A Spy’s Guide to Thinking – номын тойм

Унших хугацаа: 9 минут

Нэг орой хоолоо цай ууж суунгаа хичээлийнхээ унших номыг гүйлгэж хараад зүгээр л нүдээ гүйлгэж сууж байгаа нь гэв гэнэт утгагүй санагдав л даа. Ойрын хэдэн сар өдрийн талыг ганц хоёрхон сэдвийн талаар уншиж өнгөрөөж байгаа тулдаа ч юм уу өөр сэдвийн ном уншмаар санагдсан байх.

Нэг тийм өөр. Уран зохиол биш, хэт их зүйл бодуулж цаг идээд байх ном биш, янз бүрийн гүн ухаан хөөж байх ном ч биш, бас тийм хаана ч байдаг хувь хүний хөгжүүлэлт эсвэл бизнес менежмент гэх мэтийн хэрэгцээ багатай хог ч биш, нэг тийм “гоё” ном уншиж суумаар байлаа. Хэт их цаг аваад байхгүй, шинэ санаа тархинд буулгах гэх хоёр шаардлага л гол байв. Яагаад гэхээр өнгөрсөн 3н сард уншиж эхэлсэн номоо тунгааж бодож уншсаар байтал өдий хүртэл уншиж дуусгаагүй. Энэ сар л уншиж дуусгаж магадгүй. Яааж ч магад. Чухам ямар номны талаар гэж сонирхож байвал 2 сард уншсан номны талаарх нийтлэлдээ хальт дурьдсан.

За тэгээд яахав дээ, чихэвчээ зүүгээд, трап сонсонгоо жаахан хайлт хийж нэг ном сонгосон нь:

A Spy’s Guide to Thinking

Ном тийм богинохон, шинэ бодол тархинд хийхээр үү?

Тийм.

Тэгвэл юуны талаар юм, товчхоноор?

Хүн хэрхэн “зөв” шийдвэр гаргах тухай болон шийдвэр гаргахын тулд хэрхэн бодлоо уралдуулах тухай.

Ок, дэлгэрэнгүйгээр тоймлож бичвэл:

Нэрнээс анзаарсан бол энэ номны зохиогч өөрийгөө Америкийн Нэгдсэн Улсын тагнуулын албанд ажилладаг байсан нэгэн гэсэн. Манайхан Холливүүдийн кинонуудад CIA гэж гардгаар мэднэ. Тагнуул гэдэг чинь тэгээд гоё шүү дээ. Яагаав Жэймс Бонд шиг. Тааралдсан эмэгтэй болгоноо өвөртөө оруулаад, нүдэнд хүйтэн харагдсан болгоноо цохиж унагаагаад л тээ. Бас унадаг дугуй, мотоцикл, машин, гал тэрэг, онгоц, нисдэг тэрэг, сансарын төхөөрөмж, хиймэл дагуул гээд бүхий л зүйлийг ашиглаж мэддэгээс гадна өглөөнөөс орой ажиллах ажлын өдрүүдэд хийдэг энгийн зүйл нь дэлхийг аварч 7н тэрбум хүний амийг аврах гээд л ер нь л күүл.

Юутай ч тэгээд УБ Комедичид шиг нүдэнд харагдсанаа ямар ч бодолгүйгээр дэмийрч суулгүйгээр харсан болгоноо суурьтай шүүж бодож, шүүмжит сэтгэлгээгээр тунгааж үзсэн бол тагнуултай кино бүрт нэг зүйл их тод дүрслэгдэнэ.

“Оновчтой бодож, эргэлзээгүй чухал шийдвэр гаргах чадвар”

Энэ номонд энэ чадварыг энгийн байдлаар тайлбарлахын сацуу, нэг жижиг жишээнд бүгдийг товч базаж, нүдэнд харагдтал өгүүлнэ. Ном бол дөрөвхөн бүлэгтэй, 40н хуудас ч хүрэхгүй богинохон хэмжээтэй, уур хүрмээр богинохон. Гэхдээ зохиогч өгүүлэх гэсэн зүйлээ оновчтойгоор асар том байгууллага хэрхэн шийдвэр гаргаж байгаа нь жирийн амьдралд хэн нэгэнд хэрхэн хэрэглэгдэж байгаа талаар ойлгожтой гэгч нь гаргаж бичсэн.

