Мундагралашаахизм

Унших хугацаа: 17 минут

2019 оны сүүлийн өдөр өөрийнхөө сошиалыг цэгцлээд сууж байлаа. Цэгцэлнэ гэдэг маань фб, инста-н чат руу орж тэр жилдээ уншиж амжаагүй чатыг харах юм л даа. Найз, гэр бүлээс бусадтай бол өөрийнхөө завтай цагаар л харьцаж, хариу өгдөг болоод хэдэн жил болж байгаа л даа. Заримдаа хэд хоногоос хэдэн сараар ч хүнд хариу өгөхгүй явчихаас бусдаар бол ер нь зүгээр шүү. Тэгсэн нэг ийм мсж 11сард ирсэн байж:

Сайн байна уу? Магадгүй та энэ чатыг маань уншихгүй ч байж болох юм.Гэхдээ л бичихийг хүслээ.Би үнэхээр өөртөө туслах гээд чадахгүй байгаа болохоор танаас асуухыг хүссэн юм аа.Яагаад ингэж хичээж амьдардаг юм бэ? Юуны төлөө бүх зүйлийг умартан хичээж тэрнээсээ эрч хүчийг авч бахархадаг юм бэ? Би үнэхээр сайхан зүйлийг хийхийг мөрөөдөж программист мэргэжлийг сонгосон гэхдээ одоо бол би бүх зүйлд эргэлзсэн арчаагүй өөрийгөө л харж байна. Сурах зүйл зөндөө байгаа ч тогтож чадахгүй , хичээгээд байгаа ч үр дүн гарахгүй хоосон санагдаад байна. Буруу мэргэжил сонгосон юм болов уу гэж бодох ч надад үүнээс илүү таалагдах хийхийг хүссэн зүйлийг одоогоор олоогүй үнэндээ бодож үзээгүй ээ. Би зүгээр л арчаагүй зан гаргаад бодит байдалтай нүүр тулахаас эмээгээд байгаа ч үнэхээр яаж арчаатай байхаа ч мэдэхгүй байна. Хамгийн аймшигтай нь үр дүнгүй хичээж байгаа царай гарганцагийг өнгөрөөгөөд байгаа маань намайг улам бүр мөрөөдлийнхөө талаар бодохоос ч айдаг болгоод байна. Өөртөөгэй адилхан зорилгогүй болчихоод байгаа хүмүүсийг олон харсан зарим нь түүнийгээ ч мэдэхгүй явааг ч анзаарсан. Гэхдээ яавал би буцаад юуг ч давж чадах сэтгэлийн тэнхээтэй, хөдөлмөрлөх хүсэлтэй өөрөөсөө ичиж өөрийгөө ямар ч чадваргүй хэмээн боддогоо болих юм бол? Хэзээ нэгэн цагт танд ийм зүйл тохиолдож байсан гэж найдахгүй байгаа ч хүн яаж зорилготой амьдарч яаж сонирхолоо олдог юм бэ?

Мэдэхгүй юм, чухам яагаад над шиг ийм тэнэг сдад ийм мсж ирүүлж байгааг. Юутай ч энэ мсж-д хариу бичиж бас яагаад хүмүүс ийм байгаад эргэцүүлэл бичих гэж оролдъё. Яагаад би ингэж амьдардаг гэдэгт хэлэх гурван зүйл бий. Өөрийгөө суга сда гэдэгт бүрэн итгэлтэй байдаг байдал, өөрийн гэсэн стандарт барьдаг, мөн хүнээр өөрийнхөө амьдралыг шийдүүлдэггүй. Гэхдээ эхлээд чухам яагаад хүмүүс өнөө үед ийм мэдрэмж аваад, өөртөө сэтгэл хангалуун биш байгааг харъя.

Одоо үед дуртай гар нь смарт утастай болоод, утсаа нээгээд л харахад фб, инстаграм, твиттэр гэх мэтийн сүлжээгээр цагаа их өнгөрөөнө. Эргэн тойрныхон бүгд эдгээр сошиал сүлжээнд байгаа болохоор их бага тодорхой хугацаагаар эднийг хэрэглэх хэрэг гарна. Дотны хүмүүсийнхээ хажууд нь байгаа юм шиг л хаана ямархуу явааг нь мэдэх болохоор бас дажгүй. Гэхдээ энэ сайн талын хажуугаар өөр саар тал ч байна. Утсаа нээгээд харангуут л чиний сайн мэдэхгүй, ямар нь ч мэдэгдэхгүй хэдэн хүн чиний сошиал ертөнцөд нэвтэрч орж ирнэ. Найзын шэйрлэсэн постонд харагдах Монголд хэрэгтэй юм хийж байгаа гэх залуус, эргэн тойрныхон үе үе дурьдаж байдаг нэг тийм ухаантай юм хэлж байдаг хүмүүс, нэр нь харагдах бүрт л лаг мундаг гэхээр юм хэлж байдаг бүсгүйчүүд гэх мэт баахан *positive* хүмүүс чиний амьдралд орж ирнэ.

Чи ч мэдэж байгаа даа тэр хүмүүсийг. Тэр хүмүүс ерөөсөө л лаг мундагийн мундаг туйлын туйл, хаа байгаа газраа манлайлна, бүх талын нарийн мэдлэгтэй, бүх зүйлийн талаар зөвөөс зөв нь аргагүй чиг зөв бодно, улс төр гүн ухаан эдийн засаг бизнес удирдлага санхүүгийн талд экспэрт зөвлөгөөг хэнд ч өгч чадна, лаг ухаантай, насныхаа тоогоор сурч авсан нарийн нандин туршлагатай, тэр нь чухлаас чухал бүүр хүн бүр унших ёстой, маш уран лаг мундаг зөв уянгалалтай гэгч нь санаагаа дэвшүүлж хүмүүсийн нулимс мэлмэрүүлтэл илтгэнэ, амаараа амьдралын хүүрнэлийг өгүүлэн дуулан мэлмэлрүүлэн гэлтийлгэн гялалзуулан мулалзуулна, ер нь тэгээд ямар ч хүнд амьдрал заана, хүнд өглөө босоод юу хийх, өдөр болонгуут юу хийх, өдрийн хоолондоо юу идэх, хаана идэх, орой нь гэртээ очоод дивандаа ямар позтойгоор, тэдэн градусын өнцөг авч налж суувал өөр шиг нь мундаг байх талаар хэлж өгнө.

