Хязгааргүй сэтгэхүй

Унших хугацаа: 4 минут

Үүлийн цаана, уулсын оройд, талын мухарт, тэнгэрийн ёроолд нуугдах нэгэн эрхэм оршин суудаг гэнэ.  Бусдаас хол аж төрөхдөө эрхэм буурал саруул ухаанаараа аливааг шүүн тунгааж, ертөнцийн мөн чанарыг бясалган суудаг ажгуу. Аливааг үзэн туулж, хүний амьдралыг нэвт мэдэх тэр эрхэмтэй уулзахыг өдий олон багачууд тэр ажнай буурлыг хүсэж, мэргэн ухааны туйлаас хүртэх хүсэлтэй байдаг гэх. Хязгааргүй их мэдлэгийн эзэн болох түүнтэй уулзахыг хүсэхгүй хүн, түүнээс асуух асуултгүй ч хүн нэн ховор биз ээ. Болдог бол усыг гаталж сэлээд, толгодыг алхаж даваад, ой тайгыг сэтэлж туулаад явж очоод тэр мэргэн хүнтэй уулзах сан. Өөрийн сонирхол татах бодлоо дотроо тээн, алсын замыг туулах зуураа энэ мэргэнтэй таарна гэж найдлага төрөн явах нэгэн нь би. Толгойд эргэлдэх бодолдоо ганцаараа дур мэдэн дүгнэлт хийгээд хаачиж чадахгүй, эргэцүүлж тунгаасаар гэгээн тэр мэргэнтэй уулзаж бодлын үзүүр таслана гэж найдна.

Төрөлт гэх нэртэй үйл явдлаас хоолой мэдэн орилж хорвоод мэндлэх нялзрай болохоос эхлээд дуугаа хурааж, зовлонд идэгдэн ядарч сулдан газарт шигдэн орох хүртэлх хугацааг амьдрал гэх бол хүний төрөхөөс өмнөх үе болон үхсэний дараахь цаг хугацааг юу гэж нэрлэвэл зүйтэй вэ? Энэ үеийн цаг хугацааг санадаг хүн ер нь бий билүү? Тэр байтугай бидний ихэнх маань бага насныхаа ихээхэн цаг хугацааг санадаггүй. Харин үхсэний дараа юу болох бол? Хүнээс юу үлдэх вэ? Ой санамжтайгаар үхдэг бол өөрийн гэсэн цаг хугацаагаа хадгалаад арилах байх аминчхан амьтан бол хүн, харамсалтай нь энийг боломжтой эсэхийг бидний дунд мэдэх хүн үгүй. Хураасан хөрөнгөндөө хүрч чадахаар булагдахаар бол бас л тэр зүйлсийг хамт бул гэж захицгаах байсан биз.

Энэ мэтийг бодох зуур тархины нугалаа тэлийтэл нэгэн санаа орж ирж бодлын шигдээсээс гаргалаа. Өөрийн хорвоогоос зээлсэн хугацаагаа дуусахаараа хүн өөрийнхөө цаг хугацааныхаа төлбөрт удам залгах хүүхэд, ажил амьдралдаа олж авсан нэр хүнд, цаг хугацааг өнгөрөөсөн дурсгал болох хэдэн зураг үлдээх ажгуу. Зураг, хөдөлгөөн дүрсийг одоо үед дуртай нэг нь буулгаж хадгалсаар байна биз. Харин хаана ямар үед юу хийж явах зуурын цаг хугацаагаа буулгаж үлдээнэ гэдэг тэр хүний үзэл бодол, аж байдлаас хамаарах зүйл. Сармагчинд аппарат өгөөд хором болгонг буулгах, чухал дурсамжаа хадгалж үлдэх ухаант хүний ялгаа эндээс харагдана биз.

Нэр хүнд… ажил … бизнес.. кареер, энд өөр зүйл нэмэж бичээд дэмий биз. Тэртэй тэргүй хорвоогоос хальсан хойно дурсаж сайлах хүмүүс захаас эхлээд гараад ирнэ. Харин архины ширээнээс холдохгүй байх, номонд бичигдэж нэрээ чулуунд сийлүүлэх, эсвэл дэлхийн энд тэндгүй дурсах өчнөөн хүнтэй байх эсэх л том ялгаатай болж яригдах сэдэв. Хир их цагийг үүнд золисоноос л шалтгаалах байх даа. Эцэс сүүлд нь удам залгах үр хүүхэд. Цаг хугацааг ерөнхийд нь гурав хувааж үзэж, хүн бүрт хамааруулж сэтгэж үзвэл: Одоо үе буюу мэдрэлийн систем ажиллаж, судас лугшиж амьд байх цаг хугацаа. Өмнөх үе буюу өвөг дээдсийн үе. Дараах үе буюу үр удам. Бидний өмнөх үе маань ажил амьдрал ухаанаа бидэнд зориулж бүтээн босгож, хөгжүүлж ирээд тэр бүхнийгээ өвлүүлж үлдээчээд цагаа үддэг. Үүнтэй адилаар бид ч гэсэн энэ замналаар амьдрана. Харин энийг яг юу гэж төсөөлж байна вэ?

