Боролдойн цагаар

Гараг эрхсээр дүүрэн хязгааргүй орчлонгийн нэгэн өнцгийн тэртээ нэг буйдхан гараг байдаг бөгөөд өөрийн гэх сэтгэх ухаан бүрэлдсэн амьд амьтны аймаг тэнд оршин сууж, өөрсдийнхөө тэр гарагийг эх дэлхий гэж нэрлэдэг байж. Харин эх дэлхийн энгэр тусаа орчим жаахан газар нэгэн цагт хүн, мал, хог гурав зэрэгцэн амьдран суудаг байжээ.

Эртээ урьдын цагт биш, одоо үеийн нийгэмд юм гэнэ. Сүмбэр уулыг дов байхад биш Улаанбаатар хотыг дөрвөн уулын дунд шахуулж байхад юм гэнэ, сүн далайг шалбааг байхад биш Хатан Туулыг ширгээхээ дөхөж байх үед юм гэнэ. Арсландай мэргэн хаан шиг өөрийн өмчөө аархаж хамгаалдаг үе биш, хоосон хармаандаа захирагдан бусдын өмнө толгой гудайх болсон үе юм гэнэ. Цуутын цагаагч гүүний цолмон цоохор унагыг уулыг тал болтол, талыг там болтол бусгаж байхад номхотгож унах эрэмгий хүүгийн талаар биш, эдийн засгийн элдэв доргио бусгаагаар дүүрэн үед арай хийн тогтох нийгмийн тухай юм гэнэ. Жогжоохон даагатай могжоохон хүүгийн тухай биш приусхэн унаатай ууртайхан иргэдийн тухай юм гэнэ. Эвтэй дөрвөн амьтны нөхөрлөлийн тухай биш, өөрийн хамарнаас цаадахыг харахаа байж шуудайд хийсэн үхрийн эвэр шиг бие биенээ хатган тэмцэлдэх хүмүүсийн тухай юм гэнэ. Арван таван толгойтой атгаалжин хар мангасын эрин биш толгой нь тоологдохоо байсан хорон мангас амьдарч байх үед юм гэнэ. Есгөлдэй өвгөний есөн хүү шиг эв чадвараа нийлүүлэн бүтэшгүйг бүтээж, дарагдашгүйг дарж байх тухай биш, бие биенийхээ эрх ашгийг тэргүүнд тавьж эрсэлдэн хоорондоо тэмцэлдэх хүмүүсийн тухай юм гэнэ. Алгаа тосоод, хуурайлаад байж байхад өндөр гэгээнтэн нь хишгээ хүртээнэ гэх балагт харалган сэтгэхүй хос жарангийн дараа ч арилаагүй байгаа орчин үед юм гэнэ. Урт хорхойн чуулгантай таарч өвөр дээрээ титэм унагаах чинээ аз сүсэглэн хүлээн, өөрийнх нь сүсэгт нийцэх болгоныг харалганаар хийх хүмүүсийн нийгэм юм гэнэ.

005smPhoto by: Б.Цолмон, Э.Монголжин Post-edit: Д.Төмөртогтох

Уулсын дунд хүнгэнэн нүргэлэх цуурайн дуу сонсогдохоо больж, хүмүүсийн хоосон тархин дунд үсрэн наадах хов жив их сонсогддог болсон үе юм гэнэ. Мянга нэгэн шөнийн үлгэрт чих тавьж биш, үдэш бүрийн телевизийн утгагүй шоуг үзэж хүмүүс мансуурлын намагт уусдаг үе юм гэнэ. Нүдэнд төгсгөл нь үл харагдах тэмээн цуваагаар дүүрэн алт, дэлгээд тараахад ирсэн хүн болгонд дааж авч чадахаар нь тараасан ч цаана үлдэх их алт эрдэнэсгүй, модоо барьж аягаа тосон гуйлга гуйх атлаа хутга тавилгүй мах идэж, хундага дундлалгүй найрласаар байх хүмүүсийн тухай гэнэ. Алтан өргөөний тарни сонсож, лусын хааны хишиг хүртэж буй адил хэдэн хоосон гоёмсог үг сонсон гараа хорстол алга таших хүмүүсийн тархи хэн нэгний хувийн ашиг сонирхлын эзэмшилд орж байхад эрдэмтэй хүний үг агаарт унан хаа ч үл хүрэн замхарч байх үе юм гэнэ. Гадаад үзэмж нэвтэлж харах нарийн ухаан алга болж, хоосон гоёмсог үгсийн эхүүн үнэрт үнэн утга замхран шингэж, цаасанд бичигдэх цолны хий сүрд жинхэнэ санаа дарагдах болж, хуурамч сонирхлын том сүүдэрт эх оронч сэтгэл халхлагдах харамсам цагийн үе юм гэнэ. Өнөөдрөөс өөрийг харахаа больж, өмнөх олдохоо идэн ходоодоо завгүй байлгаж, байнга хивэн ам хуурайгүй хэрэлдэн, өнгөрснөөсөө зугтаж ирээдүйгээсээ нуугдан одоогоо сүйтгэх сүргийн талаар юм гэнэ. Олсон болгон нь өөрт нь болоод өөрийнх нь ходоодны хэмжээнээс ч давах ч сэтгэлийнх нь ёроолыг нь ч ёлтойлгож чадахааргүй их шунаг хүмүүсийн дунд тахал мэт тархсан эмгэнэлт нийгэмд гэнэ.

