Монгол мөрөөдөл

Унших хугацаа: 11 минут

Жирийн орой өөрийн эрхэлдэг фб группыг цэвэрлэж суулаа. Уг нь англи хэл сурахаас эхлээд гадаадад сурах хүртэлх бүх зүйлсийн талаар бичих, мэдээллийг бусадтай хуваалцахад зориулсан боловч 141 мянга гаруй гишүүнтэй болохоор шал далий пост оруулах хүмүүс үе үе гарч ирнэ. Хөөрхий дөө сда гэж дээ гэмээр гаруудын сургалтын маркетингаас эхлээд янз бүрийн сэдвээр өрнөсөн зүйлс дунд нэг залуугийн үг цээжлүүлдэг номны маркетинг харагдлаа. Мань эрийн толгойн дахь тархины эд эсүүдийн урвалын үр дүнгээр бол үг цээжлэх нь гадаад хэл сурах гол арга юм байх. Нэг монгол бачкагийн хувьд тийм бол олон улсын эрдэмтдийн судалгаагаар гадаад хэл сурах хамгийн муу арга бол үг цээжлэх гэж ирээд л би энэ талаар энд, тэнд, бас энд, тэгээд англи хэл сураад тэрийгээ баталгаажуулах шалгалтыг хэрхэн давах талаар ч бас энд, ингээд ч бичсэн.

За тэр англи хэл сурах ч яахав. Яагаад сурах хэрэгтэй гэдгээ мэддэг хүнд бол easy-peasy. Гэхдээ хүмүүс чухам яагаад тэгж хэл сурах гэж бөөн юм болоод байдаг юм? Уг нь монголдоо монголоороо яриад монголчуудтай л байхаас хойш тийм ээ. Шууд ингээд хэлэхэд өө тийм дээ гэмээр санагдах ч энэ бол шал буруу ойлголт шүү. Нэгд, одоо үед хүссэн хүсээгүй бүх зүйл глобалчлагдаж эхлээд хүмүүсийн гар утаснаас эхлээд бүх зүйл англи хэл дээр болсон үед хадны зураг тайлж унших гэж байгаа сармагчин шиг баймааргүй бол англи хэлний тодорхой хэмжээний мэдлэг хэрэгтэй. Хоёрт, ажлын талбарт гадаад хэлтэй байх нь цалин пүнлүү албан тушаалаас эхлээд их давуу тал олгодог. Англи хэлтэй байгаа учраас л хүмүүсийг ажилд авдаг байсан үе хэдхэн жилийн өмнө. Гуравт, англи хэл сайтай, дижитал ертөнцийг ашиглаж чаддаг бол өөрт хэрэгтэй маш их мэдээллийг хүссэн үедээ олж аваад тэрүүгээрээ сайхан амьдрал бүтээхэд ашиглаж болно.

Магадгүй сайн сайхан амьдралд хүрнэ гэдэг нь хүмүүсийг их шуугиулдаг байх. Мунаг том жип машин унаад л, нэг тийшээ харахад баахан хүмүүс магтаж бишрээд л, нөгөө тийшээ харангуут лаг хүүхэн хажууд чинь суусан нүдээ ирмээд л тээ. Өглөө босохдоо л хоёр гүүрний цаанаас өөрийг нь шүтдэг олон хүмүүстээ өглөөний мэнд гэж ирээд л хааяа хааяадаа ч биш байнга шахуу гадаадын нэг зочид буудалд chil хийгээд л, өөрийнх нь бүх зураг гял цал нүд гялбам. Зүгээр сууж байхдаа л улс оронд болж байгаа асуудлуудын талаар тун чиг зөв бодлыг илэрхийлж, түмэн олонд яаж амьдралаа сайжруулах талаар хэлэх сургааль айлдаад л, өөрийг нь сураглаж ирээд янзан бүрийн зөвлөгөө авах гэсэн хүмүүсээс их юм байхгүй. Яг л нөгөө манай монгол инфлуенсерүүд шиг л тээ.

