Digital Minimalism номын тойм

Унших хугацаа: 14 минут

Валентин, цагаан сар, бууз, бууз, тэгээд төрсөн өдөр гэсэн энэ 2 сард би Кал Ньюпортын шинэ ном болох “Digital minimalism: Choosing a Focused life in a Noisy world” гэх номыг уншиж өнгөрөөлөө. Урьдчилж захиалга өгчихөөд хэдэн долоо хоног хүлээж суусны эцэст киндлд орж ирэв. Бөөн бөөн баяр аа бас. Яагаад гэвэл би энэ хүний бүх, бүүр бүх номыг уншдаг ба дотроо их хүндэлж явдаг юм. Эмма ватсон гэж унаж тусдаг шиг энэ хүний бичсэн юм гэж ухаанаа алдах нь холгүй суудаг сан. Бичилтийн хэмнэл, хэвээс ч гэсэн өөрийн мэдэлгүй өөрийн бичилтэндээ хуулж авсан байдаг. Чухам ямар бичилт вэ гэж сонирхож байвал энийг унш.

За зохиолч маань ямар хүн билээ? Кал Ньюпорт бол Georgetown university-д тооцоолон бодох шинжлэх ухааны (computer science) профессор ба нийт 6н ном гаргаж байсан ба New York Times Bestseller, Wall street journal, New Yorker, Washington Post, Economist зэрэг хэвлэлийн газрууд болон сэтгүүлийн хүндэт буланд дурьдагдаж байснаас гадна бичсэн нийтлэлүүд нь ч эдгээрт нийтлэгдэхээс гадна NPR-д ч үе үе нийтлэл нь тавигддаг. Номнууд нь бол 20н хэл дээр орчуулагдаж гарч байсан. Сүүлд гаргасан одоо миний тоймлож бичих ном 2 сарын 5нд худалдаанд гарсан хэдий ч одоо New York Times Bestseller болсон л явна. (Уг нь тэгэхээс нь өмнө тойм бичих байх гэсэн болсонгүй.) Одоогийн байдлаар ном маань:

Digital Minimalism was a New York TimesWall Street JournalPublisher Weekly, and USA Today bestseller. It was named to best books of the month lists by AmazonUSA Today, and Time.

Номны талаар товчоор?

Бүх зүйл гар утсанд байх орчин үед хүн хэрхэн өөрийнхөө амьдралыг дижитал орчинд өөртөө сэтгэл ханамжтайгаар авч явах тухай. Бид мэднэ дээ, фб нээгээд суухаараа утсандаа хамаг цагаа алддаг. Тийм асуудлаас хэрхэн ангижирч өөрийнхөө амьдралыг хүссэнээрээ хэрхэн зохицуулах тухай ном.

Тэгвэл дэлгэрэнгүйгээр

Сайхан ном. Ер нь их хуудастай биш 300 орчим хуудас бүхий ном. Бичилт бол бусдаас их онцгой нэг тийм анализ сайтай, эргэцүүлэл их хийсэн хэмтэй хэвээрээ. Шинжлэх ухааны хэвлэмэл уншдаг хүнд бол яг судалгааны эх уншиж байгаа юм шиг ч санагдаж магад. Гэхдээ жирийн үгс ашигласан, энгийн сэдвийн тухай шүү дээ. Мэдээж анализ ихтэй, эргэцүүлэл их хийсэн бичилт цаанаасаа л нэг амттай уншигддаг. Ямар ч зүйлийн талаар бичсэн юу, яагаад, яаж, хэрхэн, юуг хийх хэрэгтэй, ямар арга барил байна, сонгосон арга барилын давуу тал болон сул талууд, яагаад энэ арга барилыг дээр гэж дэвшүүлэв гэх талаас харж бичигдсэн байдлыг хэлж байна шүү дээ. (Хий хоосон том мэдэгдэл унших дуртай хүмүүс өөрөөр ойлгож магадгүй.) Зохиолчын бичилтийн хэв иймээс ч болоод уу номны сүүлийн 25% нь дан иш татсан эх сурвалж, яагаад ийм жишээ авсан талаарх тэмдэглэл, өөрийнхөө дурьдсан мэдээллийн эх сурвалжын талаарх бүтнэ. Түүнчлэн Калын бичилтийн нэг гоё байдал нь мань эр юу бичих гэж байгаагаа хэлээд, яагаад бичих гэж байгаагаа хэлээд, яаж бичихээ дурьдаад, ямар байдлаар бичиж байгаагаа үе үе хэлээд, ингээд биччихлээ гэж юу бичсэнээ давтаж хэлдэг эмх цэгцтэй хэв. Нэг тийм нүдэнд таатай харагдаг шүү дээ бас л.