006psdPhoto by: Б.Цолмон, Э.Монголжин Post-edit: Д.Төмөртогтох

Ёроол нь үл харагдах их далай шиг хар усыг нэг амьсгаагаар ууж барна гэж хөөрцөглөн архинд живэн амьдралд хөл алдах эрсийн эрин үе юм гэнэ. Хэдэн зууны дараа эрчээ алдаагүй хүчтэй үг хэлэх зүрхтэй Өгөдэй, Хүлэгү хааны дайтай идэр эрчүүдийн талаар биш хэдхэн хоромд бууриндаа сэлгэж ухаанаа унагаах эр хүйстнүүдийн талаар юм гэнэ.  Уулсын цаадахь тал чилээх гурван нүүдлийн газрыг нэвт харж, холын бодол дунд суурьтай нүүдлээ хийх Дуба сохрын үлгэр жишээ алга болж богинын харалган үйлдэл хийж, ойрын сааданд сөхөрч унах эрсийн үе юм гэнэ. Суусан газраасаа шороо атгаж босож, онилсон болгоноо харваж унагах золбоо ихт хөвгүүдийн талаар бус хий хоосон сэтгэл хөдлөлийн давлагаанд л хадууран унах дорой хөвгүүдийн тухай юм гэнэ. Үе улиран уламжилж ирсэн судрын гүнийг таньж, хоорондоо ном хаялцах нь чухал биш, сууж босох дасгал хийн хэн нь том өгзөгтэйгөөр өрсөлдөх нь илүү чухаг болсон цаг юм гэнэ. Ертөнцийг түрэмгийлж , дэлхий зонгийн түүхэн хуудсанд Монгол гэх нэрийг тамгалах хаадыг өсгөж хүмүүжүүлэх Алунгоо эхийн ухааныг уламжлахаас илүүтэйгээр гаднах үзэмжиндээ их ач холбогдол өгөх бүсгүйчүүдийн талаар юм гэнэ. Нэгж жаранг ч гэтлэхтэй үгүйтэй унаанд эзэн сууж байж агшин болгоныг дэмий урсган биеийн жаргалыг эрхэмлэж, орчлонгийн наадмаа өндөрлөж нирваантай учрах цагтаа ардаа үлдээх үүрдийн зовлонг үл тоох хүмүүсийн тухай юм гэнэ. Өнгөрсөн түүхээсээ суралцан, өвгөдийн захиасыг үеийн үед санах ёс Амбагай хааны захиасаас эхтэй ч, өнөө үед мартагдан үгүй болж өнгөрсөн түүхийн хуудсыг өөрийн хүслээр өөрчилж хэлэх хүмүүсийн ашиг сонирхол түрийвчээс нь давж гарахгүй байгаа үе юм гэнэ. Мөнгөөр цадах хорвоо бус сэтгэлээр ханах хорвоод амьдарч байгаагаа ухаараагүй хүмүүс нийгмийг эзэлж, цаасан мөнгөнөөс тарни уншиж байгаа аятай эргүүлэн тоолж байхдаа хүн чанараа улам улмаар гээн чөтгөрийн үр болж байгаагаа үл ухааран бусдыг шүүмжлэн гоочлох, элдвийг заах ямаан овог нь ихдэж байх үе юм гэнэ. Хахир цагийн хатуу ажлыг нугалах залуусын өдрийн төгсгөлд халуун гэртээ амраг гэргий, хонгор үрстэйгээ идэх бүлээн хоол нь зарим хүмүүсийн хувьд огт үзэж чадамгүй аймшигт зүүд болох нийгэмд гэнэ. Идэх хоолоо яаж олох вэ гэдэг нь тухайн өдрийн зорилго болсон хүмүүс байхад идэш нь таашаагдахаа байгаад хоолоо хор болгон хаях хүмүүс их болсон үед юм гэнэ. Амьсгаа авч буй цагтаа хоосон инээдээр бялхаж байхыг чухалчлан хэсүүчлэх иргэдийг тойрон хиймэл онигоо, хошин шог үсчих ч тэдгээрийн хойно нь үлдэх сүүдэрт, гаслант ирээдүйн хорсол дүүрэн хүүхэд нас хүлээх нийгэмд юм гэнэ.

