт төрж магад. Өгүүлбэрийн гишүүд хоорондоо яаж холбогддог талаарх мэдлэгээ ашиглаад л ингээд хуваачихлаа. Академик англи хэлний дүрэм ёсоор бол өгүүлбэрт бичих үгсийг үг зүйн талаас 8н төрлийн бүлэгт хувааж ангилдаг [4]. Өөрөөр хэлбэл өгүүлбэрт үг зүйн талаас 8н төрлийн гишүүн бий гэсэн үг. Гишүүн гэдэг үг давхардаж хэлэгдээд жаахан толгой эргэм байж магад. Миний Монгол хэлний мэдлэг мөхөс байгаагийн үр дагавар. Уучилж өршөөх ажаамуу.
Харин эдгээр гишүүдийн талаар өөр тусдаа нийтлэл бичнэ ээ. Ямар гишүүд байдаг талаар болон тэдгээрийг хэрхэн зөв бичих, хэрхэн таних талаар, өгүүлбэрийн нийлмэл бүтцийн талаар тэр нийтлэлд бичигдэж таарах болов уу. Тэр хүртэл ингэсгээд орхиё доо.
Нэмэлт (2019.01.25): Энд бичсэн англи хэлний дүрмийн талаар болон үүнээс илүү дэлгэрэнгүй зүй тогтол болон эсээ, өгүүлбэр зүйн талаар видеонуудыг доорх цуврал видеогоос үзээрэй.
Д.Төмөртогтох
2017.06.02
Ашигласан эх сурвалж:
[1] Hodges, John C., John C. Hodges, Mary E. Whitten, Winifred B. Horner, Suzanne S. Webb, and Robert K. Miller. Harbrace college handbook. 11th ed. Fort Worth: Harcourt Brace, 1994. Print. [2] Kinneavy, James L., and John E. Warriner. Elements of writing. Austin: Holt, Rinehart and Winston, 1998. Print. [3] Zandvoort, R. W., and Jan Ate Van. Ek. A handbook of English grammar. Tokyo: Maruzen, 1984. Print. [4] Cain, Kathleen Shine., and Judith Garcia. The Allyn & Bacon workbook. Boston: Allyn and Bacon, 1992. Print. English as a second language versionCover image: Everystockphoto
Bayrlalaa, heregtei medeelluud bn, yag neg zui oguulberiin buttsiih n neg engiin adarmaagui zui togtoliig n l olchih heregteim bgam, ter 8 torliin gishuuniig chin ih sonirhoj bn shuu hhe, niitlel bicheerei thanks again!
Chemgee Amjilt husye
8-н төрлийн гишүүн үгний талаарх дараагийн нийтлэлийг тэсэн ядан хүлээж байя. Маш ойлгомжтой сайхан тайлбарлаж өгсөнд баярлалаа. Бас лавлаж асуух юм байна.
Subject + verb + indirect object + direct object. ( энэ хэсэгт сүүлийн 2-н байр солигдсон байна уу? эсвэл би буруу ойлгоод байгаа юм болов уу? Миний бодлоор жишээ өгүүлбэрээс хараад тайлбарлавал Subject + verb + direct object + indirect object. болох юм шиг санагдаад. Бага зэрэг толгой эргээд байж байна.)
I always bring a flower for her.
сайн уу , тэр жишээг солиод өөр жишээ орууллаа. одоо арай ойлгомжтой байна байх. 8н гишүүн болон бусад зүйлсийн талаар youtube video хийсэн болохоор ойрдоо тийм нийтлэл бичихгүй.