Ер нь номны гол санаа бол Калын өмнөх ном Deep Work-н үргэлжлэл гэмээр ч санагдана. Тэр номонд ер нь яагаад ганцаараа байж юм хийх цаг өөртөө гаргах чухал талаар бичигдсэн бол энэ номонд тэгж өөртөө цаг гаргахын тулд яаж дижитал төхөөрөмжүүдийг ухаалаг ашиглах тухай өгүүлнэ. Калыг энэний талаар бичиж байгаад бол би гайхсанаа нуухгүй. Яагаад гэвэл Кал маань өөрөө дижитал орчинд байдаггүй хүн. Тэрийгээ ч мань эр нуулгүй хэлээд энэ асуудлыг талаар шинжлэх ухаанч байдлаар хандсанаа дурьдана. Өөрөөр хэлбэл мань эр өөрийнхөө дижитал орчинд үзэгддэггүй арга барилаа турших гэж 1600 сайн дурын хүмүүстэй хамт туршилт хийгээд тэрнийхээ үр дүнд болон өөр бусдын зөвлөгөө, бодит сургамж, шинжлэх ухааны үндэслэгээ бүхий баримтанд тулгуурлан энэ номыг бичсэн байна. Бас өөрийнхөө арга барилыг ч оруулж өгч чимсэн нь тансаг.

Номонд дэвшүүлсэн санаа бол зохиолчын Digital minimalism гэж нэрлэсэн дижитал төхөөрөмжүүдийг хэрхэн өөрт хэрэгтэй байдлаар ашиглах тухай философлог сэдвийг тойрно. Одоо үед бид тэгээд өөрсдийнхөө найзууд, гэр бүлтэйгээ ойрхон байх гэж сошиал медиа ашиглаж байгаа ч энэ сошиал медиа апп хийж байгаа компаниуд өөрсдийн аппаа хүмүүсийн цагийг аль болох их барах гэж зориулалттай хийдэг улмаас бид анзаарч амжаагүй байхдаа л найзууд, гэр бүлтэй өнгөрөөх ойр байх гэсэн анхны зорилгоо умартаад бусдын үзэл бодол, улс төрчдийн явуулга, элдэв янзын хов жив, хошин шог уб комеди мэтийн хэнд ч хэрэггүй шавар шалбаанд живж байгаа байдлаас номны эхлэл өрнөнө. (Ямар их цагийг фб-д үрж байгаагаа мэдмээр бол утасныхаа фб аппыг нээгээд settings & privacy гэсэн хэсгийг нээгээд your time on facebook гэдгийг хараад үз.)

Өөрийн санаагаа зохиолч маань номоо хоёр хэсэг болгож бүлэглээд, эхний хэсэгтээ Digital clutter гэж нэрлэсэн дижитал төхөөрөмжөөс салах арга барилууд болон хэрхэн өөртөө хэрэгжүүлэх талаар өгүүлэх бол хоёр дахь хэсэгт дижитал төхөөмжийг хэрхэн өөрийнхөө амьдралд номхоруулах тухай өгүүлнэ. Өөрөөр хэлбэл хоёр дахь хэсэгт хэрхэн “мэргэжлийн” байдлаар, өөрт хамгийн хүртээмжтэй хэлбэрээр дижитал төхөөрөмжүүдийг ашиглах тухай хэдэн зөвлөгөө бичигдсэн. Бүлэг бүрт ямар асуудлын талаар болон яагаад тэр хортой байгаа талаар тодорхой бичигдэхээс гадна тэр асуудлыг шийдэж болох “practice” зөвлөгөө оруулж бичигдсэн. Тэгээд мэдээж яагаад дижитал төхөөрөмж хортой гэж талаар бий. Яагаад гэвэл асуудлаа зөв тодорхойлж, тэрэндээ сайн анализ хийхгүй бол яаж тэр асуудлыг шийдэх талаар ярих билээ.

Уг нь сошиал медиа чинь ашигтай шүү дээ. Холбогдоод байдаггүй хүмүүстэй холбогдоно, өөрт хэрэгтэй мэдээллээ харна гэх хүмүүс бий. Мэдээж үүнтэй санал нэг. Жишээлбэл энэ фб группээс англи хэл сурах, англи хэлний шалгалтууд өгөх, гадаадад сурах талаарх мэдээллийг олж авч болох бол эндээс NAS Global-н талаарх сайхан мэдээллүүдийг цаг алдалгүй авч болно. Би ч бас өөрт хэрэгтэй мэдээллээ авдаг, мэргэжлийн чиглэлээр асууж лавлах групп, салбарын хүмүүстэйгээ танилцах зэргийг энэ фб-ээр л хийдэг. Тийм ээ хүнд хэрэгтэй. Гэхдээ хүн энийг хэрэглээд эхлэхээр өөрийгөө алдаж байгаа байдал нь асуудал байгаа юм. Хэдэн жилийн өмнө би хоёр сар гаран фб ашиглалгүйгээр явж үзсэн туршлагаа энд бичсэн. Хэрвээ өмнөхөн асуусанчлан фб-д хэдэн цаг үрж байгаагаа харсан бол тэр их цаг уг нийтлэлд бичсэн хэрэггүй зүйлст үрэгдэж байна гээд бодоод үз дээ. Ямархуу санагдаж байна? Буруу хэрэглээ яаж хүмүүст муугаар нөлөөлдөг талаар тэндээс нэг шинэ өнцөг харж магадгүй. Яг энэ буруу хэрэглээн дээр Кал үндэслэгээ хийж хөгжүүлэхээс гадна яаж том компаниуд хүмүүсийн цагийг барах тактик хэрэглэж байгаа талаар бас их дурьдана.