Эхний бүлэг бол “How to think”. Үүнд хүн бодох процессыг хамгийн энгийн хэлбэрт зураглаж харуулна. Энэ зураглалыг хараад л гэнэт юу билээ гэж бодоод энэ номонд татагдаж уншсаар байгаад нэг суудал дээрээ уншиж дуусгасан. Тэгэхээр бодох процесс бол:

Data – > Analysis – > Decision – > Action

гэх дараалалтай байх нь оновчтой (DADA). Яагаад action гэж? Яахав ямар нэг зүйлийн талаар бодож бодож тэрний талаар юу ч хийхгүй бол дэмий цагаа үрсэн болчих гээд байгаа юм л даа. Энэ талд зохиолч бид хоёрын санаа нэг байлаа. “Хийхгүй бол битгий бод” гэх зарчим ч надад бий. Мэдээж зарим хүн дэмий зүйл бодож сууна л даа. Тэрийг нь орчин үеий хэллэгээр эморох гэх юм даа. Би тэгж янз бүрийн зүйл бодох ч зүгээр нэг бодолгүйгээр өөрийнхөө блогтоо нийтлэл болгоод биччихдэг. Заримыг нь хүнд уншихаар нийтлэх бол заримыг нь зөвхөн өөрөө хэзээ нэгэн цагт уншихаар хадгалчихна. Бодсон уу бодсон, эморсон уу эморсон. Гэхдээ тэрний бүтээл болох нийтлэлүүдтэй.

За action бол тийм учиртай бол тэрнээс өмнөх decision хэсэг бол өөртөө гаргаж болох хэдэн төрлийн шийдвэр тунгааж буй бол analysis хэсэгт өөрт шийдвэр гаргахад хэрэг болох мэдээ мэдээллийг цэгцэлж байгаа юм. Тэгээд мэдээж энэ бүхний эхлэл хэсэг data бол мэдээлэл цуглуулах хэсэг. Мэдээж өөрт хэрэгтэй мэдээлэл байхгүй бол юу ч эхлэхгүй. За ямар ч байсан мэдээлэлтэй боллоо гэхэд тэрийгээ цэгцэлж өөрт хэрэгтэй, хэрэггүй гэдгээр нь ялгахгүй бол өөрт хэрэгтэй шийдвэр тунгааж олоход төвөгтэй. За тэгээд хэдэн шийдвэртэй болсон бол тэндээс тэгээд өөрт хэрэгтэй гэсэн шийдвэрээ гаргаад тэрнийхээ дагуу үйлдэл хийнэ.

Энгийн үү? Мэдээж энгийн. Ихэнх хүмүүсийн сэтгэхүйн дагуу нэг тийм агуу лаг мундаг болгон аягүй их ярвигтай процестой, тэрийг нь ойлгож мэдрэх хэдхэн хүн байдаг гэдэгтэй бол нийцэхгүй л дээ. Ямар сайндаа баяжих нууц, амжилтын томъёо гэх мэтийн зүйлс рүү хошуурч байхав дээ. Юутай ч энэ DADA процесс хэдий энгийн ч энэ DADA процесс дан ганц хүнээс гадна том жижиг байгууллага гээд улс тив дамжсан аж ахуй нэгжид ч адил.