Энэ бүгдийг мэдээж амаараа үнэн төгс төгөлдөрийн зэрэглэлтэйгээр сайхан ярьна, үзэл санаагаа илэрхийлж, өөрийн бодлоо илэрхийлж бусдад номчилохгүй бол өглөө босож, амьсгаа авч байгаагийн утга учир бол үгүй болчих гээд байдаг гэж байгаа. Бас тэгээд өөрийнх нь бүх зүйл төгс. Төгс байхаас ч аргагүй. Яагаад гэхээр тэдгээр хүмүүс маань төгс төгөлдөрийг өдөр бүр шинэчилж тогтоож мундаг нь аргагүй мундагралын туйлд хүрч, хаа байгаа газар нь гэрэл гийн, зөөлөн бороо шивэрч, нартай бороог солонготой нь хамт өөрийнхөө байгаа газар авч явахаас гадна толгойн ардаа ертөнцийн эзнээс заяасан жижиг нарыг тээж явдаг бөгөөд тэр нь өөрийнх нь бие хүнийг танин мэдэрж, гүн ухааныг нь ойлгож, сэтгэлийг нь сайн таниж харсан хүнд их тод харагдах ба өөрийнх нь гэгээн алхааг даган хаа явсан газар цэцэг ногоо ургаж, хүн хотлын амьдрал дээрдэж, хүүхэд шуухчуул дуу ихтэй, хөгжөөн баясал дүүрэн болж улс даяараа хошин шог, уб комеди үзэн түмнээрээ баясан бум бумаараа хөгжин баясалдаж хөгжлийн гэгээрлийг олон, амьдралын баяслыг мэдэрдэг гэж байгаа.

Тэгээд чи бид шиг жирийн иргэн тэдгээр мундаг гарууд шиг болмоор бол тэр нөхдүүдийн хэлсэн үгийг тангад судар шиг цээжлэх, тэдний сошиалыг дагах, бичсэн болгоныг нь дэмжих, өөрийнхөө гэр бүл, найз нөхөд, ажлын газрын хүмүүс, арван жилийнхэн, их сургуулийнхан болон холын хамаатан гээд бүх хүмүүсд тэр хүний тухай хэлэхээс гадна гудамжинд утсаа гаргаж ирж байгаа хүн харвал хар хурдаараа тэр хүн лүү гүйж очоод тэдгээр мундагралын туйлын туйлд хүрж, гэгээрлийн цаадахь түвшинд хүрэн бурхан багштай завтай цагаараа хууч хөөрдөг нөхдүүдийг танилцуулж, нөгөө гэмгүй утсаараа оролдож байгаа баагийд маслоны хутга тулган утсын чинээ улаан амийг нь барьцаалж байгаад тэр мундаг хүнийг дагахыг тулгаж дарамтлах ёстой. Бас хажуугаар нь тэдгээр мундаг хүмүүсийн лайвыг тогтмол үзэж, янз бүрийн уралдаанд нь тогтмол оролцохоос гадна, Их Богд хүрээнээсээ гаран хотол олонтойгоо танилцан явах зуураа хүртээл хүргэн хишиг тарааж байгаа мэт тараах тэр give away-г нь тогтмол энд тэнд шэйрлэх хэрэгтэй.

Тэгж байж чи мундаг гэдэг нь болно. Тэдэн шиг байж байж л амьдрал чинь утга учиртай болно. Тэдний зөвлөгөөг дагаж байж л чи өөрийнхөө хүссэнийг бүтээнэ. Тэдэн шиг байж, тэдний байгаа шиг амьдарч байж чи амьдралын утга учир мэдэрнэ гэх мэт утга бүхий ойлголт хүмүүсийн толгойд хүссэн хүсээгүй орж ирнэ. Аргагүй шүү дээ. Эргэн тойрных нь хүмүүс, чиний амьдралдаа байлгахыг хүсдэг хүмүүс, чиний хайрладаг хүмүүсийн ярианы сэдэв нь тэр хүмүүс. Өөртөө чухал хүмүүсийн хүндлэлийг хүлээж, тэдний нүдэнд сайхан харагдахын тулд тэр мундаг гэдэг хүмүүс шиг болох юм шиг байгаа юм. Тэгсэн чи өөрийнхөө өмнөх гэрийн даалгавар, ажлын тайлан, хийхийг хүссэн зүйлийг хийж чадахгүй ядаж байхад гарт хамгийн ойрхон утсыг нээгээд харангуут л хэн нэг нь өөрийн чинь чадаагүй юмыг нүд ирмэх зуур л хийчихсэн байгааг харна. Aав ээж нь хаа нэгтээгээс хэн нэг лаг хүний тухай сонсоод өөрт нь хэлэх нь тэр хүнийг өөртэй нь харьцуулж байгаа юм шиг санагдана. Хоо тэнд нэг лаг хүүхэд чиний чадаагүй юмыг хийчихэж мундаг юм аа гээд л тээ.

Got it? Yeah, fair enough.

Би лав тийм хүмүүсээс хол байдаг, байхыг хичээдэг. Be positive, positive vibe only гээд байдаг өөрийнхөө маанагыг тэр үгний ард нуучихдаг хүмүүсээс ч хол. Яагаад гэвэл амьдралын сөрөг, тааламжгүй мэдрэмжүүдийг мэдрэх чинь амьдралын чинь гол зүйлийн нэг. Харин зөвхөн эерэг зүйлийг хүсээд байх чинь өөрөө сөрөг зүйл. Энэ талаар Марк Мансон өөрийн номондоо дурьдаж, Английн том философчдийн нэг Алан Ваттсын “backward rule” гэж тайлбарласан байдаг.

“It’s the idea that the more you pursue feeling better all the time, the less satisfied you become, as pursuing something only reinforces the fact that you lack it in the first place.”

