Шинэ үеийн хонин сүрэг

Унших хугацаа: 6 минут

Хэзээ нэгэн цагт хүний амьдралын гол зорилго юу юм бол, хүн үхсэний дараа юу болдог бол, тэр хүнээс юу үлддэг бол гэж бодож байсан уу? Энэ бодол амнаасаа бүтэн үг зүгээр унагадаггүй ээрүү бацаан байхад анх орж ирж байсан санагдана. Ном уншиж сураад энэний хариултыг номоос олж уншина гэж их найдаж их ч олон ном уншсан. Тэгэхдээ хариултыг бичгэн хэлбэрээр олоогүй л байна. Өдий том болтлоо олон хүнтэй уулзаж учирч, олон хүний лаг том яриаг сонсож байсан ч энэ асуултад хариулаад өгөх чадалтай хүн тааралдсангүй.

Амьдралын зорилго гэж юу вэ? Хаа явсан газраа хармаанаасаа асгарсан мөнгөтэй байх уу, өчнөөн олон жил сурч үлдсэн амьдралдаа тэтгэвэрт гарч шүдээ унах хүртэл хаа нэг газар ажиллах уу, хий хоосон нэр хэдэн төмөр цуглуулж явахыг урьтал болгосоор байгаад нэрээсээ илүү гарсан гуншинтай болох уу, нийгмийн байдлаа дагаж хүн болгоны хийж байгаа бүхнийг хийж салбадай байдлаар хүний нэр зүүж явах уу, бүх хүмүүсд таарсан хариулт энд бий юу? Зөвхөн мөнгөөр үүнийг хэмждэг бол зарим хүн төрөхдөө л баян төрдөг, тэгэхээр тэр хүн төрөхдөө л амьдралын зорилгоо биелүүлсэн гэсэн үг үү?

Мэдээж их сонин асуулт л даа. Жил бүр олон хүн төрж, олон хүн нас бардаг. Тэр олон хүн дундаас тоотой цөөхөн хүний хойноос нийтээрээ гашуудаж, ихэнх хүмүүсийн нэр алдар гэрийн хана, Гандангийн хананаас давж чадахгүй алга болж байгааг анзаарч л байсан биз. Уг хүн маань мэдээж хэдэн арван жилийг туулж амьдарсан ч ингээд л хэн ч биш болоод алга болж байгаа нь сонин. Яагаад гэж бодож үзээгүй юу? Хүмүүс тамхи таван нас, архи арван нас ална гэж ярьдаг ч дургүй ажил нэг өдрийг алж, зорилгогүй амьдрал нэг насыг үрнэ гэж яагаад ярьдаггүй юм бол гэж бодож байгаагүй юу?

Зарим хүмүүс бол энэ талаар бодож үзээгүй л байх. Аав, ээж шигээ болно, хичээлдээ онц дүн авна, боловсрол эзэмшинэ, дипломтой болно, мастер хамгаалах хэрэгтэй гэж зүтгэнэ, доктороо авна гэж бодно зүтгэнэ. Нэг ажил эхэлнэ, аав ээжийнхээ танил, сургуулийн танил гээд л тэгж байгаад л гэр бүлийн эрхэлдэг эсвэл хэн нэг амьдралдаа чухал хүний мэргэжил амьдралыг хуулбарлаж эхэлнэ. Тэгж байтал бусдаас дутахгүй гээд л зүтгэнэ, энэ замнал дунд мэдээж элдэв хоосон шагнал урамшуулал гээд сэтгэл хуурах дэмий зүйлс таарна. Ингэс тэгсгээд хүүхэдтэй болно, хүүхдүүд нь томорно. Харин хүүхдүүд нь яана гээч? Сююрпппрайз, яг л энэ байдлаар амьдарна.

