Нэг тийм дур хүрэм, онгод төрсөн өдөр байдаг даа. Зүгээр суух гэхээр л гэдэс дотор халуу оргиод л, бөгснөөс гал гарах гэж байгаа юм шиг халаад л суулгаж ч өгдөггүй. Онгод тэнгэр нь ивээлээ илгээн бууж ирж өөрийнх нь махан биед төрлийг олон гал гаргасан бол тэгээд энүүгээр тэнүүгээр дүүлэн нисээд л тээ. Залууст харагдахдаа бол шүүр унасан шулмас найз залуугаа өөрөөс нь өөр охины фб-д лайк дарсан байгааг харсан шиг уур ихтэйгээр шүүрээ галдан явж байна гэж харагдах бол хүүхнүүдэд бол тэнгэрт нисэж байгаа супермен ертөнцийг сөнөөх төлөвлөгөөтэй хорон санаатантай өөрийнх нь нөмрөгийг галдан байж тэмцэж явна гэж харагдахаар гал дөлөө гялалзуулсан яваад л, бүүр нэг тийм онгодоо багтааж ядан бадарсан тээ. Зарим хүмүүс бөөнөөрөө тойрч суугаад улс төр, эргэн тойрны хов жив жиг жуг хийх гэхээр тийм онгодтой болчих бол уран бүтээлч хүмүүс нь зурах, дуулах, хайчлах, юм хум тасдаж, хөрөөдөж байгаад урлах юу ч юм бүтээхдээ тэгдэг байхад хүүхэн, залуу ярих гэхээр нүд нь гялалзаад ирдэг хүмүүс ч байна.
Тухайн хүнээсээ л хамаардаг байх л даа. Бурхан гэж бачка нь чухам ямархуу найруулгад тайруулж тэр хэнбугайг цутгасан даа тийм ээ. Яг нэг тийм лаг том гар дагзнаасаа гэрэл цацруулж суунгаа, өөртөө таарсан том ширээний хойно суунгаа тамхи баагиулсан шигээ өмнөх цаасанд дүрсэлсэн хүмүүний зан төрх, авъяас чадвар, царай төрх энэ тэрийг харж суунгаа Снүүп агаа шиг утаагаа саагааж байгаад л “за за энэ хүн ийм авъастай” гээд тамга дарчихдаг тээ.

Эсвэл нөгөө хүмүүний заяа гэдэг муу гар эзнийх шиг нөхдүүдийн олон заяануудтай янз бүрийн зүүн дээр лаг уран нугаралт хийх гэж үзэж алдаад л тээ. Өө тэр нэг зүүний толгой байна, алив үсрээд гээд л тэрэн дээр очиж тогтох гэж үзэж тарна. Тэгснээ нөгөө зүү нь онцгүй санагдвал тэндээсээ уначихаад л өөр нэг заяа гэдэг баагийд “алив хөгшөөн чи энэн дээр үз хө, мань нь өөр газар ацар өшиглөлөө” гэж мэгээд л. Тэгж тэгж байгаад яг нэг зүүний үзүүр дээр өөрийнхөө хотойлт, гэдийлт, өнцөг энэ тэрээ олоод тогтонгуут уг заяаны эзэн хүмүүн нь тэр заяагаа дагаад нэг тийм хэвлэмэл авъяастай болоод төрчихдөг гэж байгаа.
Юутай ч тэгээд ямар нэг байдлаар бид бүхэн өөр өөрийн гэсэн онцлогтой, би үүнд сайн муу гэх авъяастай, бас царай зүсээрээ ч бусдаас илүү дутуу болж төрөөд өөрийн гэсэн нэртэй болон улсдаа регистрийн дугаартай болчихдог гэж байгаа. Бас нэг тамга л юм даа. Өө нэг бачка төрчихлөө, за манай энэ тамга – регистрийн дугаар. Зарим нь төрөхдөө л бусдын өмнө зогсохоор авъяас, аав ээж, амар сайхан амьдралтай төрнө. Азгүй, заяагүй нь хослоод өөрт нь тохиосон гар бол тэгээд тэрүүхэн тэндээ өөрийнхөө хоолойнд тааруулж уйлсан шиг болоод л… Тэр нь баяр уу гомдол уу юу ч юм мэдэгдэхгүй.