Инфлуенсерүүд ч гэж дээ яагаав нөгөө хүмүүс сошиалаа нээгээд харангуут лаг ухаантай царайлж, түмэн олныг “инфлуенс”-дээд байж байдаг хэсэг бүлэг нөхдүүд. Нөгөө хэдэн гаруудаас зарим нь чи өөрийн өрсөлдөгчөөсөө илүү байх хэрэгтэй, юутүбчин болоод л мөнгийг сааж эхлэх хэрэгтэй гэж ирэх бол бас зарим нь бид бүгдээрээ л үхнэ гээд тэрнээсээ өмнө том том юм хийх хэрэгтэй ч гэнэ, бусад бас бус хүмүүс нь юу гэдэг ч байгаа юм. Үгүй тэгээд чухам яаж вэ гэж хүмүүс асуухаар гүүглдээд үз, интернетэд бүх зүйл байгаа, ухаалаг утас барьчихаад наадхаа ухаалаг ашиглаж сур энэ тэр гэнэ. Эсвэл тэгээд өөрсдийнх нь эрхэлдэг бизнесийн үйлчилгээ, бараа, сургалтыг авах хэрэгтэй гэнэ. Сайхан амьдралд хүрэхийн тулд өрсөлдөгчөөсөө илүү их үг цээжлэх хэрэгтэй гэдэг нэгний хувьд өөрийнх нь номыг авч, англи хэлний сургалтанд нь суух гол бол аж үйлдвэрлэлийн 4 дэхь хувьсгал ярьдаг нөгөө нөхрийн хувьд өөрийнх нь сүлжээний бизнест орох нь их чухал юм байх.

Эдний хажуугаар өөр нөгөө инфлуенсерүүд нь тэднийхээ бизнесийг шоолонгоо өөрийнхөө бизнесийг ярьж олонд шахах нь ч байх бол монголд өрсөлдөх гэсэн чинь өрсөлдөгч алга аа гэж өөрсдийгөө хөөргөх нь ч бий. Яг үнэндээ хошин шог, уб комеди үздэг хүмүүстэй “өрсөлдөнө” гээд бодоход бол энэ – fair point. Монголд ихэнх хүмүүс зугаа цэнгэл хөөж, хошин шог уб комеди үзэж байхад өөртөө цаг гаргаад хөдөлмөрлөж чадаж байгаа хүнд бол тэр инфлуенсер гэх нөхдүүдийн яриад байгаа шиг хүн болж, бусдаас илүү чадвартай байх бол угаасаа амархан.

Бодоод үз. Манай Монгол улс 3н сая хүн амтай, тэрнээс их залуу улс болохоор ажлын талбар дээр байх боломжтой 1.2 сая хүн бий гэж тооцъё. За тэгээд хөдөөний, орк гэж ад үзээд байдаг хүмүүсээ эндээс хасаад үз. Инфлуенсерүүд болон орчин үеийн монголчуудын үзэл бодлоор эдгээр хүмүүс их дорд зэрэглэлийн, их элбэг байдаг юм байх. Яахав талыг нь хасчихвал болох юм уу? За барагцаалаад 500000 хүн үлдээчихье. Эндээс ажил хөдөлмөр эрхлэлтийн 20 орчим салбарт барагцаагаар 2500 хүн нэг салбарт ногдоно. Мэдээж салбар бүрт харьцангуй тооны хүмүүс ногдоно. Зарим салбар бол ажиллах хүчээр дутагдаж, цангаж байгаа. Одоо нөгөө 2500 хүнээс нэг салбарын мэргэшиж тусгаарлагдах олон жижиг салбарууд, олон компаниуд гээд цаашаа хуваагдаж өгнө. Тэгсээр байгаад нэг хүнд яг өөрийнхөө мэдэх, сонирхолтой талбарт бол ойролцоогоор 25-100 хүн л ногдож таарах байх. Тиймдээ ч манай монголд нэг салбарын хүмүүс бие биенээ ураг хамаатан садан шиг сайн мэддэг. Хүн багатай болохоор өрсөлдөөн ч бараг байхгүй шахуу, “манайхан угаасаа ийм” гээд нэг шатандаа гараа хөтлөлцөөд зогсож байх нь олонтаа. Ийм байдалд бусдыг хошин шог, уб комеди үзэж, янз бүрийн партигаар явж цагаа үрж байх зуур өөрийнхөө чадвар, мэдлэгт хувь нэмэр оруулж байхад нэг мэдэхэд л өөрийн чинь байгаа байдал бусдаас өөр болоод ирдэг.