Нийгмийн нэг гажуудал юм уу даа. Нөгөө талаар хараад үзэхэд орчин үеийн боолчлол ч гэмээр. Өнгөрсөн үед боолууд гэх хүмүүс юу хийдэг байсан гэхээр өдөржин нэг ажил хийж, эрх чөлөөтэй хүмүүсийг харж шүүрс алдаж, орой нь нэг хоол идээд би хэрвээ эрх чөлөөтэй байсан бол гэх зүйлсийг ярилцаж сууж мөрөөдөж суудаг байсан. Одоо “боолууд” гэдгийг бид, “эрх чөлөөтэй хүмүүс” гэдгийг амжилтад хүрсэн хүмүүс, “эрх чөлөөтэй байсан бол” гэдэг үгийг хэрвээ боломжтой байсан бол гээд уншаад үзвэл: Бид өдөржин нэг ажил хийж, амжилтад хүрсэн олны танил хүмүүсийг харж шүүрс алдаж, орой нь нэг хоол идээд хэрвээ боломжтой байсан бол гэх зүйлс ярьж мөрөөдөж суудаг. Нэг л танил санагдаж байна уу?

Их сонин шүү дээ. Хүмүүс нийгэмд өөрчлөгдөж шинэчлэгдэж байгаа эд зүйлс болгонтой уралдаж амьдрах хирнээ өөрийнхөө толгой дахь сэтгэхүйдээ хэзээ ч шинэчлэл хийдэггүй. Хүн бүр л тухайн үеийнхээ бусад хүмүүсийн хийж байгааг хийнэ гэж зүтгэнэ. Бусадтайгаа адилхан байх гэж бодно хичээнэ. Хувцасны стил брэндүүд, үс засалт, гангарах машин, фитнесс, кикбокс, үзэх кино, хооллох газар, уух газар, шоудах газар, хүүхдийн цэцэрлэг, амьдрах газар гээд л бүх зүйлсийг жагсааж бичсэн ч болох. Ямар нэг шинэ газар нээгдлээ гэхэд чухам шуураад л бүгд очиж үзэх бол өөр нэг шинэ газар нээгдэхэд өмнөхөө орхиод тэр шинэ газар луу л дахиад шуурна. Тэгсэн хирнээ өөрийнхөө хүсэл, би ингэх юм сан гэх нууц сонирхлоо тэр чигээр нь тархины мухартаа хадгалаад л байна. Бусдаас онцгойрч байгаа хүнийг биширч харах ч “тэрэн шиг байсан бол” гэж бодохоос хэтрэхгүйгээр л цаг хугацааны салхинд хамхуул адил хөөгдөнө. Яагаад тэр хүн шигээ болж болохгүй байна вэ гэж асуухаар ЯАГААД ГЭВЭЛ гэж ирээд л тархинд орж ирсэн, хүн ойлгож болохоор бүх л зүйлийг хэлнэ. Тэрийгээ тэгээд яг өөрсдөд нь таарсан нэг үгээр тайлбарлана. Юу гэлээ тэр үгийг нь, аан тийм ШАЛТГААН. Яагаад гэхээр би ингэж чаддаггүй, яагаад гэхээр би тэрийг сураагүй, яагаад гэхээр багш тэрийг заагаагүй, яагаад гэхээр тэрийг сургуульд заалгаагүй, яагаад гэхээр аав ээж тийм биш, яагаад гэхээр манайхан тийм биш, яагаад гэхээр танил тал байхгүй, яагаад гэхээр нийгэм хямралтай байна, яагаад гэхээр төр засгаас харж үздэггүй, яагаад гэхээр манай улс ядуу, яагаад гэхээр дэлхийн дулаарал болж байна, яагаад гэхээр Марс руу хүмүүс очоогүй байна, яагаад гэхээр би буруу гарагтаа хачин сүүн тэжээлтэн болоод төрсөн, уг нь хаа нэг харь гарагт хүссэн болгоноо дураараа бүтээдэг харь гарагийн биет болоод төрөх хэрэгтэй байсан юм. Тийм биз?