Сонин тээ, нөгөө бурхан гэгч нь тийм хүмүүсийг бүтээж байхдаа хальт хальт нойрмоглож байгаад ажлаа гурилддаг юм уу яадаг юм. Аягүй бол татаж байсан утаагаа уушиг луугаа арай гүн оруулаад тэрэндээ хахаж найтаахдаа савлаж яваад, нөгөө тамга тэмдгээ хальт дарж марангуут нэг азгүй тэрэнд нь өртөж таараад л төрчихдөг тээ. Мань нөхөр угаасаа байнгын утаа баагиулж, их донхойж суудаг байх. 2020 онд юу юу болсоныг хар л даа сда гэж. Дэлхийн дулаарал, хором бүрт нэг нэгээрээ устаж алга болж байгаа амьтны аймаг, хүчгүй биш бол хэн ч биш энэ хүмүүний хорвоо гээд л тээ. Энэ бүхнийг лаг их мансууралтай гар л бүтээж таарна.
За тэр ч яахав, үг холдож Трампын дэмжигчид дахиж бослого гарган төрийн эргэлт хийхээс өмнө нөгөө ямар ч авъяасгүй төрчихдөг гарын тухай яриандаа эргээд оръё доо. Аягүй бол нөгөө бурхан маань өмнөө байгаа хүний төрх авъяасыг илтгэсэн цаасыг хальт харж сууснаа, монголчууд “эр юм чинь учраа олчихно” гээд л эрэгтэй хүүхдийг огт тоож үздэггүй шиг л “за яахав яахав, хором бүрт хэдэн сая хүн бүтээж байхад иймэрхүү хэнд ч хэрэггүй юм байх” гээд л хүнийг гурилдаад бүтээчихдэг байх. Яг л тийм ерөөсөө.
Бүтэлгүй бурханы бүтээсэн алдаатай хүмүүсийн нэг би л дээ. Заяатайгаа эвлэрсэн би бээр нэг орой гэдсээ илж аваад л кино үзэх гээд сууж байлаа. Ядаж амьсгалж байгаагийн гавъяагаа тэмдэглэнэ ээ бас мань хэд чинь. Монгол инфлуенсерүүд шиг харцаараа бусдыг хуйлруулж, инээдээрээ бусдын амьдралыг баяр баслаар дүүргэн, Хүүк ах шиг сошиалд шуугисан асуудал болгоны талаар зөвхөн үүрэг өгч мэдэгдэл хийгээд л бүхэл бүтэн улсын хувь заяаг удирдаад байдаг хэтий лаг нь махан биед нь багтаж ядан авъяас чадвараа сагаан урсгаж, хүмүүсийн хүслийн туйл, мөрөөдлийн эцэс нь болон шүтээний цаана нуугдах нууц бурхан нь болж, хүмүүсийн ухаан санаанд сэнтийлж суудаг тийм лаг мундаг биш юм болохоор жирийн бид нар чинь гэмгүй хоосон дэлхийн агаар багасгаж сууж байхаар, тухайн өдөртөө бүрэн дүүрэн амьсгал авснаа бас тэмдэглэнэ шүү дээ тэрүүхэн тэндээ өөрсдийнхөө хэмжээнд хомсхоноор барахгүй зуйдхан гэгч нь ерөөсөө.

Тийм гоё шалтгаантайгаар кино үзэх гээд сууж байлаа би. Netflix-ээ ухаж байгаад, тэнд саяхан шинээр нэмэгдсэн амаржсан эмэгтэйн тухай киног сонголоо. Нэг хоёр жилдээ ганц анги гаргадаг Fast and Furious гэдэг сериалын сүүлийн ангид тоглосоноос нь хойш крашлаад байгаа Vanessa Kirby-г тоглосон гэдгээс бусдыг их сайн мэдэхгүй л дээ. Ер нь тэгээд саяхан нэг амаржсан эх нэг улсын төрийг унагасан гэдгийг санаад за за энэ киног үзчихье гээд л сонгочихсон ер нь.
