Нарны цас

Унших хугацаа: 4 минут

Өвлийн хахир цагийг дийлэн аз жаргал дагуулан дэлгэрэх байгаль дэлхийн ногоон төрхтэй зэрэгцээд хүмүүсийн сэтгэл санаа ч нэг л гэгээлэг. Төрөл бүрийн хүний дүр харж болох тэр онцгой өдрөөр гудамжинд алхахдаа их зүйл харж болох. Гадаадын рекламанд гардаг тансаг зэрэглэлийн машин шиг гял тал болсон залуу хаа нэг тийшээ яарч байгаа нь болзоонд явж байгааг илтгэх бол цангинасан хоолойгоор хоорондоо шулганалдах хэдэн найз охид бие биенийхээ зургыг аван хөгжилдөх нь орчин цагтаа улам сайхан энерги тараана.

Нэг гайхамшигт явдал болоод байгаа гэлтэй л хүн болгон л эргэн тойрноо таашаан харж, сэтгэл өөдрөг байгаа нь зулзган хаврын байгалийн шинэхэн ногоон төрхийг даран бутрах цас хаялж байгаагаас ч болж байгаа гэлтэй. Сонин юм шүү, 5-р сарын эхэнд цав цагаан цас бүхнийг далдлан унаж байна гэдэг. Үүнээс ч болоод тэр үү бүх л хүмүүс эргэн тойрондохоо таашааж, цаанаасаа л бүгдийнх нь санаа сэтгэл уужуу амар. Байгалийн сайханд хүлээсээ алдруулан орчинд цацрах сэтгэл хөдлөлийг гэгээлэг өнгөөр төсөөлүүлвэл орчин тойронд эгээтээ л солонго татав уу гэмээр санагдам. Хэдийн ийм сайхан байгаа ч солонго хэрчлэн хөвөх үүл адил нэг гуниг гудамжинд хүмүүсийн дундуур алхана. Гараа хармаандаа хийчихээд, хээвнэггүйхэн шиг найгасхийн хөлөө зөөж ядан удаан алхах тэр хүн бол би. Зөрж өнгөрөх хүмүүсийн инээмсэглэл болгоныг анзаарах ч нүдний өмнө бүтрах тэр цас л … Нүдээ түр зуур анихад л намуухан унаж тогтох цасан дунд хөвөөд живчихмээр санагдах.

Миний төрсөн өдрөөр цас орохгүй л байхдаа гэхдээ л дотроо тэгээсэй гэж мөрөөддөг юм гэж тоомжиргүй хэлээд сормуусаараа тоглон над руу харж гэнэн хүслээ нуух мэт инээмсэглэх тэр тоомжиргүй төрх харанхуйд халхлагдсанаас хойш  босоод харахад сэрээд унтах ертөнцийн харанхуйд өдөр хоногийг зүүдээ тоолж өнгөрөөсөөр хэдийн мянганы ард гарчээ. Энэ их хугацааны дараа миний ой санамжинд энэ үгийг хэлж байсан тэр нэг хаврын өдрийн дүр төрх чинь л их ойж тусна. Тэртээ өдрүүдэд уулзах болгондоо чулуун хөшөө шиг хөшиж орхиод чиний ярих яриаг сонсонгоо салхинд дэрвэх сормуусыг нь ширтэж, байсхийгээд л ам руу нь орчих урт үсний ширхэг бүрийг шимтэж харж байдаг байсан сан. Үе үе над руу харж өхөөрдмөөр ширвэн хараад “Чи яагаад ерөөсөө үг дуугардаггүй юм, би л ярих юм” гэхэд сандарсандаа юу ч хамаагүй хэлэнд тээглэсэн үгээ холбож ээрч хэлээд чамайг уурлуулна. Уурлах үедээ бүүр ч энхрий харагдах болохоор дахиад л чулуу шиг болоод дөмбийх би “чамайг хараад л байхад бүхнээс ангижраад нисч байгаа юм шиг л болох юм” гээд үнэнээ хэлэх ухаангүй балчир байж дээ. Эсвэл би тэр үед өөрийгөө сайн таниж сураагүй байсан юм болов уу?