Алдарт Цахиурын хөндийн компаниуд өөрсдийн аппаа гоё сайхан мундаг болгохоос илүүтэйгээр хүмүүсийн сэтгэл санааг өөрсдийн аппдаа хэрхэн талаар инженерчилдэг талаарх сэдвийг анхлан ярьж эхэлсэн Тристан Харрисын яриагаар чухам яагаад бид ингэж өөрсдөө ч мэдэлгүй маш их цаг аппт үрсэн байдаг талаар бичиж эхэлнэ. Байз тэр Тристан Харрис гэж хэн юм? Уб Комедичин юм уу гэдэг шиг комедиан юм уу хэн юм. Мань эр Гүүглд инженер хийж байгаад ажлаасаа гарч энэ сэдвийн талаар олонд ярьж эхэлсэн ба өдгөө үед дэлхийг өөрчилж буй 25 хүний нэгээр Роллинг Стонье сэтгүүл нэрлэж, Форбес сэтгүүлийн 40 хүртэлх эрхэм 40н хүний тоонд 2018 онд нэрлэгдсэн хүн. Харрис Станфорд төгсөөд BJ Fogg-н Persuasive technology lab гэх газар сурсан хүн болохоор түүний хэлсэн үгс ч бас хүчтэй. Яагаад гэхээр уг лаборатори маань Цахиурын хөндийд саятан төрүүлэгч лаборатори гэж нэрлэгдсэн алдартай газар байж. Тэр газар технологи ашиглан хэрхэн хүмүүсийн бодох, үйл хөдлөл үзүүлэхийг өөрчлөх, удирдах талаар судалдаг ба тэндээс маш олон амжилттай технологиийн старт ап компаниуд үүсч гарсанаас бидний мэдэх Инстаграмыг үүсгэгч эрхэм тэр газар сурч байсан. Чухам яагаад компаниуд тийм юм хийнэ гэж? Тэртэй тэргүй хүмүүс сошиал медиа аппыг үнэгүй ашигладаг биз дээ. Тиймээ мэдээж тэр аппуудыг ширтэж өнгөрөөж буй цагаас өөр зарцуулж байгаа юм байхгүй. Номонд өгүүлсэнээр бол аппууд хэрэглэгчид ашиглахад амар, тэдэнд “хэрэгтэй” юм ашиглаж байгаа юм шиг санагдуулах нь гол ба тэгж тэд ашиг олох юм. Апп хэрэглэгчид яаж хэрэглэж байгаа нь гол нь биш тэр хэрэглэгчдийн талаарх мэдээлэлд үндэслэн тэдэнд өөрт ашигтай зүйлээ үзүүлж сонирхуулах гэсэн компаниуд л гол нь байгаа юм. Үүнийг анх 20-р зуунд нэг сонин хүмүүст маш хямдаар борлогдож олон хүнд хүрэнгээ сонинд гаргах мэдээллээ компаниудад өндөр үнээр шаарддаг талаарх жишээг зохиолч дурьдана. Бодоод үзэхэд л угаасаа yeah that makes sense. Өмнөх сонгуулийн үеээр зүгээр жирийн фб хуудсууд хүртэл улс төрийн намуудад худалдагдаж байсан шүү дээ.

Үүнийг дагаад өөр нэг сэдэв хөндөгдөнө. Хэрвээ аппууд бидний анхаарлыг татах гэж хийгддэг юм бол бид тэгээд тэрэнд донтдог гэсэн үг үү? Үүнийг Кал хөөж бичсэн ба хэд хэдэн ном болон эрдэмтдийн ажлаас иш татан бид үнэхээр донтдог гэдгийг гаргаж харуулна. Түүний иш татсан American Journal of Drug and Alcohol abuse -д 2010 онд хэвлэгдсэн судалгааны дүнгээр бол сошиал медиаг ашиглаж, утас гөлөрч суух нь хар тамхи, архи гэх мэтийн бусад бодит зүйлст донтох хэлбэртэй яг адилхан гэж дүгнэжээ. Үүнийг ч ойрын хэдэн жилийн турш үзэж тогтоогоод хэт донтсон эсэхийг шалгаж дүгнэж болдог сэтгэгийн эмгэг ч гэж нэрлэх шатанд хүрсэн байх юм. Чухам яагаад ийм байдалд хүрч байгааг аппууд хэрэглэхэд амархан байдал, аппыг зохиож байгаа хүмүүс зориудаар хүний анхаарлыг татах гэж инженерчилдэг гэх дүгнэлт дурьдагдана. Like товч, хүмүүсийг tag-лах гэх мэт жижигхэн зүйлсээр хэрхэн хүмүүсийн сэтгэлгээг өөрчилж, анхаарлыг татаж чадаж байгаа талаар маш нарийн анализ хийсэн байгаа нь их сайхан амттай уншигдана. Тэр хэсгийг сайн уншаад үзээрэй.