Үзэх киногоо сонгохдоо хүртэл жирийн мань мэт чинь гаж шүү дээ. Хэдэн сарын өмнө оршин суух хотод хөл хорио тогтоож, төрийн ажилтнууд корона вирусын халдварыг зогсоох гэж аль байдгаа тавьж тууж байхад мань мэт нь World war Z, Maze runner гэх мэт кино үзээд л өдөр бүр BBC-н мэдээ харан “Хөөх өнөөдөр корона вирусын улмаас 1100 хүн өнгөрсөн байна. Өчигдрийнхөөс 50-р нэмэгдчихэж хөөрхий” гэсэн шигээ сууж байх жишээтэй. Хүмүүсийн шүтээн болсон уб комедичид шиг дэлхий даяар тархсан байгаа цур тахалын эсрэг хөл хориогоо зогсоо гэж жагсаад л, улсын ажилтнуудыг өөрсдийнх нь аюулгүй байдлын төлөө ажиллаж байгааг тоглоом хийж суухгүй шүү дээ бид мэтийн жирийн гарууд чинь. Гэрээсээ гарч дэлгүүр орон хүнс цуглуулах өдрөө The Hunger games-г үзнэ ээ бас. Хөл хорионы уурь амьсгалтай яг таарна бүүр тээ. Хэдэн сар хөл хорионд байх зуураа тэгээд хэд хэд тасалж үзэж байгаа юм чинь. Лаг мундаг монгол инфлуенсерүүдийн “өө энэ корона чинь нэг төрлийн ханиад л гэсэн үг” гэдэг цар тахалд өдөрт хүмүүс хэдэн зуугаараа үхээд байхад мань мэт шиг жирийн гарууд бол нөгөө монгол инфлуенсерүүд болон төрөх газар, иргэдийн үйлчлүүлэх эмнэлэг, хүүхдүүдийн боловсорч сурах сургуулиар дутмаг улсын халамжилж үздэг Гандангийн лам нарын бэлдсэн үрэлийг хэлээ тосож хүртсэн хүмүүс шиг тэр вирусийг ердөө л нэг ханиад шиг гээд хэлчихээр заяагүй.
За юутай ч нөгөө амаржсан эхийн тухай киногоо эхлүүллээ. Vanessa-нхаа секси англи аялга сонсогдож эхэллээ. Тийм аялга сонсоод дотор уужраад л явчихна. Тэгсэн уг кино бол овоо чи хоромхон зуур ч гэсэн дотроо уужруулж авав уу тээ гэж байгаа юм чинь. Эхний хэдэн хормоос эхлээд л краш маань гэртээ төрж эхэллээ. Шууд нүдэн дээр ус нь гоожоод л, амаржиж эхэл вээ. Өвдөж байгаа нь, ааш нь олон хувирч байгаа нь, юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа нь, нөхөртөө эрхэлж байгаа нь, аврал эрж харж байгаа нь, тэр хоёрын бие биенээ гэх хайрын харц, өвдөж өвдөж за би ерөөсөө чадахгүй юм байна ээ гэж орилж байгаа нь, өвчиндөө зовниж байгаа нь гээд л яг л нүдэн дээр краш маань амаржиж байна аа бүүр. Монтажны ямар ч таслалтгүйгээр л нэг эмэгтэйн олон аашийг, амаржиж байгаа эхийн төрх байдлыг харуулсаар л…
Эрэгтэй хүн ямар тэрийг өөрийн биеээр үзэж туулах биш тэгээд дэлгэцэнд нүдээ шингээж аваад л үзэж сууна. Краш маань гэртээ төрж байсан болохоор эх баригчийг дууд лаа. Нөгөөх нь ч ирж, үзэж барьж байгаад хүүхдийн зүрхний цохилт энэ тэрээг хэмжиж байгаад л ажилдаа орлоо. Зүрхний цохилт сайн хүүхэд байна гээд л крашийг маань орон дээр гаргаад үзэж тарав. Аав гуай ч сандран гэрээ тойрч гүйх нь холгүй ч, эх баригчийнхаа хий гэсэн болгоныг хийгээд амаржиж буй эхийн хүссэн болгоныг хийгээд л. Нэгэнт ажилдаа орсон эх баригч маань хэд хэдэн байдлаас дүлүүлээд, хүүхдийн зүрхний цохилтыг хэмжээнд юу ч мэдэрч чадаагүй эх баригч сандралд орж, хүүхдээ хурдан дүлж гаргах хэрэгтэй, түргэн дууд, эмнэлэгт хүргэхэд бэлд, хүүхэд өөрт хангалттай хүчилтөрөгч авахгүй байна гэлээ. Тэрүүгээр бүгд хүүе юу билээ, яана аа болоод л хүчтэй дүлж эхлээд л, хүүхдийн толгой цухуйж эхлэн тэр эрчээрээ дүлсээр байгаад хүүхэд гарч ирлээ.