Бүүр сонин нь ямар нэг шалтгаан хэлж өөрийгөө тайвшруулчихаад өөрийнхөө тийм байх юм сан гэх хүслээ орхино. Хэзээ нэг өдөр өөрийнхөө тэр хүслийг санавал дахиад л нэг шалтгаан өөртөө хэлнэ. Дахиад ямар нэг байдлаар өөрийнхөө тэр хүсэл мөрөөдлийг санах юм бол дахиад л нөгөө шалтгаанаа хэрэглэнэ. Яг л нэг архичин шиг. Эрүүл байж амьдралаа авч явах юм шүү гэж байнга бодох ч за яг маргаашаас л, энэ баярын дараанаас, найзын төрсөн өдөр болж байна гэх мэтээр ямар нэг зүйлээс болоод л архиа уусаар л байдаг. Үнэндээ архи гэдэг үгийг шалтгаан гэж солиод, амьдралыг харах өнцгөө арай өргөжүүлж томоор харж үзэхэд ялгаа харагдах ч үгүй. Архичин, шалтаг эрэгч хоёрын үндэс нэг.

Заримдаа их зориг гаргаад юу хүсэж явдаг, юуны талаар мөрөөдөж байдгаа бусад хүмүүст хэлж үзнэ. Хүслийг нь дэмжээд өгөх хэрэгтэй, хамтраад тэр хүслийг биелүүлэх хэрэгтэй гэх мэт хүсэл тээж өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хүмүүсд ярина. Яг л бөөнөөрөө хамтарч нэг нэгнээ дэмжиж хамтаараа бултаараа саахалтаараа хорооллоороо нэг зүг гараа хөтлөлцөж хамтдаа нэг дуу дуулаад урагшилж ирээдүйг зорьж өөрийгөө ямар нэг зүйлд сайжруулна гэх үзэл санаа байдаг байх л даа. Мэдээж энэ үзэл хүмүүст байгаад гайхаад буруутгаад байх зүйлгүй, зурагт сонин сэтгүүл гээд бүх зүйл ийм юм ярихаас гадна, багаасаа л ганцаараа ямар нэг юм хийгээд тэр нь буруудаж загнуулж өссөн болохоор аргагүй. Ухаан суугаагүй байхдаа л ганцаараа тоглож байгаад л нэг юм нь буруудаж аав ээждээ загнуулна, гадаа тоглож байхдаа ямар тоглоом тоглохоо бөөнөөрөө ярьж шийднэ, сургуульд байхаасаа эхлээд л бүх зүйл нийтийн зөвшөөрлөөс хамаарч эхлэхэд хувь хүний хүсэл мөрөөдөл ургах газар их хумигдмал байх нь зүй. Яг л хонин сүргийн нэг төлөг шиг л. Хаана бэлчиж, ямар өвс идэж, хаана хашигдах нь өөрөөс нь биш, сүргээс нь хамаардаг.