Яагаад тийм байгааг дараагийн бүлэг болох “What to think about”-д тайлбарлана. Зохиогч өөрийн мэдэх Америкийн тухай энд жишээ авна. Data цуглуулах түвшинд тагнуулчид мэдээлэл цуглуулах ба тэрийг нь тэдний хэлдгээр intelligence agency буюу тагнуулын алба нь шүүн тунгааж analysis хийнэ. Мэдээж олон хүнээс олон янзын мэдээлэл авна. Зарим нь худал, зарим нь албаар тэр худал мэдээлэл өгсөн, зарим нь үнэн хэдий ч хуучин, зарим нь үнэн худал нь ч мэдэгдэхгүй гэх мэт төрөл бүрийн мэдээлэл дунд шүүлт хийж, сайн ялгасны эцэст intelligence гэх цогц бөгөөд цэгцтэй багц мэдээлэл гарч тэрийг нь decision гаргах хэсэг буюу генерал, конгресс, ерөнхийлөгч рүү илгээгдэнэ. Тэд уг багц мэдээлэлд үндэслэж шийдвэр гаргахад, уг шийдвэрийн хэрэгжүүлэлтийг цэргүүд, өөр тагнуулчид гэх хүмүүс гүйцэтгэнэ.

Энэ энгийн гинжин процесс ямар сайн тохирч байгааг анзаарсан уу? Аль алинд нь байх хүмүүс зөвхөн өөрийнхөө түвшинд сайн анхаарахад бүх зүйл сайхан болно. Сайн мэдээлэл цуглуулбал тэр нь сайн шүүлтэнд орж сайн шийдвэр гаргахад түшиг үзүүлэх бол замбараагүй мэдээлэл, муу шүүгдсэн мэдээлэл дунд чухам ямар шийдвэр гаргах талаар бол зүгээр төсөөлөөд үзэхэд ч толгой өвдөм. Гэхдээ хамгийн эхэнд чухам юуны талаар мэдээлэл цуглуулах гэдгээ хэрхэн мэдэх билээ?

Зүв зүгээр Call of duty тоглож сууж байснаа нэг сайхан байлдчихъя гээд бүхэл бүтэн улсад дайн зарладаггүй л байлгүй дээ тийм ээ. Тийм шийдвэр гарахын өмнө мэдээж дээрх шиг процесс явагдсан байж таарна. Тэгээд тийм процесс явуулж, дайн гаргахад үүсгэх мэдээлэл цуглуулах шийдвэр хаа нэг газар гарсан байж таарна. Энд бол нөгөө шийдвэр гаргагч хүмүүс ямар зүйлийн талаар мэдээлэл цуглуулах талаар үүрэг өгч бүх ажиллагааг эхлүүлдэг. Нөгөө генерал, ерөнхийлөгч гэх мэт лаг гарууд за нөхөөд үүний талаар мэдээлэл цуглуулаадах гээд л тээ.

Энэ процесс бас нэг талаараа эрдэмтэд хэрхэн судалгаа явуулдагтай адил. Ямарваа эрдэмтэн өөрт төрсөн санаагаа (hypothesis) баталгаажуулж үзэхийн тулд тэрэнд таарах мэдээлэл цуглуулаад, тэрэнд олон янзын шүүлт, боловсруулалт хийж үзээд өөрийнхөө анхны санааг зөв байж уу, буруу байж уу гэдгийг өөрийнхөө судалгааны өгүүллэгтээ тунгаалттай бичиж тэр санаагаа зөв, буруу эсэхийг илэрхийлдэг. Үүнтэй адил.

За ямар нэг зүйлийн талаар судалж үзээд, шүүж тунгаагаад, өөрт байж болох хэдэн шийдвэр бодлоо гэе. Юу ч хийсэн өөрт чинь нэг үр дүн үзүүлэхээс гадна өөр нэг талд ч нөлөөлнө. Амьдралд бүх л зүйл тийм хойно угаасаа ойлгомжтой биз. Тэгээд шийдвэр гаргах талд бол амархан шүү дээ, өөрт ашигтай байж болох шийдвэрийг л сонгоно гэж зарим хүн бодож магад. Зарим нь шийдвэр гарахад эсрэг талын байр суурийг харах хэрэгтэй гэж бодож ч магад. Хэрвээ бүх зүйл ийм дэндүү амархан байсан бол диваажинд би нь амьдран суухуй буй за гэх утгатай ном уншиж суухгүй юу. Тэгээд яаж шийдвэр гаргах вэ?