009Photo by: Б.Цолмон, Э.Монголжин Post-edit: Д.Төмөртогтох

Өөдөө явсан ч бөн бөн гүйж, уруугаа явсан ч бөн бөн гүйн бөөн бөөн нулимс унагах яриг цагаан ингэний сариг цагаан ботгыг асран хамгаалах махчин араатнуудын талаар биш хөл дээрээ тогтон ядан майга майга гэн гүйж хорвоог инээдээрээ уяраах үрсээ үл тоох хахир хүйтэн нийгмийн талаар юм гэнэ. Хормын төдий хүсэл тачаалын төлбөрийг насан туршийн дутуу сэтгэлээр барагдуулах нялх үрсийн тоо ихсэж, элэг бүтэн амьдралын халуухан илчийг мэдэрч үзээгүй хүүхдүүд нийгмийн үлэмжийг бүрдүүлж, өөрийн буруугаас биш хувь заяаны эрхээр дутуу төрснөөрөө бусдад гоочлуулан бүрэн амьдралыг үгүйлэх хүслийг эрэлхийлэх хүүхдүүд их болсон байх үе юм гэнэ. Тоолж барамгүй үй түмэн будаан дундаас зүүний үзүүр дээр тогтон тэгнэх чинээ нандин заяагаар хүн болон мэндэлсэн үрсийг хөсөр хаях даанч хатуу хорвоон тухай юм гэнэ. Эрдэнийн сан Субашидаар хүмүүжин хүн зоноо баясган жаргаах хүслийг тээн өсөх балчир үрсийн талаар биш, эх орноо орхиж дүрвэн гарах Америк мөрөөдлийг тээн өсөх хүүхдүүдийн тухай юм гэнэ. Эрин цагийн эхлэлээс л үе үе дамжин захигдаж, зуу насалж зургаадай таяг тулсан өвөг дээдсийн мэргэн ухаанаар хөглөгдөх аман сургаалыг хуучинсаг хэмээн үл тоож, амьдрах ухаан болон орчин үеийн хөгжлийг өөр хэмээн эндүүрэх ухаан мөхөг үрсийн талаар гэнэ. Эрдмийг эрэн даян дэлхийг хэмжиж, бэрхийг даван эх орноо өргөх талаар бодох биш эрхийг эрэн гэрийн мухар сахихийг эрхэмлэх эрх танхил үрсийн талаар гэнэ. Царцаа Намжил ухаан муут ноёныг дөнгөж байхад биш, оюун ухаанд суралцагч цаасан дээрх тэмдэгтийн төлөө элдэв арга сиймхийлж байдаг үе юм гэнэ. Бичсэн үгнийхээ цаана санаагаа нууж, зөвлөсөн сургаалынхаа гүнд эргэцүүлж үзэх ёстой бодлыг шингээж өгүүлэх мэргэн дээдсийнхээ өв ухааныг огоорон “орчин үе” гэх үгний цаана биесийнхээ залхуурал, тэнэгрэлийг далдлан бархирч суух мунхаг сэхээтнүүдийн үе юм гэнэ.

001psdPhoto by: Б.Цолмон, Э.Монголжин Post-edit: Д.Төмөртогтох

Замбуутив уужим, учрах хүмүүс, уулзах мэргэд дэндүү олон гэх эртний сургаалыг умартан хилийн дээс алхангуутаа өөрийгөө төрөл арилжсан мэт санан төрөл нэгтнийхээ ёс бус жижиг үйлдэл болгонд унтууцан хэмлэх хүмүүс олшрох хэдий ч нийгмийг хамаарах олон нийтийн жагсаалд гадаадынхны адил уухайлаад тэмцээд явахын оронд төрөл нэгтнээ урдаа тавиад дэлгэцийн араас мөн л хэмлэж, шүүмжилж суух нь хэвийн болсон цаг юм гэнэ. Гэрээ мартсан Гэсэр баатрын талаар биш эх орноо хэцүү үед нь орхиж одоод бүхнийг мэдэмхийрэн гадаадаас хуцагчдын тухай юм гэнэ. Ойртож хавьтсаныг урж тасдах Асар, Басар нохдоор хаяагаа мануулах үе биш, үг сөрсөн болгоныг шүүмжилж доромжилж хаях Facebook, twitter-г тэжээгчдийн үе юм гэнэ. Эрүүл ухаан биесийг орхиж, чөтгөрийн хардалт сэтгэл эзэмдэж эх орныхоо нэрийг хэлсэн нь чичлүүлж, монгол ухаан гэх үг алдсан нь орк гэх хоч зүүх болсон цаг гэнэ. Том амтын хоолой хийгээр дүүрэн, том цээжтэний явдал хэнхэгээр дүүрэн, том толгойтын яриа мэдэмхийрлээр дүүрэн, том зорилготны үйлс хөлс хөдөлмөрөөр дүүрэн гэдгийг таньж харах ухаан ховордсон үе юм гэнэ.

