Дижитал Номад – I

Унших хугацаа: 10 минут

Өнөө өглөөг хүн төрөлхтөн амьдрах боломжтой шинэ гараг нээгдсэн гэх содон мэдээгээр эхлүүллээ. Үгүй бас яахав дээ тийм ээ. Хэдэн гэрлийн жилийн цаана байгаа хэдий ч тэр гарагийн нар шингэлт энэ тэр бол манай гарагийнхтай бол ялгагдах аргагүй юм хөөрхий. Тэгээд итгэл байхад хэзээ нэг өдөр болгоно доо гэдэг шиг нэг л өдөр улс төрчид болон тэдний хөл гар хуруу хумс бөгс шүлс, хошин шог уб комеди мэтээс салж чаддаггүй ядуу сэтгэлгээтэй хүмүүс, гараа далайгаад дуу хоолойгоо нэгдэх цагт гэртээ бүгэх хэрнээ, өөрийнхөө нэрийг дэвэргэх болохоор өмнөхөө мартан хийрхэх хүмүүс, нарциссизм буюу өөрөөрөө бардахын ёр тусан өөрийгөө дөвийлгөхдөө нүдэндээ харагдаж буй өөрөөс нь дорой харагдах нэгнийг амандаа хийн тэдний эмзэг сэдвээр тоглоом хийж доош хийж байх зуураа олон хүний сэтгэл зүтгэлийг алж байгаагүй ч мэддэггүй мудак, ёс суртахуун гэдэг зүйлийг зөвхөн өөрийнхөө амбицыг хийргэх хэрэгсэл болгож ашигладаг матровскынууд гэх мэт хүмүүсээс хэзээ нэг өдөр салж нүүгээд тэр гараг руу очих бол ч тээ гээд л бодож суулаа. Гоё биз дээ, нүүж ирсэн гарагийнхаа нар жаргаж байгааг харж хөлөө жийж виски шимэнгээ тэртээ хол харагдах дэлхий гээд гарагт энэ мэтийн олон бачканууд нэг нэгнийхээ дээр доор ороод мунхагралын тамдаа чанагдаж суугаа гэж бодонгоо инээмсэглээд л тэээ…

Photo credit; https://www.pexels.com/@snapwire

Нүүж барих гэснээс одоо үед энд тэнд явж байхад дижитал орчинд өөрийн гэсэн хэдэн хэрэгсэлтэй байх бол зайлшгүй шаардлагатай болсон үеээ дагаад хүмүүс дижитал орчинд нүүж сурах хэрэгтэй болж өөрийн гэсэн нэг жижигхэн дижитал орчин (бүрэн тогтносон улс :P) үүсгэх хэрэгтэй болчихоод байдаг даа. Яахав тэгээд ажил амьдралаа зохицуулдаг, сурлага эрдэм хөөдөг, хувийн амьдралаа хөөж нэхдэг гэх мэт олон апп, дижитал хэрэгсэл, сайтаас эхлээд л компьютерт ашигладаг цаг хэмнэдэг апп, янз бүрийн ажил хөнгөвчлөх арга барил гээд хүн болгон шахуу ийм тийм гэсэн сонголтууд бий дээ тийм ээ. Миний хувьд ч хэдэн хэрэглээний апп болон “hack”-ууд бий. Тэдгээрээс заримыг нь өөрийнхөө хувийн фб-д дуръдсан чинь зарим хүмүүс хэрэгтэй гэж хараад байсан болохоор нь бусад хакуудыг хэдэн апптай хамт оруулаад бөөгнүүлж дуръдая уу гэж бодлоо. Онлайн орчинд хэрхэн өөрт хэрэгтэй сурах материалыг олж сурах талаар, дэлхийн шилдэг их сургуулиудын курсүүдэд санхүүгийн дэмжлэгэтэйгээр сурах болон хувийн амьдралд хэрэгтэй хэдэн хак.

