Баасан гарагийн орой

Хэн хүн хаана байж юу ч хийж байсан хамааралгүйгээр 7 хоногийн төгсгөл баасан гараг гэхээр л дотроо өөр зүйл боддог. Үүнтэй адилаар дэлхийн хаана ч байсан хүн болгоны энэ өдөр юу хийж суудаг нь ч өөр өөр байх. Ажил дээрээ сууна, гэртээ гэр бүлээрээ сууна, найзындаа буу халж сууна, эсвэл нөгөө юу яаагаад бан бан бийн хийх ч юм уу.

Өнөөдөр баасан гараг л даа. Саяхан би гадуур гарч бэлэн гоймон хайн алхаж явахдаа кампусын кафед хичээлээ давтаад сууж буй оюутнуудтай таарав. Хэсэг гөлөрч зогслоо л доо. Ийм үзэгдэл би амьдралдаа анх удаа л харж байгаа болохоор арга ч үгүй биз. Номын санд бол ингэж суух бол байх л үзэгдэл. Өдрийн цагаар бол коффее залаад сууж л байдаг. Харин шөнөөр кафед бол….

Зааа тэр тэгж л таарна. Манай Монголчууд л ер нь шоудаж баасанг өнгөрөөдөг байж таараа. Биднээс бусад нь бүгдээрээ лаг чухал царайлаад хөдөлмөрлөж суудаг, бидний монголчууд л залхуу, тийм ч учраас манай улс ийм байдалтай бий, тэр хэдэн залуусаа эднийг хараад гадныхнаас сур гэх мэт зүйлс хүнд бодогдож магад.

Ингэж бодоход бол буруудаад байх ч зүйлгүй л дээ. Үеээс үед л гадны аль нэг оронд ингэлээ, тэнд тэгж байна манай залуус алга гэх бичвэрүүд тэнэж явдаг. Гадаадад амьдардаг, олны танил гэгчид эсвэл өөрийгөө бусдаас дээр байж бусдад заах эрхтэй гэж эндүүрсэн хүмүүсийн бичвэрүүд. Энэ харин тэр бичлэгүүд шиг үү.

Үгүй. Мэдээж хэтэрхий их шоудалт залуусд бий гэдэгтэй маргахгүй ч өөрөөсөө доош тонгойж чичлэх нь эр хүнд зохихгүйн дээр хаа нэгтээ манай олон залуусын дунд тоотой хэд биш юм аа гэхэд хэн нэгэн өөртөө цаг гарган суугаа гэдэгт итгэж байна.

Image credit: Randy Jacob

Тэр хүмүүс шалгалтандаа бэлдээд л, хичээл сургуулийнхаа дүнтэй зууралдаад л, шинэ ажил эхлүүлээд л, эсвэл өөрийн одоогийн байдлаа сайжруулахаар ажиллаж ч байна уу хамаагүй тэд баасан гарагийн орой хамгийн их ганцаарддаг. Таних хүмүүсийн ихэнх нь хаашаа ч юм алга болцгоочихсон, гэрийнхэн амраж унтахгүй юу хийж суугаа юм гэж санаа зовонгоо загнах шинжтэй, хийж байгаа зүйлдээ гацаад нэг л болж өгөхгүй шинжтэй, бусад нь сайхан зугаацаж байхад ер нь яагаад ингээд сууж байгаадаа өөртөө ч гайхна. Сонин. Гэхдээ дандаа тэгдэг. Баасан гараг бүр.

Сонин тээ, юу ч хийсэн чамаас бусад нь бүгд чадаад хийгээд байгаа юм шиг л санагдаад л. Хаашаа ч харсан дандаа чадсан бүтээсэн сурсан мундаг хүмүүс. Чи өөрөө болохоор байхгүй. Өөртөө итгэл алдаж үзээд бусдаас тусламж эрж, чухам юу өөрт нь буруу байгааг олох санаатайгаар хүмүүсээс яаж ийв хэрхэн хийв яаж бүтээчихвээ нтр гэж асуухаар тэд өө тэр чинь амархан юухан байхав тэгээд л болоо хэцүү юм юу байхав ямар ч тэнэг амархан хийчихнэ энэ тэр гээд л тээ.

