Их Британи улс дахь оюутны амьдрал

Унших хугацаа: 15 минут

Хэзээ нэгэн цагт хүн болгон л гадаадад сурах ямар бол гэж бодож байсан гэдэгт итгэлтэй байна. Эдгээр хүмүүсээс тодорхой хэсэг нь Англид сурах ямар болоо гэж гайхаж, сонирхож байсан байх гэж бодно. Би энэ бодол гайхширалд хариулт өгөх бодолтойгоор өөрийн Англид сурч байгаа байдлаа болон энд сурах ямархуу байгаа талаар өөрийн мэдэж харснаараа бичихийг хичээлээ. За тэгээд гадаадад сурах, Англи гэж ямар орон, уг орны их сургуулиуд ямархуу талаар ерөнхий ойлголтын талаас бичиж эхлэе. За тэгээд хүмүүс ихэнх нь хэлүүлэлтгүй л мэднэ дээ, хүний хүү эрдэм сурахаар шувуу нисэж хүрэх газрыг зорилоо гээд л дуу хүртэл бий шүү дээ. Одоо үед ч тэгээд гадаадад сурах бараг л монгол залуусын хувьд моодонд ороод байгаа зүйл шахуу болжээ. Хүн бүр л өөр өөр шалтгаанаар, харилцан адилгүй зорилготойгоор гадагшаа сурахаар  морддог. Баян айлын хүүхдүүд бол ээж аавын даалгавраар шахуу явна, зарим нь эрдэм мэдлэг хөөж явна, зарим нэг ч тэгээд гадаадад ажиллах гүүр болгох гэж явдаг санагддаг. Үүнийг ингэсгээд орхиод Англи гэж орны талаар яръя л даа. Энд дэлхийн хамгийн анхны их сургууль үүссэн. Дэлхийн их сургуулийн систем бүхэн эндээс ургаж гарсан гэж яригддаг. Нөгөө хүн болгоны мэдэх Харвардын их сургууль маань нэг хэсэг эндхийн нэг сургуулийн салбар гэж тооцогддог байсан цаг бий. Энд тэгээд ерөнхийдөө 130 их сургуультай (Wiki). Бүгд л их бага хэмжээгээр гадаад оюутантай даа. Хир их оюутантай байх нь тухайн сургуулийн нэр хүндээс хамаараад байгаа юм шиг санагддаг. Сайн сургууль бол их гадаад оюутантай, тааруухан бол цөөхөн гэх мэт. Манай Монголчууд заримдаа юмсыг их амархан хувааж ангилчихаад байдаг. Жишээлбэл дэлхийн бүх машиныг Мерседес болон бусад гээд ангилдаг шиг дэлхийн бүх их сургуулиудыг Харвард (Harvard) болон бусад гээд хуваачихдаг. Үүнтэй адилхнаар Английн их сургуулиудыг Кэймбридж (University of Cambridge), Оксфорд (Oxford university) болон бусад гээд амархан ангилчхаж байгаа юм. Миний сурдаг сургууль бол тэр бусад гэх ангилалд ордог.

university of sheffieldImage source: Journey of Muslim

Бүүр тодорхойгоор хэлбэл Шэйффиелд (Sheffield) хотод Шэйффиелдийн их сургууль (The University of Sheffield) гэдэг сургууль. Манайхан энэ хотыг сайн мэдэхгүй л болов уу даа. Хөл бөмбөгийн нилээн гүнзгий мэдлэгтэй улаан фанатууд бол энд дэлхийн хамгийн анхны хөл бөмбөгийн клуб үүссэн гэж мэднэ. Хот маань Лондонгоос 230км зайтайгаар Английн хойд хэсгийн хот. Энд ерөөсөө хоёрхон их сургуультай. Шэйффиелдийн их сургууль болон Шэйффиелд Халлам их сургууль (Sheffield Hallam University). За тэгээд миний бие Шэйффиелдийн их сургуулийн компьютерын шинжлэх ухааны салбар тэнхимийн компьютерын шинжлэх ухааны бакалаврын зэрэгт горилон суралцагч. Сургууль маань 1905 онд үүсгэн байгуулагдсан Английн шилдэг 24 их сургуулиудыг багтаасан Рассель группд (Russell Group) багтдаг. Нийтдээ 5н Нобелийн шагналыг хүртсэн гэж тоологддог. Бүгд л инженерчлэлийн салбарт, ялангуяа химийн салбарт ихэнх Нобелийн шагналаа хүртсэн.  Тийм болохоороо ч юм уу энд тэнд химийн бодисоор дүүрэн том том баллонууд байна даа. Бас карт уншиж ордог тусгай өрөөнүүд гэх мэт зүйлс их бий. Бусад инженерчлэлийн салбар сургуулиуд ч их дажгүй хөгжсөн. Сургуулийн маань инженерчлэлийн танхим сургуулиудад гаднаас авдаг хөрөнгө оруулалтаараа 2013 онд Кэймбриджийн их сургуулийн дээр гарч дэлхийд хамгийн их хөрөнгө оруулалт инженерчлэлийн салбарт авдаг их сургууль болсон. Чухам энэ их хөрөнгийн хэдий нь манай танхимд зориулагддагийг мэдэхгүй ч сургуулийн маань судалгааны 92% нь дэлхийд тэргүүлэгч, олон улсад нэр хүндтэй гэх ангилалд багтдаг. Энэ үзүүлэлтээрээ Англид 5-р байранд орчихдог. Харин бакалаврын зэргийг хамгаалагч бүх оюутнууд нь 6н сарын дотор ажилд ордог эсвэл дараагийн төвшний зэрэг горилох болдог гэдэг үзүүлэлтээр Англид бакалаврын зэргийн сургалтын чанараараа хамгийн сайн нь гэх цолтой болчихдог. Яг манай сургуулийн хойноос бүх бакалаврын төгсөгчийн 96% нь амьдралынхаа дараагийн төвшинд очдог гэдэг үзүүлэлтээр Кэймбриджийн их сургууль жагсдаг.