Source: https://thecosyshelf.wordpress.com/2019/02/13/digital-minimalism-my-facebook-story/

За гар утсанд апп ашиглах нь бүүр тийм сэтгэгийн дон болчихож байгаа бол яаж ийм байдалд хүрэхгүй байх вэ? Үүний хариулт бол Калын дэвшүүлж буй Digital minimalism. Уг санаа маань үндсэн гурван дүрэм дээр суурьлах ба тэрийг зохиолч маань маш тодорхойгоор бичнэ (thanks to his writing). Товчоор тэдгээр нь:

  • Principle #1: Clutter is costly.
    Хэт олон апп ашиглах нь тэдгээр аппуудын тус тусын өгөх ашиг тус гэхээсээ илүүтэйгээр тэднийг ашиглаж дэмий цаг үрэх сөрөг нөлөө нь хамаагүй их.
  • Principle #2: Optimisation is important.
    Ямар ч апп, технологи ашигласан тэрний өгч болох ашигтай үр дүнд тааруулж хэрэглэх чуxал.
  • Principle #3: Intentionality is satisfying.
    Өөрийгөө удирдан хэрхэн апп ашиглаж байгаагаа бүрэн хянаж байгаа байдал нь тухайн хүнд их сэтгэл ханамж өгдөг.

Эдгээрхийг маш ойлгомжтойгоор тус бүрт нь тайлбарлах ба үүнийгээ Америкийн алдарт эдийн засагч, түүхч, зохиолч, эрдэмтэн гэх мэт хүмүүсийн амьдрал аж ахуйгаас жишэ авахаас гадна Линкольны талаарх жишээнүүд их бий. Түүний тухай их олон оруулж өгсөнд нь ч их баярламаар. Линкольн миний хүндэлж явдаг хүмүүсийн нэг хойно яагаад түүний талаарх хэдэн түүхүүдийг таашаахгүй байх билээ дээ тийм ээ.

Энд их сонирхол татам эдийн засгийн онол дурьдагдана. Уг маань энгийнээр хэлбэл ямар ч зүйлд тэрийг ашиглахад зарцуулах гарз, олж авах ашиг болон энэ хоёрын харилцан холбоо бий ба тэрний гол хамгийн ашигтай цэг болох хамгийн их ашгийг аль болох бага газраар олох тэр цэгийг олох чухал. Жишээ татан хэлбэл чи нэг сард 100 цаг ажиллаад өөрт хэрэгтэй бүх зүйлээ хангадаг гэж бодъё. Хэрвээ дахиад 100н цаг нэмж ажиллахад мэдээж нэмэлт орлоготой болно. Тэрүүгээрээ хэдэн сард нэг удаа гадагшаа аялж тэрийгээ сошиалд бахархалтайгаар тавих, янз бүрийн шинэ технологи, айпонь авах гэх мэтээр үрдэг гэж үзье. Уншиж байгаа хүмүүст зарим нэг танил хүмүүс нь санаанд орж ч магад. За одоо гурван сар нэмэлттэй ажилласан мөнгөөрөө хэд хоног зугааллаа. Тэр хэд хоног зугаалж сошиалд хийсэн зураг, өөрийн чинь хэдэн шинэ зураг амьдралын 300н цагийн үнэтэй дүйцэхүйц үү? Үүнтэй адил хүмүүс гэнэт л баасан гараг болонгуут стрессээ тайлна гээд гарч тайзанд бусдыг чөлөөтэй доромжилж буй хүн сонсохоор явцгаана. Хэрвээ стрессддэг юм бол яах гэж ажилладаг юм? Хэдхэн хоногийн төлөө хэдэн зуун цагийг яах гэж зарж өнгөрүүлдэг юм?

Өө хөөрхий, өөрийнхөө үзэл бодлын талаар хэдэн өгүүлбэр биччихлээ. Юутай ч Кал ямар ч аппыг хамгийн үр ашигтайгаар хэрнээ өөрт хор хөнөөл багатайгаар хэрэглэж болох тийм байдлыг олох хэрэгтэй талаар тэр эдийн засгийн онолоос хөөж гаргаж ирнэ. Мөн түүнчлэн хэрхэн тэр байдлаа хадгалахын тулд өөрийнхөө амьдралд тэдгээр аппыг ашиглах талаар өөрчлөлт хийх тухай их ярьна.