Тэдгээр учиргүй лаг мундаг хүмүүсээс өөр нь миний хувьд суга сда байх бол гол зүйл. Өөрийнхөө хүчгүйг мэдэрч, ухаангүйг ойлгож, тэнэгийг гайхаж, юу ч хийж чадахгүй байгааг мэдрэх л хамгийн гол. Тэр мөчийг өдөр бүр мэдэрч, өөрийнхөө хаа явсан газраа тийм суга байх бол гол. Би бол жинхэнэ тэнэг суга лалар сда. Одоо тийм, жилийн өмнө тийм байсан, хоёр жилийн өмнө тийм байсан, арван жилийн өмнө ч тийм, төрөхдөө л нөж атгаж төрөөгүй угийн суга сда л даа. Тэнгэрээс чи ингээд суга сда бай гээд дэлхий рүү илгээсэн юм шиг байгаа юм намайг. TED-н илтгэл дээрээ би бол байртай, машинтай лаг залуу гэж ярьж, өөрийгөө нэг түрээсийн машины хажууд зураг авхуулснаа лаг амжилттай яваа инфлуенсер гэдэг залууг лаг мундаг гэдэг хүмүүсийн нүдээр бол би угаасаа сугийн суга лалар сда л даа. Ер нь ч намхан, царайлаг биш, хэл ам сугалах гэчихгүй л бол хүнтэй дуугарахгүй, хүн рүү харж байгаа харц нь хүртэл цус зогсоож, нугас царцаамаар хүйтэн тийм суга гар л даа би. Монгол хүүхний стандартаар бол машин байна уу байхгүй, байр байна уу байхгүй, баян гэр бүлтэй юу үгүй, өөрийн гэсэн лаг компанитай юу үгүй, лаг газар ажилладаг уу үгүй, их сургууль төгссөн үү үгүй, за ядаж дараа төлбөрт барьдаг уу үгүй гээд ер нь угаасаа суга л даа би. 30 нас хүртэлээ их сургуульд сурч төгсөж үзээгүй яваад хаа таарсан газраа ямар нэг охинд их сургуульд төгсөөгүй гэнгүүт л нүдээрээ ширэвхийлж өнгөрөөд л тэр дороо авсанд орсон хүн рүү харж байгаа юм шиг л харж байгааг өчнөөн олон удаа мэдэрч явсан суга сда л даа би угаасаа.

Энэ хүртэл үг үсэггүй уншиж чадсан хүн “тэгээд юу гэх гээд байгаа тэнэг вэ” гэж бодож уур нь хүрч байгаа байх. Хүн өөрийнхөө юу ч чадахгүй, хүчгүй байгаа байдалтай эвлэрч сураад, тэрийгээ өөрийнхөө байгаа байдал гэдэгтэй 100000000000000000000000000000000000% эвлэрч сурсаны дараа тэр хүний хорон эго дарагдаж, нүдэнд нь цоо шинэ ертөнц нээгддэг. Ок, би ийм тийм суга сда. Тэгээд одоо энэ чигээрээ өөрийнхөө амьдралаа барах юм уу? Үгүй. За тэгвэл энэ суга сда байгаа байдлаас яаж гарах билээ гээд бодоод үзэнгүүт өөрийгөө хэрхэн сайжруулах зам чинь толгойд чинь орж ирнэ. За би ийм суга, тийм сайн болох ёстой. Энэ хоёрын хооронд байх том зайг би өөрийгөө сайжруулж байж нөхөж авна. Тэрийг нөхөхийн тулд би ийм тийм тэр энэ зүйлсийг сурах хэрэгтэй. Тэдгээрийг би эндээс тэндээс ингэж тэгж сурна. Ок, тэдгээрийг тэгээд сурчихъя гээд нөгөө зүйлсийг оролдож эхэлнэ.

Хэсэг оролдоно. Мэдээж бүтэлгүйтнэ. Угийн суга сда л хойно тээ. Бүтэлгүйтэх бол угаасаа ойлгомжтой мань мэтийн суга сда нарт бол. Гэхдээ тэр бүтэлгүйтсэн цэгээсээ эргэж хараад үзэнгүүт өмнөх суга сда байсан түвшингээсээ эвий минь арай жаахан дээшлээд суга сда version.2 болсон байгаа нь анзаарагдана. Өмнө нь юу ч мэддэггүй суга лалар сда байсан чинь одоо болохоор арай жоохон юм мэддэг суга сда болоод чиний түвшин ахиад байгаа нь нүдэнд чинь ил харагдана. Яасан байх нь уу? Өөрийгөө суга сда гэдгийг бүрэн хүлээж зөвшөөрч сурсаны дараа толгой нь ямар ч дарамтгүй болоод, өөрийнхөө өмнөх зүйлд, өөрийгөө сайжруулахад хэсэг хүч гаргасан чинь нөгөө суга лалар сда чинь нэг жаахан юм сурчихаж суга сда царайлчихаад. Тэгээд яахав? Бүтэлгүйтсэн цэгээсээ үргэлжлүүлээд дахиж бүтэлгүйтэх гээд өөрийгөө дайчилж эхэлнэ. Жаахан юм хийгээд суга сда байснаа суга сда version.2 болж молоод өөрийгөө ямар нэг зүйлд сайжирч эхлээд байгааг нэгэнт анзаарсан юм чинь тэгээд хэдий өөрөө жинхэнэ юу ч чаддаггүй суга сда ч гэсэн тэгээд үргэлжлүүлээд өөрийгөө дайчлаад л байна биз дээ. Нөгөө мундаг гарууд шиг би бол мундаг гэдэг статусыг хамгаалж, нарийн нандин үгс энд тэндээс хуулж суух гэж санаа зовохгүй, хүмүүст юу гэж хэлүүлэхээсээ ч огт санаа зовохгүй юм чинь (хүмүүс угаасаа би бол тэнэг гэж ярьдаг хүнтэй их харьцдаггүй, хувийн туршлага) зөвхөн өөрөө өөртэйгөө л ажиллана. Угаасаа бүтэлгүйтсэн ч тэгээд өмнөх суга сда гэдэг түвшин рүү л унана. Тэр түвшинд чи аль хэдийн очоод, өөрийгөө за би бол ийм суга сда гээд хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Нэгэнт тэр түвшинд очоод өөрийгөө би бол суга лалар сда гэдгийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч чадсан бол тэр түвшин өөрийн чинь хамгийн доод түвшин болоод тэрнээс цаашаагаа sky is the limit.

