Өчигдөр Fantastic Beasts: The Secrets of Dumbledore үзсэн.
Киноны театр нээлт хийгдэхээс өмнө уг кинонд ажилласан студиуд тэрийгээ үздэг учиртай. Бараг жилийн турш шинэ систем зохион бүтээж, уг киноны ажлуудыг маналзуулж суусан гар тэнд уухайс гээд л очдог юм байгаа биз дээ.

Очлоо. Найруулагч, продьюсер хоёр студийн бидэнд хандаж үг хэллээ. Киногоо үзлээ. Баярлалаа. Сэтгэл хөдөллөө. Тэгээд?
Тэгээд дараа нь яаана гэж? Одоо яг яах юм? Тэгээд яах юм гэж бодсоор гэр хүртэлх замдаа метронд бодож суулаа. Харри поттер, Бөгжний эзэн гэх мэт киног бацаан байхдаа үзэж, Варкрафтын тоглоомны трэйлерүүдийг үзэж тэрэн шиг визуал эффект яаж хийдэг юм бол гэж гайхаж, бахархаж суусан бацааан 10 гаруй жилийн өмнө зүгээр гайхаж суухаас өөрийг мэддэггүй байж. Харин одоо азтай гар нээлтээ хийсэн хийгээгүй, кино хийгдэж байгаа нь мэдэгдсэн мэдэгдээгүй 20н гаруй кинонд ажиллаад үзчихэж. Яаж гэж гайхахаас өөр юм мэддэггүй байсан гар ийм болсон байгаа нь бас аз. Эсвэл эз?
Юугаа ч мэдэхгүй гар нүдэнд харагдасан визуал эффект гэсэн хичээл болгоныг үзэж, сурах гэж өдөр шөнөгүй сууж байсан нь аз уу эз үү? Монгол инфлуенсерүүдийн хэлдэг шиг лаг жавхаалаг, золбоо дүүрэн, ухаалаг мэргэн мундаг нь аргагүй гар төрсөн бол нүдээ аниж сууж байгаад л “сэтгэл” гаргангуут л тэднийг чаддаг болчих ч байсан юм бил үү. Томчуудын ярьдаг шиг монгол хүн болж төрөнгүүтээ л лаг өндөр IQ-тэй болоод л, азийн цээжинд төрсөн заяагаараа л бусдаас чадамж илүү, цэвэр авъяасаараа дүүлэн нисэж явахгүй юу. Даанч тийм биш болохоор өдөр шөнөгүй өөртэйгөө ажиллаж суусан нь аз биш эз ч юм билүү?
Ажлын өдрүүдээр ажиллана, хагассайнд ажиллана, бүтэнсайнд ажиллана, цагаан сараар ажиллана, шинэ жилээр ажиллана, мартаар ажиллана, наадмаар ажиллана, өөр ямар ч баярууд байдаг билээ дээ ер нь монголчуудын тэмдэглэдэг бүх баяраар ажиллана. Угаасаа баяр болгон архитай холбоотой болохоор тэмдэглээд байх шаардлага ч байхгүй. Өөр тэгээд төрсөн өдөр энэ тэр өдрүүдээр яах уу? Мэдээж ажиллана. Тэгэхээр аз уу эз үү?
Аз? эз? эз эз эз эз? Аз аааз? Хаанаас ямар хүн яаж харахаас л шалтгаална л даа. Кинонд ажиллах хэмжээний чадвартай хүн яаж болохыг мэддэг байсан бол эсвэл тийм мэдлэгтэй “mentor”-той байсан бол ингэж их цагийг өөртөө зарцуулж, хэрэгтэй хэрэггүй олон юм сурч суухгүй байсан байх. Одоо зарим сурсан зүйлсийг бол хэрэглэдэг ч үгүй.