Тэгээд мэдээж энэ бүгдийг ажил хэрэг болгох буюу хэрхэн Digital clutter-г амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Зохиолч маань гэнэт огцом өөрчлөлт оруулахыг зөвлөнө. Яагаад гэхээр аажим хэрэглээнд хүмүүс сошиал медиагүй амьдрал ямархуу байдаг талаарх ойлголтыг сайн авч чадахгүй байгааг өөрийнхөө туршилтаас харж. Мань эр тэгээд нэг сарын турш өөрийнхөө амьдралд огцом өөрчлөлт хийж үзээд чухам ямар өөрчлөлт гарахыг харж гэж зөвлөнө. Нэг сарын турш сошиал медиа, аппын хэрэглээ байж болох хамгийн бага түвшинд бариад тэдгээрт үрдэг байсан цагаа өөр зүйлд зарцуулж үзэхийг зөвлөнө (зөвлөх ч биш шаардана). Үүний дараа эргээд сошиал медиа, апп энэ тэрийг эргээд амьдралдаа оруулж үзээд өөрөөсөө үнэхээр тэдгээр зүйлсийг хэрэглэх хэрэгтэй эсэхийг асууж үз. Сонин. Гэхдээ яг энийг би хэдэн жилийн өмнө хийж үзэж байсан. Хэсэг хугацаанд фб ашиглалгүйгээр өөртөө цаг гаргаад тэр хоорондоо юу хийж амжсан талаар болон энэ хооронд фб-д хүмүүс юунд цаг үрж байгаа талаар тэмдэглэж үзсэн талаарх нийтлэл миний блогт бий.

Түүнчлэн хэрхэн энэ өөрчлөлтийг өөрийнхөө амьдралд хийх талаарх алхам алхамаар нь зааварчилсан зөвлөгөө болон бусад хүмүүсийн туршлага их бий. Кал энэ талаарх туршилтийг сайн дурын 1600н хүнд хийгээд тэндээс олж харсан зүйлс болон хүмүүсийн сурсан зүйлс их ч байсан байлгүй. Тэндээс хэрэг болох ч зүйлсийг их дурьдана. Тэдгээрх нь мэдээж дижитал төхөөрөмж, сошиал медиаг өөрт хамгийн их ашигтайгаар хэрнээ хор хөнөөл багатайгаар ашиглах тал дээр их нарийн чиглэсэн. Сарын дараа эргээд харахад судалгаанд оролцсон сайн дурын хүмүүсийн ихэнх нь “гэнэтхэн” сошил медиа, аппууд тэдний амьдралд тийм ч их хэрэгтэй зүйлс биш гэдгийг ухаарах бол зарим хүмүүс нь тэднийг хэрхэн өөрт хэрэгцээтэй хэлбэрээр ашиглах хэрэгтэй гэдгээ олж харжээ. За аппууд, сошиал медиаг амьдралаасаа жийж гаргах хүмүүст бол тийм ч байж, харин заавал ашиглах ёстой байдаг хүмүүсийн хувьд яах билээ?

Үүний хариултыг олох гэж номны хоёрдугаах хэсэг эхэлнэ. Энэ хэсэгт хэрхэн өөрийнхөө сэтгэл зүй болон амьдралын хэмнэлээ тэдгээр аппууд болон сошиал медиаг ашиглахад тааруулж өөрчлөх тухай бичигдэнэ. Хамгийн эхэнд хүн өөрөөрөө байж сурах тухай.

Solitude requires you to move past reacting to information created by other people and focus instead on your own thoughts and experiences – wherever you happen to be.

Энд ганцаараа байснаар (solitude) өөрийгөө ойлгож, шинэ санаа олж, өөрт ойрхон дотны хүмүүсээ анзаарч байгаа талаар өгүүлнэ. Кинг, Линкольн, Ницще гэх мэт хүндэлдэг хүмүүсийн минь талаар жишээ татагдах учраас бас л гоё. Ганцаараа байж өөрийгөө олох энэ байдлыг гар утас болон сошиал медиа амархаөөн үгүй хийчихэж чадна. Тэртэй тэргүй ганц хуруугаа дэлгэцэнд зурахын төдийхөнд л гэнэт таних танихгүй хүмүүсээр дүүрэн байх орчин байгаа хойно. Чухам гэхдээ ганцаараа байх гэдэг чинь ч сайхан зүйл биш шүү дээ гэж магад. Энд ганцаараа байх гэдгээр ганцаараа хаа нэг газар ганцаардаж суух гэдэг талаас биш өөртөө цаг гарган, бусдын бодол санааны нөлөөллөөс тусгаар байдалд байх байдлыг хэлж байгаа шүү. Одоо үед хүмүүс ингэж ганцаараа байх нь багассанаар их олон хор хөнөөлтэй зүйлс гарч ирэх болсон. Жишээлбэл: anxiety, depression, suicide.

Одоо үед смарт утас их хэрэглэдэг үеийнхэн сэтгэцийн эмнэлэгт anxiety гэх оноштойгоор хэвтэх нь огцом ихэсч байгаа бололтой. Үүнийг 2017 онд нэг эрдэмтэний бичсэн нийтлэлээс иш татаж бичсэн. Уг эрдэмтэний хэлж буйгаар бол 1995-2012 онд төрсөн хүмүүст смарт утас өдөр тутам ашиглах нь жирийн үзэгдэл мэт харагдаж өссөн ба эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн ихэнх нь тэдгээр хүмүүстэй ойролцоо насных байх юм. Тэгээд anxiety-аа дагаад амиа хорлолт ч гэнэт огцом нэмэгдэж байна. Тэндхийн судалгаанд бол сошиал медиагийн хэрэглээ сэтгэл зүйн дорой байдал хоорондоо нарийн холбоотой байгаа нь ч гарч ирсэн байх юм. Сонин юм шүү, өсвөр насныхан сэтгэцийн эмгэгтэй болж байгаа талаар асуудал хөндсөн тэр нийтлэлийг эндээс уншаад үзээрэй.