Image: https://abroadship.org/e-learning-mooc-essentials-of-youth-policy-france/

Эхлээд одоо үед өөрт хэрэгтэй зүйлсийг сурах талаас эхлэе. Ямарваа нэг зүйлийн талаар суралцмаар бол Coursera, edx, udacity гэх мэтийн онлайн мүүкүүдийн аппыг утсандаа татаж суулгаад тэндээс тухайн зүйлийн талаар хичээлд бүртгүүл. Энэ гурвын бүх курст нь үнэгүй сууж болно. Яахав даалгавар хураалгах, оюутнуудын форумд орох эрх зэрэг нь хязгаартай байхаас биш бусад нь бол ОК. Coursera, edx -д бол дэлхийн том их сургуулиудын хичээлүүд байх учир чанар маш сайн. Мэдээж өөрийгөө сайжруулахыг зорьж буй хүмүүс бол англи хэлтэй л байлгүй. Хэрэглээний түвшинд дунд түвшин байхад хангалттай даа. Түүнээс хүмүүсийн хүсэж зориод байдаг шиг амнаасаа гарах өгүүлбэр болгондоо ганц нэг сул англи үг хавчуулж байдаг яг тийм нэг социализмын үед сумаасаа пионерын үүргээ маш сайн биелүүлээд, намын үүрэг даалгаврыг сайн овчарка шиг биелүүлж шагнуулаад орост нэг зуныг олон улсын хүүхдийн зусланд явж ирэнгүүтээ буцаж сумандаа очоод сурсан ганц хоёр орос үгээ амандаа хавчуулдаг хүүхэд шиг тийм юм үзээгүй золбин англи хэлтэй байх шаардлагагүй.

Ер нь тэгээд дундаас доош байсан ч хамаа байхгүй дээ. 5н жилийн өмнө мүүкүүдийн хичээлийг үзэж суухдаа титрийг нь идэвхжүүлээд ойлгохгүй байгаагаа титрээс харсанаа дэвтэр дээр бичиж байгаад харж үздэг ч байж. Одооны хүмүүс тийм зовлон үзэхээр хэмжээний муу англи хэлтэй байх нь бага. Гэхдээ англи хэлээ сайжруулах хэрэгтэй гэж бодож буй бол энэ фб групп рүү ороод үз. Дан монголчууд хэл сайжруулах, янз бүрийн шалгалт давах, гадаадад сурах талаар ярилцаж байдаг групп. Тэгээд дээрх мүүкүүдийн хичээлүүд болон udacity – н хичээлүүд бүгд их богинохон 10мин орчимоос хэтрэхээргүй байдаг учраас ойлгохгүй бол бодож сууж, яг юу сонсоод өнгөрчихөв гэж тунгааж суухад бага бага мэдээллийг боловсруулах шаардлагатай болохоор бас амар. Бас курсуудыг вэб хөтчөөс үзэхээс гадна гар утсанд татсан аппаас үзэж болдог нь их дажгүй. Яагаад вэ гэхээр хичээлүүдийг нь гар утсанд татаж аваад тэрийгээ оффлайнаар сонсож үзэж болох юм. Энэ нь ийш тийшээ явж байх замдаа, хүн хүлээж суунгаа эргэн тойронд зөрж өнгөрөх охидын зүс харах цаг, түгжрэлд уураа барж байх зэрэг зуур тэр хичээлүүдийг сонсож эсвэл үзэж болох юм. Udacity видеогоо гараар сонгож дараагийнхыг нь сонгодог нь тийм бол coursera – нх өөрөө автоматаар дараа дараагийн видеонууд тоглогдоод явчдаг. Бас курс болгонд байдаг элдэв янзын quiz – үүд ч хамт оффлайн татагдчихна. Курсуудын сэдэв бизнес менежмент, санхүү эдийн засаг, програмчлал, хиймэл оюун ухаан, англи хэл, IELTS, TOEFL, америкт сурах талаар баримт бичигээ хэрхэн бүрдүүлэх талаар гэх мэт хүнд хэрэг болж болох бүх зүйлсийн талаар бий.