Хажуугаар нь бас лаг монгол хүмүүсийн стандартыг дагаж, бүгдийг лаг хийдэг байх гэж олон юм руу үсэрч цаг гарздахгүй байсан байх. Амаараа лаг хүмүүс их бий шүү дээ. Чиний насан дээрх эр хүн чинь лаг ажилтай, эхнэртэй, хүүхэдтэй, бизнестэй, машинтай, байртай, ер нь л лаг байдаг, бүгдийг өөрөө зохицуулдаг байхгүй юу гэж мэгээд л тээ.
Эр хүн чинь бас дээр нь дуулдаг, бүжиглэдэг, олон хэлтэй, хүнтэй дуу шуутай, ахмадууддаа хүндлэлтэй, буурь суурьтай, ухаантай, сэргэлэн, өргөн талын мэдлэгтэй, хөгжилтэй, эмэгтэй хүнийг хүссэн үедээ инээлгэдэг, сагс волейбол хөлбөмбөг биллиард теннис сайн тоглодог, эмэгтэй хүнийг ойлгодог халамжилдаг, хүнд тусархуу, энэрэнгүй, буурь суурьтай, ноён нуруу нь хугардаггүй, хийморьтой, хүргэн болвол тэгээд хадамдаа элэгтэй, хүргэн хүү хүчтэй гээд л хэдэн гэр бүлийн өмнөөс хэлээ цухуйлгалгүйгээр зүтгэж байх ёстой, караокед дуулдаг, золбоолог, стиль сайтай, загварын олон талын мэдлэгтэй, царайлаг, өндөр нуруутай, нийгмийн байр суурь өндөр гэх мэт шалгуур үзүүлэлтүүдийг хангадаг байх ёстой.
Ертөнцийн мухарт хэн ч бишийн хүү болж төрөөд, өөрийн гэсэн бүхнийг өөрийн гараар бүтээх гэж зүтгэж яваа хүн энэ их цагийг өөртөө зарцуулж яваа гар яг тэр их шаардлагийг хангаж харагдаач. Тэрийгээ ч ухаарч амжилгүй, хэдэн жилийг хүмүүсийн эр хүнд байх ёстой гэсэн чанар болгоныг өөртөө агуулах гэж хичээж, бусдын сайн сайхан байдлыг өөртөө яаж бүтээх үү гэж гайхаж ч ирж. Хүн л болсон хойно хөөрхий амьтан бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэж үзсэн юм байлгүй. Би ийм хүн гэх мэдрэмжийг өөрөөсөө хайж биш, бусдын хандалтаас мэдрэх гээд л тээ.
Гол нь яг тэр нь бүтэж харагдаач. Хүн бүр төрөхдөө л шууд бүгд нэг гараанд нөж тас атгаж төрөлгүйгээр, өөр өөр цэгт, өөр өөр нийгмийн шатанд, өөр өөр эхлэлтэй төрдөг. Тэр мэрийг ч ухаарч амжилгүй, охид тийм залууд дуртай гэнгүүт л өөрийгөө тийм бишд нь харамсаад, яаж тийм болох уу ч гэж мангартаж суудаг үе бас байлаа байлаа. Ер нь тэгээд тэр их цагийн ихэнхийг нь алдаа гаргаж, өөрийнхөө арчаагүй тэнэгийг гайхаж өнгөрөөсөн л дөө угаасаа. Хажуугаар нь хаа нэг тэртээ тааралдаж байдаг эмэгтэйчүүдээс доромжлол, шоололт цуглуулаад авна аа бас зүгээр ч үгүй. Хүртэх ёстойгоо хүртсэн л юм байлгүй.
Юутай ч тэгээд яаж визуал эффект хийдэг байна аа гэх гэнэн бацааны сонирхол, төрөлхийн зөрүүд гөжүүд толгой хоёр хоршоод их бага, бага ихээр ч хамаагүй тэр нэг гэнэн сонирхолооо хаялгүйгээр л яваад байж. Яг нөгөө өөрийнхөө тэнэгээ гайхаж явсан бодлоо гишгүүр болгож явсаар явсаар явсаар явсаар л байж…
Гэхдээ замдаа олон зүйлст сатаарч, хүн чинь 18 насандаа ийм, 20 насандаа тийм, 25н насандаа тэрэн шиг гэх мэт стандартуудыг харж анхаарлаа сарниулахаас гадна эр хүн чинь ийм тийм байх ёстой гэх балай юмнуудад ч их анхаарлаа хандуулж, өөрийнхөө сонирхол хүсэлд хороох цагаа дэмий зүйлст их багаар зарцуулж ч явж (нээрэн эр хүн зөрүүд байх муухай харагддаг гээд байсан шд бас).