Үүнийг номны дараагийн бүлэг болох “How others think”-д өгүүлнэ. Шийдвэр гаргахын тулд нөхцөл байдлыг өргөн талаас нь харж, бүхлээр нь сэтгэх хэрэгтэй гэх санаа энд гарна. Гэхдээ гэхдээ гэхдээ… тэгээд тийм өргөнөөр нь бодохоор чинь харж үзэх тал мундахгүй, нөгөө тал болон өөрийн талын гаргаж болох ааш зан болон шийдвэрийн үр дүн мундахгүй их юм шүү гэж ч бодож магад. Хэрвээ тэгж бодож буй бол зөв л бодож байна. Мэдээж бичээд бичээд барахгүй олон шалтаг шалтгааныг бодож барна ч гэж юу байхав. Гэсэн хэдий ч энд юмсыг бүхлээр нь харах гэдгээр бол өөрийн тал болон нөгөө тал ямар төрлийн тоглолт гаргаж байна гэдгийг гаргах нь зүйтэй гэдгийг илэрхийлнэ. Зохиогчийн үзэлээр бол ямар ч зүйлд ердөө гуравхан төрлийн тоглолт байж болно:

  • Zero-sum
  • Positive-sum
  • Negative-sum

Zero-sum бол тоглолтонд аль нэг тал нь хохирч үлдэх эсвэл тоглолтын эцэст тоглогчдын ашиг, алдагдалыг бүрэн тооцоод үзэхэд бүхэлдээ аль нэг тал нь хохиролтой, нөгөө тал нь тэр хохирлын хэрээр хожилтой буюу нийт хохирол, оноо хоёрыг нийлүүлээд үзэхэд нийтдээ алдсан оносон зүйлгүй гэж гарах тоглолт. Positive-sum бол аль аль талдаа ашигтайгаар тоглолт хийх байдал бол Negative-sum бол аль аль талдаа алдагдалтай байдал. Их ховор байх л даа. Энэ тоглолтонд бол өөрийнхөө алдагдалыг аль болох бага байлгах гэж үзэж таарах байх.

За тэгээд шийдвэр гаргахаасаа өмнө ямар төрлийн тоглолтонд байгаагаа харгалзаж үзсэнээр өөрийнхөө шийдвэрийг бодохоос гадна, нөгөө талыг юу хийхийг хамтад нь харгалзаж үзэх боломжтой болж байгаа юм. Positive-sum тоглолтонд бол нөгөө тал тэдэнд ашигтай тал болон өөрт нь ашигтай байдлыг бодох бол zero-sum тоглолтонд тэд манай талыг хохироож болох талаас их бодож байгаа гэж үзэж болох бол negative-sum тоглолтонд бол юун манай тал манатай өөрсдийнхөө хохиролыг багасгах талаас бодож байх нь зүй гээд өөрийнхөө талаас бодож үзэх гаргалгаа болон шийдлийн хөөлтийг багасгаад, тодорхой болгочихож байгаа юм.

Гэхдээ ер нь ингэж олон зүйл бодох хэрэг байна уу? Одоо Монголд мэдээлэлд ойрхон нь түрүүлж хөдлөөд, танилтай нь ажлаа бүтээгээд, өөрийгөө бодож явахад л гэв гэнэтхэн мундаг гэгч нь болоод хүмүүс өөрийг нь амжилтанд хүрсэн нэгэн гээд тахин шүтээд байхад зөвхөн өөрийнхөө хэргийг бодож явахад л болно гэж олон хүн хэлнэ. Яахав өөрийнхөө “эго”-г хооллож байхад л бүх зүйл сайхан санагддаг хүнд бол тэр хангалттай.