Firth HallPhoto: Firth Hall  Image source: The University of Sheffield Facebook Page

За сургууль ч нэг иймэрхүү. Харин сургалт, сурах явц, багшилж байгаа байдал, оюутнуудын байдал, их сургуулийн амьдрал, номын сан гээд л энэ бүхэн ямархуу вэ? Эдгээр зүйлс л хүмүүст их сонирхолтой санагдана. Хичээлийн эхний өдрөөс эхлээд л бага багаар эдгээр зүйлийг багтаан өгүүлье. Эхний өдөр тэгээд л сургалт хариуцсан албаны гүйцэтгэх захирлын мэндчилгээг том танхимд бүх шинэ оюутнууд цуглаж сонсож байгаагаар эхэлнэ. Бид төгсөх үедээ тэр нөхөртэй дахиж нэг таарч гар барина, түүнээс бусад үед тэр хүнтэй таарах тохиолдолд байгаа бол нэлээн муу зүйлийн дохио л гэсэн үг. Үүний дараагаар тэнхимийнхээ захирлын яриа болно. Эндээс эхлээд л хатуу ширүүн оюутны амьдрал эхэлж байгаа юм даа. Захирал маань шууд л бид 2000 гаран хүнээс та нарыг сонгож авсан, өөрийн байр сууриа үнэтэй байлгахыг захиад л, сургуулийнхаа итгэлийг алдахгүй байхыг хүсээд л, хажуугаар нь курсийн сургалт их хүнддээ ордог, ирэх хэдэн жилд хөлсөө маш их урсгах ёстойг сануулаад, үүний хажуугаар оюутан байх хугацаанд дэлхийн мэдлэгийн их хөрөнгө, шинжлэх ухааны бүх мэдээлэл эх сурвалж, өөрийнхөө мэдлэгийг тэлэх бүх боломж амьдралд дахиж олдохгүйгээр байна гэж захина даа. Энэ тал дээр ч үнэхээр тоглоомгүй үнэн шүү. Сургуулийн номын сангийн онлайн хайлтаар ямар нэг сэдвээр хайлт хийхэд дэлхийн бүх шинжлэх ухааны сэдэвтэй сэтгүүл эрхлэн гаргадаг байгууллага, судалгаа хийдэг төвүүд болон ном товхимол хэвлэн гаргадаг их сургуулиудын бүх ном товхимол, судалгааны ажлын архивчилсан мэдээллийн сангийн 98%-д хайлт хийгддэг. Тэгээд тэндээс тохирох хайлтаа хэвлэмэл байдлаар авах хүсэлт гаргана эсвэл онлайнаар уншчихна даа. Олдсон хайлтад тухайн судалгааны ажлын талаар бүхий л мэдээлэл нь тодорхой байна. Нийтлэгдсэн он сар, сэдвийн агуулга, түлхүүр үгнүүд, хэдэн удаа иш татагдсан гээд л. Яагаад гэхээр тухайн хайлт үгэнд таарах дэлхий дээрх бүхий л судалгааны ажил гарч ирж байгаа шүү дээ. Англи хэл дээрх биш судалгааны ажлууд ч хайлтад гарч ирнэ. Испани, франц, япон гэх мэтээр л түлхүүр үгтэй таарч байгаа судалгааны ажил, ном товхимол болгон. Энэ дундаас хүн өөрийнхөө хүссэн болгоноо л сурч болно тийм ээ. Тийм.

DiamondPhoto: Diamond building   Image source: The University of Sheffield Facebook