Тэгэнгүүт хөөрхий нөгөө мэдэхгүй чадахгүй байгаа бачка чи л өөрөө тэнэгийн тэнэг мангуу эргүү юм шиг санагдаад л, өөртөө гутарч эхлээд, хийж байгаа нь утгагүй санагдаж хийж байгаа зүйлээ орхиод л…аргагүй ч юм даа. Яаж ч хийгээд болж бүтэхгүй байгаа зүйлийг нь өөр хэн нэгэн юу ч биш хамраа ухах зуураа батираад дуусгачих зүйл гэхээр чинь чи өөрөө л нөгөө юу ч хийж чаддаггүй хүн нь болно биз дээ.

Image credit: Edu Lauton

За арай ч үгүй байлгүй дээ. Надад ямар нэг чаддаг зүйл байж л таараа. Би тэр хүмүүс яаж хийсэн, тэрэн шиг нь л хийгээд болгочихъё гэж бодоод л нэг шпидчих зориг гаргаад нөгөө хүмүүсийн тэг ингэ гэснийг дагаад оролдож хийж эхлэнгүүт хэсэг хугацааны дараагаар ямар ч ялгаагүйгээр тэгс ингэсхийгээд л яг урьдных шигээ гацчихдаг тээ. Өө хөөрхий тэгээд бусдын хийж бүтээгээд болгосон юмыг яг давтаад хийж байж хийж чадахгүй гацчихаар тэгээд өөрийгөө улам улмаар л тэнэг, ямар ч чадваргүйгээр төсөөлж бодно. Улам улмаар өөрийгөө тэнэг гэж мэдрээд л…

Харин тэр хооронд нөгөө мундаг хүмүүс нь бүүр лаг болоод л.. Хараад л байхад хүссэн болгоноо бүтээгээд л, зорьсон болгоноо бүтээд л, бараг л хаа очсон болгонд нь амжилт гэдэг үг дагалдах шахуу. Тэгэхээр л тэр хүмүүс бурхнаас арын хаалгадаж илгээгдсэн тусгай эд эстэй хүмүүс шиг санагдаад л .. Тэднийг шүтэж биширч баймаар л тээ.. Тэгээд нөгөөдүүл яаж гэх асуултанд бүгд өө тэр амархан энэ юу ч биш гэх мэтээр хариулаад л.. Улам л шүтэж бишихмээр, тэднийг чухам л өөрөөр хүндэтгэж бодож, өөрийгөө жигшиж чичилмээр санагдаад л…Аргагүй шд, хүмүүсийн чадаад болгоод байгаа юмыг огт хийж чадахгүй шал дэмий их хугацааг ганцаараа өнгөрөөж байж тээ. Харин тэр мундаг хүмүүс бол цаанаа л өөр. Тэр хүмүүс яг супермен гэдэг нь байх. Бүүр тийм мундаг гэдэг нь тээ. Тэгэхдээ тэр суперментэй адил нөгөө бэтмэн ч худал түүх, аалзанд хазуулаад баатар болдог ч хүн хүссэн болгоноо амархан сурдаг гэдэгтэй адил зохиомол үлгэр.

Image credit : Biance Isofache

Шинэ юм сурах, шинэ зүйл эхлүүлж хийж эхлэх гол шалтгаан нь өөрт байхгүй байгаа чадварыг л олж авах хойно тэрийгээ суран суртлаа хааяа хааяадаа тэрийгээ хийж чадахгүй гацаад байх бол энгийн л зүйл. Өөрийн чадахгүй зүйлээ сурах гэж, шинэ чадвар сурах гэж буй л бол өөрийн өмнө үзэж харж байгаагүй зүйлсийг харж, үзэж туулаагүй зүйлстэй учрах нь тодорхой. Харин тэр шинэ зүйлс тохиож, чадахгүй зүйлс олон гарч ирэх тусам л өөрийн хуучин байдлаасаа хол явж, өөрийн хүссэн шинэ түвшинд улам улмаар ойртож, одоо хийж байгаагаа орхиж хаялгүй үргэлжлүүлээд хийгээд байхын ч дохио байх шүү.