Харин улсаасаа хэтийдээд өөр улсад хүчээ үзье гэхэд хэдэн санах зүйлс бий. Арын хаалга байхгүй, аав ээжийнхээ нэрээр ажилд орж чадахгүй гээд л манайд ажиллаад байдаг муу арга энэ тэр огт байхгүйгээс гадна бүх зүйлс шударга, тухайн хүний ур чадвараас шууд хамаарахаас эхлээд гоё зүйлс их ч ширүүн өрсөлдөөнд бэлэн байх, өөрийнхөө CV-г бэлдэхээс эхлээд ярилцлаганд биеээ хэрхэн авч явах гээд манайхны бодох ёстой хэд хэдэн зүйлс бий. Тэрийг наад захаас нь өөрийн туршлагад тулгуурлаж бичих гэж үзье гэж бодлоо.

Disclaimer: Олон нийтийн хувьд тийм ч сайн үнэлгээ авахгүй, бүх зүйлийн хойно яваа нөхөр бичсэн шүү. Унших эсэх, уншаад юу гэж бодох эсэх чинь өөрийн чинь дур.

Photo by Matt Ragland on Unsplash

Нэгд, өөрийнхөө линкединг гоё цэвэрхэн авч яв. Human resource manager (HR)-уудын заавал орж хардаг сошиал бол линкедин. Тийм болохоор тэндээ өөрийнхөө юуны талаар сонирхолтой, юуны талаар бичдэг, юу хийж байсан бэ гээд бүгдийг нь цэвэрхэн цэгцтэй хөтөл. Сурсан сургууль, дүүргэсэн сургалтуудаа бүгдийг нь бичихээс гадна тэндээ юуны талаар сурч, ямар чадвар эзэмшсэн талаараа товч бич. Жишээлбэл тэр сургуулийн эдийн засгийн бакалаврын дипломтой гэж биш тэр сургуулийн эдийн засгийн бакалаврын зэргийг хамгаалж, микро макро эдийн засгийн бат суурьтай болж, улсын дунд орлоготой иргэдийн амьжиргааг дээшлүүлэх арга зүйд мэргэшсэн гэж бичнэ гэсэн үг. Линкединд чиний бүх activity-г харж болдог болохоор тэнд өөрийнхөө мэргэжил, сонирхлын талаар бичиж, тэр талаарх мэдээллийг хуваалцаж, тэр талын хүмүүстэй харьцсан байх чинь их тустай. Яг ажил идэвхтэй хайх үедээ линкединий premium-г нь идэвхжүүлчихэл их зүгээр санагдсан. Би лав нэг сарын триалыг нь нээж байгаад үргэлжлүүлж ганц хоёр сар premium-тай байсан. Линкединий premium-г дагаад олон төрлийн курст үзэх боломж нээгдэхээс гадна, өөрийнхөө линкединг хэрхэн сайжруулах талаарх жижиг жижиг зөвлөгөө ч гарч ирнэ. Хамгийн чухал нь ажлын местний талаарх статистик нээгддэг. Ямарваа ажлын байрны заранд хэдэн хүн линкединээр дамжуулж өргөдөл өгсөн байгааг харахаас гадна чи өргөдөл гаргавал тэр хүмүүсийн дунд ямархуу байхыг харуулдаг. Надад 1500 хүн өргөдөл өгсөн ажил хараад боже мой гээд өөрийнхөө өргөдлийг өгөөгүй тохиолдол ч байлаа. Тухайн ажлын местэнд чиний өргөдөл ямархуу харагдах талаар Top 25%, 5% гэх мэтээр харуулна гэсэн үг. Линкединий skill test-үүдийг давах, өөрийнхөө profile-д байгаа skill-үүдийг олшруулах гэх мэтээр өөрийнхөө хувийг аль болох өндөр болгож байгаад өргөдөл өгч болно. Сарын 29 доллар гэдэг л тиймэрхүү болохоос ажлын талаарх янз бүрийн статистик, цалингийн талаар мэдээлэл харах гэх мэт бол их хэрэгтэй байсан.