Сургалтын онлайн материалын хангалт нэг иймэрхүү бол номын санд байх өөр сургалтын материалууд ч бий. Хэвлэмэл материалуудын хувьд бол эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, судалгааны ажлын тайлан, эрдэмтдийн судалгааны эмхэтгэл, оюутнуудын хийж гүйцэтгэсэн дипломын ажлууд болон мэдээж ном байна. Сурах бичигүүдийг номын санд тусгайлан сонгож авдаг ба тухайн эрдэм шинжилгээний салбарт хэнбугайн ч бичсэн ном тэнд сонгогдохгүй. Сайн гэж үзсэн, академик суурь, техникийн мэдлэг сайн олгох тал дээр дажгүй номуудыг сонгож байрлуулна. Миний сурч буй курс мэдээж инженерчлэл учраас өөр сургалтын төхөөрөмжийг ашиглах боломжтой байна. Жишээлбэл элдэв роботууд ч гэх юм уу. Өнгөрсөн улиралд хичээлд ашигласан хоёр төрлийн робот байсан ба нэг нь угсардаг лего робот бол нөгөө нь бүрэн ажиллагаатай биеэ даасан робот. Надад бол лего робот маань их таалагдсан. Яагаад гэхээр багадаа тийм легогоор элдэв янзын юм угсарч өссөн хүн шүү дээ. Одоогийн лего маань угсраад компьютерт холбоод програмчилж болдог. Өөртөө өнгө мэдрэгч болон, хөдөлгүүр, дуу авиа гаргагчтай. Одоо энэ робот дээр хийх даалгавартай л сууж байгаа. Удахгүй багийнхан маань амралтаасаа эргэж ирэхээр даалгавраа гүйцээж хийнэ дээ. Нөгөө робот маань харин өөрийн гэсэн биеэ даасан бүтэцтэй. Хүн хэлбэрт робот учраас алхах, бүжиглэх, даллах гэх мэт хүний хийж болох бүх үйлдлийг хийх чадвартайн дээр өөртөө дуу авиа болон хүний царай танигч функц суулгаасан байх учраас өөрийгөө танихаар програмчлаад зөвхөн өөрт чинь зориулсан үйлдэл хийхээр програмчилж болно. Түүнчлэн робот маань өөрөө хүнтэй дуу авиагаар харилцах чадвартай ба ямар нэг биетийг дагах функц бас бий. Мэдээж тэгээд энэ бүгдийг роботоо компьютерт холбоод, тусгай робот удирдлагын програм ашиглаж роботоо програмчилж хийнэ. Тусгай програмаа GUI-аар буюу урьдчилан суулгасан зангилаат сүлжээн функцүүдыг ашиглан сүлжээт удирдлага үүсгэн ашиглаж болох ба түүнчлэн гараар python, C++ хэл ашиглан програмчилж ч болно. Яахав эдгээрээс өөр сургалтын роботууд бий л дээ, сургуулийн роботикийн салбарт гүнзгийрүүлсэн судалгаа хийдэг төв (Advanced Robotics Research Centre) бий. Тэнд энэ чиглэлээр кареер хөөх оюутнууд л очно доо, миний хувьд энэ чиглэлээр карьер хөөхгүй учраас энэ хоёр роботуудтайгаа нааш цааш болоод л өнгөрнө дөө.

Video: Сургалтын робот дээр энгийн үйлдэл програмчлаад үр дүнг харж байгаа нь.

Номын сангууд маань жилийн бүх өдөр 24н цагаар ажиллана. Тэндээ дуртай үедээ очоод компьютерын ширээнд, багаар ажилладаг ширээ, ганцаар сууж ширээнд сууж болохоос гадна зөөврийн компьютерыг өөрийн үнэмлэхээрээ түрээсээр аваад хаа дуртай газраа сууж болно. Түүнчлэн салбар сургуулиуд болгон байрандаа жижиг номын сантай. Номын сангуудад хангалттай суудал, өрөө, компьютерууд бий боловч тэндээ суудал олох гэдэг бас л хөөрхөн юм болно. Өглөө 6:30-д номын санд ирэхэд тэнд хэдэн хүн байж байна, ер нь 9-с хойш тэгээд дүүрч эхлэнэ дээ. Үдээс хойш бол заримдаа хүмүүс номын сан руугаа орох гэж дараалал үүсгэж зогсож байхыг харж байлаа. Эндхийн Англи болон Европ оюутнууд намрын улирал дуусахаар Кристмасаа тэмдэглэхээр бүгд буцдаг болохоор шинэ жилийн үеээр номын сан сайхан хоосон байх нь ээ гэж бодож байсан ч 12.30-нд тэнд 474 хүн байж байсан. Яг л сурах бол хичээлдээ яваад дүн авахын нэр биш, өөртөө мэдлэг хурааж авахын нэр гэдгийг батлах шиг л.

