Одоо цагийн бие хамгаалах урлаг

Хүн төрөлхтөн үүсч хөгжсөн цагаасаа эхлээд л хоорондоо тэмцэлдэж, нэг нь нөгөөгийнхөө хүч дорой байдлыг ашиглаж өөртөө давуу талыг үүсгэж ирсэн. Аль ч цаг үед, ямар ч улсын түүх, хэн бугайн ч амьдралд тохиож асуудлын нэг нь байсан зүйл нь хэрхэн биеэ хамгаалах вэ. Үүнээс ч үүдээд улс болгонд л бие хамгаалах урлаг үүсч хөгжиж, тэрүүгээр нь хүмүүс хичээллэж ирсэн гэх гаргалгаа гаргаж болно. Харин одоо үед бүх зүйл онлайн болоод дэлхийн хүмүүсийн хэрэглээн онлайн үйлчилгээнд тулгуурлах нь ихсэхийн хирээр шинэ зүйлийн халдлагын арга гарч ирж тэрүүгээр нь хүмүүс бие биеээ хохироосоор л. Жишээлбэл өнөөдөр гэхэд л дэлхийн 99 улсыг хамарсан шинэ төрлийн хэрэгслээр хүмүүсээс мөнгө монжих халдлага боллоо. Үүнээс гадна энэхүү халдлагын аргачлалаар мэргэшсэн нэг хэсэг бүлэг болох “Anonymous” өдийд ямар ч улсын засгийн газрыг хүссэн үедээ сүрдүүлэх хэмжээнд хүрсэн хүчирхэг бөгөөд тэдний хамгийн сүүлийн мэдэгдэлээр бол Дэлхийн 3-р дайн Солонгосын хойгт эхлэнэ. Одоо энэ орчин үеийн халдлага гэж юуг хэлээд байгаа гэдэг нь тодорхой болсон гэж найдна.За юун том сэдэв рүү орчих воо, бид хэд шиг хүмүүсд энэ ямар хамаа байх вэ гэж олон хүмүүс бодно. Ингэж бодох нь буруугаас буруу шүү. Наанадаж л олон нийтийн сүлжээнд юу бичиж, айлдаж байгаа гэдгээс эхлээд л бүх зүйлсд халдах боломжтой. Яагаад гэдгээ би манай монголчуудын өргөн хэрэглэдэг twitter дээр тайлбарлахыг оролдоё.

Манайхны хувьд өөрийн гэсэн үзэл бодолтой, амбиц хөөсөн бүлэг хүмүүс их жиргэдэг гэж санагддаг. Үүний ч хажуугаар хаана юу ярьж байгаагаа мэдэхгүй хуцагчид ч олон. Хэрвээ хэн нэгэн өөрийн чинь бүх жиргээн дундаас нэг ичихгүй байхын аргагүй жиргээг ухаж гаргаж ирээд “Чи тэдэн сарын тэдэнд тэгж дэмийрсэн байна” гээд баримттай гаргаад ирвэл яах вэ? Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, амбиц шиг өндрөөс сэтгэхүй шигээ нам руу унахаар байдалд орно гэдэг шиг л болно биз тийм ээ.

За би эгнэшгүй их зориг гаргаж өөрийн twitter-н булайг дэлгэж гаргая л даа. Би өөрийнхөө бичсэн бүх жиргээг ухаж гаргаж ирвэл:

Эндээс харахад надад ердөө 18хан жиргээ байна. Аргагүй дээ, нилээн дээхэн өөрийн энэхүү ашиглаж байгаа twitter хэрэгслийг хөгжүүлж байхдаа өөрийнхөө хэдэн мянган жиргээг санамсаргүй устгасан. Энэ тухайгаа ч гандан буурахгүй жиргээд байгааг 13 дахь жиргээнээс харж болно хэхэ. Миний хамгийн анхны жиргээ 2010.02.28-нд байж. Мэдээж тэрээс хойш өдий хүртэл зөндөө л хүн ичмээр юм бичсэн байж таараа. Тэр болгоноо устгасандаа баярлах хэрэгтэй ч байж магад. Энэ хайлтыг хийж байгаа хэрэгслийн код бол хэдэн мөрнөөс л бүтнэ:

Эхний мөрнөөс харахад би өөрийн нэрээ цохож өгч хайлт хийж байгаа. Хэрвээ өөр хүний нэрийг бичээд хайвал юу болох вэ? Мэдээж хайлт хийж л таарна. Харин олон жиргээтэй хүний жиргээ болгоныг хуулж авч байгаа нь нэг иймэрхүү:

Энэ удаа бол HackerNews-н жиргээг хайж үзлээ. Жиргээ болгон нь өөрөө тухайн жиргээтэй холбоотой бүх мэдээллийг агуулна. Хэзээ жиргэсэн, холбоос, хэнд reply хийсэн, хэдэн like, RT-тэй гэх мэт.