Тийм биз. Өмнөхөн таарч байсан асуудал дахиад таарахад гацаж суулгүйгээр гялтагнуулаад л өнгөрөөдөг биз дээ. Одоогийн таарсан байгаа асуудлыг ч гэсэн хэзээ нэг өдөр давж туулаад, дараа нэг өдөр тэрэнтэйгээ дахиж таарахаараа Дагвадорж аварга өрсөлдөг бөхөө дэвжээнд наадаг шиг л нялаад өнгөрнө.

Нэгэнт л баасан гарагийн орой өөртөө цаг гаргаад сууж буй бол аль хэдийн өөрийн хийх дуртай зүйлийг олсон, өөрийн зорьсон зүйлийг хараад эхэлсэн, ирээдүйд алхах шатаа хараад эхэлсэн, энийг бүтээнэ дээ гэж араа зуусан зорилго байж л таарна. Хэрвээ тийм зүйлгүй бол баасан гарагийн орой тоймгүй олон хорвоо дэлхийн одод эрхсийн дундаас дэлхийн 7 тэрбум хүн төрөлхтний дунд өөрийгөө л цор ганц гэж мэдэрч ганцаардаж суух хэрэг байхгүй шүү дээ.

Жирийн нэгний чихэнд өөр нэг юу ч хийж үзээгүй их мэдэгч царайлагчийн залуу хүн та мөрөөдлөө ол, өөрийнхөө зорилгоо ол, зүрх сэтгэлээ сонс, өөрийн жигүүрээ дэлгээд зорилго руугаа нис гэх мэт грекийн үлгэр шиг хий хоосон зүйлс хэрэгтэй бол баасан гарагийн оройд өөртэйгөө ажиллаад сууж байдаг залууст бол өөр шинэ шинэ проблем, мэдэхгүй олон асуудлууд, завгүй суулгах бэрхшээлүүд л хэрэгтэй. Бусдыг нь бид бүгд өөрийн хөлсөөрөө зохицуулна.

Тэгэхээр баасан гарагийн оройд өөртэйгөө ажиллаж суугаа хэн ч байсан хаа нэгтээ ямар нэг хийж байгаа зүйл, хичээл, сургууль, төсөл, ажил, диплом, судалгаа, юу ч хамаагүй тэр хийж зүйлдээ гацчихсан юугаа ч мэдэхгүй өөртөө гутраад сууж байвал гараа алд дэлгэж сайхан суниаж аваад өөрийн хийж байгаагаа үргэлжлүүлээрэй…

Харин хааяадаа юугаа ч мэдэхгүй гацаад, хийж байгаа зүйл дэмий цаг үрэхээс өөр үр дүнгүй байхад ганц хоёр урам авам юм сонсчиход их зүгээр байдаг. Таарсан асуудалдаа хэт анхаарлаа хандуулж өөрийнхөө чадварт эргэлзэж эхлэх гэдэг зүйл л биднийг зовоодог. Тэгэхээр түр завсар аваад доорх 2 шүлгийг сонсонгоо уншаад үзээрэй. Буковскын алдартай шүлгүүд өөрт тань шинэ харах өнцөг өгч магад.

Бусдыг бол өөрөө зохицуулж л таараа.

https://www.youtube.com/watch?v=2lK4LrD8Ii4

Д.Төмөртогтох

2018.05.25

Hey yo, хаа сайгүй хөглөрөх нийтлэлүүд шиг туулсийн туйлыг хөндөж, домгийн чанар ханхлах сайхан зүйлсийг зүйрлээд үзэхэд зүүний нүч жижигдэхээр нарийн, ургуулж бодоход уран тогосын өдийн үзэмж харагдах уран үгээр бичээгүй нийтлэлийг минь уншиж амьдралын хэдэн хормоо өнгөрүүлсэнд баярлалаа. Нийтлэл уншсаны дараа элдэв бодол толгойд нь орж ирсэн бол сэтгэгдэл үлдээж болно шүү.

Feature image: prottoy hassan

avatar

I am a self-taught CG generalist and am currently studying computer science abroad. Unlike most people, I was not born brilliant or talented. And I am not ashamed of it; because I have a dream and work hard for it. So I constantly seek ways to learn and improve myself and my craft, from success or failure, as well as pass on knowledge and inspiration to others. On this blog, I write articles to help others and share what I have learned or my story.

2 Comments

Submit a comment


*

Back To Top