Image: https://chtl.hkbu.edu.hk/main/futurelearn/

Өөр нэг мүүк – г би хааяа орж сонирхдог нь futurelearn. Энд ихэнхдээ Англи, Австралийн их сургуулиудын курсууд байхаас гадна нөгөө мүүк – с арай өөр форматтай. Хичээл эхлэхэд нэг улирал маягтайгаар хэдэн 7 хоног үргэлжлэх элсэлт авах ба тэр хугацаа нь дууссан бол курс хаагдана. Харин coursera бол хичээл, курсууд тийм тогтсон эхлэх дуусах тогтсон өдөргүй ба хэзээ эхлэнэ тэндээс эхлэн өөрийн чинь хувьд тохируулаад тэдэн 7 хоног гэсэн хуваарь гарчихдаг. Edx бол дээрх хоёр форматын холигдмол. Яг тогтсон хуваарьтай курс ч байна, self – placed гээд тогтсон хугацаагүй ч бий. Чухам ямар сургуулийн курс гэдгээс хамаардаг юм шиг байгаа юм. MIT – н курсыг авч сурч байхад яг кампуст нь явагдаж байгаа курстэй адилхан тогтсон даалгавар хураалгах, онлайнаар шалгалт өгөх хуваарьтай байсан. Бакалаврын хоёр курсыг нь давчихаад мастерын курст нь нусаа нааж, элгээрээ чирүүлж билээ. Тэгж байгаад ирэх жилийн наадамд анаа манаагаа нахина даа гээд занасан л байгаа тэрийг.

Image: https://owlcation.com/academia/Great-Courses-Plus-An-Excellent-Way-To-Learn-Something-New

Өөр тэгээд мэдлэгээ тэлж, шинэ чадвар олж авахад тохиромжтой сайт гэвэл TheGreatCoursesPlus, Udemy, Skillshare, Patreon, болон KickStarter. Udemy, Skillshare, Patreon гэх мэт сайтуудад харагддаг хичээлүүд их сургуулиудын хичээлүүд шиг онолд баригдаад байлгүй, практикт ингэдэг гэх маягтай хичээлүүд голдуу. Тухайн салбартаа сайн гэж өөрийгөө боддог эсвэл нэг курс гаргаад мөнгө олъё гэх хүмүүсийн хичээлүүд ч бий. Хэрэгтэй нь хэрэгтэй хог нь хог. TheGreatCoursesPlus – д бол тусгайлан бэлдсэн курсыг тухайн салбартаа багшлах тал дээр олонд сайн танигдсан хүмүүс орно. Курсуудын тайлбарыг харж байхад л багшлах тал дээр тийм ийм шагнал хүртэж ийм тийм ном бичсэн гээд тодорхой харагдана. Сэдвийн хувьд академик талаас гадна танин мэдэхүй, хувь хүний хөгжлийн тухай ч бий. Түүхийн талаарх курсууд бол бүхий л томоохон улс, соёл, шашин, сэргэн бадралт, чухал үйл явдал, нир нөлөө ихтэй байгууллагийн талаарх гэх мэт үнэн шүлс гоожим гоожим. Гэхдээ философийн булан болон Books that matter гэдэг цуврал курсуудын хажууд бол юу ч биш л дээ. Дэлхийг өөрчилсөн 36н номны талаар цуврал гэвэл ямарав дээ. Яахав манай улс төр ярих дуртай хэрнээ Макивалейн “Хунтайж” номыг уншаагүй хүмүүст бол шал сонин сонсогдох байх л даа. Ганц дутагдал TheGreatCoursesPlus – д бий нь курсууд нь төлбөртэй. Уг нь курсыг ширхэгчлэн 50 – 100 н доллараар авдаг байсан бол саяханаас сард 18 фунт болж өөрчлөгдсөн. Сард 60 000 юм уу даа. Яахав их бага эсэх нь хүн хүн бүрд өөр. Надад бол Starbucks орж коффее авч суунгаа зураг дарж сууснаас тэрийгээ хураагаад иймэрхүү курст сарын эрх авсан нь дээр санагддаг юм. Мэдээж бусад хүмүүст бол өөр биз.

Ер нь тэгээд 21-р зуунд янз бүрийн хичээл, курс онлайн их харагдана. Lynda.com гэж байгаад linkedin learning болсон нэг сайт, masterclass.com гэх мэт өөр зөндөө ч бий. Тэдгээр олон төрлийн курсуудын аль нь өндөр чанартай эсэхийг мэдэх вэ гэхээр пират сайтуудад тэр хичээлүүд хэр их байгааг хар. Огт байдаггүй бол хүн тоож хууль бусаар бусдад үнэгүй тараая гэж бодож үзэхээргүй тийм чанар муутай хог эсвэл тэгж хууль бусаар бусдад тараачихаж болохооргүй материалтай нэг тийм алт. Тийм алтан курс бол ховор л доо. Яг тэгээд миний нэр хичээлийн материалуудад наалдаад арилгаж болохгүй болгочихдог гэх мэт асуудалтай болохоор зарим нэг курс огт хулгайлагддаггүй. Харин хүн тоож хууль бусаар бусдад тараая гэж бодож үзэж ч байгаагүй курсууд бол их шүү их.

Бас мүүк курсуудыг ямархууг мэдмээр бол classcentral руу орж үзээд тэнд хүмүүсийг юу гэж дүгнэсэн талаар уншиж үзэж болно. Бүх курсын тайлбар болон хүмүүсийн сэтгэгдэл бий. мүүк курсуудын гүүгл ч гэж хэлж болохоор сайт л даа. Skillshare өөрийн гэсэн тэтгэлэг олгодог. Одоогийн байдлаар хоёр төрлийн тэтгэлэг бий ба нэг нь оюутнуудад 50% хөнгөлөлт үзүүлэх бол нөгөө нь нэг жилийн турш үнэгүй. Манайханд бол тэр оюутнуудад өгөх тэтгэлэг олдохгүй байх. Харин нөгөөд нь өөрийнхөө материалыг бүрдүүлээд хамрагдаж болно. Өөрийнхөө санхүүгийн хувьд хүнд байдлыг бичээд яаж skillshare – г ашиглаж бусдад болон өөрт хэрэгтэй зүйл хийх талаар бичих юм. Чухам өөрөө авч чадах эсэх бол өөрөөс чинь хамаарна даа хө.

https://www.coursera.org/

Coursera ч гэсэн бас нэг тийм тэтгэлэг авах болож олгодог. Дэлхийн шилдэг гэх сургуулиудын онлайн курст хамрагдаад, тэрийгээ дүүргэнгүүтээ өөртөө сертификаттай болох боломжтой гэсэн үг. Ямарав дээ хө. Яаж тэгэж авах вэ гэхээр эхлээд өөрийнхөө суухыг хүссэн курст хамрагдаж audit гэснийг сонгож орчихоод эсвэл тэр курст хамрагдахаасаа өмнө тэтгэлэг авах хүсэлт гаргаж болдог. Сонирхсон курсын хуудсанд хаа нэгтээ харагдах enroll гэдэг товчны хажууд financial aid available гэдэг товчыг дарж өөрийнхөө материалыг эхлүүлнэ. Өөрийгөө яагаад санхүүгийн тусламж авах хэрэгтэй талаар болон энэ курсыг хэрхэн ашиглаж өөртөө хөрөнгө оруулах талаар бичээд өрхийн орлого, сар бүр хэдий хэмжээний мөнгө зарцуулах боломжтой зэрэг асуултанд хариулаад л болоо. Материалын хариу яг 15 хоногийн дараа гардаг. Бас өөрийнхөө зураг, ямар нэг бичиг баримтаар өөрийгөө баталгаажуулах хэрэгтэй болдог. Камераар зураг аваад өөрийнхөө пасспортоо сканнердаад өгчихөд л болчихож байсан. Яахав мэдээж тэр хариу гарахаас өмнө уг курсд audit гэдэг байдлаар нь суугаад хичээлээ сонсоод байж болно. Санхүүгийн дэмжлэг авах нь бол хураалгах даалгавар бий бол тэрийг хийж хураалгах эрх авах, оюутнуудын форумд орох бас курсыг дүүргээд сертификат гэдэг юм авахад л юу юм гэхээс бусдаар бол нөгөө audit – с их ялгаагүй. Зарим хүмүүст янз бүрийн сертификат авах нь амиа тавьж зүтгэхээс ч ялгаагүй болохоор бас тэр нь хэрэг болж магадгүй л юм. Дэлхийд шилдэг 10н их сургуулийн нэгт багтдаг тэр сургуулийн тийм курсыг дүүргэж курсын ийм ажил хийгээд тийм юм сурч иймэрхүү сертификаттай боллоо гээд өөрийнхөө линкединд нэмэх ч юм уу өөрийнхөө товч намтард цохоод биччихэд бас л данга биз.