morning-libraryPhoto: Өглөөний 10-н цагт номын санд байгаа оюутнуудын байдал

За хичээл эхлээд хамгийн эхэнд хамгийн чухал зүйлийг заалгана. Тэр нь оюуны хөдөлмөрийг хэрхэн ашиглаж, үнэлж, хамгаалж сурах. Энэ талаар хэдэн хичээл ороод, үүнийг хир ойлгосноо шалгуулж онлайн тест бөглөнө. Тэр тестийг мөн заавал давж гарч бүх асуултад нь зөв хариулах ёстой. Энд бол оюуны хөдөлмөр, эрдэм шинжилгээний ажлын үнэ цэнийг их өндөрт үнэлнэ. Хэрвээ ямар нэг байдлаар оюуны хулгай хийж баригдах юм бол шууд сургалт хариуцсан тасгийн захиралтай уулзалтад орж тэндээс анхааруулга авна. Дараа дахиж хулгай хийж баригдах юм бол сургалтаас чөлөөлөгдөх хүртэл арга хэмжээ авагдах журамтай. Онлайн тестээ давсны  дараагаар дааж авсан профессортойгоо уулзаж бас үүнийг хир ойлгосон гэдгээ шалгуулахын хажуугаар онцгой зарим нэг тохиолдолд хэрхэн асуудал шийдэгдэх талаар сонсоно. Тэгээд л оюуны бүтээлийг хэрхэн ашиглах талаарх чиг заавраа ягштал барих л үлдэнэ дээ. Ашигласан ном болгоныхоо эх сурвалжийг зөв байдлаар дурьдах, хүний хэлсэн үгийг хэрхэн давтаж бичих, хүний бичсэн үгийг хэрхэн багцалж иш татаж бичих, судалгааны үр дүнг хэрхэн ашиглах гээд л оюуны хулгай хийхгүй байх зааврууд бий дээ. Оюутан болгоны хийсэн даалгавар, бичсэн эссе болгон заавал оюуны хулгай хийж үү үгүй юу гэж шалгагдана. Би 3D хэвлэх технологийн одоогийн байдал болон ирээдүйн чиг хандлагын талаар эссе бичих даалгавар авлаа л даа. Эссегээ бичээд онлайн шалгадаг сайтад шалгуулж үзнэ. Тэрэнд тэгээд миний бичсэн эссений тэд дэхь мөрөнд тэд дэхь өгүүлбэрт оюуны хулгай хийгдсэн байна гээд гараад ирнэ. Миний эссенд бол Brown university-н оюутны тэр эссений энэ хэсэгтэй, ангийн хүүхдийн тэр эссений аль хэсэгтэй, тэр эрдэмтний тэдэн онд хийсэн судалгааны ажлын хэсэгтэй адилхан байна гээд л гараад ирсэн. Тэгэхээр эссе шалгадаг сайт маань эрдэм шинжилгээний судалгааны бүхий л ном, товхимол болон их сургуулийн оюутнуудын бичсэн ажил дунд хайлт хийж шалгадаг юм шиг байгаа юм. Эссенийхээ үгийг адил утгатай үгээр солиод бичсэн ч гэсэн төстэй байна гэх анхааруулга гараад л ирж байсан. Ингээд бодохоор хийсэн ажил болгондоо өөрийнхөө хэмжээгээр тухайн салбараа урагшлуулж л байх ёстой болж байгаа юм. Компьютерын шинжлэх ухааны оюутан учраас мэдээж их код бичих даалгавартай. Тэр бичсэн кодыг маань шалгах систем бас бий. Тэгэхдээ энэ нь зөвхөн профессор нарт л зориулсан систем, оюутнууд өөрсдийн бичсэн кодоо шалгах боломжгүй. Энэ систем маань бүхий л онлайн эх сурвалж (google, stackoverflow гэх мэт) болон их сургуулийн бүх оюутнуудын бичсэн кодтой тулгаж шалгагдана. Шалгахдаа бичсэн кодоор нь биш цаад алгоримд, логик төлөвлөлт хэрхэн хийгдсэн бэ гэдгээр шалгаж үзнэ. Тэгэхээр хэн нэгэн оюутан өөр оюутны ажлыг хуулж аваад код доторх функцүүдын нэршил ч юм уу хувьсагчуудын нэрийг өөрчлөөд өгөхөд тэр оюутан баригдаж таарна гэсэн үг. Тэгээд дээд курсийн оюутны ямар нэг ажилтай адилхан байж таарч гарч ирвэл тэр дээд курсийн оюутан болон баригдсан оюутан хоёр хоёулаа хамт хариуцлага хүлээнэ. Ер нь тэгээд л өөрийн оюуны ажлаа хэрхэн хамгаалах бол миний өөрийн үүрэг болоод бусдынхыг хэрхэн хүндэлж ашиглах, оюуны хулгайг хэрхэн өөгшүүлэхгүй байх талаар их сайн ойлгож авна даа. Оюуны хулгайн талаарх байдал манай Монголд их дутагдаж байгаа зүйлийн нэг дээ. Хэн дуртай нь хүний оюуны бүтээлийг ашиглаад тэрийгээ юманд чинээ тоох ч үгүй. Зарим  нэг одууд бол “Тийм ээ, би оюуны хулгай хийчихлээ. Чи тэгээд яах юм” гэх байдалтай харьцах бол зарим нэг нь хүмүүст буян болж байна гэх худал шалтаг гаргаж хэлэх жишээтэй. Дээр нэг залуу Эрик Томас (Eric Thomas) гээд дэлхийд алдартай уран илтгэгчийн илтгэлийг яг тэр чигээр нь хуулаад Монголоор ярьсан байсан. Амжилт гаргахын тулд усанд живж байгаа хүнд агаар хэрэгтэй байдаг шиг л тийм зорилго хэрэгтэй гээд л. Эсвэл тэгээд олон хүний оюуны бүтээл болсон номыг шэйрлэдэг хэсэг хүмүүс бий. Оюуны хулгай хийхийг уриалан дуудагсад. Ер нь бол тэгээд оюуны хулгай хийсэн хэнийг ч хамаагүй барьж аваад шийтгэчихдэг юм билээ. Ерөнхий сайдыг хүртэл энэ шийтгэл тойрч гараагүй. Энэ талаар Корнейлийн их сургуульд (Cornell university) сурч буй Тэлмүүн гээд нэг мундаг монгол залуу маш тодорхой нийтлэл бичсэн байсныг эндээс уншиж үзээрэй.