Have Smartphones Destroyed a Generation? 

Манайхан шиг бүгдээрээ, цугаараа, бөөнөөрөө яваад аливаа манайхан мундагаа гээд л хөтлөлцөөд хошин шог уб комеди мэт рүү явдаг хүмүүст бол энэ ганцаараа байх гэдэг юм шал тэнэг сонсогдож, дургүй нь ч хүрэх биз. Гэхдээ ямарваа зүйл дургүйг чинь хүргэх тусам тэр зүйл чинь голыг нь олоод байдаг. Бид үнэхээр ч ганцаараа өөрийнхөөрөө байж өөрийнхөө амьдралд юу хийх, яах гэж байгаагаа сайн тунгааж олох хэрэгтэй. Яагаад? Эндээс уншиж ойлгох гээд үз. Эс бөгөөс тэгээд нийтийн хийж байгаа бүх юмыг дагаж хийдэг сэтгэлгээтэй хэрнээ нийгэм муухай байна аа, бидэнд өөрчлөлт хэрэгтэй гэж үгэлж суудаг мунаг болвол яаана.

Байнга сошиал медиа хэрэглээ хүмүүсийн сэтгэл зүйд дарамт өгөхөөс гадна хүмүүсийн харилцаанд ч хор нөлөө учруулж байгаа бололтой. Үүнийг “Don’t click Like” гэх том нэртэй хэсэгт өгүүлнэ. Надад хувьдаа бол тэр хэсэг бичигдсэн зүйлс таалагдсан. Тэнд бол найзуудынхаа баярт пост, тэмдэглэлт өдрийн талаарх пост гэх мэт зүйлст like дарах гэх мэтхэнээр оролцож байхаар өөрийн биеээр очиж сурах гэх мэтээр амьд болох амьд харилцааг эрхэмлэхийг зөвлөнө. Тэгээд мэдээж ямар ч үед like дарахгүй байх. Нэг талаараа сошиал медианы нэг том хэрэглээг авч хаяхын сацуу өөрийнхөө найзуудтай харилцахын тулд заавал амьд харилцаанд оролцох байдалд өөрийгөө албадаж байгаа юм л даа. Мэдээж like дарахаа болихыг зөвлөхөөс гадна тэрний оронд юу хийвэл зохилтой талаар нилээн их зөвлөгөө бичигдсэн. Амьд харилцаа, мсж бичих, нүүр нүүрээ хараад харилцах гэх мэтээр олон зөвлөгөөг бүгдийг нь шинжлэх ухааны үндэстэйгээр дэвшүүлж зөвлөнө. Эрдэмтэд хэдэн 10н жилийн амьдралаа зориулж ийм хэдэн зөвлөгөө гаргаж байхад яагаад ашиглаад үзэж болохгүй гэж тийм ээ?

Магадгүй надад хамгийн ойлгомжгүй байсан бүлэг энэ байх. Аристотелийн хэлсэн “the best and most pleasant life is the life of the intellect” гэх үгээр санаагаа ургуулж эхлэх энэ бүлэг хүн өөртөө тааламж өгч байх зүйлийг хийж байх хэрэгтэй гэх санааг гаргана гэх боловч “high quality leisure” гэх зүйлийн талаар өгүүлнэ. Ялангуяа FI (financial independence) бүлэг хүмүүс буюу залуудаа санхүүдээ санаа зовох, ажил хийх шаардлагагүй болсон бүлэг хүмүүс хэрхэн чөлөөт цагаа бусдаас өөр байдлаар өөрсдөдөө үр бүтээлтэй өнгөрөөж байгаа талаар өгүүлнэ. Эндээс бол хэр их энерги зарцуулна төдий чинээ эрч хүчтэй болно гэх санааг гаргахыг зорьж их зүйлс бичнэ. Тэрэнд тэгээд амралтыг ямар нэг эрч хүчтэй физик үйлийг төлөөлж үзэхийг уриалахаас гадна тв үзэж орондоо налайж хэвтэх хэрэггүй гэх зөвлөгөө харагдана. Тв үзэх, утсаа гөлрөх гэх мэт “low quality digital activity”-г аль болох өөрт үр өгөөжтэй бодит амралт, үйл хөдлөлөөр солихыг чухалчлахын сацуу өөрийнхөө “high quality activity”-г хэзээд тэр хэнд ч хэрэггүй “low quality digital activity”-с дээгүүр тавьж байх тухай өгүүлнэ. Харин чухам яаж? Жишээлбэл 7 хоног бүр шинэ зүйл байгуулж, хийж, туршиж үзэхээс гадна утсаа гөлрөх цагийн хуваарьтай болох гэх мэт олон зөвлөгөө бий. Үүнээс ч гадна энэ байдлаа хэрхэн сахилга баттайгаар төлөвлөгөө гаргаж сахих талаар өгүүлсэн нь нэг тийм бүх талаас нь харсан ч юм шиг. Би энэ хэсгийг коффее барьж суугаад дахиж уншмаар ч санагдчихлаа, юу ойлгосноо бичээд суусан чинь хэхэ. Уг нь бүрэн ойлгоогүй байгаа байдал энэ шүү дээ.