Тэгээд амьдрал гээд энэ зүйлийн туйлын зорилго юунд байна вэ? Амьдралын зорилго гэдгийг үгээр нь задлаад харахаар амьд-р-л, зорь-лго болж таараад энийг нь утгачлаад тунгаагаад үзэхэд амьд байгаадаа нэг юманд зорих болох нь. Нэгэнт л нэг юмны хойноос зорьж байгаа хойно хүнд өөрийн бие даасан бусдаас онцгой хүсэл байна. Өөрийнхөө хүссэнээ хийгээд, хийсэн зүйлээсээ таашаал авч байх жаргалыг өөртөө зорилготой, хүсэл мөрөөдөлтэй хүмүүс л эдэлдэг. Энэ бол амьд байгаагаа мэдрэх цорын ганц гайхалтай мэдрэмж. Бусад хүмүүсийн юу гэж байгааг, чиний хүсэл яагаад боломжгүйг тайлбарлаж байгааг, бусад хүмүүс шиг нийгмийн хуулбар байхыг зөвлөж шаардаж байгаа шаардлага болгоныг сайн сонс. Энэ бол хамгийн сайн зөвлөгөө, тэр хүмүүсийн хэлсэн үг болгон яагаад бусад хүмүүсийн улаан нүүрний өмнө өөрийн хүслээ дагаж хөдөлмөрлөх ёстой гэдгийг маш бодитойгоор хэлж өгнө. Яагаад бусад хүмүүс гэртээ амрангаа нийгмийн ухуулгын зэвсэг болсон хорон телевиз, хошин шог үзэж хоромхон зуурын таашаал авч байх зуур өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө шүдээ зуун, хөлсөө гарган, хумсаа хугалж, ясаа янгинуулж, чадахгүй байгаадаа өөртөө уур хүрч өөрийгөө алгадаж шийтгэж, шалаа дэвсэн, эргэн тойрноо сүйтгэж, ширээгээ нүдэж, өөрийгөө сайжруулах бүхий л зүйлийг хийх ёстой гэдгийг чинь хэлж өгнө. Яагаад бямба, ням гарагт амрах ёстой гэдэг хонин сүргийн бодлогын эсрэг, чадахгүй байгаа зүйлээ, сураагүй байгаа сэдвээ, хүрээгүй байгаа өндөрлөгтөө хүрэх цаг гэж баясгалантайгаар харах бусдаас өөр сэтгэхүйтэй байх хэрэгтэйг хэлж өгнө. Яагаад ганц амьдрах амьдралдаа бусдаас өөрөөр сэтгэж, нийгмийн боолуудад хараалгаж, гадуурхагдаж, атаархагдаж явах ёстой гэдгийг чинь ойлгуулж өгнө.