Lecture theatre in DiamondPhoto: Lecture theatre in Diamond Image source: The University of Sheffield Facebook

За тэгээд үүний дараагаар хэд хэдэн лабороторын туршилт хийж хэрхэн эрдэм шинжилгээний туршилт хийх, түүнийг хэрхэн хийхэд бэлдэх, үр дүнг тэмдэглэж авах, гарсан үр дүнд анализ хийх, туршилт хийхийн өмнө тэр туршилтынхаа талаар судалгаа хийх, туршилтын үеээр аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар суралцана. Хийсэн туршилтандаа зориулж дүгнэлт бичээд тэрэндээ шүүмж хийн, судалгааныхаа дүгнэлтийг эмхэгтэж хураалгана. Хичээл эхлээд лекцүүддээ суугаад эхлэхээр профессоруудын байгаа байдал өөрийн эрхгүй анхаарал татна. Хэт энгийн даруу, зааж байгаа сэдвээ оюутнууддаа хэрхэн сонирхолтой байлгахыг хичээж байгаа байдал, оюутнууддаа тоо баримт хэдэн үг биш хэрхэн задлан шинжилж бодож тунгаах, тухайн сэдвийн талаарх өөрийн байр сууриа хэрхэн үнэлж дүгнэлт хийх талаар заах эрмэлзэлтэй байгаа нь шууд анзаарагдана. Манай нэг профессор бүхэл бүтэн улирлын турш нэг ижил хувцастай хичээлээ зааж дуусгаж байсан бол өөр нэг профессор маань хичээл болгон дээрээ нүүр дүүрэн инээмсэглэлтэйгээр лекцээ оронгоо оюутны асуулт болгонд хөмсгөө овооруулж ирээд л тун нухацтай бодож хариулт өгч байж билээ. Хичээлээ хэрхэн сонирхолтой байлгах вэ гэдэг нь тэдний маань хамгийн чухал тэргүүнд байдаг зорилго мэт. Өнгөрсөн намар Брэдд Пит, Энжейлинэ Жойлие хоёр салж нэг хэсэг шуугиан болсон доо? Тэдний салсан талаарх мэдээ гарсан өдрийн нөгөөдрийн математикийн хичээл дээрх функцүүдын хоорондын хамаарлыг хэрхэн илэрхийлэх логик аргачлалын лекцийн жишээн дээр тэдний тухай жишээ бодлого байж байх жишээтэй. Багш тэр бодлого дээр хэрхэн функцүүдын хамаарлыг цэвэрхэн бөгөөд алдаагүй илэрхийлэх талаар яриад заачихсан. Өөр нэг профессор маань компьютерын тооцоолох төв болон санах ойд хэрхэн тооцоолол явагддаг талаар тайлбарлаж үзүүлэхийн тулд өөрийн Steam (төрөл бүрийн тоглоом тоглодог үйлчилгээ) аккоунтаар орж тэндээс нэг тоглоом тоглож үзүүлж бидэнд ойлгуулж байсан. За тэгээд програм инженерчлэлийн хичээлийн профессор маань хичээл болгондоо муу зохиогдсон программуудын алдартай жишээнүүдийг ярихаас гадна багаар програм бичих арга барилын хичээл дээр онлайнаар бидэнтэй покер тоглож үзүүлж жишээ болгож байсан ч байна. Хичээл дээр оюутан нэг зүйл асуулаа гэхэд профессор яагаад ийм байгаа талаас хэдэн талаас тайлбарлаж хэлэхээс шууд түс тас хийсэн хариулт хэлэхгүй. Ингэснээрээ хэрхэн судлаач, эрдэмтэний харах өнцгөөс хэрхэн асуудлыг тойруулж, түүний талаар эргэцүүлж бодож үзэх шаардлагатай болно. Аа харин профессорын жишээг эсэргүүцсэн байдалтай асуулт оюутан дэвшүүлэхэд профессор “өө тийм байна уу, яагаад тийм гэж үзэж байна” гэх хандлагатайгаар харилцан яриаг өрнүүлж эхэлнэ. Нэг удаа ийм явдал болсон л доо. Математикийн лекц дээр өгөгдсөн бодлогыг хэрхэн өөрийнх нь үндэс гаргалгаа дээр нь тулгуурлан хэсэгчилж бодлогын анхных нь өгөгдсөн нөхцөлөөр хуваан жижиглэх аргачлал дээр профессорын жишээн дээр өөр нэмэлт зүйл бий гэх оюутан гарч ирсэн. Багш тэр оюутны юу гэж бодож байгаа талаар асуугаад түүний саналыг харгалзан үзэж гаргалгааг түүний санаан дээр тулгуурлаж хийж яриа өрнүүлсэн. Ярианы төгсгөлд хэний ч буруу, хэний ч зөв болж дуусаагүй. Хэрхэн зөв бурууг шийдэх эсэхийг бид нарын хэрэг гээд өндөрлөж байсан. Мэдээж уг гаргалгааг амаараа хийж байх зуур л багшийн зөв байх магадлал өндөртэй байгаа нь анзаарагдаж эхэлж байсан. Харин багш маань өөрийнх нь буруу гэж үзэж байхад даруухнаар асуудлыг хэрхэн яаж авч үзэж задалж тунгаах хэрэгтэй вэ гэдэг талаар бодит хичээл болгож хувиргаад л өндөрлүүлсэн дээ. Уг нь профессор маань Оксфордын их сургуулийн хүндэт судлаач хүн шүү дээ. Дараа нь хичээл дээр уг профессор маань хүний биологийн эд эсийг хэрхэн математик аргачлалаар загварчлах тухай судалдгаа яриад өөрийнхөө судалгааны ажлын ач холбогдлын талаар ярьж ирэх жилүүдээс бид нарыг судалгаан дээр ажиллаад эхлэхээр заримыг маань өөртэй нь хамт ажиллана гэдэгт найдаж байгаагаа хэлж байсан. Тэгэхдээ би л лав хүний биологийн эсийн хэлхээг математик аргачлалаар загварчилж гаргах гэдэг үгийг сонсоод л айсан хэхэ.