Байнга гараа хармаандаа хийж явах зуршилтай ч чамтай хамт зам гарахдаа өөрийн эрхгүй гараас нь атгачихаад дотроо хүний гар ийм зөөлхөн, бүлээн байж болдог юм байх даа гэж боддог байсан гэхэд сонин. Уулзахдаа авч очих ганц ягаан сарнай яагаад чамайг өдөржин инээмсэглүүлэх түлхүүр болоод байдаг их учир битүүлэг. Гар цүнхэндээ байнга авч явах зургын аппаратаараа миний зураг авах гэх болгонд намайг дургүйцэж байхыг харах чамд ч миний тэр ичимхий зан сонин байсан биз. Намайг утсаар ярих дургүйг мэдэх болохоор уулзахдаа захиа бичиж ирээд “гэртээ хариад уншаарай” гэж захиад өгч явуулна. “To my ironman” гэж хаягласан тэр захиануудыг онгойлгож уншиж байхдаа сэтгэл шингэсэн тэр үгсийг ухаж ойлгодоггүй байсан гэж бодогдоно.  Магадгүй би чухам яагаад тэр захиануудыг үе үе гаргаж дахин уншдаг байснаа ч мэддэггүй байсан байх. Үүний адилаар чамайг яагаад миний стил хувцаслалтанд санаа зовж, зөвлөгөө өгдөг байсан талаар бол огт таамаг ч үгүй. Тэр ч байтугай хамт зугаалж явах газар болгоны хаалгыг онгойлгоход нүдэнд чинь гэрэлтэж нүүрэнд нь тодрох талархлын инээмсэглэлийн учрыг ч гадарладагүй байж дээ.

Тэр нэг зуны өдөр нилээн удаан холбоогүй байсны дараагаар чамаас ирсэн хэдэн мсж эмнэлэгт хэвтэж байсан надад хурдхан шиг өвчнөө дийлээд эмнэлгээс гарах сан гэх хүслийг бүрэлдүүлж билээ. Чи тэр өдрөөс хойш намайг эмнэлгээс гартал сэтгэлийн хань болж хүн өвдөж зовсон ч өөдрөг байж болдог гэдгийг ойлгуулах чиний оролдологууд хөвөрч эхэлсэн. Сар өдрүүд ч урсан өнгөрч өвчнөө намдаагаад эмнэлгээс гарах болоход чи надтай зөрөөд эмнэлэгт хэвтэх болсон нь хувь заяаны хуйлрал. Эргээд бодож үзэхэд бидний дундахь цаг хугацааны талаас илүүтэй нь хэн нэг нь эмнэлэгт хэвтсэн эсвэл гадуур эмчилгээтэй байж таарч дээ.

Хэвтэж байгаа эмнэлгийнх нь хамгийн ааш сайтай эмчийнх нь ээлжтэй өдрийн орой нь чам дээр эргэж очно. Маш удаан хугацаанд тэмцэж буй өвчиндөө дийлдэн гундуухан харагдах ч миний нүдийг тэр чигээрээ ховсдуулсан хэвээрээ л. Тэртээ урьдны гэнэн томоогүй төрх тэр чигээрээ л нүдэнд харагдахын хажуугаар харцаараа л биеийг чулуу болгох увидас гэмээр гэх зүйл ч хэвээрээ. Үгээр эвлүүлээд хэлэхээр нэг тэнэг байдалд орсон мэт болох гээд үзгээр сараачаад бичихээр үлгэр домгийн хуудас шиг болчих гээд илэрхийлж боломгүй. Энэ тухай тэмдэглэж үлдээсэн дэвтэр яг л галзуу хүний сараачмал шиг.