За тэгээд түмэн олон нийтээрээ бид нар зүгээр нэг суганууд гэдгийг хүлээн зөвшөөр гээд хэлэнгүүт насаараа эцэг, эх, багш, ангийнхан, ах, эгч, өөр юу ч хэн ч байдаг юм, дуртай дух болгонд магтуулж өсөж “бид бол шинэ үеийнхэн” гэх хэнээгээр цэнэглэгддэг, хүзүүндээ нэрнийхээ үсэгнээс олон медаль зүүсэн залуусын дургүй нь хүрээд, сөр сөр хийж хамраа өргөж ирээд амбицны хилэн цээжинд нь дүрэлзэж л байгаа биз. Зүгээр. Зөв. Гэхдээ чиний байнга мундаг байх гэдэг чинь их хүсээд байх юм биш. “би мундаг”-т идэгдсэн хүн зөвхөн нүднийхээ өмнө байгаа зааныг нясалж хаяхаар хэмжээний үлэмж биетийн хэмжээний том алдааг л хардаг. Бусдаар бол бүгд чиний зөв, чиний алдаа биш. Чи бол бурхан будда есүс аллах мухаммед торр шивагийн нэгдэл болсон төгсийн төгс мундагралын туйл болсон ертөнцийн нэг бодгаль. Бараг Танос юм уу хаашаа юм. Чамаас бусад нь бол барлаг боол суга сда нар. Тийм биз? Үүний эсрэгээр би бол үнэн суга сда гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаг хүн бол өөрийнхөө мэдэж байгаа зүйлсийг ямар жижигхэн бичигхэн жоохон моохон өчүүхэн бичкэн бөөчкөн гэдгийг мэдэж хараад өөрт чинь сурах зүйлс, сайжрах хэрэгтэй маш олон зүйлсийг нүд хэлтийглэгэсэн тал бүрээсээ харж эхэлнэ.

Тэгээд ертөнцийн бөгсөнд яваа суга сда хэрхэн өөрийн суга байдлаа арай дээр суга байдал уруу дэвшүүлэх вэ гэдэг л одоо шийдэх ёстой асуудал болно. Яг энэн дээр ажиллаж байгаа хүмүүст хоёр үндсэн шинж харагдана. Нэгт, тэр суганууд чинь өөрт нь сурах зүйл их бий гэдгийг ясандаа ортол мэддэг болохоор өдөр бүр тодорхой хэмжээгээр суралцана. Хүн хүлээх зуураа ном уншина. Юм идэх зуураа ном уншина. Баавгай агнаж байхдаа юм гарчиглаж сууна. Орондоо орчихоод нойроо хүргэх гэж ном уншина. Гадуур алхаж байхдаа подкаст сонсоно. Жимэнд зугалгаа тарааж байхдаа подкаст сонсоно. Автобусанд явж байхдаа подкаст сонсоно. Бөглөрөлд подкастаа ч сонсоно. Нөгөө мундаг нэгэн шиг бөглөрөл, зам, хүмүүсийн (оркууд гэж мундаг хүмүүсийн хэллэгээр) талаар гомдоллож, яавал тэдгээр асуудлыг шийдэх талаар сургааль айлдан ухаантай царайлж байх цаг байхгүй, суга царайлчихаад чадах ч үгүй угаасаа. Хоёрт, нэгэнт л сугарсан заяатай суга лалар сда хойно тэд амьдралынх нь бүх зүйл өөрсдөөс нь хамаарна гэдгийг маш сайн мэддэг. Өөрийнхөө лалрын суга байдлыг арай дээр суга сда version2,3,4,5,6… байдалтай болгохын тулд хэнд хандаж, юуг яаж хийхийг мэдэхгүй учраас өөртөө боломжтой, болох юм шиг санагдсан болгоноо туршиж үзэж өөрийнхөө төлөө зүтгэнэ. Хэн л суга хэвээрээ авсанд орохыг хүсээ аж. Тэгээд мэдээж алдана. Сугарна. Мэдэхгүй байдалд орно. Шантарна. Өөртөө гомдоно. Аав ээждээ уурлана. Ганцаардана. Заяандаа гомдоно, гансарна. Өөрийгөө тэнэг гэдгийг хором тутам мэдэрнэ. Юм хийх тусам л улам тэнэг юм хийгээд байгаа юм шиг санагдана. Алдана. Харамсана. Уйлна. Дахиад шантарна. Улам их ганцаардлыг мэдэрнэ. Яахаа мэдэхээ больно. Цөхөрнө. Хаашаа ч харсан алдаа нь харагдана. Тийм алдаа гаргаагүй байсан бол гэх цөхрөл, харамсал өдөр бүр толгойд нь эргэлдэнэ. Өөрийн чинь алдаа чамайг тарчлаана. Дахиад юм хиймээр санагдах ч тэгж би алдана гэх бөөн алдаа бодол, айдас, эргэлзээ л өөрт чинь харагдана. Тэгсэн ч өмнөх алдаанаасаа суралцаад, дахиж алдаанаасаа сурахаар дахиад оролдоно. Ямар нэг байдлаар хөдлөхгүй л бол өөрийнх нь амьдрал нэг суга сда сугарасков буу тэвэрч амьдрал гэдэг тоглоомд сумгүй лалар царайлан сугарж орж ирэнгүүтээ, сугаран сугарсаар хаа явсан газраа сугандай царайлан нусаа суга суга татан сугарч явсаар тоглоомоо дуусгасан үнэн суга түүхийн баатар сугаравскый лаларовском сда болж амар сайхандаа жаргажээ гэдэг шиг шал суга үлгэр болно гэдгийг ч сайн мэднэ мань суга сда.

Ямар нэг алдаа гаргасан бол нөгөө мундаг хүмүүс шиг тэр тэгсэн бол тэгээд юугаад яаагаад ийгээд тийгээд түүгээд дээгээд даагаад дүүн даан дийн гээд болчих байсан гэх цэцэн мэргэний илэрхийлэл болох нь аргагүй мундагралын туйл гэмээ нь чухам нарийн зөв шалтаг хэлэх заяа суга сдануудад байхгүй хорвоо гэдгийг ч бас мань мэтийн суга сда нар сайн мэднэ. Тиймдээ ч шалтаг хэлэлгүйгээр суга царайндаа гомдоод энд тэнд маанаг царайлж яваад сугаран алдаа гаргасан бол тэрийгээ өөрөө сугаран сугаран үүрч явна. Хэн ч суга сдаг ингээд тэгээд ийгээд гээд гомдоллоход тоож үздэггүй л байхгүй юу. Тэд энэ алдаа чинь чиний заяа, чиний хийж чадах юм энэ биш, чиний байгаа байдал чинь л энэ, чиний заяа чинь угаасаа ингэж байнга алдаа гаргаж байх гэж хэлнэ, тохуурхана, даажигнана, доромжилно. Тиймээс ч мань мэтийн суга сда нар хэн нэгэнд тэгж шалтаг хэлэх шаардлага ч байхгүй. Бид мэтийн суга сданууд чинь өөрт тохиолдож байгаа бүх зүйл болон ирээдүйд тохиолдох бүх зүйл өөрөөс нь бүрэн дүүрэн хамаарна гэдгийг мэднэ.

