Шар шувуун шивнээ

Гадаахь шар шувууны хүржигнэсэн чимээ харанхуйг сэтэлж чихэнд хүрэхэд л гэнэт эргэн тойрон хав харанхуй байгааг анзаарлаа. Юу болсныг ухаарч ядахаас өмнө нүдэнд хамгийн эхэнд харагдах дүрс бол өвдөг дээр минь тэрийх лаптопны дэлгэцэнд харагдах миний тусгал.
Хүн болгонд таалагдаад байхаар гэгээн цагаан гэрэл цацруулсан бурханлиг төрх хүлээж байгаагүй ч тэр мөчид харсан тэр төрх яагаад ч миний харах байх гэж бодсон төрх биш байлаа. Хаанаас ч цугласан юм гэмээр гэрлийн ойлтонд нүүрэн дэхь сорви бүхэн түүх өгүүлэх шиг тодорч, хусаагүй хэд хоносон сахлын ширхэг болгон сөрвийж, бүхнийг л нэвт шувт харах нүдний эргэн тойрон тэр чигээрээ гүн харанхуйд умбан хөмсөгний доор нэг гүн нуур буй мэт л харагдана. Ямар ч гэрэлгүй, ямар ч очгүй нүд, оч байтугай амьдрал ч харагдахгүй тэр хав харанхуй тэр нүд.
Хав харанхуй дундаас юугаа ч хармаар байгаагаа мэдэлгүй хэсэг харж суулаа. Миний нүд хаана байна вэ? Амьдралыг харах гэрэл минь хаана байна вэ? Асар бүхнийг хураан шүүх нүд минь юунд харанхуйд нуугдаа вэ? Бүхнийг гэрэлтүүлэх гэгээ яагаад нүднээс минь хол байна вэ? Тэрхэн хоромд гайхшралын нүхэнд өөрийн бодлоо татаж оруулан булшлахын сацуу өөрийн эргэцүүллийн хариуг тэр нүхнээс горьдон харьсаар л байлаа. Хэн бүхэнд юу ч биш мэт санагдам тэр тусгал дүрсэнд би өөрийнхөө дүрсийг харангаа өөрийнхөө амьдралыг онгичож харж байлаа.
Уг нь хэдхэн хормын өмнөхөн нэг тэтгэлэгт тэмцээнд өөрийнхөө өргөдлөө бичиж дуусгаад байж байлаа. Тэрийг бичиж байхад мэдээж яагаад тэр тэтгэлгийг хүртэх ёстой хүн бэ гэдгийг тайлбарлаж бичиж асуултанд хариулсан. Жам ёсны л дагуу өөрийнхөө амьдралыг эргэж харж үзээд тэндээсээ чухам яагаад тэр хөтөлбөрт хамрагдах зүй ёсны үзэл суртал, ажил амьдрал, зорилготой хүн бэ гэдгээ бичих болсон. Бичиж дуусгаад уншаад үзэхэд хөндлөнгийн хүнд хоо гэмээр болж байсан ч хоолны үлдэгдэл хоолойнд тээглэсэн юм шиг мэдрэмж надад байлаа. Худал гэхээр зүйл огт байхгүй, хүн мэхэлж залилсан түүх байхгүй, бүхнийг өөрийн зүтгэлээр шударгаар хийсэн хэдий ч нэг тийм өөрийгөө голсон мэдрэмж дотор үүрэглэсээр л…
Үр дүн? Сэтгэл ханамж? Бахархах мэдрэмж? Эсвэл хүн болгоны хардаг ямар нэг лалрын шагнал сертификат? Чухам юу үгүйлэгдээд байгааг мэдэхгүй ч туулж өнгөрүүлсэн амьдралд нэг том зүйл тодорч харагдахгүй байх юм. Зорилго. Зүгээр ч нэг зорилго биш амьдралын зорилго. Өдөр бүр хэнд ч хэл балгүйгээр өөрийн дуртай зүйлээ хийгээд тэрнийхээ үр шүмийг хойч үедээ үлдээгээд аз жаргалтайгаар дэлхийдээ шингэх хүч бүхий амьдрах тэмүүлэл