Сахилгагүй нохой ба даруухан манлайлагч

Унших хугацаа: 6 минут

Сүмийн цэлийсэн хана дагаж нүүх багшийн дуунд уярч байна уу уйдаж байна уу гэлтэй хэдэн оюутнууд сууна. Унтах нь унтаж, утсаараа оролдох нь оролдож байх ч хичээлээ сонсоод багшийн яриаг анхааран сонсох оюутнууд нилээн их. Багш ч энэ байдалд дассан гэлтэй яриагаа үргэлжлүүлсээр л… нэг тийм мэдэх ч юм шиг мэдэхгүй ч юм шиг нэгэн хэмнэлийн абстракт ойлголт ихтэй багшийн яриа нэгэн хэмнэлээ барьсаар чихэнд тулгаж тавьсан лимбэний ая шиг уянгалж эхлэв. Нойр хүрлээ, үгүй ээ хичээлдээ анхаарах цаг, гэхдээ энэ сайхан уянгалаг дууг сонс л доо.. нээх гоё уянгалмаар гэх дотор бодол солигдож, бурхан чөтгөр хоёр өрөг нүүж байгаа шиг л санагдана. Үргэлжлүүлэн багшийн хоолойг сонсон байхад гэв гэнэт Хөв хөв гэв. Хөв хөв, сүүл шарвах чимээ. Айн юу билээ гэх бодол төрж амжаагүй байхад оюутнууд инээлдэж эхлэв.

Тэдний дагаж багш ч инээх ба нөгөөх хөв хөв гэх дууны эзэн тэртээ баганын хажууд сүүлээ шарвуулан баясалтай нь аргагүй сууна. Хүмүүст хүртээлтэй програмны загварчлалын онолын хичээлд нохойтойгоо хамт ирж суудаг нэг залуу байдаг ба мань хүний нохой яг хичээлийн цаг дуусах дөхөөд ирэхээр хуцаж багшид сануулга өгдөг үүрэгтэй хэхэ. Хичээл дуусах цаг дөхөөд ирэхэд хуцаж нэг дохио өгчихөөд эзнийхээ гар доор баатар царайлаад сууна тэр сахилгагүй нохой.

Тэрэнд нь оюутнуудын дуртайг ч хэлэх үү нохой гэж амьтан өөрөө хайр татам байдгыг ч хэлэх үү хичээлийн дараа нохойн хажуугаар өнгөрөх болгон илж таалж тэвэрнэ нөгөө өхөөрдөм амьтанг. Хичээлийн сэдэв маань их ерөнхий талдаа ч болохоор юм уу бакалавр, магистрын оюутнууд аль аль нь үзэж болдог тэд бүгдээрээ нэг ангид суудаг юм. Заримдаа жаахан хүүхдийн уйлагнах дуу ч сонсогдоно. Гэхдээ л сонин юм шүү тээ, хичээлд нохойтойгоо ирж л байдаг. Тэгээд нохой нь яг сэрүүлэгтэй цаг шиг хичээлийн төгсгөлд хуцаж л байдаг. Багш харин тэрийг бол тоож үзэхгүй. Догги гэртээ харих юм гэнэ гэж инээмсэглээд хичээлээ дуусгана.

Нэг удаа урьдны л адил тэр хичээлдээ суунгаа сүмийн багана налж нойрмоглох бэлэн байдлаа авч байлаа. Хичээл эхлэхийн өмнө багш өнөөдөр зочны яриатай гээд бидний дундаас нэг хүн дуудах шиг болов. Багшийн дуудлагыг дагаж нэг эр “алив урагшаа яваарай” гэж амандаа үл мэдэх бувтнасаар сандлаасаа бослоо. Түүний урд нөгөө хэргийн эзэн догги сүүлээ шарвасаар тайз руу шогшлоо. Уг нохойны эзэн залуу маань хараагүй иргэн байсан ба нөгөө хэргийн эзэн маань уг хүний хөтөч нохой байж. Сурамгай нь аргагүйгээр эзнээ хөтөлсөөр сүмийн индэр лүү эзнээ хөтөлж гараад индэрийн хажууд хэвтээд өглөө.

Хичээлдээ нохойгоо авч явахдаа яаахав дээ гэж гайхаж бодож байснаас биш нохойгоо авч явахаас өөр аргагүй хүн бидний дунд сурч байна гэж санасангүй би гайхангаа л тайзан дахь нөгөө залууг ширтэн сууна. Үнэндээ энэ тохиолдол бол миний хувьд хараагүй иргэнтэй нэг анги байх хамгийн анхны тохиол байсан юм. Яахав анх танилцахдаа өөрийгөө лесби гэж шууд хэлдэг хүмүүс, зэрэгцээд суухад би гомо гэх стикер өөрийнхөө лаптопны булан бүрт наасан хүмүүстэй хамт суралцах бол жирийн үзэгдэл болоод байсан хэдий ч хараагүй хүнтэй хамт сурна гэдэг бол хэн хүнд тийм олон тохиогоод байхгүй биз.