Түүнээс биш надаас фб мсж бичиж асуусан нэгний хэлсэн шиг би тийм их сэтгэлийн тэнхээтэй, өөрийгөө ямар ч чадваргүй гэж боддоггүй биш л дээ. Харин ч эсрэгээрээ. Байнга алдаа гаргана, өөртөө эргэлзэнэ, өөрийгээ хэзээ нэг арай дээр сугарцин гар болох бол гэж гайхна. Сэтгэлээр унах, өөртөө эргэлзэх гэх мэт зүйлс байнга тохионо. Тэгсэн ч тийм зүйлсийг дахин өөрөө эрэлхийлж, тийм хөгийн мэдрэмж дахин дахин авахаар өөрийнхөө стандартыг байнга дээшлүүлж явдаг. Би өнөөдөр ийм суга сда байна, ирээдүйд тийм суга сда болно гэж төлөвлөөд тэрэндээ хүрэх гэж хөдөлмөрлөнө. Нэгэнт өөрийнхөө суга байдлыг хүлээн зөвшөөрсөн бол тэндээсээ өөрийнхөө стандартыг байнга өсгөнө. Хүмүүс миний одоогийн суга сда байгаа байдлыг харж муулна, өө чи чинь ийм суга лалар юм байна шүү дээ, чиний хажууд тэнд тийм мундаг хүн байна, чи чинь яасан суга хүн бэ гэж голно шоолно басна доромжилно дорд үзнэ. Нөгөө мундаг хүмүүс ч хажуунаас нь дооглоно, чамд онгирно, чамайг доромжилно, юу ч чаддаггүй, увайгүй, халтуурчин, юм хийж чаддаггүй, тв-н халтар, артист ёс зүйгүй, новш, атаархуу, амнаас цаашгүй, глобалд юм хийж чаддаггүй гэх мэтээр янз бүрээр хэлнэ. Өөрийн чинь амьдралдаа байлгахыг хүсдэг хүн ч чамайг дорд үзнэ, басна, зиндаархана, бас доромжилно.

Хүн тэгж хэллээ гээд нурмайгаад суух уу? Хүн чамайг юу гэж хэлэх, юу гэж дооглох, ямар гэж дүгнэх бол өөрийн чинь амьдралд ямар ч сөрөг нөлөө үзүүлэх ёсгүй. Хүн чамайг ална гээд тоосго бариад хөөгөө юу? Хүн чамайг гэрийнхэнтэй чинь шатаана гээд хаалгыг чинь цоожилж байна уу? Хүн чамд хутга тулгаад зогсож байна уу? Үгүй биз дээ. Нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй үг мэтийн зүйлст өөрийнхөө бие хүнийг төлөв байдлыг хөндүүлж, би ийм хүн гэж өөрийгөө хүндэлж үздэг стандартыг хаа хамаагүй хүнээр хөндүүлж байх уу? Үгүй. Чиний сэтгэхүйгээр чамайг хэн гэж бодоогүй, чиний нүдээр чамайг ямар хүн болох гэж зүтгэж буйг хараагүй, чамайг тийм хүн гэж дүгнэж байгаа чинь чиний өөрийгөө ямар хүн бэ гэж үздэг стандартаас доогуур байгаа нь чиний буруу биш. Тэр хүмүүс өөрсөдтэйгөө ажиллаж чадахааргүй дорой болохоор хаа газар өөрөөс нь дор гэж санагдсан нэгнийг өөчилж, янз янзаар доош хийж өөрийгөө сайн сайхан байгаа мэт таашаал авах гэж л тийм зүйлс чамд хэлнэ. Тэгээд ч тэдгээр хүмүүс чамайг муулахаас гадна өөрийнхөө цагийг элдэв хов зөөж, өөр хэн нэгнийг муулах гэж, хэн нэгнийг орк гэж ад үзэх гэж, би бол мундаг гэж өөрийнхөө аль хэдийн мэддэг юмыг олон дахин давтаж хэлж ярих гэж, хэдэн алиалагчид өөрөөс нь дор, амьдралаа яаая гэж авч яваа нэгнийг адалж муулж байгааг харж бах таваа ханган өөрийнхөө эгогоо хооллох гэж хошин шог, уб комеди үзэж цагаа бас амьдралаа үрэн таран хийн өөрийнхөө би ийм мундаг, тийм лаг гэдэг нэг статусын эргэн тойронд эргэлдэн тэр статусынхаа хүрээлэлд багтсан нэг шоронгийн өрөөнд бүх насаараа хоригдох ял аван амьдарна.

Харин хорвоод хосгүй домгийн чанартайгаар барахгүйгээр үлэмжийн суга сда бид нар чинь өөрийнхөө чадварыг дээшлүүлж, стандартаа дээшлүүлэх гэж өөртэйгөө ажиллаж үзэж тарна. Над мэт суга сда нар амьдралдаа дандаа дутуу явснаас хэзээ ч хүнээс илүү явдаггүй. Ихэнх хүмүүс надаас илүү, сайн сайхан. Бүх хүнийг жагсаагаад харьцуулаад үзэхэд өөрийн төрөлхийн чадавхаараа бол би хамгийн сүүл хавьцаа л очно. Хүн надаас өндөр, царайлаг, чадварлаг, IQ EQ AQ MQ гээд англи хэлний 26 үсэг болгоныг өмнө нь залгаад хэлж болдог олон Q нь өндөр, төрөлхийн оюуны чадавх нь илүү, мундаг аав ээжтэй, энд тэнд танил ихтэй, амьдралд юунд ч санаа зовохгүйгээр л өөрт нь хэрэгтэй зүйлс нь олддог. Гэхдээ ямарваа нэг хүн надтай нэг зүйлд зориод зүтгэхэд тэр хүн надаас илүү хөдөлмөрлөж, надаас илүү их хичээл зүтгэл гаргаж, надаас илүү их чармайж, надаас илүү их хөлс гаргаж зүтгэхгүй. Яагаад? Тэр хүн хэдий чинээ зүтгэл гаргана, төдий чинээг өөрөөсөө гаргаад тэрэн дээр нь дахиж нэмж илүү зүтгэл гаргана. Яагаад? Нэгд, би суга лалар сда учраас. Суга сда чигээр амьдарсан хүн чинь өөрөөс гаргаж болох бүгдийг гаргаж жинхэнэ өлсгөлөн царайлж зүтгэх бол өөрийгөө мундаг лаг гэж үздэг гарууд чинь хэсэг оролдож үзээд болохгүй бол тэртэй тэргүй амьдрал нь сайхан лаг цатгалдсан байгаа юм чинь тэгээд л орхичихно. Хоёрт, миний өөрийн стандарт, би бол ийм хүн гэж өөрийгөө хүндэлж үздэг хүн иймэрхүү зүйлийг юу ч бололгүйгээр гаргаж чадах хэмжээний тэр дээр өндөр түвшинд бий. Өөрийнхөө тэр стандартат хүрсэн чадвартай болмоор бол өөрийнхөө гаргаж чадах хэмжээний хичээл зүтгэлийг гаргаж өөрийнхөө суга лалар түвшингээс стандартаа бага багаар өсгөж, өөрийгөө сайжруулан зүтгэж л таарна.