зорилго. За юу гэж дээ чи одоо гэж мэдэх хүмүүс ч байж магад, дөнгөж саяхан бичсэн өргөдөл дээрхээс бол тэгж харагдахгүй байна, эсвэл өөрийн хүссэн зорилгодоо 9н жилийг зориулж тэмүүлдэг мөртлөө ингэж өөрийгөө амьдралын зорилго тэмүүлэлгүй харагдаж байна гэж хэлэхэд үнэмшилгүй сонсогдох ч өөрийн зөнгөөрөө л тэр бол хөдлөшгүй үнэн гэдэгтэй санал нийлнэ. Эцсийн эцэсд би өөрөө амьдралаа туулаад гараад ирсэн хүн өөрийнхөө юу хийж ямар үр дүнд хүрээд байгаагаа сайн мэдэж байлаа. Амьдралын зорилгогүй гэдэг бол чин хөдлөшгүй үнэн.
За бас огт зорилгогүй гэх нь ч хаашаа юм. Өмнө нь байдаг байгаад тэрнийхээ төлөө өдөр бүр гүрийдэг байсан ч одоо тэр их зүтгэл хааччихав гэмээр алга болчихож. Зорилгоо мартсан уу, тэрэндээ хүрсэн гэж бодов уу, тэрнийхээ төлөө мацаж яваад аль нэг шатанд гацаад суучих вуу, эсвэл өөр зүйл анхаарал татаад байна уу юу болов яаав ийв. Өөрийгөө таниж мэдэх нь хүний амьсгалж байгаа үедээ заавал хийх үйлсийн нэг хойно. Яах вэ юу болов гэх бодлууд толгойд эргэлдэнэ. Ухаанаа цэгцлээд уужуухан бодоод үзэхэд өнгөрч буй хором болгон хүн болгонд хэзээ ч олдошгүй эрдэнэ болж хувирах бол ирж амжаагүй хором бүр юу ч байж болох таамаг.
Ухаж чадамгүй тэр эрдэнэсээс бид ирээдүйг амьдралд хэрэгтэй сургамж авч өөртөө ашиглаж болно, зүгээр дээр нь суугаад тоохгүй байж болно, тэр тэгж гялалзаж байж билээ гэж эрднийнхээ нэг гялбааг нандигнан хадгалж болно, эсвэл тэрэн дундаа төөрч өөрийгөө алдарч болно. Хир их хүн өөрт ногдсон эрднэсийн сангаа ухаж олж ирээдүйдээ хандивладагийг мэдэхгүй ч ихэнх хүмүүс маань ухахаа ч мэдэхгүй барах уу тэр эрднэсийнхээ хуурамч гялбаанд мансуурах нь элбэг. Үгүйдээ ядаж эрдэнэсээ хэний ч мэдэхгүй авдранд хийж өөрөө дээр нь гарч суугаад өөрт ирэх хором бүрийг түгшүүртэй хүлээж сууна. Иймдээ ч бид өдөр өдрөөр, хором хормоор өөрийн булшаа ухаж, амьдралын эцэс рүү утга учиргүйгээр алхам алхмаар дөхөж буй.
Looking at your past. Mesmerising, init? Source: https://unsplash.com/photos/YfCVCPMNd38
Нэг харахад бид ямар нэг зүйлийг хийх дуртай гээд байж байх бол гэнэт бидний ертөнцөд хэн нэгнийг өндөрт үнэлсэн байгааг хараад тэр хүн шиг болохыг хүснэ. Их сонин. За ялангуяа хүндэлдэг хүмүүс тэр хэн нэгний талаар ярихад өөрийн эрхгүй тэр лаг нэгэн шиг болмоор санагдаад өөрийн хийж байсан, мөрөөдөж байсан зүйл нь утгагүй санагдаад тэр хүмүүсийн магтаал, бахархал дунд умбаж буй хүн шиг болохыг хүснэ. Яг тэр хүний хийсэн ажлыг хийгээд, яг тэр хүн шиг зүйл бүтээгээд, яг тэр хүний замыг туулаад, яг тэр хүн шиг хүмүүсд бахархал төрүүлээд, яг тэр хүн шиг миний хүндэлдэг хүмүүст бишрэл төрүүлмээр санагдах нь сонин. Өдий үед бол энэ шиг мэдрэмж авах бол их амархан даа. Зүгээр л ФБ онгойлгоод үзэхэд хэн нэг хүний талаар ямар нэг түүх уншигдаж өнгөрнө.