002Photo by: Б.Цолмон, Э.Монголжин Post-edit: Д.Төмөртогтох

Хандсан араатан болгонд сэглүүлж байх хонин сүрэг уудам талын дунд нэгэн хашаанд бөөгнөрөн бээрч байх үе юм гэнэ. Өтгөн будан дунд төөрч, цахилгаан цахих болгонд цочрон бие биенээ хайж майлан хуйлрах хонин сүрэг адил мэдлэг, тэмүүлэл, нийгмээ өөд татах хүслийн өлсгөлөнд автах ард иргэдийн тухай юм гэнэ. Хурмастын хаан тэнгэрээс бууж ирж, лусын эзэн уснаас гарч ирээд бидний энэ байдлаас гаргах мэт зүйлсийг хүлээх нь арай л үнэнээс хол үлгэр биш гэж үү? Хэн нэгэн мундаг гэгчийг хүлээж байх зуур хүсэлт сайхан амьдрал чинь булагдаж байгааг анзаарахгүй байна гэж үү? Бурхан гэж байхгүй. Тэр үхчихсэн (Фредрих Ницше). Аль дээр тэр өөрийгөө хөнөөж олон жижиг хэсэг болгоод хүн бүрийн дотор биеийг олон намуухан амьдардаг. Тэр бүрхныг гаргаж амилуулж, сүр хүчийг нь үй түмэнд үзүүлэх эсэх нь хүний өөрийнх нь л мэдэх хэрэг. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж бүх хүний хүслийг хангаж цагаан цаасан дээр хар бэхээр бичигдсэн үгс шиг ялгарч харагдах төгс шийдэл хайж хоорондоо хэмлэлдэх нь дэмий гэдгийг ухаарахгүй байна уу? Төгс төгөлдөр гэж хаана ч байхгүй, хар бэх хүрсэн цагаан цаасанд лаа тусгахад шар харагдаж сүүдрээр халхалбал бараан болж хурц гэрлээр гэрэлтүүлэхэд цав цагаан болох байхад үүнийгээ тэгээд хувиршгүй төгс гээч. Гэвч хүн болгонд өөр харагдах тэр шийдэл бараан харанхуйд байж, сүүдэрт дарагдах ёсгүй. Өөрийнхөө зорилгоо урдаа тавиад, бусдад туслаад явж байхад явсан зам нь өөрөө гэрэлтээд ирнэ гэх мэргэн ухааныг өвгөдийн минь үлдээсэн эрдэнэ. Зорилгоо олж амжаагүй бол өөрийнхөө хамгийн хийх дуртай зүйлээсээ эхэлж харж хайж бодож үз. Хийж байгаа зүйлээ хэнээр ч заалгуулж үглүүлэлгүйгээр хийж, хаана байгаагаа мартаж, цаг хугацааны эргүүлэгт орох мэт мэдрэмж өгч буй зүйлд чинь л зорилго, мөрөөдөл чинь нуугдаж байх магадлалтай. Зорилгоо олоод хөдөлж байхад саад бэрхшээл зөндөө тохиолдоно. Тэрийг давах хамгийн сайн, сайхан, амар арга хайж өөртөө эргэлзэж байхын оронд хийж чадах бүхнээ л хий. Орчлон мөрөөдлийн чинь төлөөсийг чинь асууж саад бэрхшээл өрөгт түлхэн, хөдөлмөр шаардах нүүдэл асууж байгаа л хэрэг. Асуусныг нь хийж хөдөлмөрлөн хөлсөө урсгаж байхад яваандаа саад алга болж зорилгодоо алхам алхмаар ойртох нь өөрийн гэрлээ асааж, хойноо үлдээх гэрэлт зам нээж байгаа хэрэг. Нэг гэрэл бусдад өөрийн гэх гэрэл асаах хүсэл төрүүлнэ. Нэг гэрэл асахад эргэн тойронд өөр бусад гэрэл дагаж асна. Олон гэрэл нийлж асаж хөндийг дүүргэхэд хав харанхуй шөнийг өдөр мэт гэрэлтүүлдэг сургаалыг бид Нууц товчооноос мэднэ. Өөрийн мөрөөдлийнхөө шат болгонд ахиж гарах тусам ардаа байгаа хүмүүсийг татаж гаргаж буян үйлд. Ямар их хүчээр тэр тавцан дээр гарснаа мэдэж байж бусад хүмүүсийг тэр хэцүүг туулж байхад зүгээр хараад байж байх өчүүхэн дотор уужим талын эзэн монгол хүнд баймгүй. Ганцаараа хомхойлж олсон зүйлийг бусдаас харамлахын там дагах бол хамтдаа зүтгэж олсныг нигүүлсэнгүйг тэтгэх их буян дагана. Улам олон хүн зорилготой болж өөрийн чин үнэн хөдөлмөрөөрөө бусдад жишээ болж эхлэхэд нийгэм маань өөрөө гэрэлтээд эхэлнэ.