You gather a crowd, and you’re not interested in that crowd for its money. But because you can resell them to someone else who wants their attention.

Дээрх хоёр өгүүлбэрийг уншаад үз дээ. Алгаа улайтал хавсарч байгаад хацраа нэг сайн алгад. Тэгээд дахиад нэг унш. Мартахгүй болтолоо ойлго. Яг энэ санаанд тулгуурлаж олон сошиал медиа компаниуд үүсч хөгжиж байна. 2000-д оны дунд үед Гүүглийн зах зээлийн үнэлгээ 23 тэрбум байж, Фэйсбүүк зөвхөн оюутнуудын дунд л байдаг байсан бол одоо Гүүгл 800 тэрбум үнэлгээтэй бол Фэйс бүүк 500тэрбумын үнэлгээтэйгээр Америкийн тав дахь их үнэлгээтэй компани болсон. Яагаад гэдгийг юу гэж бодож байна? Өөрийнхөө хацрыг дахиад алгад. Ямар үгийг уншаад өөрийнхөө хацрыг алгадсанаа санав уу?

Дээрх үгийн утга одоо олон нийтэд харагдаад байдаг хэдэн нөхөд яагаад зөвхөн бусдын сонсохыг хүссэн болгоныг хэлж ярьж өөрсдийгөө “positive” гэж цоллож байдагт ч хамаарна. Ер нь тэгээд сонин шүү дээ. Одоо бол Фэйсбүүк өөрсдийгөө нэг тийм “foundation technology” гэх талаас маркетинг хийж, хэн нэгэн фб-гүй л бол аягүй сонин байгаад хүн болгон фб-тэй байх нь цахилгаан, гар утас шиг хэрэгцээтэй зүйл гэх мэтээр сурталчилж байх талаар их гүнзгий бичнэ.

За тэгээд утаснаасаа сошиал медиагаа усга гэж зандарч эхэлнэ. Би лав тэгэхгүй. Дараагийн хэсэгт бичигдэх зөвлөгөөнүүд нь надад тохирно. Тэр нь сошиал медиаг мэргэжлийн түвшинд ашиглах. Энэ хэсэгт сошиал медиа хэрэглээний талаар судалгаа хийж, Америкийн нэртэй их сургуульд энэ талаар лекц тавьдаг профессорын хэрэглээний талаар бичигдэнэ. Уг эмэгтэйг хэрхэн сошиал медиаг про хэрэглэж байгааг хэлэхгүй. Энэ талаар лекц уншина манайхан бүгдээрээ ирээрэй 😛

Аа наасан, худлаа худлаа тоглосон юм, ер нь товчхондоо уг эмэгтэй сошиалд элдэв хөгжилтэй юм дагадаггүй, инстаграмд хэдхэн мэргэжлийн хүн дагадаг, фб-д 7 хоногт тоотой хэдэн удаа цаг гаргаж бэлдсэн өдөр ордог, ажлын хүнтэй ярих хэрэг гарвал утсаар ярих эсвэл өрөөнд нь ордог, фб найзынхаа тоог цөөхөн (150 буюу хүний амьдралд холбоотой байх боломжтой тоо, Duncan number ) байлгаж, твиттерт бол хувийн аккоунт, мэргэжлийн аккоунт гэж хоёр тус аккоунт ашигладаг, твиттерт мэдээлэл олохдоо зориулалтын програм ашигладаг. Аа бас янз бүрийн story үздэггүй гэсэн. Нэг иймэрхүү. Өөр хэд бий л дээ. Тэдгээрийг нэг сайхан тухтайхан шиг энэ номыг нь авч байгаад уншиж үзэхгүй юу.

Ер нь тэгээд өөр зөвлөгөөнүүд ч бий. Би заримыг нь дурьдсангүй. Мань эрийн бичсэн энэ номны гол санаа буюу хэрхэн өөрийнхөө амьдралыг зөв удирдан, өөртөө сэтгэл ханамжтайгаар энэ дижитал технологийг ашиглах тухай тоймлож гаргахыг зорьсон учраас тэгсхийгээд орхилоо. Энэ номыг аваад уншаад үз. Энэ жил сэтгэлгээний хувьд өөрийгөө хөгжүүлье гэж бодож байвал энэ бол заавал авч унших ном шүү.

Энэ номыг уншиж дуусаад юу болов, бодов, тунгаав?