Уг нь тэр их цагийг найзуудтайгаа хамт элийрч, дэмийрч байсан бол ч тээ. Дотадаад л, бие биенээ хийгээд л, бөмбөг хөөж гүйж өөрсдийгөө хөлбөмбөг тоглож байна гэж хөөргөөд л тээ бас. Найзуудтайгаа шоудаж дуусаад, хэдэн залууд зодуулаад гэр лүүгээ хоёр хөл дээрээ орно гээд хөмхийгөө зуугаад л хана түшиж алхаж байсан хүртэл сайхан дурсамж болчихдог юм.
Эндээс тэгээд харахад хүн өөрийнхөө амьдралын аль нэг хэсэгт хүрсэн амжилт, ямарваа нэг цэгнээс аз жаргал авалгүйгээр, өөрийнхөө амьдралд урсан өнгөрч байгаа цагийг яаж өнгөрөөснөөрөө өөрийнхөө аз жаргалыг хэмждэг гээд хэлчихэд болох юм шиг. Кинонд хорхойтой гар тэгээд өөрийнхөө дуртай кинонд ажиллалаа, тэр киноны найруулагчын тусгайлж хандаж хэлсэн үгийг сонсож байгаад л киногоо хамт олонтойгоо үзлээ. Миний амьдралын энэ цаг мөч ямар байв?
Жаргал гэгч нь үү, зовлон гэгч нь үү? Эсвэл аль нь ч биш үү? Учир зүггүй инээгээд, киноны гол гол хэсгүүд дээр уйлах нь холгүй сууж байсныг бодоход жаргалтай байсан юм байгаа юм. Гэхдээ мэдээж тэрүүхэн тэр мөчдөө. Киног үзэж суух тэр богинохон хормуудад. Харин тэр мөч хүртэл миний амьдрал ямар байв? Аз жаргалаар дүүрэн байв уу? Найзууд, гэр бүлийнхэнтэй байх хэсэг хугацаанаас бусдаар бол мэдээж үгүй.
Хүн тэгээд тэнэг л сда хойно, нэг зорилго тавиад тэрэндээ хүрэнгүүт л гэв гэнэт өөрийнх нь амьдралд нар гийж мийгээд л, аз жаргал гэдэг юм нь цунами шиг л амьдралд нь ороод ирнэ гэж боддог юм шиг байгаа юм. Төрөхдөө тэгж бодож төрдөггүй ч байж мэднэ. Гэхдээ өдийд хаа сайгүй инфлуенсерууд бөгсөө олон янзаар заран холхилдож, нүдээ нээнгүүт л өөрт нь байхгүй амьдралтай лаг гар ингэж байна тэгж байна гэх юмс сошиал медиагаар дүүрэн байхаас гадна насаар ахмад болохоороо л бусдаас ухаантай болчихдог гэсэн эргүү мунхаг нь хэтийдсэнээр барахгүй, сонин үзэл бодолтой алиа лалруудын хүн гэдэг чинь ийм байх ёстой гэж хэлсэн ярьсан болгон бага балчир наснаас л хоёр чихний хооронд холхилдсоор байгаад тархинд их бага хэмжээгээр хүн ямар нэг “юм”-тай байж, ямар нэг мундаг том зорьсон “юм”-тай байж байж өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байна гэсэн ойлголттой болдог байх. Яалтай ч билээ дээ, хүн төрөхдөө өөрийнхөө ухааныг тээж биш, амьдралд оролцох гишгээ бүрээр тэр ухаанаа хөгжүүлж байдаг хойно, хаа нэгтээгээс хорон санаа бодол ухаан санаанд яаж ийж байгаад үлдчихдэг байх.