Хав хар толгойтой охин. Эхэндээ чимээгүй байсан ч, мань охин “өө яана аа би хорвоод хүн болоод мэндэлсэн юм байна” гэдгээ гэнэт ухаараад л уйлж эхэллээ. Аав ээжийн баярын цуурай өрөөгөөр нэг цацаж, аав баярын зураг татан тэд хамтдаа хүүхдээ тэврэн энхрийлэх хэдий ч энэ нь удаан үргэлжлэхгүй. Хүүхдийг гаргаж аваад дотор нь уужирсан эх баригч толинд баярт хосыг ажиж зогсох ч тун удалгүй хүүхдийн өнгө өөрчлигдөж байгааг анзаарна. Тун хурдан хүүхдийг өөр дээрээ авч иллэг хийж эхлэхэд хормын өмнө баярлан уйлж байсан краш маань юу болоод байгааг мэдэхгүй орилж эхлэх бол гэрийн гадаа түргэний дуу хангинан, аав тэднийг гэртээ оруулахаар ухасхийнэ. Түргэн, чанга, шуурхай, чимээ ихтэй бархираан. Охины зүрхний сул цохилт, ээжийн орилоон, эх баригчийн зөөлөн массаж, түргэний машины дуу, сандарсан аавын хоосон харцаар дүүрэн чимээгүй байдал… Тэгээд л бүх зүйл чимээгүй, хүүхдийн зүрхний адил бүх зүйл нам гүм.

“Pieces of a woman” гэх киноны эхлэл ингэж өрнөх ажээ. Үрээ алдсан краш маань өөрийн гуниграл, сэтгэлийн тогтворгүй байдлаа янз янзаар гаргаж эхэлнэ. Ажлын хүмүүс, гэр бүлийнхэн, нөхөр, танил хүмүүс гээд хүн бүр түүнийг өөр өөрийнхөөрөө дүгнэн шүүх юм. Харин тэр маань улам хүйтэн болж, өөртэй нь тааралдсан хүүхэд болгоныг харж санаа алдах, гэр бүлээрээ тоглон суугаа хүмүүсийг чимээгүй л харж суух, бас алим идэх их дуртай болно. Үүний хажуугаар өөр янз бүрийн ажил их байлаа. Хүүхдийнхээ оршуулгыг яаж хийх вэ гээд л. Өөрийнх нь ээж нь бол хүүхэд эндсэн нь эх баригчийн буруу, түүнийг шүүхдэнэ, энийг би охиныхоо төлөө хийнэ гэж зүтгэх бол краш маань үүний талаар юу ч хэлэхгүй. Эндсэн хүүхдээ оршуулах уу, эд эрхтэнийг нь донор болгох уу, эсвэл эмнэлэгт шинжлэх ухааны судалгаанд хандивлах уу гээд л өөр асуудал их. Энэ асуудлуудын дунд өөрийнх нь хүслийг хүмүүс их сонсож, хүндэтгэж үзэхгүй байгаа нь эндсэн охиных нь шарил дээр бичих нэрийг эх болон нөхөр хоёр нь буруу захиалж бичсэнээс харагдана. Өөрийнх нь дүү ч бас.
Уг нь өөрөө бол хэрэндээ л нэгэнт өнгөрсөн зүйлийг мартах гэж хүүхдэдээ зориулж бэлдсэн болгоноо хурааж цэгцлэх боловч нөхөр нь хараахан эвлэрч өгөөгүй байгаа ч юм шиг. Охиныхоо цогцсыг чухам яах нь эхийнх нь мэдэл байдаг бололтой, нөхөр нь охиноо эмнэлэгт хандивлалгүйгээр оршуулахыг гуйна. Нөхрийн хүсэл болохоос өөрийнх нь бол биш. Эндээс эхлээд тэдний харьцаанд цав үүсэж эхэлнэ. Үүний дээрээс нь ээжийнх нь байгаа байдал ч хачир болно доо. Ээж нь охиноо өөрийн хүслээр байлгах гэж зүтгэхээс гадна нөхөртэй нь бас адил харьцана. Нөхөрт нь дургүй хэдий ч, тэдэнд нэг хүсэл байсан нь эх баригчийг шүүхэд дуудаж, гэм хүлээлгэх. Яг тэгж шүүхээр явах эсэх нь үрээ алдсан эхийн хүсэл мөн эсэх ч бас эргэлзээтэй. Учир нь хэн ч үүний талаар түүнтэй ярилцалгүйгээр бүгд л түүнд туслах санаатай өөр өөрийн хүсэлд нийцэх болгоныг хийж харагдана. Сэтгэл байгаа нь сайхан хэдий ч крашийн маань хүслийг сонсож мэдсэн хүн ер нь байна уу?