Мэдээж энэ бүхэн амархан биш. Нөгөө домгийн чанартай мундаг хүмүүсийн ярьдаг шиг өөрийнхөө дуртай юмыг олоход хорвоо дэлхий өөдөөс чинь харж инээмсэглээд, өөрийг чинь хайрлах гэсэн хүмүүс дэлхийг хэд тойрох хэмжээний урт оочер үүсгэж зогсохгүй. Харин ч эсрэгээрээ. Дуртай юмаа олоод тэрийгээ хийж байгаа хүн өөрт олдож болох бүх цагаа тэр зүйлдээ зориулж байхад хүмүүс чамайг хээнээтэй эргүү, олонтой нийлж чаддаггүй, байнга ажиллаж байдаг солиотой гар гэхээс ч гадна өөрсдөд нь цаг гаргадаггүй гэж гомдоллож ирээд чиний дуртай зүйлд гаргах цагаас хугаслахыг оролдоно. Энэ бол зөвхөн наад захын асуудал. Тийм ээ, өөртэйгөө байнга ажиллаж байхаар суга сда байх хэцүү. Байнга тааралдах бэршээл байна, өөртэйгөө байнга ажиллах шаардлага байна, бас өөрийн гэх стандарт ч байна. Тэр нь ядаж байхад учиргүй өндөр өөр шиг нь хүслээс цаашгүй лалрын сугад бол. Тэрийгээ өөрөө мэдээд байгаа ч дотроо хүлээн зөвшөөрч чадахгүй ээ бас. Яасан байх нь уу, насаараа хүмүүсээр магтуулж өсчихөөр өөрөө өөрийгөө суга лалар гээд хүлээн зөвшөөрч чадах сэтгэхүйн тэнхээтэй байж чадахгүй. Уруулаа өмөлзүүлж ирээд л би суга биш гээд хашгирчихмаар санагдана. Би суга биш биз дээ гээд аав ээж эмээ өвөө агаа анай хажуу айлын гоё эгч ангийн багш булангийн дэлгүүрийн ахад ч болтугай хамаагүй чи бол мундаг хүүхэд гэж хэлүүлж эрхэлмээр л санагддаг биз дээ. Гэхдээ өөрийнхөө хүссэн юмыг хийж суугаагүй бол тэгээд хүн чамайг ертөнцийг хөлийн мэлмийндээ эргэлдүүлж байдаг, буман сая жилдээ нэг төрөх мундаг нэгэн гэж хэлсэн ч чи өөрөө бодит амьдралд суга лалар сда л байна биз дээ. Үгүй юу эсвэл?

Одоо үеийн нөгөө лаг мундаг хүмүүсийн хэлж айлддаг шиг бүх зүйлийг эерэгээр бодоход л чиний бодол чинь чиний өмнөөс, чиний амьдралын төлөө, чамд зориулж хөлсөө гаргаж зүтгээд чамайг би бол мундаг гэж өөрийгөө хөөрөгдөж суух хооронд чиний хүссэн болгон чам руу гүйгээд ирэх юм шиг санагдаад өөрийгөө би бол суга биш гэж бодоод л баймаар байдаг тээ. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш ямар. Сугаа хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй өөрийн мэдэлгүй л чи өөртөө хангалттай байгаа гэнэ, бүх зүйлийг эерэгээр бодох хэрэгтэй, тэгж байтал би лаг мундаг гэх бодол толгойд дахин дахин орж ирнэ, тэгсэн ч гэсэн амьдралаа өөрийн сэтгэхүйн хүрээнээс гараад харж үзэхэд чи гэж лалар суга сда өөрийгөө лалар суга сда биш гэж өөрийгөө хуурч байгаа маанаг лалар л харагдана.

Тэгээд тиймэрхүү юм бодож өөртөө эргэлзэж суухаар өөрийнхөө сатааруулан сайхан зугаацаж, хэсэг зуур өөрийгөө чөлөөлмөөр санагддаг тээ? Хэн л өөрийгөө жилийн 365 хоногийн 24-н цагт би бол суга сдааөөө гэж бодохыг хүсэхэв. За тэгээд яаж өөрийнхөө анхаарлыг юунд сатааруулах вэ гээд харангуут хүмүүс шоу цэнгээнд дуудна. Бар, паб, амралтын газар, лагер, гадагшаа дотогшоо аялах газар их. Саяхан танилцсан модел охин ойрхон байгаа гэнэ, тэр нэг охин орой уулзая гэнэ, тэнд нэг парти болох юм гэнэ гээд уруу татах юм их бий. Зугаа цэнгэл нэг мэдэхэд л чамайг олоод ирнэ. Гэхдээ тэр хүн бүрийн дуртай зугаа цэнгэлд өөрийнхөө ухааныг алдаад явах уу? Найзуудтайгаа байх бол тэндээ яваад, бусад хүмүүсийн дуудсан, уруу татсан долоо хоног бүрийн, сар бүрийн ийм тийм шоу, аялал зугаалга энэ тэрээс хол сууна. Найзууд бол ойлгоно. Бусад нь бол хээнээтэй, тэнэг, олонтойгоо нийлдэггүй, мэдрэл муутай, эмэгтэй хүн дуудаж байхад мэдрэмжгүй дух гэнэ.