Хэт амархан байгаа биз? Ингээд л өөрийн чинь юу бичиж яаж байсан гэдгийг чинь хувилж аваад, өөрийг тань судалж болно. Хэдэн оны хэдэн сард ямар улс төрийн байр суурьтай байсан, хаанахын хов живийг хэзээ хөөсөн, хэн хэнд хайртай гэж зарлаж байсан, ямар хоолонд дуртай, хаана хоол их иддэг, хэлэх дуртай үг, хобби, унших дуртай ном гээд л бүх хэлсэн үг, бичсэн холбоос болгон чинь хоолой орооход бэлэн хэхэ. Хүнээр оролдохоо байгаад хүний хэлсэн үгээр оролдож үзье л дээ. Яг одоо хүмүүсийн ямар нэг зүйлийн талаар ярьж байгаа эсэхийг шалгая гэж бодъё. За миний хийсэн хайлтанд бол “дарга” гэдэг сэдэв:

Энэ үгийг агуулсан Улаанбаатарт байгаа хүмүүсийн жиргэсэн 20н жиргээ гарч ирэх нь:

Хайлтын дүнгээс харахад нэг шонтой даргын онигоог хүмүүс их сонирхож байгаа бололтой хаха. Би хүмүүсийн юу гэж жиргэснийг гаргахаас гадна уг жиргээний датагаас хэн гэдэг хэрэглэгч хэзээ жиргэснийг гаргаж үзүүлж байгаа. Ухаж авсан мэдээллээ бүгдийг нь өөрийн хүссэн байдлаар ингээд л хадгалаад авна шүү дээ. Хүсвэл дараа эдгээр дээрээ судалгаа хийж болно. Энэ нийтлэлд зориулж элдэв зүйл хөгжүүлээгүй учраас ухаж авсан мэдээллүүдээ шууд л удирдлагийн хяналт дэлгэц дээр шидээд байна л даа.

Би мэдээлэл зүйн тал дээр бол сонирхогчийн түвшний хүн. Яг мэргэжилтэнүүд бол дэндүүдээ дэндүү гэмээр зүйлс ухаж гаргах байлгүй. Тэгэхдээ мэдээж элдэв хэрэгслийг дандаа ингэж хүний мууг үзэх гэж ашиглана ч гэж юу байхав. Жишээлбэл энэ хэрэгслийг өөрийнхөө twitter-н удирдлага маягаар ашиглаж үзье л дээ. Хэн хэзээ намайг mention хийж гэдгийг харвал:

Надад ердөө 62хон mention байгаа харагдана. Миний хамгийн анхны mention ч тэр дунд өөр nick name-тэй байх үед (2011.10.11-нд @RomanticHeaven) байж. Романтик гэдэг үгийг амнаасаа унагахаас айдаггүй цэл залуухан цус халуун үе дээр байж дээ хөөрхий. Мөн энэ олон mention дунд хэдэн хүнтэй цэц булаалдаж байсан харилцан жиргээ ч харагдана. Үгүй яах вэ. Гэхдээ энэнээс илүү зүйлд ч ашиглаж болно. Жишээлбэл хүн намайг mention хийхэд автоматаар хариу явуулах гэдэг ч юм уу:

Хэрвээ хэн нэгэн над руу жиргэвэл би энэ хариу жиргээг уг хүний нэртэйгээр тэр дор нь автоматаар тэр хүний жиргээнд reply хийнэ. Хариу явуулсан байдал нь энэ:

Ингээд ашиглавал бас дажгүй амар л юм. Мэдээж хүлээж авсан жиргээнд тулгуурлаад, тэдгээрт таарах хариуг автоматаар сонгож явуулж ч болно шүү дээ. Яахав ямар мэдээлэлтэй жиргээ хүлээж байгаа гэдгээсээ л хамаарна л даа. Тэгээд бас нэмэлт хөгжүүлэлт.