Maybe refreshing? Номын өрнөл, бичилтийн хувьд аргагүй л Калаас л хүлээж авах чанар чансаа. Өөр тэгээд бүрэн ойлгоогүй хэсгийг дахиж уншина даа. Introduction to the theory of neural computation гээд ном уншиж байх хоорондоо зай завсараар нь гарчиглаад байсан болоод ч юм уу ойлгоогүй. Харин сая тэр хэсгийн талаар бичиж байхдаа ер нь дахиад нэг унших хэсэг байна гэж бодов.

Номоо уншиж дуусгасны дараагаас тэрэнд дурьдагдсан зарим зөвлөгөөг дагаж эхэлсэн. Ялангуяа тэр сошиал медиаг мэргэжлийн түвшинд ашиглах тухай хэсгийг. Одоо бол миний хувьд story үзэхээ бага багаар болиод, энд тэнд зүгээр санагдсан пост, таалагдсан охины зураг энэ тэр дээр like дардаг байсан болино доо. Одоо яалтай ч билээ. Өөр тэгээд бусад зүйлс дээр миний өөрийн ашигладаг тактикууд дээр нэмнэ дээ. Миний өмнөх тактикуудын хувьд бол фб-г гар утсанд ашиглаад өдөрт 15 мин болсон бол мэдэгддэг тохиргоотой (fb app, settings & privacy, your time on fb), компьютер дээр бол фб-д өдөрт 30 минутаас илүү орохооргүй тохиргоотой, фб чатыг найзууд, гэрийнхнээс бусад хүмүүст харагдахгүй байх тохиргоотой. Аа бас ямар нэг шалтгаантай эсвэл онлайн харагдаж байх гэсэн ганц хоёр хүнд фб чатад онлайн харагдаж байхаар тохиргоотой орхисон байдаг. Хүмүүст гадаадад сурах шалгалт давах, тэтгэлэг, сурах болож олох мэдээллүүдийг ил нээлттэй байлгахад анхаардаг 130K гишүүнтэй фб групп зохицуулж байхад тэнд үе үе пост бичих хэрэг гарах ба бичих бүртээ turn off notification хийдэг. Хэдэн зуун notification авах чинь бас хүсээд байх юм биш шүү дээ. Өөрийн хувийн фб-д пост бичээд тэрэнд хүн сэтгэгдэл бичвэл заавал нэг цагаас илүү хугацааг хүлээж байж хариу өгдөг. Яахав сэдвийн халуунд харилцан бичилцээд байхгүйгээс гадна утсаа гаргаж ирж шалгаад байдаггүй ч болдог юм билээ.

Твиттерт бол сайн инээх гэж орно. Нийт 9н жилийн турш ашиглаж байгаа ч гадны хүмүүсийг дагах гэж эсвэл зарим нэг монгол хүмүүсийн мэдэмхийрч байгааг харж инээдээ хүргэх гэж л ашиглаж ирж дээ. Өглөө босонгуутаа инстаграмд story хийж өөрийгөө эрт босдог болгох гэж дайчилдаг байснаа больсон. Харин story хийлгүйгээр чимээгүйхэн босоод байдаг болсон. Одоо өглөө 4-6 хооронд босдог болоод 7н сар гаран болчихвуу даа. Сошиал медиа гэхэд ч хэцүү, хүнд хэрэгтэй эд гэхэд ч хэцүү нэг юм хэрэглээнд нэмэгдсэн нь Medium. Өдөрт 3н нийтлэл цааш нь харуулж байж өө би чинь хүн юм байна гэж мэдэрдэг болоод байгаа. Энэний хэрэглээг хязгаарлах хэрэгтэй ч гэж бодогдов. За нэг тиймэрхүү.

Дараа сарын номны тухайд

За 2-р сарыг ийм ном уншиж өнгөрөөсөн юм байжээ. Энэ 3-р сард бол нэг философлог ном уншина. Хүн хэрхэн амьдрах тухай хэдэн зууны турш классик ном гэж тооцогдож ирсэн ном л доо. Тэрийг тэгээд тоймлож бичимз. Ирэх 4н сард бас өөр нэг философлог ном уншина. Гэхдээ тэр ном одоогийн нийгмийн fucked-up байдлыг цохож бичсэн байх болно. Урьдчилсан захиалгаа валентины дараахан өгсөн. Энэ сард киндлд орчих болохоор бараг энэ сарын сүүлээр уншаад эхэлчих байх даа. Тэрний талаар 4н сард уншсан ном гээд тоймлож бичимз. Харин тэр тоймыг бичиж дуусгах хүртэл уг ном маань элдэв янзын хит болчих вий гэж л бодож сууна. Энэ Digital minimalism шиг гарсан долоо хоногтоо New York Times bestseller болчих вий дээ золиг.

Д.Төмөртогтох

2019.03.04

Энэ номыг авахыг хүсвэл энэ линк нь:

Digital Minimalism: On Living Better with Less Technology by Cal Newport

Cover image: Photo by Ales Nesetril on Unsplash

Submit a comment


*

Back To Top