Нөгөө эрчүүд

Унших хугацаа: 5 минут

Монгол эрчүүд яг ийм шүү дээ гэх үгтэй их ууртай имэйл хүлээж аваад уншиж байлаа. Олны танил нэгний уур гаргах хүн болоод сууж байгаа минь тэр. Уг хүн маань анхнаасаа монгол залуус муу, ялангуяа эрчүүд бол бүүр бүтэхгүй гэх харьцангуй бодолтой хүн байсан, миний хариуцсан ажил ч дундаа удаашрилтай, бүтэц муутай байсан, ер нь угаасаа тиймэрхүү банга хүртэх болчихоод байв. Яахав иймэрхүү аястай зүйл хүлээж байсан би ганц ч үг дуугаралгүйгээр тэр хүнтэй эргэж харьцахгүй байхаар шийдээд өнгөрсөн.

Сайн шийд үү, муу шийдвэр үү, хүссэн үр дүндээ хүрэв үү, дэмий цаг алдаад дуусав уу гэдгийг хэлж чадахгүй ч сэтгэл ханамжын хувьд бол надад сайхан байлаа. Хортой хүмүүсээс хол бай, хүндлэл дээр хүмүүсийн харилцаа тогтоно энэ тэр гээд үгс хаа явсан газар харагдаад байдаг ч билүү. Ерөнхийдөө бол яагаад ийм байдалд орсон байгааг асууж шалгаагаагүй байж шууд монгол эрчүүд ийм тийм тэр тэгдэг гэх захиалагчийн тэр зан бол нэг ёсны шал утгагүй байсанд нь эгдүү хүрээд тийм шийдвэр гаргасан ч гэж болох.

Шалтгаан гэснээс тэр ажлаа бүтэлгүйтүүлсэн нь надаас ч биш, миний хамтрагч найзаас минь хамаатай. Мань эр ажлын дунд нэг хэсэг таг алга болсон юм. Юу болсон, яав ийв бүү мэд. Ажлын тал дээр лаг хариуцлагатайг нь мэдэх ч юм, хүний тал дээр эр хүний хугархай гэдгийг нь ч мэдэх юм, мань эрд чухал зүйл тохиосон гэдэгт би итгэлтэй байв. Амьдралд юу ч тохиож болох учир би харзнаастай, найзад нэг тун чухал зүйл тохиосон л байж таарна. Эхэндээ захиалагч ч таг байлаа, нэг хэсэг хугацаа өнгөрсний дараа муугаар хэлж эхэллээ, дахиад хэсэг хугацаа өнгөрлөө, захиалагч маань нөгөө монгол эрчүүд тийм ийм гэдэг дээр туллаа.

Би ямар хүнд амьдрал, ажил заах дуртай хүн биш, ажиглагчийн үүрэг гүйцэтгээд л загнуулж сууна. Хэсэг хугацаа өнгөрсний дараа найз гарч ирээд яагаад удаан хугацаанд таг болсноо хэлээд ажилдаа эргэж оръё л гэж байна. За ок, шуурчихъя гээд л хойш тавиад байсан бүхнээ хийж дуусгалаа. Харин би найзынхаа түр алга болсон шалтгааныг захиалагчид хэлэлгүйгээр таг нуугаад өнгөрсөн юм. Шалтгаан нь бол их чухал, мань эрийн хүүхэд гэнэтийн хагалгаанд ороод хүүхдээ сахиж хэд хоногийг эмнэлэгт өнгөрөөсөн байж. Мэдээж юунаас ч чухал гэнэтийн явдал, эр хүний нуруун дээрээ үүрээд өнгөрөх зүйл үү гэвэл тийм. Харин хүн бүрт дэлгээд байх асуудал уу гэвэл биш, зөвхөн итгэл даана гэсэн хүмүүстээ л дотночилж хэлэх зүйл. Монгол эрчүүд ийм шүү дээ гэж басах нэгэн бол яагаад ч тийм хүмүүсийн тоонд орохгүй юм.