Яг одоогийн энэ хэрэгслийг хичээлийн даалгаварт хийсэн. Даалгавар бол twitter-д суурьлсан дэлгүүрний вэб апп хийх юм. Багийн ажил учраас надад ногдсон үүрэг бол twitter-н үйлдлүүд, хэрэглэгчтэй харьцаж болох бүх үйлдлүүдийг кодчилж өөрсдийн апп дээр суурьлуулах. Яахав тэгээд л дөнгөж дунд сургуулиа төгссөн хэдэн залуутай хамт twitter-ээс захиалга хүлээж авдаг, хэрэглэгчийн бүртгэлээ twitter-ээс хийчихдэг, захиалганы талаарх жиргээг хэрэглэгч рүү явуулчихдаг, стандарт хэмжээний вэб хамгаалалттай, twitter дээрээ тэмцээн зохиодог, автоматаар цаган тохиргоотой жиргээ явуулдаг апп гаргасан. Залуус ч мундаг байна лээ.

Энэ twitter-тэй адилханаар одоогийн бүхий л олон нийтийн хэрэгсэл дээр төрөл бүрийн хэрэгсэл хөгжүүлж болно. Facebook, instgram гээд юу ч байдаг юм бүгдийг ашиглаж мэдээлэл ухаж болно. Instagram-аас тухайн хүний бүх оруулсан зургыг татаж авах бол маш амархан. Facebook-н API хөгжүүлэгчдэд нээлттэй болоод удаагүй байна. Тэр болгоныг ашиглаж маркетинг судалгаа, хэрэглэгчийн судалгаа хийх, бүтээгдэхүүний сонголтод нөлөөлөх гэх мэтээр гадаадад бизнес болчихоод байгаа шүү дээ. Жишээлбэл гадны маркетингын явц харуулдаг бүтээгдэхүүнүүд байна. Тэд нэг брэндийн талаарх мэдээллийг цуглуулж түүн дээрээ анализ хийнэ. Youtube эсвэл гадны сайт дээр тань харагдаж байгаа рекламууд бол бүгд таны олон нийтийн сүлжээн дэхь мэдээлэл дээр тулгуурлаж санал болгогдоно. Google дээр нэг бүтээгдэхүүний талаар хайлт хийсний дараахан л facebook, youtube гээд олон нийтийн сүлжээнп та тэр хайсан бүтээгдэхүүний талаар сурталчилгаа харж эхэлнэ.

Олон нийтийн хэрэгсэлд өөрийн тань үрж байгаа мэдээлэл болгон таны сонирхлыг өөр нэг зүйл рүү татах, өөрийн тань талаар судалгаа хийх гэх мэтээр таны хувийн орон зай руу халдлага хийх зорилготойгоор ашиглагдана. Түүнээс интернет орчинд хэрэглэгч өөрөө ямар нэг байдлаар гэх ноцтой алдаа гаргахгүй л бол пассвордоо алдах тал дээр бол харьцангуй гайгүй болсон гэж санагддаг. Интернет хөтчүүд HTTPS протокол ашиглаж RSA encryption ашиглагдаж байгаа үед ямар нэг хүний пассвордыг middle-man халдлага хийж авна гэхэд их хэцүү. Хэрвээ хүн HTTP ашиглавал нөгөө өмнөх зууных шиг л жаахан сүүхээтэй нь л хүний пассворд хулгайлаад байхаар аюултай байдалд орно. Тэгэхдээ л одоогийн ашиглаж байгаа нууцлалын технологи 1973 онд анх Английн засгийн газрын ажилтан нээсэн ба үүнтэй зэрэгцээд 1977 онд Америк эрдэмтэд бас яг адилхан аргачлалыг зохиосон. Хэрэглээнд бол 1977 оныхыг авч ашигладаг, яагаад гэхээр Английн засгийн газар тэр технологийг нээсэн гэдгээ 24н жил нууцалсан. Хүмүүсийн ашиглаж байгаа технологи тийм дээр үеийн засгийн газрын хэрэглээ байсан бол одоо засгийн газрууд ямархуу юм хэрэглэж байгаа гэж бодоход л шууд гүн таамаглалд оруулна. Тэгэхээр одоо үед өөрийнхөө талаарх мэдээллийг хянаж чадаж байхаар хэмжээний бие хамгаалах урлагын мэдлэгтэй юу та?

Д.Төмөртогтох

2017.05.13

Cover image: Coindesk.com

avatar

I am a self-taught CG generalist and am currently studying computer science abroad. Unlike most people, I was not born brilliant or talented. And I am not ashamed of it; because I have a dream and work hard for it. So I constantly seek ways to learn and improve myself and my craft, from success or failure, as well as pass on knowledge and inspiration to others. On this blog, I write articles to help others and share what I have learned or my story.

Submit a comment


*

Back To Top