Чиний асуусныг үргэлж биелүүлэх “ааш муутай” миний бие чамд ганц удаа үгүй гэж хэлсэн нь бидний хамгийн сүүлийн уулзалтын гэрч болсон эмнэлгийн өрөөнд. Тун удахгүй хагалгаанд ороод цоо эрүүл болно гэж баяртайгаар ярьж суусан чи миний тэмдэглэлийг авч үлдэхийг гуйхад би нөгөө л нэг төмөр нүүрээ харуулж татгалзаж муудалцсан. Бодсон бодлоо залгиад үлдээдэг, сэтгэл хөдлөл болгоноо нүүрнийхээ цаана дурдатгал болгож хадгалдаг миний дотоод ертөнцийн мэлмий болох тэр дэвтэрийг  чи юунд хүссэн нь бас л тайлагдашгүй.

Одоо ингээд нүдээ нээгээд харахад эргэн тойрон унах цас бага багаар хайлж байгаа нь анзаарагдана. Хаялж орсон цас хаа нэгтээг зорин газар шингэн алга болох нь хүний ой санамж бүдгэрч алга болохтой л адил. Үүнтэй адилаар хэн нэгнийг гэх сэтгэл зүгээр л хаашаа ч юм хайлж алга болох цас дагаад хүний ой санамжын хаа нэгтээ орчихдог шиг санагдах. Чамайг гэх сэтгэлийг ундраасан тэр хаврын өдрийн гэнэн төрхөөр чамайг төсөөлж бодох юм. Уурласан, инээсэн, тунирхсан, баярласан, өвдсөн, сониучирхсан болгонд чинь тэр төрх харагдаж сэтгэл соронзлогдоно. Бидний цаг хугацааны нэг мөчлөгөөр чамайг бүхий л нөхцөлд төлөөлүүлж үзэж, цаашид ч тэр төрхөөр дотночилж бодно гэдэг бас л тайлагдашгүй сонин.

Чухам сонин байдлаар 3 дахь жилдээ чиний мөрөөдөл биелэхийг өөрийн нүдээр харлаа. Гэнэн мөрөөдлөө биелэхийг хараад чамайг яах бол гэж гайхна. Баярлаад дэвхцэх болов уу, зүгээр л цасан дунд инээмсэглэн алхах болов уу, будран орох цасан ширхэг дэврэх сормуусанд нь тээглэж тогтох болов уу, энэ цасан дунд юу ярьж байх байсан бол? Мэдэхгүй юм даа. Чамтай танилцсан цагаас хойш мэлэхгүй зүйлс их гарч ирэх болсон. Заримдаа бид чухам ямар хүмүүс байсан бэ гэдэг асуулт ч тайлагдашгүй оньсны цаана байгаа мэт. Хайр гэх үгийг хэн хэн маань бие биедээ дурссангүй. Үнэндээ надад тэр үг ямар утгатай болох талаар ч ойлголт алга даа. Чамд ойр байх үед чиний тэр гэнэн төрхөөс бусад зүйлс утгагүй болж, оньсогон дунд амьдарч байгаа юм шиг л мэдрэмж чи өгсөн. Энэ утга учиргүй эргүүлэг дунд ганц л зүйл тодорхой байсан нь чи ямар нэг байдлаар миний амьдралд орж ирсэн хэдэн чухал бөгөөд нандигнаж үзэх хүмүүсийн нэг.

Өөрийн оюун ухаанаа чөлөөлөх цагт хязгааргүй гэж эндүүрч байсан өөрийн цаг хугацааны төгсгөлийн хойно үлдэх энэ дурсамжандаа чамайг гэх сэтгэлээ сараачан үлдээе. Нарны цаадахь зэрэглээ ертөнцөд хүлээн суугаа чамтай уулзах үед чамд хэлдэг байсан мөрөөдлөө биелүүлж, ямар сайхан амьдрал туулж өнгөрүүлсэнээ ярих учраас дараагийн тэр учралд би дуугүй дөмбийж суухгүй ээ. Харин тэр хүртэл нарнаас илгээх цасан дунд чиний мөрөөдлийг тольдож суухаас даа.

Д.Төмөртогтох

2014.05.08

Cover image: Stockpictures.io

Loading

Submit a comment


*

Back To Top