Хоёрд, ажил олгогч хүний талаас өөрийгөө эхлээд сайн хар. Монголд лаг сайнд тооцогддог, гадаадад бол юу ч биш хэдэн зүйл бий. Чиний лаг мундаг илтгэдэг байх, янзан бүрийн тэтгэлэг авсан байх, олон янзын конференс уулзалтанд оролцсон, сайн сургууль төгссөн байх бол энэ тэр бол тэдэнд огт хүртээлгүй. Манай Монголчуудын хувьд лаг мундаг хэдий ч тэдний хувьд тэр их сургуулиудыг төгссөн хүмүүс бол жирийн л нэг өргөдөл гаргагч хүн. Уг компаний зүгээс бол тэдэнд хэрэгцээтэй байгаа зүйлсийг хийж чадах чадвар чамд байна уу үгүй юу гэдэг л чухал. АНУ, Австрали, Англи, Япон, Солонгос гэх мэт том улсын компани өөрийнхөө улсын өчнөөн олон сая иргэдийн дундаас биш, хаа газрын сураггүй жижиг улсын нэг хэн ч бишийн визийг ивээн тэтгэж өөрсдөдөө илүү ажил нэмж байн тэр хүнийг ажилд авах ёстой гэж? Миний ментор бол чиний ажилд орох өргөдөл “би танай улсын энэ ажлын местэнд байх бүх хүмүүсээс чадвараараа хавь илүү учир танайх ажлын урилгаа надад өгөх ёстой” гэх хэлэх ёстой гэж байсан.

Гуравт, чадварлаг бол. Өөрийнхөө хүссэн ажлын местэнд хэрэгтэй бүх чадварыг судал. Indeed, linkedin, glassdoor, monster гэх мэт сайтуудаас өөрийхөө хүссэн местийн талаар сайн судал. Гол дүрэм бол тэнд жагсаалттай байгаа essential skills-үүдээс 75%, desirable/nice to have – аас нь ганц хоёрыг мэддэг байхад болно. Заримдаа хэтэрхий их юм шиг санагдана, хэтэрхий төгс хүн хайгаад байгаа юм шиг санагдана, эсвэл өөрт чинь тийм чадвар байхгүй ч байж болно. Тийм мэргэжилтэй болох гэсэн юм, яаж эзэмших үү гээд янз бүрийн форумд бичиж үз, тухайн салбарын нэр хүндтэй мэргэжилтнээс мэйлээр асууж үз. Форумд бол хүмүүс янз бүрийн хариулт өгнө. Чи өөрөө хүнтэй яаж харилцахаа мэддэг бол нөгөө мэргэжилтнээсээ сайхан зөвлөгөө бүхий мэйл ч авна. Надад 2013 оноос хойш зөвлөгөө өгч буй хэд хэдэн хүн бий. Заримтай нь одоо хүртэл би холбоотой байдаг.