Хэцүү бэрхшээл болгоныг давах гэж аргаа барж байхад өөрөө гүйгээд ирэх зугаа цэнгэлд үгүй гэж хэлэх сэтгэлийн хат хүн бүрт байхгүй. Залуу цаг ганц, дахиж зугаацаж чадахгүй. Тийм. Зүгээр сууж байхад өөрөө гүйгээд ирдэг зугаа цэнгэлийг сонгоод өөрт амархан замаар явж нэг хороолол, нэг сургууль, нэг үе, нэг хотын залуус, нэг улсын гуравхан сая хүмүүсийн дунд мундаг гэдэг үнэгүй үгээр чимэглэгдэж, бурхангүй газрын бумба болж өөрийгөө дэмий хөөргөх нь гол уу эсвэл өөрийнхөө хүслийг дагаж, суга сда байдлаа сайжруулах гэж явах уу гэдэг чиний өөрийн чинь хувийн сонголт.

Энэ бүхнийг даваад өөрийнхөө хүссэн түвшинд хүрэх хүртэл өөрийнхөө стандартыг үе үечлэн ахиулахад хөдөлмөрлөхөөс гадна өөрийнхөө амьдралыг өөрөө мэдэж сурах чадвар хэрэг болно. Энэ чадварыг надад миний аав зааж өгсөн. Тэрийг хэрхэн заасан талаар өөрийнхөө фб-д бичиж байсныг энд тэр чигээр нь хуулаад тавьчихвал:

2013 оны миний тэмдэглэл

Тэртээ 20 гаруй жилийн өмнөх нэг өдрийн талаар л даа. Яг нарийнаар бол 1996 оны 9н сарын 1н. Тэр өдөр жирийн хүүхдүүдийн адил бага сургуульд ороод, ангийн багшдаа хэсэг загнуулж, укаскдуулж, хэд тэнэгээрээ дуудуулаад, гэр лүүгээ харьж явлаа. Тэнэг гэдэг үг ямар утгатайг мэддэггүй байгаа дээрээ тэгж дуудуулж үзэв. Аав, ээж хоёр намайг сургуулиас аваад бид гэр лүүгээ шавар туулан, үхрийн баасаар дүүрэн хөдөөний гэр хорооллын гудмаар харьж явна.

Үхрийн баастай холилдож, солонгорч харагдах шавар дунд гэлдэрч явахад аав “Миний хүү сургуульд орсноор чи өнөөдөр эр хүн боллоо. Сургуулиа төгсөнгүүт чинь чамайг гудамжинд гаргана, тэр хүртэл өөрийнхөө амьдралыг авч явах ухааныг өөрөө олж ав. Найзуудаа сайн сонго. Харин чиний амьдралыг зөвхөн чи мэднэ, хэнээр ч заалгалгүйгээр өөрийгөө мэдэж сур.” гэж билээ. Аав ч хэлсэн үгэндээ хүрч намайг бага сургууль төгсөхөд, хот руу нүүхдээ намайг авч яваад 1-р сургуульд оруулснаас бусдаар бол миний амьдралд хошуу ч дүрсэнгүй. Би ч аавын үгийг дагаж, юу хийж, ямар юм хийж явах бол зөвхөн миний шийдвэрээр байв.

Ямар цүнх үүрэх, юу өмсөх, ямар үзгээр бичих, ямар ном унших, ямар хичээлээ хийх, хичээлдээ ер нь явах эсэх, хичээлдээ яваагүй бол хаагуур юу хийж явах, явсан газраа ямар хэрэг тарих, хэрэг тарьж ханасан бол гэртээ буцаж харих эсэх, харихгүй бол хаана хонох, гадуур хонож буй бол хэд хоног хаагуур явах, ямар хүмүүстэй нийлэх, найзуудаа сонгох гэх мэт бүгд миний мэдэх хэрэг. Найзуудтайгаа дуртайгаа хийж явах энэ тэрд бол дунд сургуулийн хүүхдэд ийм чөлөөтэй байх сайхан. Гэхдээ мэдээж юугаа ч мэдэхгүй мангар бацаан юм чинь ихэнх зүйлст алдаа гаргана, хаана очсон газраа тэнэг байдалд орно. Түүнээсээ гадна гэр лүүгээ мөлхөж ортлоо хүнд зодуулах, цагдаагийн газар янз бүрээр дуудуулах, нэр барьж хэрүүл хийх хүмүүс гэрт очих гэх мэт эвгүй байдалд ч орно.

Тэгсэн ч гол нь амьдралаа өөрөө мэдэж шийдэх. Яг тэр том толгойгоор орсон их сургуулиа хаяж, дота, мөрийтэй хөзөр тоглож цагийг өнгөрөөж, хэзээ ч бүтэхгүй дурлалын хойноос цагаа алж, өөрийнхөө дуртай л зүйл бол ямар ч хамаагүй ажлыг цалинтай цалингүй хийж явж байв. Хаа явсан газраа буруу ишэлсэн сүх шиг байж, бусдыг тэмээ гэхэд ямаа гээд ганцаараа зүтгэх хүн болов. Хүмүүс диплом л чухал гэхэд чадвар чухал гэж, залуус машинтай болохын хүслэн болж явахад өөрт олдсон мөнгөө интернэт курст зориулж, залуус кафе пабаар бөөгнөрч байхад ажил дээрээ сууж, хүмүүс амралтын өдрөөр гэр бүлээрээ гэртээ амардаг байхад оффис дээрээ сурах хичээл үзэж сууж, олон нийтийн амралтын өдрүүд болон баяр ёслолын өдрүүдэд хүмүүс гэртээ суудаг байхад ажил дээр чадвараа хөгжүүлж сууж, үеийн залуус хоорондоо гэрлэн хүүхэдтэй болж байхад шинэ сурч болох зүйлсийг хайж сууж, жирийн хүмүүс бусдын доор оролгүйгээр хаа байгаа газраа хамгийн шилдэг ухаантай байж, өөрийнхөө чаддаг зүйлсийг л хийхийг хүсдэг байхад хаа явсан газраа хамгийн тэнэг, хамгийн их юм сурах хэрэгтэй суга нь байхаар зорьж, байнга чадахгүй зүйлсээ оролдож явдаг нэг тийм тэнэг бас зөрүүд хүн болжээ.