Уг нь найзын минь хэлдгээр “одоо байгаа цагаа enjoy” хийж амьдрах хэрэгтэй гэдэг бол үнэн ч байх. Урт удаан хугацааны турш чармайж чармайж байгаад нэг цэгт хүрэнгүүтээ гэнэт л лаг аз жаргалтай гар болчихно гэдэг философи биш, өөрт оногдсон хором бүрийг чадах явахаараа дурсамж дүүрэн өнгөрөөж, өөрийн гэх үзэл бодолдоо тууштай байн зорьсон зорилгодоо таарах зовлон жаргаланг туулан өөрийнхөө хэмжээнд тэрүүхэн тэндээ жаргалтай байх гэх философи арай дээр ч байх.
Хүн бүр арабын шах болж төрөөд 1001 эхнэр авч, үлгэр домог болж үүрдийн үүрд бусдын чихэнд хангинаж лай болохоор лаг амьдралтай биш хойно, ямар нэг юманд зорин өөрийнхөө сэтгэлгээ, эрмэлзэлийг хурцалж байх хэрэгтэй л дээ. Зорилго гэдэг юм чинь тэгээд тийм лаг эд биш ээ бас. Хоёр жилийн өмнө бол өдөрт 2 сав ус ууна гэдэг зорилготой байлаа. Энэ чинь харьцангуй зүйл. Лаг төрсөн гарууд бол мундаг зорилготой байдаг байх л даа. Мань мэтийг тэрнийхээ гадуур үлдээчих.
Ер нь ч тэгээд монгол инфлуенсеруудын ярьдаг шиг зорилго гэдэг юмыг олоод авангуут л тэнгэрийн умдаг шүүрсэн лугаа юм болж, өөрийн чинь эрх билгийн нүд духанд чинь нээгдээд л, юмсын учрыг нь хурдан олдог болохгүйгээр өөрт чинь хэрэгтэй болгон чам руу соёл урлагынхан сонгуулиар намуудад наалддаг шиг л гүйгээд ирдэг гэдэг шиг болохгүй шүү дээ. Яг үнэндээ зорилго гэдэг юмыг дагаж чамайг тарчлааж байх зовлон л ирнэ. Өөрийнхөө чаддаггүй юмыг чаддаг болох гэж байгаа биз дээ угаасаа?
Юутай ч тэгээд зорилготой байна гээд өөрийнхөө сэтгэлгээ, эрмэлзэлийг л дайчилж чадаж байвал бусад бол лай л байна. Өөрийн гэсэн үзэл бодолд үнэнч байж сурсан хүмүүст бол гайгүй байх өө. Гол нь хаанахын ямар ч гар хүнд хэрэгтэй юм хэлж, өөрт чинь зайлшгүй хэрэгтэй юм ярьж, амьдрал зааж өгч байна гэх ухааны юм яриад эхлэнгүүт хүнд мэдэгдэлгүй хармаандаа салаавчаа гаргасан шигээ зогсож байх юм шиг байгаа юм. Ай салаавч аа гэж, буянтай эд шүү өөрийнхөө бодлыг чимээгүйхэн хамгаалаад зогсож байхад. Хорвоо дэлхийн хүн бүр ганц амьдралыг туулж байхад хэн нь хэн дээ амьдрал заах гээд ч байдаг юм ер нь. Өөрийгөө бодож эхэлсэн хүн бусдад амьдрал зааж эхэлдэг гэдэг ч үг бий. Яахав бусдад “mentor” байх бол шал өөр хэрэг.
Заа за үг холдож, тиндер ч жингэнэж байна. Ганц өгүүлбэрээр хамахад:
Дурсамж + өөрийн үзэл бодол + өөрийгөө дайчлах эрмэлзэл = Аз жаргал
2021.04.03
Д.Төмөртогтох
Лондон, Их британи
Photo by Alex Fu: https://www.pexels.com/photo/wide-road-with-street-lights-3289156/