Video: Их сургуулийн найзуудын маань нэг Yafei Zhao сургуулийн номын санг маш тодорхой танилцуулсан бичлэг

Зааж байгаа аргачлалын хувьд иймэрхүү бол онолын хичээлүүдийн хувьд интернет технологи (Web), хиймэл оюун ухаан (AI) ба технологийн өөрөө суралцах төлөв байдал (machine learning),  компьютерын дотоод бүтцийн талаарх (computer architecture) судалж үзсэн. Програмчлалын хэлний хувьд Java, Ruby, HTML, CSS, JavaScript, бага зэрэг Python, Assembly үзэж судалж буй. Магадгүй ирэх улирлаас эдгээр хэлний тоо нэмэгдэж магадгүй. Ер нь тэгээд хэлний нэршил ингэнэ тэгнэ гэхээсээ илүүтэйгээр энэ хэлний кодоор өгөгдсөн тушаалын цаана ийм процесс болж буй, яагаад ингэж бичигдэж байгаа вэ гэх талаас заана. Жишээлбэл JavaScript-г 2015 онд өөрийн гэсэн ангилал (class) үүсгэж болох боломжтой болсныг дурьдаад үүгээр юу хийж болох талаар тэр ангиллын хэрэглээг бусад хэлний ангиллын хэрэглээтэй харьцуулж ярих жишээтэй. Одоо үед бидний хэрэглэж, ашиглаж байгаа програмчлалын хэлнүүд ирээдүйд 20, 30-н жилийн дараа энэ чигээрээ хэрэглээнд байх уу үгүй юу гэдэг эргэлзээтэй. Харин програмчлалын хэлний үйлдлийн цаадах яагаад ингэж байна вэ гэх логик бол хэзээ ч өөрчлөгдөхгүй. Үүнийг ч практик хичээл дээр профессор болон түүний туслахууд нь чухалчилж үзнэ. Эдгээр хичээлүүд дээр ямар нэг зүйл асуухад тэр асуудалд тохирсон шийдэл бүхий аргачлалыг хэлэхээс биш яг ямар код бичихийг бол хэлэхгүй. Ямар нэг асуудалд тохирсон хамгийн сайн гэх шийдэл цөөхөн байх бол түүнийг хэрэгжүүлж болох кодчиллын хувилбар бол зөндөө байдаг шүү дээ. Профессорын туслахууд бүгд л тухайн профессорын удирдлагын доор магистр эсвэл докторын зэрэгт горилон суралцаж буй оюутнууд байх ба тэд практик хичээлээс гадна шалгалтууд дээр профессорт тусалдаг.

ICPhoto: Student in the Information Common Library  Image source: The University of Sheffield Facebook

Шалгалтууд бол хичээл бүр дээр хоёроос гурван долоо хоног бүр бага оноотой нэг жижиг тест авагдах ба тэр шалгалтын зорилго нь хичээлийн сэдэв агуулгыг хэрхэн ойлгож байгаа дээр хяналт тавих төдий шалгалтууд. Түүнээс мэдээж улирлын төгсгөлд дүнгийн ихэнхийг эзлэх шалгалт эсвэл хураалгах ёстой даалгавруудтай. Энэ нь л ихэнх оноог эзэлнэ дээ. Шалгалтыг бол компьютерын өрөөндөө тогтоосон цагт цуглаад, өөрийн эрх бүхий оюутны мэдээллийн дагуу компьютерт нэвтэрч ороод тэндээсээ нэг тусгай интернет хөтөч нээж өгнө. Тэр хөтчөөр орохоор шууд сургуулийн сайттай цонх нээгдэнэ тэгээд компьютер дээрээ өөр юу ч ашиглаж болохооргүй болж байгаа юм даа. Програмчлалын шалгалт дээр бол өгөгдсөн кодыг толгой дотроо хөрвүүлж бодно доо. Хичээл болгон дээр шалгалтуудын бүтэц янз янз. Зарим нь ямар ч нэмэлт материалгүй байх бол зарим нь хичээл дээр ашиглагдсан материал, ном зэргийг аваад орчихож болно. Зарим нь бол асуулт хариултыг хольдог тохиргоотой. Өөрөөр хэлбэл миний нэгдүгээр асуултын гуравдугаар хариулт миний хажууд сууж байгаа нөхрийн нэгдүгээр асуултын гуравдугаар хариултаас өөр байхаас гадна асуултууд маань ч хоорондоо адил төсгүй байж ч магадгүй.  Шалгалтаа өгч дуусгаад шууд л дүнгээ харна. Тэр нь үнэн амар ядаж л ямар хийсэн бол гэж санаа зовж хэд хоног зовохгүй шүү дээ. Харин програмчлалын даалгавруудын хувьд бол хариу гартал нэлээн хэд хононо. Дүн бол энд их хатуу. 40-г тэнцсэнд тооцох бол 70-аас дээш бол A гэж бодогдоно. Би доор Америкийн сургуулиудын дүн Английн сургуулиудын дүнтэй хэрхэн харьцуулагддаг талаар тавилаа.

grade-conversionPhoto: Fullbright comparison between the UK and US grading system Image source: Fullbright