Мүүк мэт дэлхийн шилдэг сургуулиудын материал ч юм уу эсвэл udemy, skillshare – с бол Kickstarter онолын хувьд тийм онлайн курс энэ тэр явуулдаг сайт биш л дээ. Гэхдээ тэнд тухайн салбартаа нэр хүнд олж авсан хүмүүс өөрийнхөө номыг бичих, шинэ курсыг эхлүүлэх хөрөнгө босгох зэргээр тэнд төсөл үүсгэдэг юм. Хөрөнгө босгож буй учраас хүмүүст аятайхан санал тавих нь тэдэнд чухал тийм биз? Ямартай ч нэгэнт биелээд гарах ном, курсыг худалдаж авч байхаас хамаагүй илүү өгөөжтэй санал байдаг. Тийм болохоор сардаа ганц удаа харах зүгээр. Тэнд хөрөнгө босгох гэсэн хүмүүсийн аятайхан төсөл аягүй боломжийн санал эсвэл дахиж олдоод байхааргүй курсын саналыг алдах ч бас харамсалтай шүү. Саяхан би тэндээс нэг тийм курс харсан. Даанч тэнд хамрагдаад байх мөнгө хүрээгүй юм даа гэж хөөрхий.

Өөр янз бүрийн мүүк курсуудын талаар харах сайт гэвэл:

https://www.iflscience.com/technology/take-college-and-university-courses-online-completely-free/

https://www.mooc-list.com/

Харвард, Иэйль сургуулиудын мүүк гэвэл:

https://oyc.yale.edu/courses

https://www.extension.harvard.edu/open-learning-initiative

Янз бүрийн сэдвээр л байх шиг байсан. Надад их хамаагүй болохоор зүгээр хөтөчдөө хадгалж авсан.

Жаахан програмчлал болон шинжлэх ухааны чиглэлээрх шилдэг их сургуулиудын курс гэвэл:

https://www.cs.washington.edu/education/multimedia/all-courses-on-line

http://ocw.uci.edu/lectures

https://lagunita.stanford.edu/

https://ocw.mit.edu/courses/find-by-topic/

https://www.complexityexplorer.org/

Вашингтоны их сургуулийнх яг өөрсдийн кампуст ордог хичээлүүдийг бичиж аваад оруулчихдаг. Хичээлүүдийн материулууд нь татаж авч болохоор хичээл орж байгаа профессор болох тайлбарлалт хийж хөтөлж байгаа дэлгэцээс гадна хичээлийнх нь цагийг зааж тэд дэхь минутаас тийм тийм сэдэв ярьна гэж зааж өгсөн болохоор шууд үсрээд үсрээд хэрэгтэй сэдвийг сонсох болохоор их амар. UCI – н хичээлүүдийг сэдвээр нь хайгаад үзчихдэг. UCI гэдэг маань University of California, Irvine -н товчлол ба би энэ сайтыг what the fuck is fluid mechanics гэж хайж байх зуураа олоод хэрэгтэй санагдахаар нь хадгалчихсан. MIT – н сайтанд бүх төрлийн хичээл, бүх төрлийн сэдвээр, сургуулийн кампуст явагдсан хичээлийг бичиж аваад оруулсан байдаг. Юу сурмаар байна тэндээс бакалавр, мастерын зэргийн курсыг дагалдах бүх материалтай нь үзэж болно. Харин Станфордын сайт бол яг нэг тийм мүүк курс шиг. Гэхдээ өөрсдийнх нь хөгжүүлдэг, бусад мүүкэд байгаад байдаггүй аягүй чанар сайтай курсууд харагддаг. Тэндээс лав логикийн курст нь хамрагдаж сурч байсан санагдана. Нөгөө нэг сайт нь бол нэг тийм шинжлэх ухаан хөгжүүлэх, бусдад тараах зорилготой ашгийн бус байгууллагийн сайт.

https://www.santafe.edu/

Santa Fe Institute бол томоохон эрдэмтэдийн бүрэлдэхүүн бүхий хамгийн төвөгтэй гэсэн болгоны судалж байдаг судалгааны төв. Complexity explorer уг төвийн харалдаах сайт л даа. Янз бүрийн сэдвээр үе үе курс нээдэг. Үнэгүй хамрагдаж болох ч яг тийм тогтсон элсэлт авах, курсын үргэлжлэх хугацаатай. Хэдхэн хоногийн өмнө Origins of Life гээд хими, биологи, геологи, физикийн ухаан холилдсон сүрдэм курс эхэлсэн.