Photo by Jordan Whitfield on Unsplash

Ер нь ийм сэтгэлгээний хоцрогдол их ажигладдаг. Эр хүн байж хийсэнгүй, тусалсангүй, гуйсан юм хийгээд өгсөнгүй, цагандаа горойсон гэх мэт… Яахав мэдээж хийж чадахгүй байна ч гэж юу байхав, боломжтой үедээ хийж өгч болох ч өөр шийдэх ёстой асуудал гарсан үед бол лай л байна. Нэг цаг хугацаанд амьдарч байгаа хойно зэрэг асуудал гараад ирэхэд өөрт чухал гэхээ хөөцөлдөж зохицуулах нь зүй. Харин асуудал болгон өөр нэг асуудал руу хөөгдөх, асуудал шийдэгдэх явцад өөр шинэ асуудал гарч ирэх гэх мэтээр таамаглашгүй зүйлс эрчүүдэд тохиох бол элбэг. Бараг хүн болгонд нэг асуудал өөр олон асуудлууд руу хөвөрч сунжирч байсан тохиол бий дээ. За эргэж асуудал шийдэл тал руу хувьсаж бодъё. Хэн нэгэн эр нэг аятайхан бүсгүйн гуйсны дагуу тэр бүсгүйд туслаад байж байна гэж үзье. Заавал аятайхан бүсгүй нь ч гэж юу байхав, тэр үгний оронд дуртай үгээ орлуул. Ажлын эгч, танил бацаан, нэг ах, албаны дарга, нөгөө өрөөний ажима, доор гуанзны эгч, траншейны өвөө, түцний эмээ гэх мэт. Тэгээд тэр ажлыг нь хийж өгч байх зуур дотны хүнд нь асуудал гарлаа гэж бодъё. Хэрвээ туслуулж байгаа хүн нөгөө асуудалтай хүнээс чухал л биш бол тэр ажил бол цаашаа шүү дээ угаасаа.

Ямар ч эргэлзээ байхгүй тэр ажлыг умартана. Эцсийн эцэст эр хүний үүрэг бол өөрийн дотны хүмүүстээ түшиг тулгуур болох болохоос хаанахаас гараад ирэв гэмээр факбойс шиг энд тэнд эмэгтэй хүн ийм тийм, тэгж ингэж хайрлах ёстой гэж уран үг хуулах бол биш. Яахав мэдээж элдэв янзын гомдол нэхэл нөгөө хүмүүсээс сонсох нь зүй. Хүмүүс л болсон хойно, яагаад чи ингэв гэж асуулгүйгээр надад тусалсангүй, ажил алсан өөдгүй гар гэхээ урталь болгоно. Яагаад тэгэв гэж асуух сэтгэлгүй, өөрийн хувиа хичээх хүмүүс ч байж, за эсвэл тэгж асуухаар хүн сэтгэлтэй байхад ч гэсэн өөрийн дотны хүний асуудлын нууцыг задлах ухаан бий юу. Барагтай л бол байхгүй дээ, чухал хүний амьдралын нууц шүү дээ. Ер нь ч тэгээд дотны хүмүүс минь зүгээр бол тэр баргийн хэл ам бол лай байна. Наад захын асуудал.

Яагаад ингэдэг вэ гэж үү? Багаас нь ээж нь эгч, дүүгээ өмөөр гэж сургаж, ээж нь олон гэр орны ажлаас өөрт хамгийн хэрэгтэйгээ хий гэж үглэж, бүдэрч уначихаад ээждээ өвдөж байгаагаа харагдуулахгүй нууж хүчтэй харагдах гэж, найзуудтайгаа тарьсан хэргээ ээжийнхээ санааг зовоохгүй гэж нууж өнгөрч сурснаас үүдэлтэй. Яагаад гэвэл хүчтэй харагдахад ээж нь баярладагт сайхан байдаг учраас тэр. Ээжийгээ баярлуулж сурсан багийн тэр зангаа хадгалсаар том болоод өөрт таарсан асуудлуудаа тэр болгон хүн ярилгүйгээр өөртөө хадгалж, бүүр болохоо байсан үед дотны найздаа ганц хоёр үг салгалан байж залгаж хэлээд нэг уужим амьсгаа авна. Өө юун сонин юм, зүгээр л доторхоо уудлаад ярьж бай л даа та нар чинь сонин хүмүүс вэ дээ. Өө тийм, сонин. Гэхдээ яахав тэгж доторхоо уудалж болно л доо, та нар харин эхлээд гэнэт цочихоороо ээжээ гэж уулга алдахаа больчих. Тэгээд энэ талаар ярилцъя.

Хэдий чухам ийм ч эр хүн өөрийн гэх эмэгтэйдээ амиа өгөх нь холгүй явна. Өөрийн цүнхээ дийлж ядах ч өөр охины цүнхийг үүрч, хөвгүүд цасаар угаачих гээд шоглоод болдоггүй болохоор нь өөрөө хажууд нь байнга хань болох, халаасны мөнгөө хурааж хурааж нэг өдрийн болзооны мөнгө босгох гэх мэт хүүхдийн үйлдлүүдээс гадна хэн хүнд харагдаад байдаггүй ч үзэгдэл бий. Жишээ болгон өөрийн хэдэн жил ажигласан нэг түүхийг дэлгэе.