За хичээл болон эрдмийн ажлын хувьд нэг иймэрхүү. Харин үүнээс гаднах зүйлүүд ямархуу вэ? Бид ямар роботууд биш хичээлээс гадна хийх зүйлүүд байж л таарна шүү дээ. Хоббигоо хөөх, гадуур зугаалах, Англи хотын амьдралын талаар, хөл бөмбөг эсвэл элдэв газруудаар зугаацах ч юм уу. Өөрийн хоббиг хөөх эсвэл шинэ зүйл сурах тал дээр бол санаа зоволтгүй дээ. Сургуулийн оюутны холбоон харьяа 300 гаруй нийгэмлэг бий. Эдгээрийн алинд нь ч бүртгүүлээд нийгэмлэгийн уулзалтууд дээр очоод өөрийн дуртай зүйлсээ хөгжүүлээд байх боломжтой. Эсвэл өөрөө нийгэмлэг үүсгээд тэрийгээ хөгжүүлээд өөр оюутан элсүүлээд тусдаа уулзаад яваад байж ч болно. Хот маань жижиг учраас сургуулийн байрнаасаа ийш тийшээгээ жаахан алхаад л салбар сургуулиудын байрнууд эсвэл биеийн тамирын талбайнууд руу оччихож болно. Ер нь ч тэгээд ийм байхаараа унааны мөнгөнд санаа зоволтгүй амар байдаг юм даа. Хэрвээ унаанд сууж явъя гэвэл автобусаар оюутны үнэмлэхээ үзүүлээд нэг фунтээр зорчиж болно. Бас дуудлагын такси утсаараа дуудаад яваад байж ч болно. Хэт шоудаад хаана байгаагаа мэдэхгүй болоод харих гэхэд мөнгөгүй болсон байвал такси дуудлагын газар луу яриад “Safe travel” гээд өөрийн оюутны үнэмлэхээ барьцаанд таксинд үлдээгээд гэртээ хүргүүлж болно. Маргааш нь тэгээд оюутны холбоон байранд очиж таксины мөнгөө төлөөд үнэмлэхээ авна даа.

Students UnionPhoto: Оюутны холбооны байр Image source: The University of Sheffield Facebook

Оюутны холбоон байр маань өдөр бүр 24н цагаар ажилладаг ба хүссэн үедээ яваад очиход үүдэнд өөрт чинь туслалцаа үзүүлэх боломжтой хэн нэгэн байж л байна. Үүнээс гадна холбооны байран дээрээ янз бүрийн хоол идэх газрууд, кафе, дэлгүүр, зугаа гаргах янз бүрийн тоглоомын ширээнүүд, банкны салбарууд, паб болон шөнийн клубтэй. Холбоо маань сүүлийн 8н жил дараалан Английн шилдэг оюутны холбоо болж буй байгууллага. Бүх зүйл нь оюутнуудаар хийгдэж, оюутнууд тэнд ажилладаг. Энд л ер нь ихэнх хичээлээс гадуурх үйл ажиллагаанууд зохиогдоно. Элдэв уулзалтууд, үзэсгэлэн яармагнууд, худалдаа гэх мэт. Үе үе сургууль дээр том том компаниудаас хүмүүс ирж яриа уулзалт хийдэг. Өнгөрсөн улиралд миний очсон хэдхэн уулзалтуудад Английн HSBC банкны кибер хамгаалалтын албаны захирал, Google-н Англи дахь салбарын ажилд авах хэлтэсийн дарга, Github-н сургалтын хэлтэсийн менежер гэх хүмүүс ирсэн. Мэдээж эдгээр хүмүүс өөрсдийн компанид хэрхэн ажилд орох талаар болон өөрсдийн салбарын талаарх мэдээллээс хуваалцана. HSBC-н илтгэгч гэхэд 2020 он гэхэд кибер хамгаалалтын салбарт 1.5 сая ажлын байрны дутагдалд хүрэх тухай (Ponemon Institute report) хэлээд одоогийн кибер дайралтын ихэнхийг оюутан залуус уруу social media-аар дамжуулан халдлага үйлдэж байгаа талаар хэлсэн. Тэгэхээр манайхан энэ талаар сурч эхэлбэл их зүгээр байгаа биз.

20161202_110352Photo: Google talk (from left: Dr Gordon Fraser and Google recruitment manager)

Хотын амьдрал маань ер нь намуухан тайван даа. Жилийн бүх өдөр нов ногооноороо байж л байна. Үүлэнд дарагдаж, бороонд уйдахаас өөр шалтаглах зүйл гарахгүй дээ. Эндхийн амьдрах зардал манай Улаанбаатартай төстэй. Хэрэглээгээ тохируулаад, өөрийн идэх хоолоо хийж авч яваад байвал Улаанбаатарынхнаас бага зардал гаргах ч боломжтой. Харин байрны түрээс бол өндөр шүү. Сургуультай ойр нэг хүний өрөө гэхэд багадаа сарын 300 фунтээр түрээсэлнэ. Хотын амьдрал бол тэгээд нэг л ижил энгийн. Юм авч болох том том дэлгүүрүүд, зугаацаж болох газрууд, үзээд яваад байж болох үзвэрийн газрууд бүгд л бий. Бүтэн сайн өдөр хот маань нэг л хоосон болчихдог. Яагаад гэхээр хүмүүс энэ өдөр гэртээ байж гэрийнхэнтэйгээ цагаа өнгөрөөхийг илүүд үздэг уламжлалтай. Харин Зул сарын баярын өдөр бол гадаа хэн ч харагдахаа болино. Гадуур ажиллах ганц ч газар байхгүй, гадуур явах хүн нэг ч байхгүй болно. Яг л нэг тийм зомбитой киноны хэсэг шиг л хэхэ. Хүмүүс бүгд л гэртээ байж, гэрийнхэнтэйгээ цагаа өнгөрүүлж буй хэрэг шүү дээ. Энэ ч бас их сураад авмаар зүйл байгаа юм аа. Бид чинь гэрийнхэнтэйгээ их бага цаг өнгөрөөдөг хүмүүс шүү дээ. Харин Зул сарын баярын өдрийн маргааш бол пиг питүү болно. Англидаа алдартай Boxing day шүү дээ. Бүх хүмүүс гадуур дэлгүүр хэсэж, юм үзэж явна даа.