Энэ мэтээр үйл явдал үргэлжилсээр, нөхрийн хүссэн сексийг хийхгүй татгалзсанаар тэдний хагарал бас л гүнзгийрнэ. Үүний хажуугаар нөхөр нь эргээд архи ууж эхлэн эх баригчийг шүүхэд дуудах гэж гүйх зуураа уг хэргийнхээ прокурортой унтаж эхэлнэ. Энэ зуур краш маань алим тал идэх, алимны үрийг цуглуулж соёолуулах гэж оролдсоор л… Ээж нь бол яг л өөрийнхөөрөө зүтгэсээр байгаад гэртээ болох хоолонд тэдний урин бас хажуугаар нь нөгөө прокурорыг ч авчран шүүхийн хэргийг болон охиноо өөрийнхөө байдлаар болж өнгөрсөнтэй эвлэрэхийг улам их түлхэнэ. Бас хажуугаар нь охиныхоо амьдралыг өөрийн дураар шийдэх гэж зүтгэсээр нөгөө нөхрийг нь ч охиныхоо амьдралаас явуулж дөнгөнө.
Зөв үү буруу юу, мэдэхгүй. Юутай ч нэгэнт эвлэрсэн байдалтайгаар явуулна. Ээжийнх нь шахсан шүүх хурал болох өдөр ч болж, хэргийн эхний гэрчээр дуудагдаж, өөрийнхөө төрөх үед болсон зүйлсийн талаар асуултанд хариулж эхэлнэ. Тэндхийн зарим асуултууд өөрийнх нь сэтгэлд тогтож ядаж байсан утсыг таслах шиг л болно. Дөнгөж төрсөн охиноо тэврэх хэдхэн мөчийн талаарх охиноо эрүүл төрсөн гэдэгт итгэлтэй байна уу, охиныхоо хөлийн хурууг хөх байгааг анзаарсан уу, гар нь хөхөрч байгааг харсан уу, биеийн өнгө нь хөхөрч байгааг анзаарсан уу, охиндоо хайртай байсан нь үнэн үү гэх мэт асуултууд эх хүний хатыг эвдэх шиг л болсон. Краш маань бол охиныхоо нүүрийг харж, хар үстэй байсан гэдгээс бусдаар юуг ч дүрсэлж хэлж чадахгүй байлаа. Охиныхоо нүүрийг л харсан, үнэр нь яг л алим шиг байсан гэсэн…
Алим их идэж, үрийг нь соёолуулах гэж оролдоод байсан нь үрээ өсгөж байгаа юм шиг л санагдаж өөрийгөө тайтгаруулж байсан гэмээр. Эх баригчийг хамгаалагч өмгөөлөгчийн хэрцгий асуултуудад хариулчихаад өөрийнхөө сэтгэлийг барьж ядан үрээ тэвэрч байх үед нөхрийнхөө дарьсан зургыг угаалгаж авахаар явна. Тэндээ очоод үрийнхээ царайг дахиж хараад тэндээ өөрийн эрхгүй цурхиран уйлна даа. Шүүх хуралд эргэж ороод эх баригчийн талаар өөрийнхөө бодлоо хэлээд л тэр шүүх хурлыг дуусгачихна даа. Эх баригч тухайн үед өөрийнхөө чадах болгоныг л хийсэн шүү дээ хөөрхий. Ингээд крашийн маань хувьд томоохон даваа нь өнгөрч хэдэн жилийн дараагаар гэрийнхээ гадаа алимны модонд авирч тоглох жаахан охиныг хөтлөн явж байгаагаар тэгээд кино маань төгсөнө дөө.
Юутай ч ингээд киногоо үзчихээд хэсэг бодол болон суулаа. Уг киноны туршид л бүх хүмүүс эмэгтэй хүнийг ямар нэг байдлаар дүгнэн үзэж, өөр өөрсдийн бодлоо тулгаж байгаа нь харагдана. Магадгүй тэр хүмүүс асууж үзэлгүйгээр л шууд эмэгтэй хүнийг мэддэг юм шиг байгаа юм. Би бол эмэгтэй хүнийг мэдэхгүй хүн, нэгэнт мэдэхгүй болохоор тэг ингэ гэж хэлээд байх ч хүсэлгүй. Угаасаа жирийн мань мэт нь ойлгож бараад байх ч эд биш. Монгол инфлуенсерүүд мэт нь бол ойлгоод янз бүрийн сургааль айлдаж байдаг л байх.