Дөрөвд, эрт эхэл. Гүүглээс чиний хүссэн ажилд хэрхэн орсон хүмүүсийн блогийн нийтлэл, юутүб бичлэг, подкаст ярилцлага мэтийг судалж ол. Том компанид орох гэж зорьж буй бол тийм түүхүүд угаасаа олдоно. Тэрийг нь дага, зөвлөгөөг нь дага. Бусад хүмүүст болоод байсан юм бол чамд яагаад болохгүй гэж? Авахыг нь аваад хаяхыг нь хая. Өөрийнхөө чадварыг дээшлүүлж, CV-нд орох зүйлс гэх мэт зүйлсээ эртнээс бэлд. Хэзээ ажилд орох гэж бодож байгаа юм, тэр өдрөөсөө 6н сарын өмнө өөрийнхөө бүх зүйлсийг бэлэн байлгана гэж тооцох хэрэгтэй. Энэ нь ажлынхаа местэнд хэрэгтэй чадваруудаас ядаж заримыг нь эзэмшсэн гэдгийг баталж харуулсан юм аль хэдийн бэлэн байх ёстой гэсэн үг. Өөрийгөө бэлэн болсон гэж үзээд ажилд орох өргөдөл өгсний дараа маш удаан хариу хүлээх хэрэг гарна. Ажлын өргөдлийн процесс хэдэн долоо хоног жонхуурдаг. HR хүмүүс ч ажлын өргөдөлд хариу өгөхдөө их удаан. Арга ч үгүй байх, нэг местэнд хэдэн зуун хүний өргөдөл очиж байгаа хойно. Тэр болгоныг шүүж үзэж, нөгөөдүүлийг ажлын ярилцлаганд урих эсэхээ шийдэх хэрэгтэй байдаг.

Тавд, чи яг хэн юм гэж хайхад *харагдах* юмтай бай. HR хүн чамайг ажлын ярилцлаганд урих уу байх уу гэж шийдлээ гаргахаасаа өмнө чамайг ямархуу бачка вэ гэдгийг гүүглдэхэд чи яг юу гэж гарч ирэх вэ л гэсэн үг л дээ. Орчин үед энэнд хүмүүс online presence гээд нэршил өгөөд үүнийг хэрхэн сайжруулах талаар янз бүрийн курс ч бий. Өөрийнхөө огт хэрэглэж байгаагүй, цоо шинэ интернет хөтчөөс гүүглдээд үз. Тэр хайлтууд чамайг ямар хүн гэдгийг илэрхийлж чадаж байвал сайн. Үгүй бол тэгээд HR-н хувьд чи хэн ч биш гэж харагдана. Өөрийнхөө online presense-г сайжруул. Гүүглийн яаж хайлтын үр дүн гаргах алгоритм буюу Search Engine Optimization (SEO) -д амархан багтахын тулд янз бүрийн сошиал медиад багтах нь их зүгээр. Мэргэжлийнхээ талаар бичиж болох Medium-с эхэл. Тэндээ ганц хоёр нийтлэл биччих. Өөрийнхөө мэргэжилтэй холбоотой онлайн сошиал сувгуудад бас бүртгүүл. Боломжтой бол өөрийн гэсэн блогтой ч бол. Миний хувьд бол өөрийн гэсэн блогтой тэндээ голцуу монголоор солиорч суудаг. Яах вэ тэгээд 100000 гаруй удаа хүн уншсан, монгол блогоос гарах линкүүд, хүмүүс нэрээр гүүглд хайлт хийж блог унших гэх мэтээр SEO-д тустай. Харин мэргэжлийн зүйлсээ блогдоо зөвхөн англи хэл дээр тодорхой зайтайгаар тогтмол бичдэг. Би medium хүчээ аваагүй 2015 онд online presense-дээ бэлдэж блог нээж байсан болохоос одоо үед бол medium+linkedin байхад хангалттай гэж хэлнэ.