Хөл жийх унаа, хөлөө амраах сандал тавих байр, хөлөө ачиж хэвтэх зуслантай болоод хөл амар үсээ цайлгаад дуусахыг яриад байна гэх хүмүүс их олон бий. Ер нь шуудхан хэлэхэд өмнөх мөртүүдийг уншаад бүгд л тэгж бодож суусан. Үнэхээр ийм жижигхэн зүйлд насаа тавих нь хэрэг байгаа гэж үү? Уг нь биеийн доодох хэсэгт анхаарсанаас дээдэх хэсэгт байх эрхтэнд илүү анхаарсан нь илүү хүртээмжтэй санагдах. Аав, ээжийнхээ ухааныг өөртөө шингээгээд тэрэн дээрээ өөрийн амьдралынхаа ухааныг нэмэж найруулаад үүнийгээ үр хүүхэддээ уламжлуулж үлдээх нь хамгийн чухал гэх бодол сүүлийн хэдэн жилд толгойл орж ирэх болоод байгаа. Өдий олон жил энийг л ойлгуулах гэж явсан аавын ухааныг бишрэхийн сацуу өөрийгөө басах юм даа. Бага байхад байнга л миний хүү, миний үргэлжлэл шүү гэж захиж, өөрийнхөө ухаанаас авахыг нь хэлж өгч, хаяхыг нь биеэрээ харуулж явсан аавыгаа одоо л ойлгож байна даа. Хориглох зүйлсээ амаараа хэлж, үйлдлээр хориглолгүй байсан нь бүхнийг үзэж  ойлгог гэснийх байж, энд тэнд өөрийн хүссэн зүйлээ хийж тэнэгтэж явахад чимээгүйхэн инээмсэглэж байсан нь миний ухаан тэлж байгаад баярлан дараа дараагийн үе баригдмал байхгүй байхад баярласных байж, юу ч хийхгүй сууж байхад санаа алдах нь миний цаг хугацаанд харамсаж байсных байж, хуруу дарам хэдхэн сургаалиа бичиг үсэг сурахаас ч өмнө хэлж захиж орхисон нь эртнээс өөрийн ухаанаа надад суулгаад, надад амьдралаас сурах зүйлсд их цаг үлдээснийх байж дээ.

Одоо эндээсээ юу хийж чадах вэ? Өөрийгөө үргэлжлүүлэн боловсруулж, ямар аав байхыг хүсэж байгаагаа бодож амьдрах хэрэгтэй ч юм шиг. Үүнээсээ гадна миний хойноос ургаж гарч ирж байгаа бага дүү нарынхаа үедээ жишээ болж байх хэрэгтэй байдаг. Одоо үед бүгд л энд тэндхийн оддыг шүтэх болцгоож, үндэс нэгтнээ дутуу үнэлж байх нь жирийн үзэгдэл болсон. Нэгэнт дүү нартаа жишээ болохоор хэмжээнд байж чадахгүй байгаа нь бидний болон ахмад үеийнхний маань алдаа л юм даа. Энэ мэтээрээ удаан үргэжилвэл Монголд амьдардаг, монголоор ярьдаг гадныхан гэх тодотголтой болох байх даа. Эндээс хариуцлага урган гарч ирж, одоо миний өнгөрүүлж байгаа амьдрал маань ганц миний амьдрал, цаг хугацаа ч биш, харин гурван үеийн цаг хугацаанд гурван үеийн амьдралаар амьдарч байгаа мэт санагдана. Аав, ээжийнхээ ухаан, амьдралыг өвлөн тээх зуураа өөрийнхөө амьдрал ахуйг тэгшилж, ухаан бодлоо хөгжүүлэнхийн сацуу үр удамдаа үлдээх шим ухаанаа боловсруулж буй нь амьдрал гэлтэй гэж сэтгэнэ.

Энэ мэт бодлыг толгойдоо эргэлдүүлэн ертөнцийн мухарыг хайн сэтгэхүйд надтай тэр мэргэн ажнай таарна гэж найдна. Хэзээ таарч хууч хууран ухаан уралдуулахыг мэдэхгүй ч, тэр цаг хүртэл өөрийнхөө ухааныг хурцлан, хүрээнд баригдан хязгаарлагдаж сэтгэхгүй байх нь миний хийж чадах ганц зүйл. Тэртээ холоо газар, уулсийг давж, усыг гаталж, үүлийг даван хүрэх газар нэгэн ажнай буурал амьдран сууж, эрдэм мэдлэгийг хураан сууж хүмүүний амьдралыг шинжин суудаг ажгуу.

Д.Төмөртогтох

2015.05.16

Loading

Submit a comment


*

Back To Top