Хязгааргүйн цаана

Хязгааргүйн цаана

Чи намайг мэдэрч байна уу?
Үүрдийн цаг хугацааг чамд бэлэглэвэл
Чи намайг харж чадах уу?
Нүдээ нээн намайг ширтэж байгаагаа
Намайг харж байна гэж бүү эндүүрээрэй
Хав харанхуй, гэрэл гэгээ дундахь
Хоосон зайг чи мэдэрч байна уу
Харанхуйд самуун санаа бэдэрчилж
Харах ертөнцийг бүдгэрүүлж байхыг мэдэрч байна уу?
Гэрэл тусахад сүүдэр унах адил
Гэгээн зүйлсийг даган хорон санаа бүрхэхүй
Амьдрал буйд үхэл бий гэх үнэн бол
Диваажин байхад тамыг хэн үгүйсгэх юм бэ?
Баяр баяслыг сайн сайхан гэж үзвэл
Туйлын нөгөө үзүүр дэхь сэтгэл зүй юу вэ?
Гуниг, ганцаардал, цөхрөл, гансрал, хий хоосон
Юу ч үгүй ангалд унах дэмий бие
Булиглах цохилт сулрах тэр мэдрэмж
Ингээд л харанхуйд дарлагдаж
Анир чимээгүйд уусах нь гэж үү
Яагаад намайг гэж? Би хэн бэ?
Уналтанд зэргэлдэн харагдах үүлсийн дунд
Дэл сул анивчих тэр аминчхан тусгал
Бачимдан шигдэх атаа жөтөө юу
Холилдон замхрах худал хуурмаг уу
Гийгүүлэн уяраах итгэл үнэмшил үү
Далий эргэх заяатай гамшиг уу
Дуулан дурсагдах үзэсгэлэн гоо юу
Салхины эрхшээлд захирагдах мөхөл үү
Ертөнцөд оч болон үсрэх амь амьдрал уу эсвэл
Бодит амьдрал, хий хоосон мөрөөдлийн ертөнцийн
Огтлолцол дундахь хэлтэс хэлтэрхий болох
Хорвоо гэх харанхуй шоронгийн гэгээвчээр тусах гэрэлд
Хий хоосон сэтгэл хөдлөлөөр дүүргээд эргүүлэх
Зүүдний дунд эргэлдэх ертөнцийн төв цэгийн тэртээ
Нарны туяа соронзологдох мэт татагдах нэг буланд
Хязгааргүйг хэмжих ухаанаа балартуулан суухуйд
Түмэн мэргэдийг мухардуулж
Буман бээрийг газрыг гэтлээд ч
Харилт нь үл олдох нэгэн асуулт
Чи намайг мэдэрч чадах уу?

Д.Төмөртогтох
2016.11.03

Cover image credit: NPR.org

avatar

I am a self-taught CG generalist and am currently studying computer science abroad. Unlike most people, I was not born brilliant or talented. And I am not ashamed of it; because I have a dream and work hard for it. So I constantly seek ways to learn and improve myself and my craft, from success or failure, as well as pass on knowledge and inspiration to others. On this blog, I write articles to help others and share what I have learned or my story.

Submit a comment


*

Back To Top