Зургаад, ярилцлагандаа сайн бэлд. Компани ямар хүн хайж байгааг ажлынх нь зарнаас хараад яг тэр хүн бол. Өөрөөр хэлбэл гэрийн даалгавраа сайн хий. Ямар хүн хайж байгаагаа бичсэн, тийм хүн хайж байхад чи ярилцлагандаа шал хөндлөн юм яриад байж болохгүй биз дээ? Ярилцлаганы үед HR хүмүүс hard skill буюу яг нарийн чадвар хайхаас гадна soft skill-г бас их харна. Энд багаар ажиллах чадвартай, ямар ч эгогүй байх бол хамгийн чухал. Үүнийг гаргаж хэлэхдээ багаар ажиллаж байхдаа ямар алдаа гаргаад тэрийгээ хэрхэн зассан, багийнхаа гишүүний хийгээгүй ажлаас болоод нийт ажил доголдож байхад чи яаж тэр асуудлыг шийдсэн, чиний ажлыг хэн нэгэн шүүмжлэхэд яаж хандсан, чи нэг ажлаа даргынхаа заавраар олон дахиж хийх болсон үед тэрэнд ажлын олон өөрчлөлтийг яаж хурдан шийдэж, хэрхэн заавар, өөрчлөлт хийх шаардлага бүрийг хангасан гэх мэт зүйлсийн талаар ярь. Ярихдаа STAR method гэдэг техник ашигла. Энэ их элбэг техник, гүүглдэж судлаад сайн эзэмш.

Долоод, компаныхаа талаар мэдлэгтэй бай. Уг компаныхаа сайтыг орж унш. Үүх түүх, өөрийн гэсэн байгууллагын соёл, хийж буй ажил гэх мэт зүйлсийг судалж мэд. Гадны ажлын зар тавьдаг сайтуудад компаниудын талаар хүмүүс шүүмж бичсэн байдаг. Тэнд ажиллахад сайн, муу талаас гадна цалингийн талаар ч бичсэн бий. Тэдгээрийг унш. Компаныхаа талаарх Wikipedia-г ч унш. Мэдээж нэр хүндтэй том компанид ажиллахыг зорьсон л байлгүй. Үгүй бол том газар орно гэж зорь. Жижиг дунд компаниуд senior зэрэглэлийн том мэргэжилтэнд виз гаргах гэж үзэхээс бусдад нь бол виз гаргах нь юу л бол. Ярилцлагын үед HR хүмүүс өөрсдөө компаныхаа талаар тодорхой танилцуулга өгнө л дөө гэхдээ чухам яагаад энэ талаар мэдлэгтэй байх хэрэгтэй вэ гэхээр HR уг хүнийг өөрсдийнхөө компанид зохицох хүн үү гэж харах үүрэгтэй байдаг. Зохихгүй хүн авах нь тэдэнд хохиролтойгоос гадна, албан байгууллагын уур амьсгал муудах гэх мэтээс болж сайн хүмүүсээ тэр шинэ хүнээс болоод алдах тохиолдол ч бий. Компаний талаар хичнээн сайн мэднэ, төдийн чинээ HR-н нүдэнд тэдний байгууллагад тохирох хүн гэж харагдахад амар.

Наймд, ярилцлаганд орох гэж буй бол чамайг шүүх хүнийг судал. Ихэвчлэн HR-тай хамт өөрийн чинь supervisor, тэгээд шийдвэр гаргах хүн ярилцлага авна. Заримдаа supervisor, шийдвэр гаргах хүн нь нэг хүн ч байна. Энийг HR хүмүүс угаасаа хэлнэ, хэлэхгүй бол шууд асуу. Тэр хүмүүсийн талаар гүүглдээд, блог линкедин тэдний талаарх мэдээллийн сайтад юу гэж бичсэн гэх мэтийг уншиж үзээд өөртэйгөө холбож, ярилцлагыг илүү дотно уур амьсгалтай байлгах талаар бодож үз. Мөн ярилцлагандаа олон янзын албан тушаалтай хүмүүсийн дунд байх үедээ бүх хүмүүст адил анхаарал хандуулж, нүд рүү нь харж, хүн бүрт тэнцүү анхаарал хандуул. That is called being respectful.