xMas-city-centrePhoto: Зул сарын баярын өдөр хотын төвийн дүр зураг (1.5 сая хүн амтай хотын төв хэсэг)

За тэгээд залуусын зугаа гаргах элдэв газрууд бол нэлээн хэд бий. Оюутнууд л болсон хойно партидахыг утгаар нь үзүүлнэ. Эндхийн шөнийн клубууд бол хувцаслалтад их анхаардаг. Элдэв шорт, бэлтгэлийн өмд энэ тэртэй танхайрч очиж байгаа хүнийг бол оруулахгүй. Бүх клубүүд такс авч байж орно. Тусгай хөтөлбөрүүд бол бараг долоо хоног болгон л болно. Тэр бүрийн таксууд болох өдрөөсөө түрүүлж дуусна. Манайхан бол ер нь тэгээд Corps гээд зөвхөн цагаан цамц зангиатай ордог клуб рүү орцгооно. Тэндээ тэгээд хэдэн зуугаараа бөөгнөрөөд л бужигналдаад л бүжиглэцгээнэ дээ. Газруудад байнга л ямар нэг хэв маяг зарласан парти болно. Африк маяг, ази маягийн гээд л. Тэр болгон дээрээ залуус маань хувцаслалтандаа их анхаарч бэлдэж орно. Тэгээд эхлэхээр тэр партины орчин шал өөр болоод л ирж байгаа юм даа. Мэдээж хамгийн олон хоног үргэлжлэх, хамгийн их бэлтгэлтэй оролцох парти бол Халловеены партинууд. Яг халловеены дараагийн долоо хоногт ихэнх хичээлүүд оролгүйгээр завсарлагатай байдаг. Үүнийг тэгээд Reading Week гэж нэрлэдэг. Өөр гоё хувцаслалттай парти гэвэл Game of Thrones-г эхлэхээр үүний хувцаслалттай парти болно. Нөгөө John Snow, Arya, Hound, White walker, Dragon queen энэ тэр гээд л дүрүүд маань нэг газар цуглаад бүжиглэн цэнгэх нь байна шүү дээ.

www.instagram.comes_kwonPhoto: A night life in the Sheffield Image source: The University of Sheffield Facebook

Sooo that’s it. Англи дахь адал явдал нэг иймэрхүү л байна даа. Энэ тухай би цуврал нийтлэл маягаар бичих болно. Мөн түүнчлэн хиймэл оюун ухаан (AI and machine learning) болон Ruby програмчлалын хэлний талаар цуврал нийтлэлүүд ч бичих болно. Удахгүй хичээл эхлэхээр энэ талаар зөвлөх багштайгаа ярьж зөвшөөрөл авсаны дараа нийтлэлүүд цувралаар нийтлэгдэх болно. Мэдээж би профессорынхоо оюуны бүтээлийг хүндэлж үзэх ёстой шүү дээ. Эдгээр нийтлэлүүдийг цаг алдалгүй уншихыг хүсвэл миний блогт subscribe хийгээрэй. Асуух зүйл гарвал надтай холбогдож болно шүү. Тэгээд мэдээж нийтлэл маань таалагдсан бол бусаддаа түгээгээрэй.

Д.Төмөртогтох

2017.01.02

Video: Yafei Zhao-н маань хот дундуур урсах голын талаар бичсэн бичлэг. Эндээс хотын ерөнхий байдал тодорхой харагдана.

Эх сурвалж:
(The University of Sheffield – Department of Computer Science) http://sheffield.ac.uk/dcs/about
(Ponemon Institute report) https://securityintelligence.com/media/2016-cost-data-breach-study/
(The University of Sheffield news) http://www.sheffield.ac.uk/news/nr/sheffield-overtakes-cambridge-research-income-1.270454
(Тэлмүүн нийтлэл) http://telmuun.net/2015/11/eshlel/
(Yafei Zhao videos) https://www.youtube.com/channel/UCJwtd_Uf4DOGnGH4p8s2_TA
(The University of Sheffield Facebook) https://www.facebook.com/theuniversityofsheffield/
(List of universities in UK Wiki) https://en.wikipedia.org/wiki/List_of_universities_in_England
(Eric Thomas Motivational speech) https://www.youtube.com/watch?v=GLcJHC9J7l4
(Comparison between the UK and US grading system) http://www.fulbright.org.uk/pre-departure/academics/marks
Жич: Эх сурвалжууд маань бүгд академик биш учраас стандартын дагуу бус аргачлалаар бичив.

Cover image source: Student.com

Loading

2 Comments

  1. sn bn u? ih goy niitlel bn. uuruu tetgelger surch bga yu esvel huviara yu?

  2. Hello, how can I contact you?
    It looks so interesting .. and I need some advice or some favor
    If you have facebook or other apps let me know about it. Thanks!

Submit a comment


*

Back To Top