Тэглээ гээд юу гэж. Хэн нэгэн шиг байхыг хүсэх гэмт хэрэг биш. Харин ч зөв хэрэг байж зорилго гэх хүн бүхний мэдэх үг, барагтай хүний дүрсэлж чаддаггүй зүйлийг харахад тус болно. Гэхдээ тэр хүнийхээ ямар байдлыг үлгэрлэх, хэн байх үеийг нь үлгэр жишээ авах вэ гэдэг бол харин өөр асуудал. Энгийн ухаанаар цэгнээд үзэхэд амжилтанд хүрсэн (мудаак гэж, энэ үгэнд дургүйг ч хэлэхүү хүнд ойлгогдох бол зорилгоо эзэмшсэн гэмээр) хүний одоогийн ажил амьдрал байдал нь бус өнгөрсөн амьдралын нухлаа зүдгүүр, үүх түүх, зорьсноо бүтээх гэсэн замнал нь тус хүний одоогийн төрхийг бүтээсэн байж таарна. Өөрөөр хэлбэл тэр хүний эрдэнэсийн санд нуугдах шигтгээ бүр нь юу байж, тэрийгээ хэрхэн өөртөө тусгаж авч ашиглаж вэ гэдэг. Мэдээж тэр бүхэн бидний амьдралд ямар ч нөлөө өгөхөөр биш, бидэнд ч тус болж чадахааргүй зүйлс байх нь ойлгомжтой. Яагаад гэвэл тэр хүний авдран дахь зүйлс, өөрийнхөөс чинь өөр. Юугаа бодоо вэ мэдээж л өөр шүү дээ, өөр хүмүүс л хойно, өөр амьдралыг бүтээж, өөр нэг түүхийг бүтээх тавилантай. Гэсэн хэдий ч өнгөрснөөс өдийг хүртэл хүн төрөлхтөн аливаа түүхийн турш тухайн үеийнхнийхээ өмнө нэг алхмын өмнө яваа хүнийг хүндэтгэж, тэр хүний амьдралаар үлгэр жишээ авсаар ирсэн. Хэдий тэдний амьдралаас хүн болгонд хүртээл болоод байх зүйлгүй гэдэг нь тодорхой ч чухам юугаа хийгээд онгичоод байдаг гэдэг бас нэг сонин. Эцсийн эцэсд энэ хэдэн үг цуглуулаад бичиж байгаа нэгэн одоо гудамжинд гараад хамгийн түрүүнд тааралдах хэн нэгнээс ухаанаараа хэтэрч чадахгүй нэгэн хойно чухам яагаад хэдэн үеийн турш хүмүүс нэг нэгнийхээ амьдралыг чухам судалж байсанд учир шалтгаан байж таарна. Тэр шалтгаан бол бас нэг талаараа энгийн хэдий ч хүнд хүрэх тал дээр халбага давс хоолойгоороо давуулж байгаа мэт эвгүй.
Энгийнээр барахгүй энгүүн тэрийг бичээд туулгахад бол зорилгоо бүтээж, амьдралын утга учраа олонд дэлгэх гавъяатай хүмүүсийн амьдралаас харах хэрэгтэй ганц зүйл нь ердөө тэр хүн хэрхэн өөрийн зорилгоо туулж өнгөрүүлсэн амьдралынхаа хатуу нугачаанд өөртөө хадгалаад, тэрийгээ бодит биет болтол хөдөлмөрлөж чадаж вэ гэдэг л юм. Юу гэнээ, тэнэг хүн маллаж байгаа гэж санаад байна уу гэж гайхаж орилмоор санагдаж ч магад. Энгийнээс энгүүн энэ зүйлийг хүн бүр хардаггүй нь бас нэг таавар. Тэр таавар дараа өдрийн сэдэв, хэзээ нэг өдөр үүр шөнөөр виски шимэнгээ хэлэлцэмз. Харин эргээд тэр энгийн зүйл яагаад тэгж чухал болоод байгаа тухай. Хүн болгон л өөр нэг бодгаль хойно, тэдний зорилго ч өөр байх нь зүй. Гэсэн хэдий ч тэр зорилго, өдөр бүрийн амьдралдаа сэтгэл хангалуунаар амьсгалж байх тэр байдлыг хадгалах арга бол нэг. Тэр аргыг хүмүүн төрөлхтөн үеийн үед л бусдад үлгэр болж чадах хүний амьдралыг эргэн харж судалж сууна. Заримдаа чухам яагаад судалж байгаагаа ч мэдэхгүй онгичсоноос хэнд ч хэрэггүй юмс гаргаад ирэх нь олонтаа.
Үгүй яахав хараад л үз. Алдартан хүний амьдралыг онгичсон ном бол элбэг шүү дээ. Хүмүүс зарим нэг алдартны үйлдэл болгоныг дуурайж, хэлсэн үг болгоныг дагангаа тэр нэг хүн шиг дүрийг өөртөө бүтээнэ гэж өрөвдөлтэйгөөр амьдарч байгаа ч харагдана. Бодоод үз л дээ, Билл гейтсийн үйлдэл бүрийг хийлээ гээд монвиндовс гарч ирэхгүй, Элон маскыг дагаж дуурайлаа гэхэд монголчууд сансрыг морин дээрээс эзлэхгүй. Чухам өөрийн зорилгоо дагаж, тэрэндээ үнэнч байснаар л хэзээ нэг цагт эд нар шиг олны үлгэр дууриал болох амьдралыг бүтээсэн байж таарна. Харин өөрийн чинь зорилго юу юм, миний зорилго ч юу юм. Бид тэгээд эрдэнэсийн сангаа уудлаад байна уу, дээр нь гарч суучихаад юугаа мэдэхгүй дүрлийгээд сууна уу, эсвэл авдран дахь эрднэсийнхээ хуурамч гялбаанд мансуураад амьдраад байна уу.
Таг чимээгүй. Утга учиргүй. Хав харанхуйд дахин ухаан сэргэлээ. Хэсэг хугацааг өнгөрөв. Хэсэг хормыг дэмий өнгөрөөв. Гадаахь шар шуваа хүүг хүүг. Юуг мэдэхгүй ч ямар нэг зүйл тэр харанхуйд байгааг сануулах мэт.
Д.Төмөртогтох
2018.04.26

Hey yo, хаа сайгүй хөглөрөх нийтлэлүүд шиг туулсийн туйлыг хөндөж, домгийн чанар ханхлах сайхан зүйлсийг зүйрлээд үзэхэд зүүний нүч жижигдэхээр нарийн, ургуулж бодоход уран тогосын өдийн үзэмж харагдах уран үгээр бичээгүй нийтлэлийг минь уншиж амьдралын хэдэн хормоо өнгөрүүлсэнд баярлалаа. Нийтлэл уншсаны дараа элдэв бодол толгойд нь орж ирсэн бол сэтгэгдэл үлдээж болно шүү.

Feature image source: https://pxhere.com/en/photo/927729

avatar

I am a self-taught CG generalist and am currently studying computer science abroad. Unlike most people, I was not born brilliant or talented. And I am not ashamed of it; because I have a dream and work hard for it. So I constantly seek ways to learn and improve myself and my craft, from success or failure, as well as pass on knowledge and inspiration to others. On this blog, I write articles to help others and share what I have learned or my story.

Submit a comment


*

Back To Top