Есд, өөрийнхөө CV-г сайн анхаарч уншиж, нарийн бэлд. Үг үсэг дүрмийн алдаа харахаас гадна, нэг хуудсанд өөрийнхөө талаар бүх зүйлсийг багтаа. Тэр нь HR-н нүдэнд амар, бас өөрийг чинь юманд бодолтой байж, юмыг олон талаас харж чаддаг гэж харуулна. Энэ тохиолдолд бол HR-н талаас харж үзээд тэдний ажлыг амарчилсан гэсэн үг. Ярилцлаганд өөрийн чинь CV-с ганц хоёр асуулт заавал ирнэ. Хийж байсан ажлынхаа талаар сайн ярих бэлтгэлтэй бай. Харин ярихдаа асуудлаас шийдэлд яаж хүрсэн талаас нь ярь. Ямар асуудал байсан, асуудлыг шийдэх бэрхшээлүүдийг хэрхэн тооцсон, хэрхэн brainstorm хийж ямархуу шийдлүүд олсон, эдгээрээс ямар учир шалтгааны улмаас тухайн асуудлаа шийдсэн уг гарцыг сонгосон, тэрэнд ямар байдлаар өргөтгөл, сайжруулалт хийх боломжтой гэх дарааллаар ярь. Энд нөгөө өмнө дурьдсан START method-г ч ашиглаж болно.

Аравт, би хийсэн, би ингэсэн, би тэгсэн гэж биш миний роль бол ийм байсан, энэ ажлыг гүйцэтгэхэд миний оролцоо ийм байсан гэх мэтээр боломжтой бол өөрийгөө subject байдлаар битгий ярь. Би, би, би гээд өөрийгөө ертөнцийн төв мэт яриад байх ер нь онцгүй байдаг. Соёлын ялгаа гэдэг нь л тэр байх. Одоо үед багаар хийдэггүй ажил гэж байхгүй. Багт ямар гишүүн байж чадсан бэ гэдэг чинь л чухал.

Арван нэгд, юуны талаар асуугдахаа ярилцлаганы өмнө асуу. Зарим HR ганц хоёр өгүүлбэрээр хариулт өгөх бол зарим нь тусгай материал өгнө. Гэхдээ тэгж асуух бол зөвхөн өөрийгөө ярилцлаганд ороход их хүссэн байгаагаа харуулах төдий. Угаасаа ч бөөн хүнээс шилж шилж нэг хүнээс ярилцлага авах болсон чинь нөгөөдөх нь юуны талаарх ярилцлага гэдгийг асуух ч үгүй бол HR өөрийгөө тэнэг юм хийчих вүү гэж бодно биз дээ. Өөрийн чинь хувьд бол хэдэн сарын өмнөөс л гүүглээс тэр компанийхаа местэнд хүмүүсээс ямар асуулт асуудгыг хайж үзээд, тэрэнд өөрийгөө нарийн бэлдээд байж байсан байх хэрэгтэй. Одоо үед янз бүрийн подкаст, юутүб, медиум гэх мэт сувгуудаар хүмүүсийн ярилцлага өгсөн туршлага, тухайн мэргэжлийн HR-уудын зөвлөгөө ярилцлага их байдаг болсон сайхан цаг. HR-уудын яриа их чухал л даа. Тухайн компань чинь тэр хүмүүсийнхээ талаар өөрсдийнхөө сайтад тавьдаг бол тэндээс нэрийг нь олоод ярилцлага өгч, подкастанд орж уу гэж гүүглд хайж үз. Компань хүмүүсээ бичээгүй бол уг компаныхаа нэртэй HR гэж гүүглдээд, линкединээс хайлт хийж үзээд л HR хүмүүсийн нэрсийг олчихно.