Харин саруул сэтгэж чаддаг хүмүүст бол энэ арай өөр. Жишээлбэл хэсэг бүлэг хүмүүс сүүлийн хэдэн жилд Монголын шүүхийн байгууллагад гарч буй шударга бус шүүлт, нэг талыг хэт барьсан шүүлтийг харж мэдэж байгаа хэрнээ дуу гаргалгүй суусны эцэст одоо тэр хүмүүсийн уйлж дуулаад урнаар улиад байгаа шиг ардчилалын үндэсд сэв суухаар болоод буй. Хэдэн жилийн өмнөх шударга бус үйлдлүүдийг харж байх үед тэр бүх нь өөрт нь шууд нөлөөлөл байхгүй, өөрийнх нь хувьд өөрөө дуугарвал алдах гээд дуугүй суувал зүгээр өнгөрөх нэг тийм zero-sum гэхээр байдал байвч томоор хараад үзэхээр бүх хүнд шударга байх ардчилсан нийгэм нь нэг талыг барьсан болох гарзтай болох тоглолтын хэлбэр гэхээр. Одоо тэгээд тэр нь ч өнгөрч, нөгөө нэг талыг барьсан хүмүүсийг зайлуулах хууль нь гарч, ардчилалын нэг зарчим нь ч хөндөгдөж, аль аль талдаа алдагдлаа бага байлгах negative-sum тоглолт руу шилжсэн байх даа.

Шийдвэр гаргахын өмнөх тунгаалт нэг ийм сайн талтайгаас гадна өөр нэг чухал зүйлийг хангаж өгдөг нь эрсдэлтэй зүйл хийхийг багасгадаг. Үүнийг бол зохиогч маш товч өгүүлбэрээр яг таг хэлдэг:

Thinking is cheap. Action is expensive.

Хийхээсээ өмнө сайн бодоод үзэх нь эрсдэл багатай л юм даа. Ямар нэг зүйлийн талаар сайн нухацтай бодож үзээд тэр нь үр дүнгүй санагдвал тэрийг хийхээ л больчихно. Ердөөсөө амар. Ямар ч зүйлийн талаар бодож байсан шийдвэр гаргаад тэрийг хэрэгжүүлж эхлээгүй л бол тэр процессыг яаж л бол яаж өөрчилж болно. Утгагүй санагдаад өөр байдлыг хармаар байна уу? Өөр өнцгөөр хар. Шийдвэр гаргахад тулгуур хангалтгүй байна уу? Өөр нэмэлт мэдээлэл цуглуул. Уг шийдвэрийн талаар сайн муу талыг мэдмээр байна уу? Тэр талаар бодоод үз.

Харин нэг шийдвэр дээр тогтоод хэрэгжүүлж эхэлсэн бол яагаад ч буцаж болохгүй байдалд очно. Буруу шийдвэр гаргасан бол цагийг ухрааж болдоггүйтэй адил өөрийнхөө тэр буруу шийдвэрийн үе уршигийг хүртэж суухаас өөр аргагүй байдалд хүрнэ. Өөр шийдвэр гаргадаг ч байж гэж харамсах болно. Одоо тэр шийдвэрүүдийг эргэж харъя гэсэн ч өнгөрсөн. Шийдвэр гаргаад тэрийгээ хэрэгжүүлж эхэлсэн л бол нөгөө харгалзаж үзэж байсан боломжит шийдвэрүүд бүгд алга болно. Тэднийг хэрэгжүүлье ч гэсэн анх тэднийг бодож гаргаж ирсэн нөхцөл байдал ч өөрчлөгдсөн болохоор бүх зүйлийг шинээр эхлэхээс өөр аргагүй байдал хүрнэ. Үүнийг дагаад мэдээлэл цуглуулах, тэрийгээ анализ хийх гээд бүх зүйл эхнээсээ.

Үүнийг зохиогч маань шийдвэр гаргах гарз гээд DADA процессын аль хэсэгт алдагдал ихтэй талаар ингэж зурагласан:

мэдээж шийдвэрт гарч болох гарз нэг тийм шинжтэй байгаатай DADA процессын шатлалд өөр нэг шинж ажиглагдах нь мэдээлэл боловсруулах байдал болон хийх ажлын хэмжээний байдал:

Шийдвэр гаргахаас өмнөх шатлалд их ажил явагдана. Цуглуулалт хийхээс гадна тэрэнд аналик хийж, хэрэгтэй зүйлсийг бүгдийг нь түүн оновчтой шийд гаргахад хэрэг болохуйц хэдхэн баримт гаргаж ирэх хүртэл их ажиллагаа болох нь зүй. Ер нь ч угаасаа бүх зүйлд иймэрхүү байх л даа. Багадаа монгол уран зохиол сайн уншиж суусан хүн бол дээрх хоёр санааг эр хүн холын ухаантай байх, эр хүн суурьтай тунгаах хэрэгтэй гэж бичигддэг гээд хэлчих байх.