Тэгэхдээ ямар нэг зүйлд сайжрахыг хүсэж, өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж буй бол ганцаараа хийж зүтгэхээс өөр арга байдаггүй. Хэцүү л дээ, ганцаараа мэдэхгүй зүйл болгоныг давах хэрэгтэй, байнга гацчихна, уйдна, найзуудтайгаа уулзаж зугаацмаар санагдана, зүгээр нэг хүнээс асуугаад мэдэхгүй зүйлээ заалгамаар санагдана, өөрийнхөө нэрээс бусдыг нь мэдэхгүй юмсаар өөрийгөө хүрээлүүлнэ, байнга буруу зүйл хийж байгаа юм шиг санагдана, хөдөлгөөн болгоноороо алдаж, бодсон бодол болгон нь эргэлзээ төрүүлж, удаан хүлээсэн зүйл нь бүтэхээргүй болно, хаа явсан газраа ганцаардана, шөнөөр нойр хүрэхээ байж нар ургатал өөрийн юу хийж байгаагаа тунгааж үзэх тохиолдол жирийн үзэгдэл болно, ясандаа тултлаа ядарна, эмнэлэгт удаан хэвтэх шаардлагатай болно, хүмүүсийн чамайг харах харц өөрчлөгдөнө, дотны хүмүүсийн чамайг харж дуугүй санаа алдах чимээг их сонсох болно, гэр бүлийнхэн чамд уурлах нь ихэснэ, чиний хүслийг сонссон хүмүүс талийгчийн хойноос гашуудаж буй мэт хэдэн агшин дуугүй болохыг харна, шинэ хүмүүстэй танилцахдаа өөрийнхөө тухай ярихаас санаа зовж эхэлнэ, хүмүүс чамайг тоохоо больж байгааг мэдрэх хэрэгтэй болно, шинэ хүмүүстэй танилцсан ч бусдаас өөр чамайг хүмүүс сэжиглэх маягтай хүлээж авч байгааг мэдрэх хэрэгтэй болно, өөрийнхөө нэрнээс бусдыг ойлгохоо байж эргэлзэж эхэлнэ гээд л. Тэгээд хийж байтал яваандаа ядраад, юу ч сурахгүй байгаа юм шиг санагдаад нэг хана мөргөчихнө. Алдсан алдаагаа эргэж харж дүгнээд дахиад л зүтгэх хэрэгтэй болно. Хэн өөрийн хүчээр хөдөлмөрлөж, хөлсөө их урсгаж, чадахгүй байгаадаа шаралхаж уйлж, цус амтагдтал шүдээ зууж зүтгэж байсанд нь бурхан (есүс, будда, аллах, whoever the fuck is) гэгч нь шагнал өгөхөөр гараа сунгадаг юм шиг байгаа юм. Суусан мэргэнээс явсан тэнэг хожно гэж монгол үг бий. Байгаа байрандаа сууж “би Монголын хамгийн сайн үйлчилгээг авах хэрэгтэй”, “өөртэйгөө адилхан зорилготой хүн хэрэгтэй байна”, “хамт дэмжээд өгөх хүн хэрэгтэй”, “тэр надад тусална”, “сайжрах амархан, багаа л олох хэрэгтэй”, “сайхан боломж удахгүй ирнэ”, “тэр танил надад тусална”, “боломж гарч ирэнгүүт нь л хөдөлнө” гэх мэт уран үгс цэцэн мэргэдэж өөрийгөө өмгөөлж байхаар яг одоо байгаа байрнаасаа ямарваа нэг юм хийгээд эхэлбэл дээр л гэсэн эртний монгол сургааль. Сайжрах гэж оролдоод ч юм уу эсвэл шинэ зүйл эхлээд алдвал алдана л биз. Хэнд хамаатай юм. Өөрийгөө тэр зүйл дээр яаж сурвал болохооргүй байна гэдгээ л мэдэж авлаа шүү дээ. Амьдралд алдаа гэж байдаггүй. Энэ чинь тэр зүйлийг буруу хийж байна гэх хичээл болохоос цаазын ял авах гэмт хэрэг биш. Бүтэлгүйтлийг хэн яаж харахаас л юу гэж харагдах нь хамаарна.

Шинэ зүйл сурах гэж буй, өөрийгөө сайжруулах гэж байгаа эсвэл мөрөөдөлдөө хүрэх гэж бэлдэж байгаа бол одоогийн төвшин чинь ямар байгааг хянаж, сорьж аваад өөрийнхөө хүрэх ёстой төвшингээ тогтоож аваад хөдөлмөрлө хичээллэ зүтгэ. Бусад хүмүүс юу гэж чамайг буруутгах нь хамаагүй, хаанахын ямар нэг цэцэн цэлмэг мундаг супер дупер агуу шилдгийн цогц болсон гар чиний хийж байгааг, сурах гэж байгааг хэрхэн амархан байдлаар ид шидийн тарни уншсан юм шиг л хийсэн нь ч хамаа байхгүй. Чиний төвшин хир байсан, зорилго чинь хаана байна, тэрэндээ хүрэх хүртэл тухайн өдөртөө юу хийж амжиж, зорилгодоо хэрхэн ойртох вэ гэдэг л чухал. Өөртөө итгэ, өөртөө цаг гарга, ямар нэг байдлаар байрнаасаа хөдөл. Бусдад найдаж итгэж хүлээх “хонин” сэтгэхүйгээсээ салаад юу хүссэн болгоноо бүтээх цаг хүн болгонд бий. Хэзээ нэгэн цагт эргэж харахад бүх зүйл таашаалтай харагдах болно.

Харин нартын амьдралаа дуусгаж, өөр ертөнцийг зорих үед энэ хорвоод чиний мөрөөдөл л үлдэнэ.

Д.Төмөртогтох

2017.03.30

Cover image: Pexels.com

Loading

1 Comment

Submit a comment


*

Back To Top