Өөр тэгээд яг тийм курс гэхээргүй юм хум мэдэж авч өөрийнхөө мэдлэгийг тэлж байх зүйлс гэвэл би янз бүрийн юутүд сувгууд дагадаг. Жишээлбэл KhanAcademy– аас математик, физикийн зүйлсийг эргэж сэргээх байдлаар харах бол 3Blue1Brown – с их сургуулийн зэргийн математик, физик болон хиймэл оюун ухааны талаар, Computerphile – с програмчлал, хиймэл оюун ухаан, вэб хамгаалалт, видео гэх мэт компьютерийн шинжлэх ухааны талаар бүхий л сэдвийг богино хугацаанд маш ойлгомжтойгоор тайлбарласан видеонуудыг үздэг. Nottingham – н их сургуулийн профессорууд нөгөө хүмүүсийн нэрлэснээр Секси Бритиш аялгатай ярьна. Mathematicalmonk – с дан математик, компьютерийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, мэдээллийн шинжлэх ухаантай холбоотой тайлбар богинохон лекцүүд сонирхоно. Мэдээж тухайн үед үзэж буй хичээлээс хамаарна л даа. За тэгээд эдгээрээс гадна CrachCourse – н шинжлэх ухааны талаарх хөгжилтэй хэрнээ сайхан ойлгомжтой хичээлүүдээс гадна богино цувралууд их үзнэ. Өөр тэгээд Two minutes papers – с шинэ соргог судалгааны хэвлэмэлүүдийн талаарх видео үзчихдэг. Ер нь тэгээд тэр юутүб гэдэг юманд янз бүрийн сэдвийн талаарх дэлхийн томоохон их сургуулийн бүхэл бүтэн улирлын лекц бүтнээрээ тэнэж явах нь олонтаа. Өөрийнхөө сонирхсон сэдвийн талаар бичээд filter гэдгээс playlist эсвэл duration гэдгээс long (>20minutes) гэж хайхад янз бүрийн тэнэг юутүбээр мөнгө хийдэг “youtuber”-н видеонууд алга болоод нэг тийм лекцэрхүү материалууд гарч ирнэ. Бас features гэдгээс Creative commons гэж сонгож хайвал нөгөө юутүбчидийн видеоноос гадна компаниудын маркетингдаа зориулж хийдэг видеонууд ч алга болно. Тэр видео Creative Commons лицензтэй болохоор дан сургалтын материал, бусдад мэдлэг өгөх чиглэлтэй орсон видеонууд байж таарч байгаа юм.

Өөр нэг тас хөндлөн сайт үе үе ашигладаг нь https://learn-anything.xyz/. Энэ сайтад өөрийнхөө сурахыг хүссэн юмыг бичээд тэрэнд нь таарсан дараалсан мод хэлбэртэйгээр сурах дарааллыг гаргаж өгсөн сургалтын материал гаргаж харж болдог. Програмчлал, апп хөгжүүлэлт, старт ап, технологийн бизнес гэх мэт зүйлсийн сэдвээр л тийм материалууд гарч ирнэ. Угийн хөгжүүлэгч нь программистууд болохоороо тэр л дээ. За хэт нарийн эх сурвалжуудыг үлдээгээд хүнд хэрэг болж магадгүй гэсэн эх сурвалжууд болон жижиг хакууд бол нэг иймэрхүү. Зарим нэгийг нь бол 4,5н жилийн дараа дахиж эргэж харж байгаа сайт ч байна хэхэ. Хэдэн жилийн өмнө монголд сурч байсан их сургуулиасаа гарчихаад ажилд гарч байхад өөрөө бүхний сурч байхад олж мэдсэн хэдэн хак болон сургуулиас гарсаны дараахан танилцсан нэг охинд их сургуулиа хаясан тухай хэлэхэд нүд нь ширэмхийж байгаа тэр байдалд дургүй хүрч өөрөө бие дааж, хүний доор орохооргүй мэдлэгтэй болно гээд иймэрхүү юмнууд цуглуулсан нь болой.

Тэгсхийгээд хэд хоногийн дараа энэний дараагийнх болох янз бүрийн апп, хэрэгсэл, аппны тохиргоо гэх мэт цаг хэмнэж, үр бүтээмж нэмж байдаг хэдэн хакууд бүхий нийтлэл гарна. Хүнд уншихад амар болгох үүднээс ингээд хоёр тасалчихлаа. Тэгээд ямархуу санагдав? Ийм тийм гээд санаа оноогоо бичиж болно шүү.

Д.Төмөртогтох

2019.06.21

2 Comments

Submit a comment


*

Back To Top