Юутай ч хүн амьдралдаа эсвэл том жижиг байгууллага өөрсдийн ажиллагаандаа доорх процессыг дагаж хийхгүй байвал тулгарч болох гарз хохирол ихтэй гэх санааг зохиогч гаргах гэж зорьж.

Сүүлийн бүлэг болох “How to think about others”-д өмнөх бүлгүүдэд гаргаж ирсэн санааг хэрхэн амьдралд буулгаж буй талаар жишээ бичигдэнэ. Ямар нэг зүйл хийх талаар шийдвэр гаргах эргэлзээнээс эхлээд тэрний талаар мэдээлэл цуглуулж, уг мэдээлэлд анализ хийн өөрт хэрэгтэй гол багцаа үүсгээд, тэрэнд тулгуурлан өөрт боломжтой хэдэн шийдвэр гаргаж үзээд тэдгээр дундаас эцсийн өөр болон бусдын тоглолтонд тааруулан шийдвэр гаргаж байгаа талаарх жишээ юм даа. Үүнээс гадна өөрийнхөө өөр нэг ном болох шийдвэр гаргахад хэрхэн, ямар стратеги ашиглах талаар хэсэгтэй. Ер нь тэгээд бүгдийг базсан жишээнээс гадна бол өөр нэг номны маркетинг бичигдээд өнгөрсөн бүлэг.

За нэг иймэрхүү л ном байлаа даа. Товчхон, энгийн, ойлгожтой, оновчтой. Мэдээж эдгээр санаануудыг амьдралдаа оруулж хэрэгжүүлэх бол амар зүйл биш. Нэлээн хэдэн жил эсвэл бүхэл амьдралаа зориулж байж эдгээр чадварыг өөртөө суулгаж авах байх.

Сүүлд нэг зүйл дурьдахад уг номонд өгүүлж буй шийдвэр гаргах гэдэг маань хүн өөрөө сайн тунгааж байж гаргах шийдвэрийн талаар шүү. Түүнээс хүн өдөр тутмын амьдралдаа, өөрөө ч мэдэлгүй гаргах олон шийдвэр бол шал өөр хэрэг. Тийм шийдвэрүүд ихэнх тохиолдолд тооцоолж үзээгүй, өөрийн мэдэлгүй гаргасан, гэнэтхэн болоод өнгөрсөн гэмээр байдаг. Томоохон эрдэмтдээс Сигмунд Фройд анхлан хүний шийдвэр бол ихэнхдээ “irrational”, “unconscious” байдаг гэж гаргаж ирсэн. Иймэрхүү төрлийн шийдвэр гаргалтыг “Naturalistic decision-making” гэдэг. Аа харин номонд өгүүлж буй шийдвэр гаргалт бол сайн бодож үзсэн “rational” шийдвэр гаргалт шүү. Энэ талаар би дипломын ажил хийж байгаа болохоор үүний тухай тэгс ингэс хийж байгаад бичиж ч магад. Мэдээж хүнд сонирхолтой байх эсэхийг судалж үзээд, мэдээллээ боловсруулж үзээд, тэрэндээ тулгуурлаж шийдэж үзнэ шүү дээ, яагаав нөгөө DADA процесс :P.

За нэг иймэрхүү ном байлаа. Энэ номны үргэлжлэл болох “A Spy’s guide to Strategy”-г тэгж байгаад нэг өдөр уншиж үзнэ дээ. Бас нэг өдөр гэв гэнэт уйдахаараа ч юм уу. Хэрвээ энэ номыг авч уншимаар бол энэ линк нь:

A Spy’s Guide to Thinking

Д.Төмөртогтох

2019.04.10

Cover image: Photo by Sebastian Voortman from Pexels

Submit a comment


*

Back To Top