Тэглээ гэлээ ч хүмүүс бид чинь бусдад ойлгогдох гэж, тэдний бодлын дагуу байх гэж амьдардаг юм уу? Эмэгтэй, эрэгтэй гэлгүй бүх хүмүүст л харагддаг асуудал л даа. Би эрэгтэй гэхээр тэгээд л би чинь машин, хүүхэн, зугаа цэнгэлд л дуртай болж хувирна. Хажуугаар нь архи амсуулбал амьдралаа тарааж хаяад, эхнэр хүүхдээ зодож эхэлнэ. Орой үдшээр гадуур гаргачихвал бар хэсээд, буудал хэсээд алга болно гээд л тээ. Эрэгтэй гэхээр л бас эмэгтэйнхээ янз бүрийн асуудалд оролцож, тэднийг шийдэх хэрэгтэй гэх хүлээлт бас байдаг. Өрх гэрийн тэргүүн нөхөр бол мэдээж. Харин зүгээр харилцаатай байгаа хүмүүсийн хувьд?
Мэдэхгүй юм, би хувьдаа эрэгтэй эмэгтэй хүмүүс хувь хувьдаа өөрийнхөө байгаа байдлаараа аз жаргалтай байж чаддаг байгаад хоорондоо учирч нийлсэн хойноо нэг гэр бүлийн аз жаргалыг хамтдаа бүтээх хэрэгтэй л гэж боддог. Ярьмаар бол дэмий хүлээгээд суугаад байлгүй ярьчихдаг, уурлавал тэр мөчдөө шууд тэсрээд уурлачихдаг, дургүй бол тэр дороо хэлчихдэг гэх мэтээр өөрийгөө илэрхийлээд сурах хэрэгтэй бас. Өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй, зорьсон зорилготой хүмүүс бол хүн хөөж, хүлээж суулгүйгээр хэлбэл хэлээд, хүсвэл холбогдоод, хүсэхгүй байгааг мэдэрвэл хурдхан шиг зайгаа бариад явдаг санагдах юм. No time chasing people, honey. Busy building an empire. Өө тэгээд ихэнх хүмүүс энийг буруу гэх байх л даа. Тиймдээ ч би өдий олон жилийг монгол эмэгтэйтэй учирч чадалгүй өнгөрөөсөн байх.
Гэх мэтээр эргүү сда дэмий солиорон суусаар тунгаасан бодлын үзүүр татагдаж, үзсэн киноныхоо шокноос гарч аваад өөрийнхөө өрөөнд байх шүүгээг уудалж эхэллээ. Тэнд хэдэн сарын өмнө авч далд хийсэн сайхан нэг шил англи жин байх ёстой. Зөөлхөн, тансаг, градус өндөр, жин уух англи соёл гээд л тээ. Нөгөөхөө олж аваад стакандаа хөнтөрч эхэллээ. Уг нь уржнан жилийн 12 сараас хойш арх сархадны төрлийн унд хоолойгоороо давуулаагүй байсан нөхөр стаканаа тал дүүргэж аваад санаа алдлаа. Архи сархад хүртээд л эмэгтэй хүнийг ойлгодог болоод, хүний амьдралыг ойлгон ухаардаг болчихвол ч уух шиг амар юм алга аа гэж мэгээд л дээ. Гэх мэтээр амьсгалж байгаа баяраа даруухнаар тэмдэглэн, дэмий бодлоор өөрийн тархиа зовоох зуураа стакантайгаа шимэн шимэн шингэлэнгээ өөрийн дотор байх хэдэн үгээ буулгасан нь энэ болой.
Гэснээс архи сархад хүртэхгүй удаан явахаар хүний нуруунд далавч ургаж, гэгээн төрхийг олон, тэнгэрийн элч шиг болон бусдын хайрыг татдаг гэдэг чинь худлаа цуурхал юм байна лээ шүү. Магадгүй тэр нь аягүй бол монгол инфлуенсерүүдэд нөлөөлдөг, мань мэтийн жирийн сдад нөлөөлдөггүй ч байж болох юм.
Жирийн иргэний амьдрал аа гэж.
Д.Төмөртогтох
2021.01.24
Photo by Marco Bianchetti on Unsplash
Cool! Keep forward man!