Тэгээд хэн ч мэдэхгүй мэргэжилтэй болно гэж зүтгэн 2013 оны сүүлд өөрийгөө ирэх хэдэн жилүүдэд юу хийж, юунд зорьж байгаагаа ингэж дэвтэрдээ тэмдэглэж байв. Гэр хороололд амьдарч, гудас дэрлэн унтаж, гутлаа чирж явахдаа шүү дээ. Тэгсэн тэмдэглэсэн төлөвлөгөөнд сурна гэсэн програмуудаа бүгдийг нь сурсангүй, эзэмшинэ гэсэн чадваруудын ихэнхийг нь бүрэн эзэмшсэнгүй, сурна гэсэн сургуульдаа ч сурсангүй, зарим сургуулиасаа төлбөрөө төлөөгүй гээд хөөгдөв. Би цаасан дээр бичсэн шигээ байхаар тийм ухаантай, шинэ юм хурдан сурдаг чадвартай нэгэн ч байсангүй. Үүнээс гадна бүтэхгүй дурлал хөөж цаг алдаж, ядуу гэж шоолуулж, зиндаа чинь хүрэхгүй гэж басуулж, орох оронгүй болон найзуудын гэр, ажлын оффисуудаар гэр хийж явж, олсон болгоноо онлайнаар сурах сургалтуудад зарцуулсаар гадуур гарахдаа өмсөх хувцас ч үгүй болсон хачин байдалд хүрч үзэв.

Харин өнөөдөр би яг тэмдэглэл дээрээ бичсэнээрээ 2019 онд дэлхийн шилдэг студиудын нэгд ажиллаж байна. Миний хажууд Оскарын шагналтай хүмүүс сууж байхад тэндээ би хамгийн тэнэг нь болж, гарын доор байх дундрашгүй их сургалтын материалыг бүгд цаг гаргаж суралцах ийм орчинд би шинэ суга нь болж иржээ.

23н жил 2 сарын өмнө нусаа татаж сураагүй бацаан байхад захьсан аавын үгийг даган намайг өөрөөр минь хүлээж аван ямар ч зүйлд хань болдог сайн найзуудтай болж, өөрийнхөө бодсон зүйл, хүссэн зорилгод өөрөөс гаргаж болох бүх зүйлсийг зориулж явдаг зөрүүд хүн болжээ. Мэдээж тэгээд хаа суусан газраа хамгийн тэнэг, хамгийн их юм сурах хэрэгтэй, хамгийн чадвар муутай тэнэг нөхөр.

Аавын хэлснээр би хэдэн сайн найзуудтай. Тэд намайг ингэж их өөртөө цаг гаргаж, байнга уулзаж учраад байж чадахгүй байгааг хараад л ойлгоно. Байнга гаргадаг алдаануудаа гаргачихаад яахаа мэдэхгүй мал царайлаад байж байхдаа хажууд нь дуугүй сууж байхад л элдэв тоглоом, хийлтээр тайтгарал төрүүлдэг, ямар ч энергигүй хий нь гарсан шаар шиг хажууд нь хэд хоног дэмийрч байгаад л цаашид өөртөө зориулах энергиэ нөхөөд авч чаддаг. Мэдээж заримдаа хүнд хэцүү зүйл тохиох, юугаа ч мэдэхгүй байгаагаа ярилцах гэх мэтэд бол сайн сонсоод өнгөрнө. Хүн л хойно, хэцүү үеээ найзууддаа ярьж байж л тайтгардаг биз дээ.

За нэг ингэсгээд дуусгая. Би гэж суга сда өөрийгөө суга гэдэгтэй эвлэрэх, өөрийн гэсэн стандарттай байх, өөрийнхөө амьдралыг өөрөө мэдэх гэх эдгээр гурван зүйл над шиг юу ч чаддаггүй суга лалар сдад яаж нөлөөлж чадаж байгааг ингээд тодруулаад биччихлээ. Өөрийгөө би бол суга сда гэж бахархалтайгаар хэлэхээр болтол өөрийгөө хүлээн зөвшөөр. Нэгэнт тэгж чадсан бол тэрнээс цааш зөвхөн өөрийгөө сайжруулах, өөртэйгөө ажиллах үлдэнэ. Хүмүүсийн *мундаг* гэж цоллодог гарууд шиг би бол ийм мундаг гэж ганц хоёр хэвэнд хадагдаж насыг барж, амьдралаа үрэлгүйгээр өөрийнхөө стандартыг зогсоо зайгүй өсгөн өөрийнхөө чадахгүй зүйлсийг зай завсаргүй хийж, тэрэндээ байнга алдаа гарга. Хийж байгаа болгон нь алдаатай, болж өгөхгүй байхад өөрийн чинь хүрээлэлд найзууд чинь л үлдэнэ. Бас чиний суга байдлыг харж дооглож байгаа хүмүүс зөндөө гарч ирнэ. Тэр хүмүүс ямарваа нэг хүн доош хийж хошин шог, уб комедигоос холдож чаддаггүй тархитай хүмүүс ба хэзээ нэгэн цагт тэр хүмүүсийн толгойд тог хийтэл цохих явдал чамд тохиож л таарна. Тэр хүртэл ганцаардал, байнгийн эргэлзээ, байнга өөрийн тэнэгээ мэдрэх мөч, хүчгүй байдал, бусад хүмүүс амарч байхад чи л ажиллаж байдаг завгүй байдал, ядралт, цөхрөлт, ганцаардал, мухардал, бөгс эргээд л бүтэлгүйтэх амьдралыг хэсэг туулна. Магадгүй тийм амьдрал нь өөрөө амттай… Юутай ч хэн нэгэнд хэрэг болж магадгүй гээд нэг суга лалар хэдэн өгүүлбэр сараачлаа. Мундаг байх гэх хэрэггүй. Энэ үг уг нь монгол хэлэнд магтаалын үг гэдэг ч одоогийн нийгэмд бол эвтэйхэн гэгч нь боловсон сайхан байдлаар хэн нэгнийг доромжилчихъё гэвэл “за чи бол мундагаа” гэхээр болсон. Тэгээд чиний амьдрал, чиний сонголт. Чиний цаг, чиний шийдвэр. Чиний алдаа, чиний хариуцлага. Чиний амжилт, чиний хөдөлмөр хөлсний үр дүн. Амжилт суга сда минь.

Д.Төмөгтогтох

2020.01.06

Cover image: http://sf.co.ua/id45271

Loading

Submit a comment


*

Back To Top