Арван хоёрт, тэр компани хүн хайж байгаагаас гадна чи өөрийнхөө тохирох газрыг хайж байгаа гэдгийг мартаж болохгүй. Тухайн газрынхаа талаар асуу, хийдэг ажлыг нь сонирх, өөрт чинь тохирох юм шиг санагдвал тэрийгээ ч илэрхийл. Тэр газрынхаа тухай хийсэн ажлын талаар ч юм уу, HR-с тэнд ажиллах ямар талаар асуу. Миний хувьд одоо ажиллаж байгаа студийнхаа Creature FX-н ажлын явцын талаар сонирхсон. Harry Potter-н Dobby, Paddington bear, 47 Ronin-н луу гэх мэт дүрүүдийг хэрхэн бүтээсэн талаар асуусан л даа. Надад хэлсэн хариултаас би юуг нь ч ойлгоогүй ч ярилцлаганд миний ярих хугацаанаас бас овоо хэдэн минут нь тэгс хийгээд явчихаж байгаа юм чинь хаха 😉 Энэ нь ч бас supervisor-д тухайн хүний юунд дуртай байгааг илтгэдэг юм шиг байгаа юм. Одоо би яг тэр асууж байсан албандаа ажилладаг.

Арван гуравт, эхний хэдэн ажлын өргөдөл чинь хог дээр үсэрнэ. Угаасаа чи fail-дана. Тийм болохоор эртхэн эхлээд хэдэн жижиг газарт өргөдөл өгөөд гялс хог дээр үсрээд тэндээсээ сурах зүйлсээ сураад авах хэрэгтэй. Би хэдэн стартап, амазон гэх мэт газруудад өргөдөл өгч олон янзын алдаа гаргаж аваад тэр болгоноосоо сурах юмаа сурч авсан. Ярилцлага чинь бүтэлгүйтсэн бол чи HR-аасаа feedback асууж болдог. Нөгөөдүүл маань ч тэгж асууна гэж бодоод чамд чухам юу гэж хэлэхээ ч бэлдсэн байдаг.

Сүүлд тэгээд ярилцлаганы үед аль болох өөрийнхөө өгсөн ажлын месттэй холбоотой өмнөх туршлагаа ярих хэрэгтэй. Хичнээн лаг том юм хийсэн ч тэрийгээ өргөдөл өгсөн ажилтайгаа холбож чадахгүй бол дурьдах шаардлагагүй. Тэрийг ярих нь чи өөрийгөө тэнэг байдалд оруулахаас өөр гавъяагүй. Бас тэгээд аливаа юмсыг сөрөг байдлаас харж ярьж огт болохгүй. Энэ бол цэвэр mentality-н асуудал. Тиймэрхүү асуулт ярилцлаганд таарвал тухайн хүнийг can-do attitude-тэй эсэхийг л харж байгаагийнх. Иймэрхүү үед бол асуудлыг шийдэх талаар brainstorm хийгээд л явчих хэрэгтэй. Чухам ямар газрын ярилцлаганд орж байгаагаас энэ хамаарна л даа. Зарим газар өөрсдийн гэсэн асуух асуулт, тэр болгон яаж хариулж байгаагаас хамаараад оноо өгөх маягын хүснэгт бариад өөрөөс чинь асуултууд асууж өгөх бол зарим нь CV-г чинь харж байгаад суудал дээрээ асуулт ургуулж асуух нь ч бий. Энэ бол тухайн байгууллагын соёлоос хамаарах зүйл.

Ер нь тэгээд базаад харахад их төлөвлөлттэй байхаар байгаа биз. Манайхны инфлуенсерүүд, лекторууд, уран илтгэгчид, манлайлагч нар шиг би тэгнэ ингэнэ гэх амаараа ярьж, сошиалд пээдэлзсэн биш цаасанд тэмдэглээд, бодолдоо хадгалж, үйлдлээрээ хөөж байдаг төлөвлөлт хэрэгтэй. Хүмүүсийн “мундаг” гэдэг гарууд шиг зарлаж тунгахлаад бадраад байлгүй, өөрийнхөө хийх юмыг дуугүй хийгээд байх төлөвлөгөө гэсэн үг. За тэр нь байгаад хошин шог, уб комедигоос хол байхад ер нь тэгээд болчихно доо.

Д.Төмөртогтох

2020.08.16

Cover photo by Ali Abdul Rahman on Unsplash

Submit a comment


*

Back To Top