Photo by Asif Khan on Unsplash

Үе үе нэг эмгэн, өвгөн хоёртой таардаг байлаа. Өвөр дээрээ цагаан утас тавиад тэргэнцэр дээр суух эмгэнээ түрж явах тэр өвөөг их олон жил харсан даа. Хавар, намар, зунаар бол байнга яг нэг байдлаараа хар шил зүүсэн эмгэнг түрээд бас адилхан хар шил зүүсэн өвгөн түрнэ. Өвгөний бугуйд олон уранхай бээлийний үлдэгдэл дэрвэж, тэргэнцрийн бариулыг уранхай бээлийгээрээ тас зуураад л түрч харагдана. Хальт харахад бол цагаан утсаа тээж авч явж хүнээр яриулж мөнгө олдог гэж харагдах. Гэвч үнэндээ бол тийм биш. Олон жилийн турш олон удаа тааралдахдаа дандаа тэр хоёрыг тогтмол хэдэн газраар явж байгааг, явж байгаа газрууд нь яагаад ч хүн утсаар ярих гэж дуудахаар биш байдаг байсан юм. Хотоос лагер луу явахад 7н буудал хүртэл өгсдөг засмал замын дагуу, тэр хавын жижиг салаа гудмууд дунд, Чингэлтэйн жижиг гүүр гэх мэт хүн утсаар ярихааргүй газрууд хэдий ч хүн салхилж явахад их боломжын газруудаар тэр хоёр байнга явна. Бодвол хэн нэгнийг салхилуулж явсан юм байлгүй. Тэр нэг нь тэргэнцэр дээрээс өөрөө салхилах чадалгүй болохоор түрэн явж салхилуулж сэтгэлийг нь зугаацуулдаг ч байж болох.

Энэ мэт харахад үзэгдээд байхаар биш ч ажиглахад ойлгогдох үйлдлүүдийг эрчүүд, аавууд, эр нөхрүүд хийдэг шиг санагддаг. Амнаас нь барагтай бол үг унахгүй ч хүүхдүүддээ юм авч өгөх боломж гарахаараа нүүрэнд нь инээмсэглэл тодроод суучихдаг, жил бүрээр намхарахдаа өмссөн хувцас нь хар залуугийн хар цагаан зурагтай нь адил гандаж, амандаа хайртай гэж огт хэлэхгүй ч эхнэртээ авч өгсөн цахилгаан хэрэглэлээ угсарч суух тэр төрх дуртай тоглоомоороо тоглож байгаа жаахан хүүхэд шиг харагдах нь эр нөхөр, аав хүний хувьд энүүхэнд. Яахав барагтай л бол гэрийнхэн нь энэ мэт үйлдлийг хэлэхгүй бол ойлгохгүй ч гомдоллох зүйлгүй. Нэгэнт монгол эр хүн болж төрснийх гэрийнхэндээ, дотны хүмүүсдээ амьдралаа зориулаад тэднээсээ түрүүлж явж таарна. Тэр цаг ирэхэд хойно үлдэх хүмүүсийнхээ амьдралыг, дотны хүмүүсийнхээ амьдрах ухааныг өөртэйгээ аваад явахгүй байх л чухал гэж үзнэ.

Түүнээс эр хүн байх нь хүн болгонд таалагдаж, хайрлагдахын нэр биш. Гэр бүл, дотны хүмүүсийн одоогийн амьдрал, ирээдүйн үйлд санаа тавьж, болж өгвөл улсынхаа ирээдүйд хөрөнгө оруулах л юу юм. Яахав дотны хүмүүсийнхээ баярласан сэтгэлд цадаж байхыг харах нь бүүр сайхан байх ч, тэр бүр энэ нь тансаглал гэж тооцогдох эд. Харин хүмүүст сайн харагдаж, энхрийлэм байж, хүн эрхлүүлсэн байж, олны хайр татам дүр эсгэх бол факбойзын сонгуулын рекламны паус.

Гэснээс өнөөдөр бидний соёл, үзэл суртал хуулах дуртай барууныхны хувьд аавуудын баярын өдөр. Та нар тэрийг хуулж авч, лоозонд зоож, хөдөлгөөн өрнүүлж, зурагтаар гарахаа биш юм аа гэхэд ядаж аавдаа нэг сайхан мэдээ дуулгахаа мартаагүй биз? Ер нь ч тэгээд Монголд эр хүн болж төрөх бол гэмт хэрэг гэж нэг ширүүн үгтэй гар хэлсэн нь үнэний ортой байж мэдэх.

Д.Төмөртогтох

2018.06.17

Cover by Matheus Bertelli from Pexels

Submit a comment


*

Back To Top