Саймон болон түүний сахилгагүй нохой

Тайзан дээрх индэр дээр байраа эзэлж өөрийн бэлдсэн танилцуулгаа багшид өгч уншуулсны дараагаар мань эр бидэнд яриагаа тавихад бэлэн болж хамгийн түрүүнд өөрийнхөө нохойг танилцуулаад тэрний өмнөөс гүнээ уучлалт гуйж эхэллээ. Хөтөч нохой өөрийнх нь талаар ярьж байгааг мэдэж байгаа бололтой эзэн рүүгээ нэг харж сүүлээ шарваж, бидэн рүү нэг харж хэлээ гаргаж “та нар ийм хөөрхөн амьтанд уурлахгүй биз дээ” гэсэн аятай хэвтэнэ. Үнэндээ багшид ч бидэнд ч нэг их тийм сүртэй зүйл биш байсан хэдий ч мань эр нохойныхоо өмнөөс сайн уучлалт гуйж авлаа.

Үүний дараагаар тэрбээр өөрийн гол яриандаа орсон ба түүний гол сэдэв бол хүнд хүртээлтэй, хэрэглэхэд эвтэйхэн програм хийх талаарх байж. Мэдээж хараагүй иргэний хувьд бидэнд хэлж чадах зөндөө зүйл байх нь ойлгомжтой боловч мань хүнд бидний санаанд ч буухааргүй арвин их түүхтэйг бид таахаар байж уу гэвэл үгүй. Өөрийгөө Саймон гэж танилцуулаад саяхан өөрийгөө Сахарын цөлийн марафонд амжилттай оролцсон хамгийн анхны хараагүй иргэн болсон тухай хэлээд одоо энийгээ үргэлжлүүлээд хүн машины хөдөлгөөн бужигнаж байдаг Сан Франциско хотод марафонд гүйх талаар бэлдэж байгаагаа хальт дурьдаад түүний оролцсон марафон болгонд түүнд нохой нь болон орчин тойрноо мэдэрч өөрийнхөө хаана байгааг баримжаалахад тус хүргэсэн аппны талаар ярьж эхэллээ. Нэгэнт л аппны талаар яриа эхэлсний тэрнээс хойш дан мэргэжлийн талаарх яриа болон хэрхэн аппыг хүнд хүртээмжтэйгээр хүргэх, хэрхэн өөрдсийн аппаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний талаас харж үзэж зохион байгуулах вэ гэх мэт сэдэв яригдав. Түүний яриа үргэлжлэх тусам оюутнуудын анхаарал улам улмаар татагдаж, энд тэнд гар өргөх нь харагдаж асуулт асууж болох уу гэх нь үзэгдэнэ.

Өөрийнх нь хөтөлж буй яриа тун дажгүй өрнөж буйг, оюутнуудад асуулт их цугларч буй анзаарсан Саймон яриагаа товчхон хөтлөөд бидний хүсэн хүлээж байсан асуулт хариултын цагийг эхлүүллээ. Мэдээж хараагүй хүн хэрхэн програм хангамжын чиглэлээр магистраар хамгийн хүнддээ орох сургалттай сургуульд сурч байгаа нь хэн хүнд сонин байв. Яаж кодоо бичих, яаж судалгааны ажлыг унших, хэрхэн бусдын бичсэн кодыг уншиж өөрчлөх вэ, багаар ажиллахдаа бусадтайгаа яаж ажиллах вэ гээд л хариулт хүссэн асуулт их. Хажуугаар нь хараагүй хүн ганцаараа амьдарч байж яаж хоол хийж иддэг вэ, нохойны хоолоо яаж бэлддэг вэ, гэрээс сургууль хүртэл өөрийн замаа яаж олдог вэ гээд л бусад сониуч асуултууд ч байв. Үүний хажуугаар яаж даалгавраа хураалгадаг вэ гэдэг ч том асуулт. Яагаад гэхээр бүх даалгаварыг багш нар нэрээр биш оюутны кодоор хүлээн авч дүгнэх учраас тэр залуугийн хувьд даалгавраа хураалгах, бэлдэх, бичих зэрэг нь бидэнтэй адилхан байх учиртай юм. Энэ бүгдэд нэг бүрчлэн товч бөгөөд голыг нь олсон, англи маягын шогч хариу өгсөөр нэг мэдэхэд нохой нь сүүлээ шарваад эзнийхээ гарын долоож эхлэв. Яагаав нөгөө сахилгагүй нөхрийн хуцах цаг нь болсон бололтой. Саймон үүнийг анзаараад хараагүй байх, хөгжлийн бэрхшээлтэй байх, сэтгэцийн эмгэгтэй байх нь бусдаас дор байхын нэр биш зүгээр л мэдээллийг боловсруулах аргачлал, сурах арга, хүссэнээ бүтээх зам нь бусдаас өөр онцгой байдаг юм гэж яриагаа дуусгалаа. Үүний дараагаар удахгүй өөртэй нь нэг баг болж ажиллах оюутнуудаас урьдчилан уучлал гуйх боловсон зангаа ч мартсангүй. Өмнө нь мэдэрч үзээгүй мэдрэмж тэр лекцийн дараа цээжинд наалдаж үлдснийг ч нуух юун.