008psdPhoto by: Б.Цолмон, Э.Монголжин Post-edit: Д.Төмөртогтох

Сайхан цаг ирж хивэх өвс аманд дөхүүлж өгөх нэгнийг хүлээлгүйгээр, сайн цагийг өөрийн хүслээрээ бүтээх гэж тэмүүлэх талын чоно шиг хийморьлог сэтгэхүйн үрийг тарихийг хүсэж, хатуу цагт улам ирлэгдэн хурцлагдах, унасан газраасаа шороо атгаж босч ирэх, хүссэн мөрөөдлийнхөө төлөөсийг ганцаараа үүрээд даах чадалтай байх, зорьсон зорилгоо хаанаас ч харах холч ухаантай байх монгол эрчүүдээ хайж энгийн ардын жирийн нэгэн хүү орчин цагийн үлгэрийг морин хуурын эгшиг дор бус тайлж чадахгүй байгаа асуултын хариултаа хайн эргүүлэх номын хуудасны шаржигнах чимээн доор бичиж сууна. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэх үгийг ухаандаа гэтэлгэж өөрийн өнгөрснөөсөө суралцан, өрх гэрийнхээ одоог тээж, ард түмнийхээ ирээдүйг бүтээх зорилго өвөртлөх залуус олон бий гэх итгэл хав харанхуйд орчлонг гийгүүлэх саран эх лугаа адил сэтгэлд мэлтийнэ. Эхэлж амжаагүй үлгэрийн жаргах цаг нь хэдийнээ болж, өөрийн дорой төрсөн байдлаа ч умартан нандин хүслийнхээ төлөө гүйх хулганын адил мандах наранг хүлээж боломжгүйд найдаж, мөрөөдлийн мяндаст эгшгээ тоглох цаг боллоо.

Миний Монголын тэнгэр цэлмэг байг.

Д.Төмөртогтох

2017.02.22

Энэхүү нийтлэлийг Монгол ТВ-н Нүүдэл Шийдэл нэвтрүүлгийн “Зэрэгцээ ертөнц” гэх дугаараас санаа авч бичсэн ба энэхүү санааг санамсаргүй гаргаж өгч, фото зургаар хангаж өгсөн сэтгүүлч Э.Монголжинд талархах нь зүйтэй болов уу.  Одоогийн нийгэмд тулгараад байгаа эмзэг асуудлын талаар дэлгэрүүлж харахыг хүсвэл доорх вэб холбоосыг тавьлаа.

https://www.facebook.com/pg/mongoltv/photos/?tab=album&album_id=1326920044035164

Hey yo, хаа сайгүй хөглөрөх нийтлэлүүд шиг туулсийн туйлыг хөндөж, домгийн чанар ханхлах сайхан зүйлсийг зүйрлээд үзэхэд зүүний нүч жижигдэхээр нарийн, ургуулж бодоход уран тогосын өдийн үзэмж харагдах уран үгээр бичээгүй нийтлэлийг минь уншиж амьдралын хэдэн хормоо өнгөрүүлсэнд баярлалаа. Нийтлэл уншсаны дараа элдэв бодол толгойд нь орж ирсэн бол сэтгэгдэл үлдээж болно шүү.

avatar

I am a self-taught CG generalist and am currently studying computer science abroad. Unlike most people, I was not born brilliant or talented. And I am not ashamed of it; because I have a dream and work hard for it. So I constantly seek ways to learn and improve myself and my craft, from success or failure, as well as pass on knowledge and inspiration to others. On this blog, I write articles to help others and share what I have learned or my story.

Submit a comment


*

Back To Top