Гэртээ ирээд өнөөдрийн залуугийн танилцуулга дээрх нэрийг гүүгл хайлтаас хайж байгаад өөрийнх нь сайтыг оллоо. Юу ч юм дотор нуугдчихаад, тэр залуугийн талаар илүүг мэдмээр байсан хэрэг л дээ. 18 настайгаасаа хойш нүд нь хараагүй болсон тэрбээр өөрийнхөө хүслийн дагуу технологи ашиглан гүйх болсон ба гар утасны апп ашиглан олон марафонд хараагүй иргэний хувиар гүйж, Сахарын цөлийн марафонд амжилттай оролцож, өөртөө зориулан хараагүй иргэдэд тохиромжтой технологийн шийдэл бүтээж, MIT, IBM, Google гэх мэт том газруудтай хамтран ажилж хараагүй иргэдэд үйлчлэх технологийн шийдэл бүтээхэд тэргүүнд явдаг залуу байв. Үүний хажуугаар энд тэнд уригдан өөрийн түүхийн талаар технологийн талаар болон бусад хараагүй иргэдэд урам өгөх яриа хийдэг залуу байв.

https://www.thinkwithgoogle.com/intl/en-gb/advertising-channels/mobile/blind-ultramarathon-runner-uses-mobile-tech-to-set-a-keen-pace/

Түүний тухай Их Британи болон дэлхийн том хэвлэлийн сувгууд дор бүрнээ цохож бичсэн байснаас гадна өөрийнх нь тухай Twitter, Facebook, Google гэх том компаны төлөөлөгчдийн хэлсэн үг ч түүний сайтад харагдана. Өөрийнхөө аялалууд, хараагүй болсон түүх, марафоноо хэрхэн эхлүүлсэн тухай, ямар апп яаж ашигласан тухай, хараагүй иргэдэд зориулж ямар ажил эрхэлдэг тухай болон өөрийнх нь судалж хэрэгжүүлж буй технологийн ажлуудын талаар ч мэдээлэл харагдана. Харсан хүн болгон Хоо гэж дуу алдмаар, түүний тухай ухах бүр хараагүй иргэдэд хандаж хийж буй ажлууд нь ундарч гарна. Гол нь түүний өөрийнхөө бэрхшээлийг хүлээн зөвшөөрч, түүнийгээ даван туулж буй тэр түүх л бусад хүмүүст их урам өгч буй нь тодорхой байв.

Чухам мундаг манлайлагч залуу байна гэх бодол толгойд орж ирэв. Хийсэн зүйлс нь үүнийг шууд хэлж өгч байсан нь тэр. Гэвч тэр лидер гэдэг чинь юу билээ, өөрийнхөө манлайллын талаар юу гэж бичиж гэх бодолдоо хөтлөгдөн түүний сайтыг дахин ухлаа. Тэндээс лидер, манлайлагч, удирдагч гэх үгнүүдийг олсонгүй. Яагаад ч юм бүү мэд, Саймоны хийсэн аялаллууд, хийх аялалууд, хамт ажилласан хүмүүсийн сэтгэгдлээс өөр зүйл алга. Заавал удирдаж байна, тэргүүлж байна, манлайлж байна гэж бичилгүйгээр энэ бүгдийг хийж болдог гэж үздэг юм болов уу. Манайхнаас өөрөөр боддог юм байлгүй. За тэр ч яахав.

Хэд хоногийн дараа сургууль дээр мань эртэй дахин таарлаа. Нохойгоо урдаа хэвтүүлээд, кафегаас кофе авах гээд оочерлож зогсох тэр дэндүүдээ дэндүү энгийн харагдана. Хийсэн ажил, үүх түүхийг нь л мэдэхгүй бол түүнийг хэн ч анзаарамгүй энгийн даруухан нэгэн ч, Саймоны хийсэн үйлийн сүүдэр нь дэлхий даянг хамна. Харин тэр догги бол яаж ч харсан сахилгагүй.

Яг ийм байдлаар Саймоны яриаг нь сонсож байж. (https://www.rnib.org.uk/rnibconnect/blind-runner-develops-tech-compete-solo)

Д.Төмөртогтох

2018.06.27

Саймоны сайт: http://www.andadapt.com

Cover by Chetan Menaria on Unsplash

Submit a comment


*

Back To Top